2017/02/09

27. Ньютон. Тэнгэр газрын оршихуй бүгд нэг дүрэмд захирагдана

Өмнөх - 26. Демокрит. Оршихуйн язгуур махбод бол атом

НТӨ гэгдэх эрт цагт Демокритийн хүрч очсон туйлын үр дүн болох “Атом онол”. Гэвч түүнээс хойш шинжлэх ухаан хөгжиж, атомын онол дахин ярианы сэдэв болох хүртлээ ойролцоогоор 2,000 шахам жилийн хугацааг шаардах болно.

Яагаад тийм их хугацаа зарцуулсан юм бол? Базаад хэлчих юм бол “Шашин ертөнцийг захирсан мухар сүсгийн цаг үе” урт удаан үргэлжилсэн учраас тэр. 400 оны үед Христийн шашин Ромын эзэнт гүрэн тэргүүтэй олон орны төрийн шашин болж, Европ ертөнцөд үнэмлэхүй эрх мэдлийг гартаа оруулмагц, шашны удирдлага нь ард түмнээс ном судруудыг хураан авч, эрт цагаас үргэлжилж ирсэн боловсролын гинжин хэлхээг тасдаад хаячихжээ.
Та төсөөлөөд үз дээ. Жишээ нь өнөө үед, үүнээс хойш 100 жилийн туршид сургуулийн тогтолцоог бүхэлд нь халж хаяад, ном л харагдвал шатаагаад байя гэе. Тэр үед 100 жилийн дараах хүүхдүүд өнөөгийн бидний хэрэглэж буй компьютер ч юм уу сөрөг ионон агааржуулагчийг дахин хийж чадах болов уу? Ер нь л үгүй болов уу. Боловсрол л тасрах юм бол хүн төрөлхитний иргэншил гээч юм тэр дороо л сүйрэн унана гэж мэд. Харин 400 оны үед яг ийм иргэншлийн сүйрэл тохиосон юм.
Ерөөс эрт цаг гээд байгаа нийтийн тооллын өмнөх цаг үе бол бид бүхний бодон төсөөлдөг шиг тийм ч хуучин болхи үе биш байж. Тэр үед аль хэдийнэ хот суурин сүндэрлэж, доогуур нь муу усны шугам сүлжээ татагдаж, нийтийн халуун усны газар хүртэл байлаа. Хотын гудамжаар аварга том байгууламжууд эгнэн дүнхийж, хэн бүхэнд нийтийн ном санд сууж чөлөөтэйгээр эрдэм номд суралцах боломж хүртэл байсан. Эртний хүмүүс тийм л ая тухтай мега хотод оршин суудаг байсан юм.
Харин 400-д оны үед Христийн шашин эрх мэдлийг атгаснаас хойш ердөө 100-хан жилийн дотор тэрхүү хотын суурь байгууламж болон архитектурын технологиуд бүгд мартагдан алдагдаж орхино. Өмнө хэлсэнчлэн сүмийн удирдлага ард түмнээс ном хийгээд боловсролыг нь булаагаад авчихсан болохоор тэр. Ингэж ард олны дийлэнх олонх нь бичиг үсэгт алсарч, тосгонд өвчин дэгдэхээр “Тэндэхийн эмгэн шулам хараал тавьчлаа” гэсэн хов жив түгэж, улайрсан олон дуун дээр нь хөөрч очоод нөгөө эмээг хээв нэг цааш нь харуулах, тийм мухар сүсэгжсэн фантастик ертөнц болж орхижээ.
Энэ бол мөнөөх Харанхуй үе гэж нэрлэгдэж заншсан Дундад зуун юм.
Мэдээж “Дундад зуун = Муу цаг үе” гэж шууд ойлгох нь арай өрөөсгөл буюу, дундад зууны үед ч олон сайн зүйл байсан гэх үзэл ч байх нь бий. Гэсэн ч үгүйдээ л шашин эрх мэдлийг атгасны үр дүнд иргэншил уруудсан нь маргашгүй түүхэн факт мөн гэж хэлж болох биз ээ.
Ингээд түүний хойно шашны удирдлага дотроосоо ялзран доройтож эрх мэдэл нь саарсан учиртай бөгөөд, үүний улмаар “Хуучны эрдэм мэдлэгийг дахин сэргээе!” хэмээх хөдөлгөөн (Европын сэргэн мандалт) өрнөж, оюун ухаанаараа тунгаах явдал чухалчлагдах болно. Ингэж хүн төрөлхитөн төдийг хүртлэх хоцрогдлоо нөхөн гүйцээх мэт математик хийгээд шинжлэх ухааныг огцом хөгжүүлж, “Орчин үе” гэж нэрлэгдэх оюун ухааны эрин үед шилжсэн билээ.

Бүх ертөнцийн таталцлын хууль

Тэгээд 17-р зуунд Шинжлэх ухааны эцэг гэж дуулагдах Ньютон (1642 - 1727) гарч ирэв ээ.
Ньютон гэвэл хэний ч толгойд шууд Бүх ертөнцийн таталцлын хууль орж ирэх биз. Бүх ертөнцийн таталцлын хууль гэдэг нь “Хоёр биетийн хооронд биетүүдийн масстай шууд хамааралтай бөгөөд хоорон дахь зайн квадраттай урвуу хамааралтай татах хүч үйлчилнэ” гэх агуулгатай боловч, ихэнх хүмүүс үүнийг “Алим модноос унаж байгааг Ньютон хараад олж нээсэн” гэж ярьж ойлгоцгоодог. Үнэндээ бол энэ нь хойчийн хүмүүсийн зохиосон яриа шиг байгаа юм.
Тэгээд ч ер нь Ньютоны олж нээсэн гээд байгаа нь “Алим газар уначихлаа. Гэдэг чинь, алим дэлхий хоёрын хооронд татах хүч байдаг юм байна!!” гэх төдий энгийн хялбар зүйл байсан бол, сүртэй юм юу ч байхгүйсэн болов уу. Энэ дайны юмыг бол бид нар ч аягүй бол бодоод олчих байсан биз.
Дээр нь, үнэнийг хэлбэл дэлхийд татах хүч бий тухай ойлголт аль Ньютоноос ч өмнө эрдэмтдийн дунд яригддаг, ердийн ойлголт шахуу илэрхий зүйл байсан гэдэг. Тиймээс “Татах хүч” гэж хэлсэн төдийд тэгтлээ торойж тодорч, тэр бүү хэл “Шинжлэх ухааны эцэг” болтлоо өргөмжлөгдөнө гэж бүр ч байхгүй.

Тийм бол Ньютон чухам яагаад шинжлэх ухааны эцэг болсон юм бол?

Тэр бол, Ньютон “Алим газарт унах хүч”-ийг ашиглаад “Сар газарт унахгүй” болохыг амжилттай тайлбарлаж чадсанд байгаа юм.
Та дотроо төсөөлөөд үзнэ үү. Сарыг зүгээр нэг бөмбөг гэж үзье л дээ. Түүнийг байдаг чадлаараа шидвэл тэр чигтээ нисээд алга болно. Харин замынх нь хажууд дэлхий байх юм бол,  “сар болон дэлхийн хоорондын татах хүчний” нөлөөгөөр яг л алим шиг дэлхийд татагдах болно. Энэ үед сарыг хэрэв маш хүчтэй шидсэн бол бага зэрэг далийсан болоод тэр чигтээ цаашаа нисээд алга болно. Харин сулхан шидсэн бол дэлхийтэй мөргөлдөнө.
Аа харин яаг тохирсон хүчээр шидсэн бол яах вэ? Тэр тохиолдолд сар дэлхийг тойроод дахин дахин эргэлдэх болно.
Яагаад гэхээр, тойрох үед үүсэх төвөөс зугатах хүч (гадагшаа тэмүүлэх хүч) болон сар ба дэлхий хоорондын татах хүч (дотогшоо тэмүүлэх хүч) хоёр яг тэнцэх учраас тэр. Бодит амьдрал дээр сар дэлхийг одоо ч тойрон тойрон эргэлдээд огт унадаггүйн шалтгаан нь, үнэндээ ердөө л энэ юм. Тиймээс алимыг ч гэсэн яаг сайхан тооцож байгаад дэлхийг дагуулаад шидэх юм бол сар шиг болох ч боломжтой гэсэн үг.
Үүнийг анх сонсоод ойлгож ухаарсан тэр цагийн хүмүүсийн ангайсан төрхийг та нэг төсөөлөх гээд үз дээ.
Ерөөс эрт цагаас нааш “тэнгэрийн од эрхэс” гээч зүйлс бол нууцлаг бурханлиг онцгой тусгай оршихуй байсаар ирж. Нээрээ ч алим модноос унаад ирдэг атал, од тэнгэрээс унаад ирдэггүй шүү дээ. Тийм бол од эрхэсийг “Хүн хэзээ ч мэдэж чадахгүй тусдаа ертөнцийн оршихуйнууд” гэж бодохоос өөр яалтай. Үнэхээр ч тэнгэрийн ертөнц бол газрынхаас өөр дүрэмд захирагддаг тусдаа ертөнц гэж үзэх нь тэр үедээ ердийн ойлголт байжээ. Мөн алим газарт унадаг нь ч бас “Дэлхий бол тусгай эрхэс. Бусдыг өөртөө татдаг онцгой увдистай” гэхчлэн боддог эрдэмтэд олон байв.
Харин Ньютон тэдгээрийг огтоос онцгой тусгай гэж ялгаж салгасангүй. Тэрээр дэлхийг ч сарыг ч нарыг ч, бүхий л огторгуйн одод эрхэсийг зүгээр л нэг том биетүүд, нэг ёсондоо “аварга алимнууд” гэж үзэв. Тэгээд тэдгээр ердийн том биетүүдийн хөдөлгөөнийг зөвхөн “газрын ертөнцийн физик хуулиар” гайхалтайгаар тайлбарлаж чадсан юм.
Мөн тэрээр шинээр нээсэн уламжлал, интеграл хэмээх математикийн техник ашиглан “Бүхий л биетийн хөдөлгөөнийг тайлбарлах томьёо (механик физикийн томьёо)” хүртэл боловсруулаад тавьчих нь тэр. Ньютоны тэдгээр томьёонуудыг ашиглавал алим сар од гаригсыг агуулаад, ер бүхий л биетийн хөдөлгөөнийг тааварлах боломжтой. Нэг ёсондоо Ньютон “тэнгэр газрын ертөнцийг нэгтгэсэн хуулийг нээж, урьдчилан тааварлах боломжтой шинжлэх ухааны систем”-ийг цор ганцаараа цогцлоон босгочихсон нь тэр байлаа. Тэрхүү үр дүнг нь хараад хойчийн хүмүүс Ньютонг “Шинжлэх ухааны эцэг” хэмээн дуулах болсон учиртай билээ.


No comments:

Post a Comment