2016/04/22

14. Аристотель. Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг

Өмнөх - 13. Платон. Философич хүн л төрийг удирдах ёстой



Платон Идей онолдоо тулгуурлан философич хаанаар удирдуулсан төрийн тогтолцоо, өөрөөр хэлбэл “Элитийн засаглал”-ийг бий болгохыг зорьжээ. Гэвч түүний үзэл бодолд ондоо байр суурь илэрхийлсэн хүн бол, философийн түүхэнд “Үлэмж” хэмээн алдаршсан агуу философич Аристотель (НТӨ 384 - 322) байлаа.
Аристотель бол Платоны үүсгэн байгуулсан сургууль Академиагийн сурагч, өөрөөр хэлбэл Платоны шавь байсан юм. Платоны сургуулийн хамгийн шилдэг нь байсан тэрээр нэг ёсны философич хаан болоход хамгийн ойрхон нэгэн байжээ гэж хэлж болох биз. Гэсэн ч тэрээр багш Платонтойгоо тэрсэлж, Идей онолынх нь эсрэг ийм эргэлзээ чулуудав.
-       Идей гэж ер нь үнэхээр байдаг юм уу? Байдаг эсэхийг нь яаж нягтлах юм бэ? Заа яахав, тэр нь үнэхээр байдаг юм гэхэд, чухам юунд хэрэгтэй юм бэ?

Нээрээ л Аристотелийн түмэн зөв. Ерөөс Платоны Идей онолд, энэ бодит ертөнцөөс тусдаа “өөр хэмжээсийн ертөнц (идей ертөнц)” байдаг бөгөөд, тэнд “гурвалжины идей” энээ тэрээнүүд оршин байдаг гэж төсөөлдөг учиртай боловч, тэгвэл тэр идейн оршихуйг яаж батлах хэрэг вэ?
Шулуухан хэлэхэд, тэр бол яагаад ч боломжгүй юм.
Эцсийн эцэст идей гээч нь энэ ертөнцийн оршихуй бишээс хойш, “Аан, идей гэж ийм юм байсан юм уу?”гээд гартаа барьж бас үзэх ч боломжгүй. Тиймээс анхнаасаа л идей гэдэг бол “байдаг байх” хэмээн толгойн дотроо төсөөлөхөөс цаашгүй агаарын хоосон яриа байсан юм.
Тэгээд ч, хэрэвзээ үнэхээр оршин байдаг байлаа гэхэд, тэр нь чухам юунд хэрэг болох билээ?
 Шулуухан хэлэхэд, ямар ч хэрэггүй.
Жишээ нь, Идей онол ёсоор бол “бодит ертөнцийн морийг” харах үедээ бид бүхэн өөр ертөнцөд байх “морины идейг” бас давхар толгой дотроо харж, тэгснээрээ “Аан, морь байна” гэсэн төсөөлөл буудаг гэх боловч, үнэн хэрэгтээ “хүмүүс тэгж идейгээр дамжуулж ертөнцийг мэдэрдэг” гэж тайлбарлалаа гээд ямар нэгэн шинэ юм таньж мэдээд байгаа явдал огтоос үгүй юм. Зүгээр л “Морийг хараад морь гэж бодлоо” гэж байгаагаас юугаараа ч ялгарахгүй.
Тийм бол, Идей онол гээч нь “бодит морь” байхад л хангалттай газар хэрэг болгож “морины идей” гэсэн илүү юм гаргаж ирээд хий дэмий сунжирсан тайлбар хийж байгаа төдий л болж байгаа юм. Үнэхээр ч Аристотель нь Платоны Идей онолыг “ямар ч утгагүйгээр бүхнийг 2 дахин ихэсгэсэн яриа” хэмээн шүүмжилсэн байдаг.
Эсрэгээр нь Аристотель тийм идей гэх мэтийн хийсвэр юм гаргаж ирэлгүй, “бодит ертөнцийн морийг” л сайтар ажиглаж, “4 хөлтэй юм байна” гэдэг ч юм уу “дэлтэй юм байна” гэдэг ч юм уу, тиймэрхүү хувийн шинж төрхийг тоочин цуглуулж, түүгээрээ “морь” гэж юу болохыг нарийвчлан тодорхойлох нь хамаагүй өгөөжтэй биз хэмээн тунгаав. Тэгээд ч ер нь бид бүхэн морийг хараад “Аа морь байна” гэж боддог нь 4 хөлтэй, дэл сүүлтэй, туурайтай, гонзгой царайтай... гэх мэт онцлогуудтай амьтныг ахин дахин харах явцдаа “морь хэмээх төссөөллийг (хийсвэр ухагдаахууныг) дүрслэн бодож чаддаг болсон“ гэх нь хавьгүй зохистой тайлбар болох биз. Тиймээс “Морийг хараад морь гэж бодох нь, морины идей байдгийнх юм!” гэж байхаар “Морь гэж бидний нэрлэдэг тэр амьтан чухам ямар онцлог шинжтэй юм бэ? Түүнийг нь ажиглаж судлаад эмхэтгэцгээе!” гэх нь хойч үедээ илүү үлдэцтэй өв үлдээнэ гэж Аристотель боджээ.
Тэрээр тиймэрхүү ажиглалт судалгаануудыг бүхий л талбарт (одон орон, цаг агаар, амьтан, ургамал, дэлхий г.м) өрнүүлэв. Ингээд гаргаж авсан онцлогуудаа системчлэн эмхэтгэх байдлаар дэлхий ертөнцийг таньж мэдэхийг зорих мэдлэгийн салбаруудыг (буюу байгалийн шинжлэх ухаан) бий болгов. Үнэхээр ч өнөө үе хүртэл өвлөгдөн ирсэн одон орон, цаг уур, биологи, геологи гэсэн мэдлэгийн салбарууд бүгд Аристотелиэс эхтэй бөгөөд, Аристотелийг “Бүх эрдмийн эцэг” гэж дууддаг нь ч үүнээс улбаатай билээ.
Дашрамд сонирхуулахад, дельфин нь далайд амьдардаг боловч хүүхдээ хөхөөрөө хооллодог учир загас бус морьтой ижилхэн сүүн тэжээлт амьтан гэж ангилсан нь ч энэхүү Аристотель юм. Хэрвээ Платон шиг “Жинхэнэ дельфин гэж юу вэ? Дельфинийг таньж мэдэхийн тулд дельфиний идейг олох хэрэгтэй” маягийн юм яриад явсан бол өдийд бид бүхэн юу ч мэдэхгүй хэвээрээ л байсан болов уу.
Ийнхүү Аристотель нь Идей онолыг шүүмжилж, идейн оршихуй болон ач холбогдлыг няцаасан учиртай боловч, нэгэнт ийм болбол Платоны философич хааны үзэл ч бас сууриараа нуран унахад хүрнэ. Тийм биз? “Туйлын төгс (идей)” гээч бат нот оршихуй гэж үгүй болж, хүний төсөөллөөс урган гарсан хоосон зэрэглээ болж таарвал, анхнаасаа идейг таньж мэдэх философич ч гэж байх учиргүй гэсэн, ёстой нэг бай ч үгүй бандан ч үгүй дүгнэлтэнд тулж очино.
Тийм бол, Платоны хэлснээр ардчиллыг татан буулгаад философич хүнийг хаанд залж улс төрийг даатгалаа гээд, идей буюу зорих ёстой мөнөөх “төсөөллийн төгс” нь байхгүйгээс хойш, эцсийн эцэст ердөө л нэг хувь хүний үзэмжээр улс төр өрнөхөөс цаашгүй юм болно. Түүгээр ч зогсохгүй, оршин байдаг ч үгүй идейгээр түрий барин “зөвхөн надад л харагддаг юм” гэж дүрэмдэх дарангуйлагчтай болчихож байгаа хэрэг тул, харин ч аюултай нөхцөл байдал гэж хэлж болмоор. Яагаад гэвэл филосифич хааны засаглал өөдөлсөн ч уруудсан ч хэн ч түүнд саад хийж чадахгүй учраас тэр.
-       Зөвхөн надад харагддаг идейгээс үзвэл, одоо ийм алхам хийх нь зүйтэй юм. Туйлын төгс идейг мэдэхгүй та муу сайн юмнууд зүгээр дуугуй байвал барав.

Нэг л буруу гишгэвэл ямар ч эмгэнэл тохиож мэдэх чухам тэр дээсэн дөрөөн дээрх дүр зураг. Нэг ёсондоо, Идей онолыг үгүйсгэгч реалист Аристотелийн байр сууринаас харвал, Платоны философич хааны үзэл гээч нь хөөрлийн хийсвэр онолоос өөр юу ч биш байлаа.

Засаглалын 3 хэлбэр

Тэгвэл Аристотель ямар төрийг (засаглалын хэлбэр) илүүд үзсэн юм бол?
Аристотелийн чухам агуу байсан нь, уг асуудлын тухайд “Засаглалын ийм хэлбэр л хамгийн мундаг нь мөн” гэж өөрийн итгэл үнэмшлээ зүтгүүлэлгүй, “Ерөөс ямар ямар засаглалын хэлбэр байж болох вэ? Тэгээд тэдгээр нь ямар онцлогтой байх вэ? Үүн дээр эхлээд дүн шинжилгээ (анализ) хийх нь зүйтэй” хэмээн туйлын шинжлэх ухаанч аргаар тунгаасан явдал юм.
Ингээд тэрээр юун түрүүнд засаглалын хэлбэрийг дараах байдлаар 3 хувааж болох юм гэж үзэв.

1. Хаант засаглал (Нэг хүний улс төр)
2. Язгууртны засаглал (цөөн тооны тусгай давхрагын улс төр)
3. Ардын засаглал (Бүх нийтийн улс төр)

Тун ойлгомжтой, бас тов тодорхой ангилал байгаа биз? Засаглалын хэлбэр тус бүр нь ердөө л төрийн эрх баригчдын тоогоороо ялгаатай. Энд хамгийн сонирхол татахуйц зүйл бол, Аристотель эдгээр засаглалын хэлбэрүүдийн сайн талаас гадна, “ялзарвал юу болох вэ?” гэсэн хамгийн муу тохиолдлын тухайд ч бас нямбайлан онолдсон байдаг.
Тэрээр ингэж өгүүлжээ.

-       Хаант засаглал нь дарангуйлал руу гулсах гэмтэй, язгууртны засаглал нь олигархжих гэмтэй, ардын засаглал нь тоглоомын улс төр болох гэмтэй.

Үүнийг сийрүүлбэл ийм учиртай.
Хаант засаглал бол нэг хүний захиргаанд байх тул хурдан шуурхай улс төрийн шийдвэр гаргах чадвартай, хаан нь эрхэм сурталт аваас улс нь үлэмж хөгжин цэцэглэх давуу талтай боловч, захирагч хаан нь эрх мэдэлдээ дулдуйдан дарангуйлагч болсон тохиолдолд, түүний дарангуйллыг зогсоох механизм үгүй тул төр нь ямар ч авралгүйгээр салбайн нурна.
Язгууртны засаглал бол захирагчид нь олон тооны хүн байх тул эрх мэдэл тарж, дарангуйлагч үүсэх эрсдэл багасах давуу талтай боловч, захирагчид болох язгууртнууд авилгад өртсөн тохиолдолд, бүлэглэлийн өрсөлдөөн хийгээд эрх мэдлийн өрсөлдөөнд улайрч, хамгийн чухал байх учиртай улс төрөө гаргуунд нь хаяж одох тул төр нь ямар ч авралгүйгээр салбайн нурна.
Ардын засаглал бол бүх нийтээр төрийг захирах тул амжилттай явбал хамгийн эрх тэгш улс төрийн шийдвэрт хүрэх давуу талтай боловч, захирагчид болох ард түмэн нь авилгад өртсөн тохиолдолд, бүгд улс төрд сонирхолгүй болж нийт олны хөөрлөөр асуудалд хандаж (санал өгч), хариуцлагагүй популист улс төрчдийн амны аясаар савлах тул төр нь ямар ч авралгүйгээр салбайн нурна.
Ийм байдлаар Аристотель засаглалын хэлбэрүүдэд хамгийн шилдэг нь гэх юм үгүй, аль нь ч ялзран нурах аюулыг өөртөө агуулж байдаг хэмээн хэрсүү тунгаажээ.
Мөн тэрээр засаглалын тогтолцоо нь нурж төр нь салбайсны дараа юу болохыг ч бас цааш нь төсөөлөн бясалгав. Улс төр нь ялзарч, төр нь сүйрвэл юу болох вэ?... Тэр үед “хувьсгал” гэж нэрлэгдэх улс төрийн тогтолцооны шилжилт өрнөх болно.
Жишээ нь нэгэн хаант улс байж, эрхэм сурталт хааны дор ард олноороо жаргалтай амьдарч байжээ гэе. Гэвч хааны хүүхдүүд ч бас эрхэм сурталт байх баталгаа үгүй. Магадлалын хувьд бодсон ч, үе солигдоод яваад байвал хэзээ нэгэн цагт төрийг залах чадавхигүй хүн хаан болох нь дамжиггүй. Тэгээд тийнхүү мунхаг хааны дарангуйлал эхэлж, төр нь салбайн нурахад хүрнэ. Чингүүт уурссан ард түмэн “Дарангуйлагчийг авч хая!!” гэлцэн хувьсгал өрдөж, дарангуй төрийг түлхэн унагана. Ингээд дарангуйлагч хаан төрөөс хусагдаж, орыг нь ард түмэн авах болно.
Гэсэн ч ардын засаглал тогтлоо гээд ижилхэн л явдал өрнөнө. Анхандаа бүгд төрийн асуудалд нухацтай хандавч, яваандаа мөн л ялзарч эхэлнэ. “Бүгдээр шийдэх юм чинь” гэлцэн хэн ч хариуцлага үүрэхгүй болж, тээртэй бүхнийг мэргэжлийн улс төрчид рүү түлхэн, шүүмж гомдол тавихаас бус өөрийн толгойгоороо сэтгэх хүсэлгүй хариуцлагагүй тоглоомын улс төр тийш хувиран одно. Тэгээд төр нь хичнээн уруудан дордож “Энэ чигтээ явбал гарцаагүй мөхнө” гэдгийг бүгд мэдсээр атал “хэн ч тормоз гишгэхгүй”, “гишгэлээ ч нэгэнт амжихгүй” болтлоо доройтож, төр нь яагаад ч аврагдах гарцгүй болно. Тийм үед уухайлан гарч ирэх нь “Ардын баатар” байна. Ардын баатар нь өөрийн үнэмлэхүй манлайлал болон үйл хэргээрээ хувьсгал өрнүүлж тоглоомын улс төрийг нураан, төрийн жинхэнэ эрх мэдлийг амжилттайгаар булаан авна. Ингээд ардын баатар болон түүний гэр бүлийнхнийг оройдоо залсан хаант засаглал тогтож… түүнээс цааш дээрхийг давтах болно.
Ийм байдлаар Аристотель нь ямар ч засаглалын хэлбэр байлаа гээд түүнийгээ хамгийн дээд зэргээр тордож явахгүй л бол гарцаагүй “хувьсгал” өрнөж, өөр засаглалын хэлбэрт шилжих болов уу хэмээн сэтгэжээ. Тэгээд ч түүний дүн шинжилгээ хэрхэн байндаа туссан болохыг түүх бэлэхнээ батлан харуулдаг бус уу?
Тиймээ. Тэрээр НТӨ гэгдэх балар эрт цагт байсан хэрнээ “төр хэрхэн ялзарч, хэрхэн хувиран өөрчлөгдөх тухай”, түүний 2,500 жилийн түүхийн өрнөлийг аль хэдийнэ урьдчилаад харчихсан байсан юм.
Тэгээд, түүнээс хойш 2,500 жил улиран одсон өнөө үе. Магадгүй бид бүхэн одоо ч тэрхүү Үлэмж хүний гарын алган дээр түүхийг давтан эргэлдсэн хэвээрээ ч байж мэдэх билээ.


Үргэлжлэл - 15. Хоббс. Төр гэдэг бол айдсыг ашигласан аюулгүй байдлын тогтолцоо юм

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment