2016/03/03

10. Дьюи. Ашигтай зүйлийг л үнэн гэж үзэхэд хангалттай

Өмнөх - 9. Леви-Стросс. Үнэн заавал ганц замаар урагшлах албагүй



Түүх диалектикийн хуулийн дагуу илүү өндөр зэрэг тийш цойлон урагшилж, цор ганц абсолют үнэнийг зүлгэн төгөлдөржүүлсээр хөгжинө… Энэ бол хүний оюун ухааныг дээдэлсэн орчин үеийн философийн сүүлчийн дүгнэлт байлаа.
Гэвч, илүү дээд ирээдүй тийш хөгжиж явах учиртай хүн төрөлхитөний түүх урьдын адил гаслант дайн байлдаантайгаа зууралдсаар, тэр бүү хэл дэлхийн агуу дайн 2-ыг ч хийгээд авах нь тэр… Тэгээд, Освенцины (Auschwitz) хорих лагераар дурсагдах зүрх өмрөм хоморголон устгалууд. Атомын бөмбөг тэргүүтэй хүн төрөлхитөнийг мөхөөж ч мэдэх аюулт зэвсгийн их хэмжээний эзэмшил. “Ямрав дээ? Нөгөө хүн төрөлхитөн гээд байгаа чинь угаасаа ямар ч оюун ухаан гэх юмгүй юм шив дээ” гэдгийг батлахуйц түүхэн үйл явдлууд ар араасаа цуварсаар. “Хүн төрөлхитөний оюун ухаан гайхалтай. Хүмүүс оюун ухаанаа ашиглавал, юуг ч зөв тийш нь авч явах чадвартай. Бидний түүх төгс төгөлдөр ирээдүй рүү чиглэн урагшилж байна” гэх орчин үеийн философийн өөдрөг үзлийг итгэн бишрэх ухаантан тэнд нэгэнт үгүй болжээ.
Ийнхүү үнэмшил муутай болсон орчин үеийн философи нь шүүмжлэлээр баалагдах болж, тэр дундаас Өнөө үеийн философи гэж нэрлэгдэх, өнөөдрийг амьдран буй чухам бидний цаг үеийн философи эхлэх болно оо. Нэг ёсондоо, Дундад зууны философид (буюу сүсэг бишрэлээр үнэнд хүрцгээе) хандах шүүмжлэл дундаас төрөн гарсан нь Орчин үеийн философи байсан бол, Орчин үеийн философид (буюу оюун ухаанаар үнэнд хүрцгээе) хандах шүүмжлэл дундаас бий болсон нь Өнөө үеийн философи юм, гээд ойлгочихвол арай дөхөм байх болов уу. Тэгэхээр ердөө дөнгөж саяхныг хүртэл “оюун ухаан гайхалтай, туйлын үнэний эрэл” гэх зэргээр хөөрөн буцалж байсан хүн төрөлхитөн бүх юм санаснаар болохгүй байгаад бачуурахдаа “Болъё оо, юун оюун ухаан. Тэр чинь бас л бүхнийг чадагч биш юм байна” гэсээр үзэл бодол нь эсрэг зүг рүү нуралдан унаж орхисон хэрэг юм.
Ингээд, энэ цаг үеийн дундаас Прагматизм хэмээх өнөө үеийн философийн нэгэн үзэл төрөн гарна. Энэхүү прагматизм гээч нь нэг ёсондоо
-       Туйлын үнэн мөн эсэх нь огтхон ч чухал биш, харин бодит амьдралд хэрэгцээтэй эсэхийг нь л харъя
гэсэн барьцгүй санааг илэрхийлнэ.
Ерөөс философи гээч маань өдийг хүртэл, ямар нэгэн объектод хандаж “Үүний мөн чанар нь юу вэ?” гэсэн зарчмын асуулт тавьсаар иржээ.
-       Хайр гэж юу вэ? Хүн гэж юу вэ? Биет гэж юу вэ? Төр гэж юу вэ? Түүний мөн чанар нь чухам юу юм бэ?

Харин прагматизм бол ингэж санал болгоно.
-       Тиймэрхүү дүгнэх боломжгүй асуултыг сунжиртал мэтгэлцээд юунд ч хүрэхгүй шүү дээ. Тэрний оронд нь “Энэ ямар үр нөлөөтэй вэ?” гэсэн практик талыг нь асуудал болговол яасан юм бэ?

буюу “Тэгээд наадах чинь яг юунд хэрэгтэй юм бэ дээ?” гэдэг өнцгөөс бүхнийг авч үзэцгээе гэсэн яриа юм.
Жишээлбэл, “хатуу” гэдэг ухагдахууны тухайд, түүний мөн чанарыг бодон бясалгах нь тун хэцүү. Бодитоор “Хатуу гэж юу вэ?” гэсэн мөн чанарт чиглэсэн асуулт тавьбал хэдий болтол ч бодоод суучихаж мэднэ. Тэгээд хүн болгоны тоогоор өөр өөр хариултууд гарч ирж таарна.
Харин “Хатуу байна гэдэг ямар үр нөлөөг бий болгох вэ?” гэсэн практик талаас нь асуулт тавих юм бол, “хатуу”-г тодорхойлж тайлбарлах нь төдийлөн төвөгтэй биш болно. Тэгэхээр хэзээ ч дуусахгүй сунжирсан мэтгэлцээнд татагдан ормооргүй л байгаа бол, эхнээсээ хариулт олж хэлэх үнэ цэнэ бүхий асуултыг олж тавих хэрэгтэй гэж үзэх нь Прагматизмын үндсэн санаа юм.

Амьдрахын төлөөх багаж

Энэхүү Прагматизмын төлөөлөл болсон философич Дьюи (1859 - 1952) нь, өөрийн үзэл санаагаа ойлгомжтой илэрхийлэх үүднээс Инструментализм (Багажинд суурьлах үзэл) гэж нэрлэжээ.
Тэрээр, хүний бодол санаа (буюу оюун ухаан) гэдэг бол ердөө л “амьдрахын төлөөх багаж (хэрэгсэл)” төдий юм гэж сэтгэв. Хүний оюун ухааныг ингээд тодорхойлчих юм бол юуг ч хүндрүүлж бодоод байх шаардлага үгүй болно. Бүх юмсыг “Юунд хэрэг болох багаж вэ?” гэсэн хэмжүүрээр хэмжээд байхад л хангалттай.
Жишээ нь, “Яагаад хүн алж болохгүй вэ?” хэмээх асуулт тэртээх балар цагаас нааш олон хүнийг дамнуулан хэлэлцэгдэж ирсэн асуудал боловч, одоо ч тодорхой хариунд хүрсэн нь үгүй. Тэгвэл яагаад дүгнэлтэд хүрч чадаагүй вэ гэхээр, Дьюийн үгээр бол “Асуудал нь хэцүү учраас” бус “Асуудлын тавил нь муу учраас” юм. Тэгэхээр үүнийг “Хүн алж болохгүй гэсэн зарчим ямар ашигтай вэ?” гэсэн Инструменталист асуултаар сольчих хэрэгтэй. Тэгвэл хариулт хэлэх боломж ч, обьектив мэтгэлцээн өрнүүлэх боломж ч гарч ирэх юм.
Тийм биз? Та бодоод үз дээ. “Хүн алж болохгүй гэдэг зарчим хэрвээ байхгүйсэн бол?” юу болох байсныг төсөөлөөд үзэхэд л хангалттай шүү дээ. Лавтайяа тэр цагт бүгдээр “Хэзээ ч бусдын гарт үхэж мэднэ” гэсэн нөхцөл байдалд орцгоож, бид бүгд шөнө бүү хэл өдөр ч тайван алхаж чадахаа болих биз. Тийм болбол амьдрахад туйлын хүндрэлтэй болж, хором болгоныг алуулчих вий гэсэн айдастайгаар өнгөрүүлэх нь даанч утгагүй явдал болно.
Тэгвэл тэгээд яах вэ гэхээр, “Хүн алж хэрхэвч болохгүй!! Юу ч болдог бай, хүн л алж болохгүй!! Энэ бол ёс суртахуун” гэсэн алтан зарчим зохиогоод, түүнийгээ хүүхэд байхаас нь эхлээд толгойд нь суулгаж тархийг нь угааж орхих нь хамгийн гарцаагүй бөгөөд найдвартай арга болно.
Ингээд хэлэхээр “Өө хөөрхий, Ёс суртахуун (хүн алж болохгүй гэх мэт) гээчийн үнэн нүүр царай чинь ердөө л энэ байсан юм уу?” гэж санагдаж мэдэх ч, хэрхэвч энэ санаа нь ёс суртахууны үнэ цэнийг унагасан явдал болох учиргүй.
Харин ч ёс суртахууны энэхүү үнэн төрх нь хэдий нийгмийн нөхцөл байдал дундаас төрөн гарсан байлаа ч, гарцаагүй бидний аж амьдралд ашиг тусаа өгч байгаа хойно “гайхамшигтай багаж мөн” гэж үзэж болох бөгөөд (түүний үр шимийг хүртэж байгаа хүмүүсийн хувьд) “туйлын үнэн” гээд ойлгосон ч болох юм.

-       А-д итгэх нь хүний хувьд ашигтай юм гэвэл, А-ийн үнэн худлаас үл хамааран А бол үнэн юм.

Сануулахад, энэхүү Инструментализмын философийг дагах аваас, ашиггүй үнэнүүд үнэн биш болж хувирна. Эсрэгээрээ, бодит байдлаас илэрхий өөр “худал” ч бас үнэн байх боломжтой.
Жишээ нь, хэрвээ та яг жилийн дараа үхэх нь тогтоогдон түүнийгээ мэдэж орхиод, амьдрах ямар ч хүсэл тэмүүлэлгүй болж, нэг бүтэн жилийн турш инээж чадахгүй болно гэвэл..., тийм үнэнийг мэдэхгүй байсан нь дээр болов уу. Нэг ёсондоо, жилийн дараа үхнэ гэдэг нь “бодит байдал” мөн хэдий ч “үнэн” биш юм. Харин ч эсрэгээрээ “Та цоо эрүүл байна” гэсэн худлаа үг нь илүүтэй “үнэнд” тооцогдох болно.
Тэгээд ч ер нь энэ үзэл ялангуяа Монголчууд бидэнд тун танил дотно, бас ойлгомжтой гэж санагдахгүй гэж үү? Аливаад бид гол төлөв прагматикаар л ханддаг шүү дээ. Хичнээн өвөр дүүрэн мөнгөтэй явсан ч “Юу байна?” гэвэл “Юмгүй” л гэнэ. Тэртээ тэргүй хуваалцах сонирхолгүй мөнгөө үзүүлээд “Мөнгө байна” гэж бодит үнэнээ хэлээд яах ч юм билээ. Тэгвэл харин ч харилцаандаа сэв суулгасан ашиггүй үйлдэл болно. Тэр утгаараа “Юмгүй” гэсэн хариулт л бидний хувьд ашигтай буюу, илүүтэй үнэнд дүйцэх биз ээ.


Үргэлжлэл - 11. Деррида. Хүрч чадахгүй үнэнтэй хөөцөлдөх нь утгагүй явдал

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment