2016/05/03

15. Хоббс. Төр гэдэг бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм

Өмнөх - 14. Аристотель. Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг



Идеалистийн хувиар төгс төрийг эрэлхийлэгч Платон. Реалистын хувиар төрийн оршин тогтнолыг шинжлэн дүгнэсэн Аристотель. Платон тэнгэр өөд зааж, Аристотель газар тийш гараа дэлгэж буй Рафаэлийн зурагны илтгэх мэт, НТӨ цагийн агуу хоёр философич харилцан өөр зүг тийш өрнөх төрийн тухай өөрсдийн онолыг дэвшүүлсэн нь энэ байлаа.


Гэвч байна шүү. Эндээс нэгэн эгэлхэн эргэлзээг тэдэнд хандаж чулуудмаар санагдана.
Нарийн ажиглавал, Платон төгс захирагч хэмээн философич хааныг төсөөлж, Аристотель нь захирагчийн тооноос хамааруулан төрийн талаар анализ хийсэн. Өөрөөр хэлбэл, аль аль нь төрийн тухай тунгаахдаа “Тэнд захирагч байх ёстой” гэсэн нөхцлийг сууриа болгожээ. Тэгвэл энэ суурь нөхцөл ингэхэд чухам хаанаас гарч ирсэн хэрэг вэ?
Мэдээж хэрэг төрд захирагч байх ёстой нь илэрхий юу гэвэл илэрхий л байх. Гэлээ ч тийм илэрхийнүүдэд эргэлзэж, түүний шалтгааныг тунгаах чинь өөрөө философи шүү дээ.
Яагаад төр заавал “Захирагч байна” гэсэн бүтэц дээр тогтох ёстой юм бол?
17-р зууны Английн философич Хоббс (1588 - 1679) уг эргэлзээний талаар, мөн төр үүсэх механизмын тухай ийнхүү тайлбарлажээ.
-       Хүн гэдэг амьтан мөн чанараараа бол дур зоргоороо, хар санаат, хувиа бодогч шинжтэй юм. Тиймээс тэднийг зөнд нь орхивоос, хүсэл тачаалдаа эзлэгдэн ашиг хонжооны төлөө алалцаж эхлэх нигуртай. Тиймээс хүн төрөлхитөн алаан хядаанд цэг тавьж, зэрэгцэн оршихын тулд “Зохиомол захирагчийг” бий болгож, төр хэмээх бүтцийг үүсгэн байгуулсан.

Өөрөөр хэлбэл, бүгдээр харилцан тэмцэлдэхгүйн тулд бүх нийтийн захирагчийг (буюу төрийг) бий болгосон юмаа гэсэн санаа юм.
Гэвч, тэгж хэллээ гээд дэлхийн их дайн гэгдэх төр улсуудын хоорондын дайны гамшигийг мэдэх өнөөгийн бидний өнцгөөс харвал, “Харин ч эсрэгээрээ биш үү? Төр гээч юмны гайгаар л алаан талаан болоод байгаа биз дээ?” гэж санагдаж болох юм. Энэ тухай жич өгүүлэх тул түр хойш нь орхиё.
Юутай ч Хоббс “Төр гэдэг бол, хувиа бодогч хүмүүсийг харилцан алалцуулахгүй байхаар, өөрсдийн оршин үргэлжлэхийн төлөө бий болгосон механизм юм” гэж тодорхойлжээ.
Үнэндээ энэхүү тодорхойлолт бол 17-р зуун гэх түүний амьдарч асан цаг үедээ бол туйлаас цочир санаа байв. Яагаад вэ гэхээр, урт удаан хугацааны туршид Европ ертөнцөд төр гээч зүйл бол “Бурхан (эсвэл түүнийг орлох шашны тэргүүн) тусгай хүнд хаан суудлыг адислан даатгаж, бүхнийг захирах эрх мэдлийг олгосоноор төр оршин тогтнодог” гэж ойлгогдож ирсэн учраас тэр байлаа.
Нэг ёсондоо, тухайн цаг үедээ бол хаан болон төр гээч нь “бурхнаар” баталгаажсан ариун оршихуй байсан хэрэг. Тийм ч учраас бүгдээр хаанд захирагдахгүй бол болохгүй бөгөөд, мөн тийм ч учраас бүгд амь насаараа хаандаа андгай тангараг өргөхгүй бол болохгүй гэсэн нийтлэг үзэлтэй (ердийн ойлголт) байсан аж.
Гэтэл бодит байдал дээрх хаад гэвэл харанхуй мунхаг ч юм уу, харгис түрэмгий ч юм уу, ард түмэн нь өлсөж үхэж байхад тансаглан хөлбөрч, улс орноо өрөнд автуулан назгайрах хэн ч биш амьтас даанч цөөнгүй байлаа. Тийм хаант засгийг 2,000 жилээр үргэлжлүүлбээс, хэдий дуулгавартай хүлцэнгүй ард түмэн байгаад ч аргагүй тэсрэх нь лав биз.
-       Яахаараа бид нар төрд, ялангуяа энэ муу усан тэнэгт (эзэн хаан, жанжинд) захирагдах ёстой юм бэ???

Иймэрхүү бухимдлыг төдийг хүртэл “Яалаа гэж хүү минь, тэр хүн чинь бурхнаас адислагдсан хаан юм шүү дээ. Бурхны шийдвэрт яахан тэрсэлж болно” гэсэн логикоор аргацааж ирсэн учиртай боловч, 16-р зууны үеэр Христийн шашин нь “Католик” болон “Протестант” гэсэн хоёр урсгалд хуваагдаж, тэрхүү урсгалуудын хооронд “80 жилийн дайн” “30 жилийн дайн” гэхчлэн, арай ч хэтийдсэн учир замбараагүй цусан намагт хутгалдсан, даанч дээ гэмээр эрх мэдлийн төлөөх шашны дайныг удтал үргэлжлүүлэх жигшим дүр зураг бүрхэж орхих нь тэр. Ийм болоод ирвэл, нэгэнт тэдний хэлэх “Бурхан хааныг сонгосон. Тиймээс хааныг дага” гэсэн логик ямар ч үнэмшилгүй болж сонсогдоно. Чингүүт “Ер нь бид яагаад төрд захирагдана вэ? Төр гэж ерөөс юу юм бэ?” гэсэн эргэлзээ зүй ёсоор урган гарч таарах биз.
Чухам тийм цаг үед, тэрхүү эргэлзээнд хариулт олж хэлсэн нь Хоббс байсан юм. Хоббс нь “Үгүй ээ, төр чинь тийм бурхнаас гаралтай эд биш, зүгээр л хүмүүс хамтаар оршин тогтнохын тулд бий болгосон хиймэл биет байхгүй юу” хэмээн төрийг дахин тодорхойлжээ. Үүнийг Хоббсын Нийгмийн гэрээний үзэл гэж нэрлэдэг. Хоббс хэрхэн энэхүү нийгмийн гэрээний үзэл гэх санаанд хүрч очсон юм бол?
Эхлээд Хоббс нь төрийн тодорхойлолтын тухай нойлоос нь эхэлж тунгаахын тулд, иргэншлээс өмнөх зэрлэг үед (байгалийн төлөвт) буюу төр үүсэхээс өмнөх тэртээ балар цагийн тухай тунгааж үзэж. Тэгээд тийм, төр гэж үгүй төлөв, өөрөөр хэлбэл хэн ч эрх мэдэлгүй, хууль дүрэм ч үгүй нөхцөлд хүмүүсийг зөнд нь орхивол юу болохыг төсөөлөн бодов. Тэгтэл юу болсон гээч? Хоббс “Хүмүүс өөрсдийн хувийн эрх ашиг хийгээд амьд үлдэхийн төлөө харилцан алалцана” гэсэн дүгнэлтэнд хүрч орхих нь тэр.
Үүнийг арай ч хэтрүүлсэн эмгэнэлт дүгнэлт гэж санагдаж магадгүй л дээ. Гэвч Хоббсын хүнийг үзэх үзэл нь тийм л байсан юм. Түүнийхээр бол хүн гээч нь төрөлхийн сайн сайхны ямар ч хольцгүй, хувиа бодсон эрх ашгийн төлөө хээв нэг бусдыг хохироох харгис амьтан байсан аж.
Тэгж бодох нь ч түүний хувьд арга байсангүй. Хоббсын амьдарч явсан 17-р зуун гэдэг бол, шашны дайнаар (үнэндээ бол эрх мэдлийн төлөөх дайн) өдөр бүр хүмүүс харилцан хөнөөлдөх гаслант цаг үе байлаа. Тиймдээ ч тэрээр хүнийг тийм гутрангиар төсөөлөн дүгнэх нь нэг талын илэрхий явдал байсан биз. Бодитоор түүний “Иргэн” хэмээх бүтээлд ингэж бичсэн байдаг.

-       Хүн бол бусдын хувьд чононоос өөр юу ч биш юм.

Тэгвэл тэрхүү чононууд буюу төрөл нэгтнээ хэмлэн хөнөөх хүн төрөлхитөн биесээ идсээр мөхөх тэр аюулаас хэрхэн мултравал зохилтой билээ? Хэрхэн яаж дайныг зогсоож чадах юм бол? Хоббс энэ тухай тунгааж үзэв.
Үгүй ээ, тунгаахаас ч өөр арга байсангүй. Учир нь гэвэл түүний амьдралд ийм нэгэн явдал тохиолдож байсан гэдэг.
Тэр бол, түүнийг энэ хорвоод төрөхөөс ч өмнө, эхийн хэвлийдээ байх үеийн явдал байлаа. Түүний гэр бүл амьдардаг Англи руу чиглэн Испаний арми гэнэт цөмрөн ороод иржээ. Тэр мэдээг сонссон эх нь айн мэгдэхдээ өөрийн эрхгүй дуншиж орхих нь тэр. Үүний улмаас Хоббс цагаасаа эрт төрж, бүрэн бойжиж амжилгүйгээр хорвоотой мэндэлсэн гэдэг.
Дайны айдсаас болж хүчээр хорвоод шидэгдэн унаж, унаж ирсэн цагаасаа л амь тэмцэн зүтгэж ирсэн Хоббс. Энэ явдлаас үүдэн тэрээр хожим “Айдсаас унасан хүүхэд” гэх хочтой болсон ба, тэрээр өөрөө ч “Би бол дайны айдсаас төрж гарсан хүн л дээ” хэмээн амны уншлага мэт ярьдаг байсан гэдэг.
Тийм Хоббс байсан учраас л дайныг зогсоож, дайны айдсыг дарахуйц философийг бодож олох явдал бол түүний төрөхөөс дагаж ирсэн хувь зохиол байжээ гэж хэлж болмоор санагдана. Тиймдээ ч тэрээр бүх насныхаа туршид дайн буюу хүмүүсийн хоорондох алаан хядааныг зогсоох аргыг бодон сүвэгчилсэн нь тэр байлаа.
Тэгээд тэрээр нэгэн арга бодож олно. Тэр бол “Төр (хаан) хэмээх үнэмлэхүй эрх мэдэлтэй хийсвэр захирагчийг гарган тавьж, тэрхүү төрдөө бүх нийтээр даган захирагдах” гэсэн арга байв. Ингэвэл хувь хүмүүс хоорондоо учир зүггүй алалцах дүрэмгүй нөхцөл байдлаас зайлуулж чадна гэж тэрээр тунгаажээ.
Ерөөс хүмүүс яагаад хоорондоо алалцдаг юм вэ гэхээр, тэд хүчний хувьд харилцан эн тэнцүү учраас тэр юм. Ямар ч чадал тэнхээтэй хүн байгаад ч, сэмээрхэн гэтэж очоод ар нуруунд нь хутга шаагаад ч юм уу, толгойг нь сүхдэж орхивол дийлж л таарна шүү дээ. Тиймээс бусдад алуулчихгүйн тулд өрсөж бусдыг алахаар бүгд санаархах болно.
Аа харин өрсөлдөгч нь зүйрлэхийн аргагүй үлэмж биет мангас байвал асуудал өөр өө. Жишээ нь, тэнгэрийг бүрхсэн нүсэр том мангас гэнэт гарч ирэн, үүлний завсраар хэрцгий харцаар бүхнийг ширтэж байна гээд төсөөл дөө. Энэ үед хүмүүс ердөө л айн дагжихаас өөр юу ч хийж чадахгүй болов уу.
Үүнтэй адил логикоор, хэрвээ алуурчдын тэмцэлдээнийг зогсоохыг хүсвэл яаж ч тэрсэлдээд дийлэх шаансгүй аварга том мангас гаргаад ирэхэд л хангалттай. Тэр мангас нь тэдгээр алуурчдын эрхийг, хувийн эрх ашгийн төлөө бусдыг хөнөөх тэр эрх чөлөөг нь булаан авах болно.
Хүн төрөлхитөн төр хэмээн нэрийдсэн мангасын зохицуулалтаар “бусдыг алах эрх чөлөөнөөсөө” ангижирна. Тэгээд тэр мангас тэдний эрх чөлөөг булаан авсны хариу болгож, тэдэнд амь насных нь аюулгүйн баталгааг бүрдүүлж өгөх болно.

Левиафан

-       Бусдыг алах эрх чөлөөнөөсөө хагацсаны хариуд амь насны аюулгүйн баталгааг олж авна. Өөрөөр хэлбэл, төр гэдэг бол хувь хүний эрх чөлөөгөөр наймаалцан олж авсан “Аюулгүй байдлын тогтолцоо” юм.

Хоббс үүнийг “Левиафан” гэдэг номондоо бичжээ. Левиафан гэдэг бол, Библид гардаг аймшигт араатны нэр бөгөөд, үнэмлэхүй айдсын бэлгэдэл юм. Хоббс энэхүү левиафаны төрх л чухамхүү төрийн мөн чанар юм хэмээн бодов.
Тэгэхээр хүний ханашгүй хөнөөлт хүсэл тачаалыг хязгаарлахын тулд, хүмүүс өөрсдөө левиафан (төр, хаан) гэх хийсвэр мангасыг бүтээн босгож, тэрхүү мангастаа айн дагалдсаныхаа хүчинд арай чүү нэг юм алалдан мөхчилгүй амьдран ирсэн учиртай байх нь. Энэхүү аюулгүй байдлын тогтолцоо л чухам төрийн бодит төрх юм хэмээн Хоббс онцолжээ.
Энэ бол өнөө үед ч утга төгөлдөр, туйлаас рационаллаг хийгээд мөн чанарлаг төрийн тухай онол бөгөөд, төдийг хүртэл бурхны нэрээр аргалж байсан асуултууд: “Яагаад төр гээч юм байна вэ?” “Яагаад төр заавал байх ёстой вэ?” гэх зэрэгт товхийсэн тайлбар өгч чадсан юм.
Тэгвэл яагаад өнөө үед ч мөн л хүн хүнээ алах төр хоорондын тэмцэл байсаар байна вэ? Хоббсын нийгмийн гэрээний үзлийг баримтлах аваас, хариулт нь илт тодорхой харагдана. “Жинхэнэ левиафан” нь байхгүй учраас л тэр шүү дээ.
Улс хоорондын дайн гээч бол, нэг ёсондоо левиафан хоорондын дайн юм. Левиафан (улс) тус буртээ өөрийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих гэсэн зарчмаар үйлдэж, үе үе бусдын эрх ашгийг хохироохыг ч завдацгаана. Учир нэгэнт тиймээс, левиафанууд хэзээ ч бусаддаа “түгжилдүүлж” мэднэ хэмээн айхдаа, харилцан сэрэмжилж хэтрүүлэн зэвсэглэцгээнэ. Энэ бол нэг ёсондоо Хоббсын анализ хийсэн “байгалийн төлөвөөрөө (үнэмлэхүй захирагч үгүй төлөв) байгаа хүмүүсийн үйлдэл” яг тэр чигээрээ юм.
Тийм бол левиафанууд айн сүрдэх улам хүчирхэг левиафан гарч ирвэл тэмцэл зогсох учиртай. Гэхдээ тэр дээд левиафан бол огтоос НҮБ мэтийн эрхзүйн чадамжгүй худлаа юмс байж таарахгүй. Бүх төр улсууд үнхэлцэгээ хагартал айх хууль ёсны хүчирхэг оршихуй, ЖИНХЭНЭ ЛЕВИАФАН. Тийм оршихуй төрөн гарч, бүх төр улсууд “бусдыг довтлох эрх чөлөөгөө” булаалгах тэр цагт, Хоббсын хайн эрэлхийлсэн жинхэнэ энх тайван сая айлчлан ирэх биз ээ.

-       Зүрх нь чулуу мэт хатуу, тээрмийн бул мэт хатуу
-       Төмөр харах дэрс мэт, хүрэл харах мөчир мэт
-       Газар дээр түүнтэй эгнэгч үгүй, айдсыг үл мэдэгч
-       Өндөр дээд бүхнийг дорд үзэгч, эрх ямбат бүхнийг захиран тушаагч
-       Тэр бол сүүлчийн араатан ЛЕВИАФАН.


Үргэлжлэл - 16. Руссо. Төрийн жинхэнэ эрх баригч нь ард түмэн

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment