2017/03/02

28. Беркли. Орших гэдэг бол мэдрэх явдал юм

Өмнөх - 27. Ньютон. Тэнгэр газрын оршихуй бүгд нэг дүрэмд захирагдана

Ньютоны механикийн онол бүрэн боловсорсон нь хүн төрөлхитөнд асар том дэвшил болов. Гэсэн ч, түүний хойно квант механикийн онол гэх шинэ мэдлэгийн салбар тодрон цухуйж, “Энэ сансар огторгуй гэдэг чинь бас ч яг Ньютоны механикийн онол шиг хэдэн бөмбөгний энгийн хөдөлгөөнөөр тайлбарлагдах эд биш шиг байна” маягийн сэжүүр төрөн гарах боловч, гэхдээ энэ бол бүүр хожмын явдал. Юутай ч хорвоо ертөнц дээрх баргийн зүйлийг Ньютоны механикийн онолоор хүүрнэн өгүүлэх боломжтой болсон юм.
Гээд, тийм байлаа ч үнэндээ Ньютоны механик гээч маань ердөө “Биетүүд хэрхэн хөдөлдөг вэ?” гэсэн л онол тул, “Биет гэж юу вэ?” ч юм уу, “Биет оршин байна гэж юу гэсэн үг вэ?” гэх мэт “Оршихуйн асуудал”-ын тухайд ямар нэгэн хариулт гаргаж тавьсан учиртай биш юм.
Тэгтэл тэр үед Ирландын философич Беркли (1685 - 1753) нэгэн уулга алдам зүйл хэлж тавьчив.

-     Орших гэдэг бол мэдрэгдэх явдал юм.

Өөрөөр хэлбэл, алим болон чулуу оршин байна гэдэг бол “хөдлөшгүй биет хэлбэрээр тэнд байгаа болохоороо оршин байдаг бус, харин ямар нэгэн хөдлөнгийн оюун санаа түүнийг мэдэрч буй учраас л оршин байгаа юм” гэж хэлжээ. Энэ бол тухайн үедээ, үгүй ээ ер нь өнөө цагт ч шинжлэх ухаанч сэтгэлгээнээс хол зөрсөн, дэндүү хөндлөн санаа байлаа.
Гэвч, хэдий ердийн үзэлд зөрчилтэй гээд, сайн бодвол Берклийн философи “оршихуйн асуудал”-ын тухайд байгаа тун зөв онилжээ гэж хэлж болмоор санагдана.
Юуны өмнө, ердийн үед бид бүхэн “Тэнд алим гэх биет байгаа” болохоор “Алимны гадаргыг мэдэрч, улаан өнгийг нь мэдэрдэг” гэж бодоцгоодог. Гэтэл үнэндээ бол “Алимны гадаргыг мэдэрч, улаан өнгийг нь мэдэрдэг” болохоор “Алим байна” гэж бодоцгоодог биш гэж үү?
Тийм гэвэл, тэнд “Алим байна” гэх нь, алимны оршихуй нь гол дүр бус, эсрэгээрээ “Гадарга болон өнгийг нь мэдэрч буй” мэдрэгч нь гол дүр гэж үзэх нь тийм ч утгагүй яриа биш юм.
Мөн лавшруулж бодвол, хэрвээ гадаргыг нь ч өнгийг нь ч (ер юуг нь ч) мэдрэх боломжгүй алим байна гэвэл ямар вэ?
Жишээлбэл ямар ч эгэл бөөмстэй хүчний үйлчлэлд ордоггүй “Үл мэдэх эгэл бөөм Х” байлаа гэж бодъё. Тэрхүү эгэл бөөм Х-ээс бүтсэн алим байгаад, тэр нь бидний энэ ертөнцтэй давхцан оршиж байна гэвэл, бид түүнийг үнэхээр “Оршин байна” гэж хэлж чадна гэж үү?
Шулуухан хэлэхэд, тийм юмсыг бид “Оршин байна” гэж хэлэх боломжгүй. Нээрээ л яаж ч бодсон бидний хувьд бол тийм зүйлс хэрхэвч оршихуй биш юм. Мэдээж, хэн нэг нь “Үгүй ээ, хүн бидэнд тэрийг ажиглах боломж байхгүй болохоос, үнэндээ бол оршин байдаг ч байж болно шдээ” гэж няцаах боломж байгаа л байх.
Гэлээ ч тийм “Үнэндээ бол оршин байгаа” маягийн зүйл хэллээ гээд ямар ч утга үгүй. “Ажиглаж баталж болохгүй ч гэсэн, үнэндээ бол оршин байдаг” гээд юу ч гаргаж тавиад байвал дуусахгүй яриа болно.

-     Аягүй бол “шар тэнгэртэй, улаан үүлтэй ертөнц” байдаг ч байж болно. Бид л харж чадахгүй болохоос.

Ердийн үед бид тийм юмсыг оршин байна гэж хэлдэггүй.
Тийм бол эцсийн эцэст “Оршин байна” гэх ухагдахуун “Биет байх” явдлаас биш “Оюун санаа түүнийг мэдрэх” явдлаас улбаатай бөгөөд, бидний оюун санааны мэдрэхүй нь өөрөө тэр оршихуй гэж хэлэхээс өөр аргагүй болно.
Берклиг энэхүү философио дэлгэж байх үед дэлхий нэгэнт материаллаг ертөнцийн бодит оршихуйд эгэлээр итгэдэг байсан учир Берклийн философийг гайхан хүлээж авч, байдгаараа эсэргүйцсэн гэдэг. Зарим нь бүр Берклиг галзуурчиж гэж хүртэл хэлсэн нь бий.
Гэхдээ бид нар ч бас бага насандаа ийм байдлаар бодож байгаагүй гэж үү?

-     Намайг өрөөнөөс гарсны дараа, өрөө яг тэр хэвээрээ байж л байгаа гэж үнэхээр хэлж чадах уу?

-     Намайг эргэж харах тоолонд яг л 3D тоглоом шиг ертөнцийг дахин дахин шинээр зурдаг юм биш байгаа?

-     Харах ч боломжгүй, барих ч боломжгүй, юутай ч огтолцдоггүй бодис гэж байдаг болов уу?


Берклийн философи нь оршихуйн талаарх энэ мэт эгэлхэн асуултууд, ердийн эрүүл ухаанд хандах эргэлзээнээс лавтайяа төрөн гарсан биз ээ.

Үргэлжлэл - 29. Гуссерль. Бүхий л үзэгдэл хаанаас ирнэ вэ?

Философи сурах бичиг



No comments:

Post a Comment