2017/03/07

29. Гуссерль. Бүхий л үзэгдэл хаанаас ирнэ вэ?

Өмнөх - 28. Беркли. Орших гэдэг бол мэдрэх явдал юм

“Хүний оюун санаа (мэдрэхүй) мэдэрдэг учраас л биет оршин байдаг”. Ийн зоримог ам гарах Берклийн философи нээрээ л анхаарал татам зүйл байлаа.
Гэсэн ч гэлээ, бид бүгдийн өдөр тутмын ердийн мэдрэмжийг дагах юм бол “Яалаа гэж дээ, харин ч эсрэгээрээ биз дээ? Биет (матери) оршин байгаа учраас л хүн биетийг мэдэрдэг шүү дээ” гэж өөрийн эрхгүй хэлмээр санагдана.

Яагаад гэвэл, үндсэндээ бол бид бүхэн доорх зураг шиг ертөнцийн төсөөллөөр юмс үзэгдлийг тусган хүлээж авч байдаг.


Тодруулж хэлбэл, “Атом гэгдэх биетүүд хөвөлдсөн хязгааргүй үргэлжлэх 3 хэмжээст орон зай бүхий огторгуй. Тэр огторгуйд ямар нэгэн учир шалтгааны үр дүнд биетүүд эвтэйхэн шиг холбогдон угсрагдсанаар хүн гэх тархи бий болсон. Тэгээд тэр тархи нь бусад биетүүдээ танин мэдэрч, алим байна гэх мэт дүгнэлт (буюу мэдээлэл боловсруулалт)-ийг хийж байдаг” гэсэн байгалийн шинжлэх ухаанлаг ертөнцийн төсөөлөл. Энэхүү ертөнцийн төсөөллийг баримтлах юм бол, хүн аливааг мэдрэнэ үү байна уу хамаагүй (эсвэл бүр бүх хүн үхээд алга болсон хойно ч) атомуудын бөөгнөрөл болсон алим тэнд байдгаараа л оршин үргэлжлэх нь тодорхой. Яагаад гэвэл, атомууд хүнтэй ямар ч хамааралгүйгээр зөвхөн физикийн хуулинд захирагдан сансар огторгуйд хөвөн байдаг учраас тэр.
Бид бүгдийн өдөр тутамдаа төсөөлж заншсан энэхүү ертөнцийн төсөөллөөр тунгаавал Берклийн философи огтоос байх боломжгүй. Яалт ч байхгүй түүний философи ердийн нэг толгой эргүүлсэн агаарын яриа мэт санагдана.
Гэвч та түр хүлээнэ үү. Нээрээ ч энд өгүүлэх ертөнцийн талаарх бид бүхний ердийн төсөөлөл туйлын зохистой гэж санагдана… Гэлээ ч. Гэсэн ч байна шүү!!.

Тийм байлаа ч гэсэн, тэр тусмаа танд өчин өгүүлэхийг минь зөвшөөрнө үү. Яг үнэндээ ертөнцийн жинхэнэ бодит төрх доорх зураг шиг ч юм билүү, яаж мэдэх билээ?!?



Аягүй бол та автын осолд ороод үхлийн гэмтэл авч, ганцхан тархийг чинь л арай чүү нэг юм цэвэрхэн салгаж аваад, аквариумд хийн дөнгөн данган амьдруулж байгаа ч юм билүү. Тэгээд таны тархийг компьютерт холбоод, тэр компьютераас төрөл бүрийн өдөөлт сигналууд тархи руу байнга илгээгдэж, танд алимны амт өнгө гээд бүхий л зүйлсийг мэдрүүлдэг төдий ч байж мэднэ шүү дээ. Энэ тохиолдолд мэдээж хэрэг алим нь бид бүхний бодон төсөөлдөг шиг объектив матери хэлбэрээр ертөнцөд бодитоор оршин байдаггүй болох тул, харин ч эсрэгээрээ Берклийн философи нь зөв болж таарах биз.
Мэдээж хэрэг, ийм уран зөгнөлийн шинжтэй таамагт ямар ч үндэслэл гэхээр юмгүй, марзан тэнэг яриа шиг санагдах байх л даа. Гэсэн ч, тийм байлаа гээд “Наадах чинь ямар ч утгагүй тэнэг яриа” гээд үндэслэлтэйгээр няцааж чадна гэж үү?
Австрийн философич Гуссерль (1859 - 1938) энэхүү асуудал буюу “Аягүй бол энэ ертөнц чинь зүгээр л, аквариумд байгаа тархинд үзүүлж буй зүүд юм биш байгаа?” гэх эргэлзээний тухайд ингэж дүгнэсэн байдаг.

-       Ийм юмыг баталж нягтлах ямар ч боломжгүй учраас, зүгээр орхи цааш нь!!!

Ёстой нөгөө бай ч үгүй бандан ч үгүй хөндлөн дүгнэлт гэдэг л энэ биз. Гээд нээрээ л түүний зөв болов уу. Үнэхээр ч бодит байдал дээр “Би аквариумд амьдардаг тархи мархи биш!” гэдгийг яаж баталж үзүүлэх билээ?
Жишээ нь, хэрэвзээ “Ийм ийм учраас, ийм ийм шалтгаанаар, би аквариум доторх тархи биш болно” гэсэн ямар нэгэн баталгааны гаргалгаа хийлээ ч гэсэн, угтаа бол ямар ч утга агуулж чадахгүй. Яагаад гэвэл, өөр ертөнцийн аквариум дахь тархи л “Тийм баталгааны гаргалгаа хийж, түүндээ үнэмших зүүд зүүдэлж буйгаас цаашгүй” гэсэн боломж хэзээд арилахгүй учраас тэр. Эсвэл, хэрэвзээ ямар нэгэн шалтгаанаар та “аквариум доторх тархи” байдлаар мэдээ орон сэрж, “Пөөх, би чинь аквариумд байдаг юм байна шдээ! Жинхэнэ ертөнц чинь энэ байсан юм уу!” гэж ухаарлаа гээд мөн л юу ч ойлгосон болохгүй. Яагаад гэвэл тэр нь хүртэл бас л “өөр аквариумд байгаа тархины үзэж буй зүүд байхыг үгүйсгэхгүй” гэх эргэлзлийг арилгаж чадахгүй учраас юм.



Эцсийн эцэст юуг яаж ч тунгаалаа гээд “Энэ ч бас өөр ертөнцийн тархи л байх даа” хэмээн эргэлзэх боломжтой болохоор, зарчмын хувьд хэлэхэд энэ эргэлзээ хэзээ ч бүрэн тайлагдах найдвар үгүй. Тэгээд нэгэнт тайлагдах найдвар үгүй гэдэг бол, бид бүхэн өөрсдийн ухамсрыг бүрдүүлж буй “гадаад ертөнц” гэдэг үнэндээ яг ямар төрх байдалтай юм бол гэдгийг хэзээ ч мэдэж чадахгүй гэх утгыг илэрхийлнэ.
Тийм бол, бид бүхний ердийн ойлголт болох илэрхий тодорхой ертөнцийн төсөөлөл буюу “огторгуй нь атомууд нисэлдэх 3 хэмжээст орон зай бөгөөд, бид тэр орон зай дотор оршин амьдардаг” гэх үзэл маань чухам юу болж таарах вэ?
Гуссерль үүнийг тов тодорхой түлхэн хаяна.
-       Наадах чинь бол зүгээр л хоосон төөрөгдөл.
Гуссерлийн үгээр бол, ердийн ойлголт дээрх ертөнцийн төсөөлөл нь ч бай өөр юу нь ч бай, нэгэнтээ л үнэн худлыг нь мэдэх ч аргагүй байхад “Ийм байхаас зайлахгүй!” гэж бат итгэж байгаа хойно, тийм юмс бол илэрхий “хоосон төөрөгдөл” мөн.
Тэр нь ч нээрээ л түүний түмэн зөв боловч, гэтэл тийм бол бидний хүн төрөлхитөний хэдэн мянган жилийн турш судалж босгож ирсэн ертөнцийн төсөөлөл, өнөөх Демокритийн Атомын онол, Ньютоны механик систем гэх мэт шинжлэх ухааны загварууд маань бүгдээрээ үнэн худлыг нь батлах боломжгүй хоосон төөрөгдлүүд болж таарах юм гэж үү? Тэгж бодох нь арай л авралгүй гунигтай яриа бус уу?
Харин Гуссерль тэндээс ингэж хашгирна.
-       Огтхон ч хамаагүй ээ.

Үнэндээ бид нээрээ л тэр өөр ертөнцийн аквариум дотор пол пол хийн хөвөх тархи бөгөөд, зүгээр л зүүд үздэг төдий байж ч мэднэ. Тэгээд бидний мэдэмхийрэн ярьдаг “Огторгуй бол атомууд нисэлдэх 3 хэмжээст орон зай” гэх ертөнцийн төсөөлөл маань ёстой шал дэмий яриа ч байж мэднэ. Гэсэн ч хүн бид ямар ч ертөнцийн төсөөлөл, шинжлэх ухааны загвар зохиож гаргалаа гээд, эцсийн эцэст тэд бүгд “тархин дотор” л өрнөдөг процесс юм. Өөрөөр хэлбэл тархи хаана ч байрладаг бай, гавлын ясан дотор байна уу, аквариум дотор байна уу хамаагүй, ямар ч байсан л “тархины дотор талд (буюу субъектив ухамсрын туршлага дотор)” өрнөж байгаа гэдэг дээр бүгд ижилхэн байх болно. Тиймээс тэр “тархины гадна тал” ямар байх нь “уул шугамандаа бол хэнд ч падлийгүй” явдал бөгөөд, “огтхон ч хамаагүй” зүйл юм.
Ингэж тунгаасны үндсэн дээр Гуссерль, алив шинжлэх ухааны онол үнэн зөв эсэх (тэр онол болон тархины гадна талын объектив ертөнц хоорондоо зохицож байгаа эсэх)-ээс илүүтэй, “Яагаад тийм шинжлэх ухааны онол тархины дотор талд үүссэн юм бол?” гэх “үүслийн” асуудлыг нь судлах хэрэгтэй гэж онцолжээ.
Жишээлбэл “Энэ огторгуй бол 3 хэмжээст орон зай юм” гэх шинжлэх ухааны онолын үнэн худлын тухайд, объектив байр суурьнаас түүнийг шалгах боломжгүй. Яагаад гэвэл, объектив оршихуй гэж бодон төсөөлж буй энэ ертөнц өөрөө анхнаасаа зүүд байхыг үгүйсгэж чадахгүй учраас тэр. Харин, хэдий энэ ертөнц зүүд байдаг ч бай, “Яагаад энэ зүүд дотор бид бүхэн ‘3 хэмжээст орон зай дотор амьдарч байна’ гэх шинжлэх ухааны онолыг зөв хэмээн итгээд байгаа юм бол?” гэсэн хэлбэрээр асуулт тавьбал хариулт олох боломжтой.
Тэгвэл бодитоор бид бүхэн “Энэ шинжлэх ухааны онол бол зөв” гэх “итгэлийг” чухам юунаас олж авдаг юм бол?

Субьектив ухамсрын туршлага

Гуссерль бүхий л итгэлүүд цөм Субъектив ухамсрын туршлагаас эхэлдэг гэж тунгаав. Энд хэлэх субъектив ухамсрын туршлага гэдэг нь, нэг ёсондоо доорх зургийг хэлж буй юм.



Энэ зураг бол Гуссерлийн философийг тайлбарлахад олонтаа ашиглагддаг алдартай зураг бөгөөд, ямартай ч илэрхий ойлгогдох зүйл гэвэл, бид бүхэн энэ зураг дээрх шиг “субъектив өнцгөөс” ухамсрын туршлага хуримтлуулж байдаг гэх факт юм. Магад аягүй бол “энэ зураг дээрх шиг орчин тойрныг харж байна” гэх ухамсрын туршлага нь өөр ертөнцийн аквариум доторх тархинд үзүүлж буй зүүд байж болох. Гэвч, хэрэвзээ үнэхээр зүүд байлаа ч, “тийм орчин тойрныг харж буй” явдал нь өөрөө гуйвшгүй факт мөн бөгөөд, тэрхүү орчны туршлага дээр суурилан “Энэ ертөнц ийм ийм физикийн хууль дүрэмд захирагддаг юм байна” гэх итгэлийг олж буй нь ч бас гуйвшгүй факт мөн юм.
Тиймээс жишээ нь “Энэ ертөнц бол 3 хэмжээст орон зай бүхий огторгуй юм” гэх бат итгэлийг хаанаас олж авсан юм бэ гэж асуувал, тэр нь орчин тойрон буюу, өөрөөр хэлбэл “субъектив өнцгөөс” олж авсан ухамсрын туршлага дээр алим гэх мэт улаан бөөрөнхий биетүүд алслалтын хууль гэх тодорхой зүй тогтлын дагуу холдохоороо жижгэрч, ойртохоороо томорч байгаа учраас тэгж бат итгэх болсон, гэж хариулах боломжтой болно. Мэдээж зөвхөн харах мэдрэхгүйгээр тогтохгүй, хүртэх үнэрлэх гээд нөгөө бүх мэдрэхүйнүүдийн хувьд ч энэ хамаарах бөгөөд, ерөөс эдгээр бүх ухамсрын туршлагууд байхгүйсэн бол анхнаасаа яаж ч 3 хэмжээст орон зай энэ тэр гэж зохиож ярьж чадах билээ.
Мэдээж хэрэг, бидний ухамсрын туршлагууд бүгд хий хоосон зүүд байж ч болно, эсвэл бидний тархи бодит зүйлийг хачин шүүлтүүрээр хувиргаж мэдэрдэг байгаад, үнэндээ бол ертөнц юун 3 хэмжээстэй манатай байхыг ч үгүйсгэхгүй. Тийм байлаа ч, үгүйдээ л “бид ийм ийм ухамсрын туршлага мэдэрдэг учраас л, ертөнцийг 3 хэмжээст гэж боддог” гэх нь, алдсан ч бай оносон ч бай өөрөө үнэн факт мөн юм.
Үүн дээр Гуссерлийн жинхэнэ агуу байсан нь, иймэрхүү гаргалгаагаар тунгаасны эцэст, түмний ярьдаг мөнөөх объектив ертөнц буюу физик ертөнцийг бодитоор оршин байдаг гэх суурь нөхцлийг хоосон төөрөгдөл хэмээн няцааж, бүхнийг нойлоос нь цоо шинээр дахин тодорхойлохыг оролдсон явдал байв. Тэрээр бид бүхний субъектив ухамсарт өрнөж байдаг бүхий л туршлагыг Үзэгдэл хэмээн нэрлэж, энэхүү үзэгдлээс (субъектив туршлагаас) хэрхэн яаж хүний хатуу ойлголт бодлууд (буюу шийдвэр дүгнэлтүүд) бий болдгийг онолын түвшинд судлахыг санал болгож Үзэгдэл судлал (Феноменологи) гэх мэдлэгийн салбарыг үндэслэсэн байдаг.
Үзэгдэл судлал гэдэг нь, “Ухамсарт яг одоо өрнөж буй зүйл юу вэ?” гэх суурь язгуураас нь хөөн нягталж, “Ийм ийм субъектив ухамсрын туршлага өрнөсөн учраас, хүмүүс ийм ийм ертөнцийн төсөөлөл, шинжлэх ухааны онолыг бий болгожээ” гэх байдлаар, хүний ердийн ойлголтууд болон шинжлэх ухааны дүгнэлтүүдийг бүгдийг нь ухамсрын туршлагын өнцгөөс дахин тодорхойлохыг оролдсон нүсэр том мэдлэгийн салбар байлаа. Бодит байдал дээр, философи ч математик ч физик ч тэр, “Яагаад үүнийг биелнэ гэж хэлж чадна вэ?” эсвэл “Яагаад ингэж бодох болсон юм бэ?” гээд эх язгуурыг нь хөөгөөд явбал эцэстээ “Харин тэгээд бидний ухамсрын туршлага дээр ийм ийм зүйл өрнөсөн биз дээ? Тийм болохоор л ийм мэдлэгийн салбарыг бодож олсон байхгүй юу” гэдэг ч юм уу, “Тийм болохоор л ийм онолыг биелнэ гэж бид нар дүгнэж байгаа юм” гэх байдлаар тайлбарлахад хүрнэ. Нэг ёсондоо, хүмүүсийн ямар ч бодол сэтгэлгээ болон онол мэдлэгүүдийг бүгдийг нь “Ухамсрын ийм ийм туршлага хураасан учраас ингэж бодох болсоон” гэх хэлбэр рүү хөрвүүлэх боломжтой юм (Үүнийг феноменологи хувиргалт гэнэ). Тэгэхээр Үзэгдэл судлалаар бол, жишээ нь “Яагаад Пифагорын теорем үнэн бэ?” гэж асуух бус, харин “Яагаад Пифагорын теоремын баталгааг хүмүүс үнэн гэж итгэнэ вэ?” гэж асуух ёстой гэсэн үг юм.
Ийнхүү Гуссерль Үзэгдэл судлал хэмээх “ухамсрын туршлага судлах мэдлэгийн салбарыг” бүхий л мэдлэгийн салбарын оройд тавьж, “Бүх мэдлэгийн салбарыг үзэгдэл судлалын байр суурьнаас тайлбарлацгаая” гэсэн нүсэр том прожектийг санаачилсан гэдэг билээ.

Үргэлжлэл - 30. Хайдеггер. Оршихуй гэдэг бол хүний дотор үүсдэг зүйл

Философи сурах бичиг


3 comments:

  1. Яг боддог зүйлийг бичиж

    ReplyDelete
  2. Anonymous8/3/17 05:14

    Neg udaa ingej yriad boon ym bolson doo. Hhe

    ReplyDelete
  3. Anonymous9/3/17 21:54

    Загатнасан газарт маажиж өгдөгт нь баярлалаа, амжилт хүсье, өшөө зөндөө маажиж өгөөрэй

    ReplyDelete