2016/02/25

9. Леви-Стросс. Үнэн заавал ганц замаар урагшлах албагүй

Өмнөх - 8. Сартр. Өөрсдийн гараар хүн төрөлхитөнийг үнэнд хүргэцгээе



Гэвч Сартрын халуун уриалга дээр хүйтэн ус асгаж орхисон нь, Структурализмын (Бүтэцчилэх үзэл) эцэг гэдгээрээ өндөр нэртэй философич Леви-Стросс (1908 - 2009) гэгч байлаа.
Уул шугамандаа бол Леви-Стросс нь Сартрын хуучны анд бөгөөд, тэд хоорондоо туйлын найрсаг харилцаатай байсан гэдэг. Тухайлбал, Леви-Строссыг ид гарч ирэх үед, тухайн үедээ нэрт философич нэгэнт болоод байсан Сартр түүнийг дэмжин тусалж байснаас нь харж болно. Гэсэн ч, эцсийн бүлэгт хоёр найз хүчтэй мэтгэлцээн өрнүүлж, тангараг тасрахад хүрнэ. Леви-Стросс нь Сартрт хандаж ингэж хэлжээ:
-       Чиний хэлээд байгаа, тэр хүн төрөлхитөний зорих ёстой түүх гээч юм үнэхээр байдаг юм уу?

Тэрээр Сартрын философийг суурь нөхцлөөс нь эргэлзэж орхих нь тэр.
Яагаад тэрээр андтайгаа тангараг тасран байж, ийм зүйл хэлэх болсон юм бол? Шалтгаан нь гэвэл, Леви-Стросс бол философич хүнээс өөр өнцгөөр асуудалд ханддагт байсных юм. Леви-Строссыг өнөө үед философич гэдгээр нь хүмүүс мэдэх боловч, үнэндээ түүний жинхэнэ мэргэжил бол Хүн судлаач (Антропологи) хэмээх мэдлэгийн салбар байв.
19-р зуунаас түүх нь эхлэх хүн судлал бол, анхандаа аялагч жуулчдын тэмдэглэл болон харь газрын хүмүүсийн яриа сэлтийг цуглуулж, харь улсын соёл заншил зэргийг эрдмийн ажил болгон эмхэтгэдэг гэх, уламжлалт нэгэн мэдлэгийн салбар байсан авч, Леви-Строссын цаг үед судлаачид өөрсдөө харь орон тийш зүглэж, нутгийн хүмүүстэй хамт амьдрах байдлаар тэндэхийн соёл онцлогийг судалдаг хээрийн ажиллагаа маягийн хэлбэрт шилжээд байжээ.
Леви-Стросс ч тэр жишгээс гажилгүй, алс холын Амазон мөрөн тийш зүглэж, тэнд оршин суух Бороро омог болон Нанбиквара омог гэх мэт, өрнийн иргэншлийн нөлөөнд өртөөгүй нэг ёсны “зэрлэг” гэгдэх тэдгээр хүмүүсийн аж амьдралыг өөрийн биеэр туршлага судалсан учиртай боловч, тэндээ тэрээр санаанд багтамгүй гүн шоконд орох болно. Учир нь гэвэл, төдийг хүртэл өрнөдийн ертөнцөд, зэрлэгүүд буюу Амазоны ширэнгэд амьдрах юу ч юм омгийн нийгэм бол “тэр чигээрээ мухар сүсэгт баригдсан, гэнэн хийгээд анхдагч хэлбэрийн юм байдаг биз” хэмээн үл тоомсорлож ирсэн байжээ. Гэтэл бодит байдал дээр хамт амьдраад үзтэл, гайхалтай рационаллаг бөгөөд гүн гүнзгий, европоос ялгарах өөрсдийн оргинал “нийгмийн бүтэц” тэнд байна гэнэ.
Энэ туршлага дээрээ суурилаад Леви-Стросс нь “Тэд бол зэрлэг хүмүүс огтоос биш, европоос өөр хэв маягаар хөгжиж буй өөр нийгмийн хүн төрөлхитөн юм байна” хэмээн бат итгэх болж, Гегель болон Сартр нарын философи буюу, “түүх бол үнэнийг эрэлхийлэн хөгжин урагшилдаг” гэх тэдний үзлийг ердийн нэг бардам төөрөгдөл биш байгаа, гэж сэжиглэж эхэлжээ.
Яагаад Гегель, Сартр нарын философи нь бардам төөрөгдөл юм гэж?
Түүнийг Левь-Строссоор хэлүүлбээс, тэдний хэлэх “түүх” гээч нь үнэн хэрэгтээ ердөө л “европын түүх” төдий учраас тэр юм гэнэ. Тэгээд ч европчуудын юу нь тийм бардам юм гэвэл, европчууд нээгдээгүй газрын оршин суугчдыг “соёл иргэншлээс алслагдан үлдэж хоцорсон өрөвдөлтэй амьтад” гэх маягаар үзэж, тэр ч байтугай тэдгээр өрөвдмөөр хүмүүс ч бай хангалттай цаг өнгөрвөл хэзээ нэгэн цагт ардчилсан парламентат улс төр явуулж, хэзээ нэгэн цагт аж үйлдвэрийн хувьсгал өрнүүлж, тэгээд эцэстээ бидэн шиг дээд соёл иргэншилд хүрч чадах байлгүй, гэсэн өнцгөөс харж ирсэн юм. Нэг ёсондоо тухайн үеийн европчууд дараах байдлаар хийрхэцгээдэг байсан гэж хэлж болно.

-       Хүн төрөлхитөний түүх гэдэг бол, цор ганц зорилго (төгс нийгэм, туйлын үнэн) тийш чиглэн хөгжиж байдаг бөгөөд, бидний европ соёл иргэншил бол түүний хамгийн манлайд тэргүүлж яваа юм. Харин бусад соёл иргэншлийн хүмүүс бол биднээс холоо хаягдсан буурай хөгжилтэй хүмүүс. Тиймээс ямар ч нийгэм төр бай, гал тойроод дэвхцэн бүжиглэх зэрлэгүүд ч бай, хангалттай хугацаа өнгөрвөл хэзээ нэгэн цагт гарцаагүй европтой ижилхэн соёл иргэншилд хүрч очих болно. Тэгээд бид бүхэн хамгийн манлайд явж буй туг баригчийн хувиар тэдгээр буурай хүмүүсийг удирдан чиглүүлж өгөхгүй бол болохгүй юм.

Харин Леви-Стросс түүнийг нь өрнийн хүмүүсийн хийрхсэн хөөрөл, ердийн хоосон төөрөгдөл хэмээн онцлов. Ингээд тэрээр төдийг хүртэл “зэрлэгүүд” гэгдэж байсан төрөл бүрийн соёл иргэншлүүдэд нуугдах “гүн гүнзгийн нийгмийн бүтэц зохион байгуулалтыг” ил гарган үзүүлснээр, “өрнийн соёл иргэншил” бол хүн төрөлхитөний нийгмийн хэв маягуудын байдаг л нэг хэлбэр нь бөгөөд, огтхон ч бусдаас илүү дээр гарах онцгой тусгай оршихуй биш болохыг нь барин тавин баталж үзүүлжээ.

Дорнын түүх

Тэгвэл энд өрнөөс ялгаатай соёлын тодорхой жишээнээс нэгийг толилуулъя. Жишээлбэл, Энэтхэг зэрэг зарим дорнын газар оронд, “түүх” гээчийн тухайд өрнийнхөөс тэс өөр ойлголттой байх нь бий.
Ерөөс өрнөдөд түүх (буюу цаг хугацаа) гэдэг бол “өнгөрснөөс ирээдүй рүү” чиглэх нэг шулууны дагуу өрнөдөг зүйл бөгөөд, тийм ч учраас “өнгөрсөн гэдэг бол зэрлэг бүдүүлэг муу цаг үе”, харин “ирээдүй гэдэг бол хуучны асуудлуудыг шийдвэрлэсэн, илүү сайжирсан цаг үе” гэж үзэж иржээ. Энэ нь нэг ёсондоо өрнийн хүмүүсийн хувьд түүх гэдэг нь “нэг нэгээр шат ахин өгсөх адилаар туйлын үнэн, төгс нийгэм тийш дөхөж буй процесс” маягийн төсөөлөл байдаг гэсэн үг. Тиймдээ ч тэд түүхийн тасралтгүй шинжийг чухалчилж, “хэн гэдэг хүн, хэзээ төрж, юу хийж бүтээв?” гэх эртний өвгөдийнхөө ул мөрийг он дарааллын бичиг байдлаар нэг бүрчлэн бичиж үлдээх ёстой хэмээн үзэж иржээ.
Тэгтэл нөгөө талд, дорныхны хувьд дээрхиэс тэс өөр төсөөллөөр “түүх” гээчийг ойлгож байдаг. Ерөөс дорнодод түүх (буюу цаг хугацаа) гэдэг бол сум шиг нэг шулууны дагуу өрнөдөг бус, “тойрог” байдлаар үүрд эргэлдэж байдаг хэмээн үзэж иржээ. Тиймээс дорно газар, өрнийн хүмүүсийн хэлэх “он дарааллын бичиг байдлаар тэмдэглэгдсэн түүх” гээчийн тухайд бол огтоос сонирхол байсангүй. Өөрөөр хэлбэл, “○○ жилийн өмнө △△ гэдэг хүн байгаад, тэр нь ○○ сарын △△ өдөр төрж, □□ сарын ☆☆ өдөр ийм гавъяа байгуулжээ” гэсэн тухайн нэг үзэгдлийг онцлон сонирхдоггүй байсан юм.
Харин түүний оронд дорно газар эрт үеэс, түүхэн болсон явдлуудыг бүгдийг нь үлгэр туульс маягийн хийсвэр яриа хэлбэрээр өвлүүлэн дамжуулдаг уламжлалтай байж. Жишээ нь, хүсэл зоригтоо шатаж улсыг байгуулж, түмнийг жаргуулсны эцэст, нэгэн эмд татагдан хамгаа алдан мөхөж төгсдөг баатар эр байжээ гэе. Өрнөдөд бол тэр баатар аль тосгонд, хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрж, хэрхэн яаж өсч бойжоод, тухайн цаг үеийн хэн хэн хүмүүстэй ойртон нөхөрлөдөг байв гэх зэргээр нэг бүрчлэн нарийн ширийнийг судлан тогтоож, түүний нэг насны амьдралыг дүрслэн тэмдэглэж үлдээхийг зорих биз. Харин дорно газар бол тийм зүйлс бол огтоос сонин биш юм. Дорнодод бол, тэр хүний амьдралд ямар чухал үйл явдал болов гэсэн “мөн чанарыг” нь ялган шилж, түүгээрээ үлгэр зохиогоод ам дамжуулан өвлүүлэх болно.
Яагаад дорно газар түүхэнд тэгж бүдүүн тойм ханддаг хэрэг вэ? Яагаад гэвэл дорнын хүмүүсийн хувьд түүх гэдэг бол үүрд дахин дахин давтагдаж байдаг учраас тэр юм. Хэрвээ цаг хугацаанд төгсгөл гэж байхгүй, түүх үүрд үргэлжлэх юм гэвэл..., хэдэн мянган жилийн тэртээгээс ижил явдал олон дахин давтагдаж ирсэн байх учиртай бөгөөд, түүнээс цаашхи хэдэн мянган жилийн дараа ч бас ижил явдал давтан өрнөх нь дамжиггүй юм. Тийм бол, нэгэн эр хүүхнээс болж нэгэн биеийг барсан юм гэвэл, олон мянган жилийн өмнөх эрд ч бас тийм явдал тохиолдсоноос зайлахгүй, бас олон мянган жилийн дараах эрд ч бас тийм явдал тохиолдох нь зайлшгүй. Нэг ёсондоо “цаг урсаж, газар өөрчлөгдөх ч, хүний мөн чанар өөрчлөгдөх нь үгүй” юм.
Нэгэнтээ л ингэж үзэх юм бол, “1,000 жилийн өмнөх А баатар...”, “сая жилийн өмнөх Б баатар...”, “10 жилийн өмнөх В баатар...” гээд нэг бүрчлэн тэмдэглэж үлдээгээд яах ч юм билээ. Тэгээд ч цаг хугацаа хязгааргүй үргэлжлэх юм хойно, өрнийнхөн шиг бүхнийг баа бээгүй он дарааллын бичиг болгон үлдээгээд явбал, нэг мэдэхнээ нөгөөх нь нэг хүн бүх насаараа уншсан ч барагдахгүй их юм болж орхино биз. Эрт орой хэзээ нэгэн цагт гарцаагүй тийм л болно. Хэрвээ хүн төрөлхитөний түүх 1,000,000 жил үргэлжилж, тэндээс бий болсон хэн ч уншихын аргагүй аварга том номон уулыг заагаад “энэ бол хүн төрөлхитөний түүх” гэж орилоод ямар хэрэг байх билээ.
Тийм ч учраас дорно газар “тухайн үйл явдал болгоноос абстракт агуулгыг (мөн чанар) нь ялган шигшиж, зөвхөн түүнийг тэмдэглэн хадгалах” аргыг хэрэглэж иржээ. Тэгээд шинэ үйл явдал өрнөх бүрийд мөнөөх үлгэрээ улам шигшин нэрж, илүү абсракт үлгэр болгон дарж бичээд явна. Ингээд байвал хэзээ нэгэн цагт тэр үлгэрт нь зөвхөн “хүний мөн чанар” тод дүрслэгдэн үлдэх биз. Хаан болж хамгийн оройд гарахыг мөрөөдөх дүрэлзсэн хүсэл тэмүүлэл. Тэгээд хүсэлдээ хүрч хамгийн оройд гарах үеийн хязгааргүй аархал. Гэвч хүсэл ханасны дараа айлчлан ирэх хоосон мэдрэмж, олсноо алдахаас айх айдас, бусдад хандах үл итгэл.
Энэ мэт “хэдэн ч удаа ирдэг бай, хүн хүнээрээ л байгаа цагт гарцаагүй давтагдаж таарах тэр мөн чанарууд” тэмдэглэгдэн үлдэх үлгэр домог бол чухам дорнынхоны хэлэх “хүний түүх” мөнөөсөө мөн юм.
Ямар вэ дээ? Ингээд хэлэхээр Энэтхэг зэрэг зарим дорнынхоны “түүх” хэмээх ойлголт ч бас учир жанцантай, чухаг эд байгаа биз? Магадгүй өнөөгийн бидний монголчууд өрнийн соёлын нөлөөнд илүүтэй автсан тул, бага зэрэг хачирхан бодож мэдэх авч, үзэл бодол талаасаа байж болох хувилбарын нэг биш гэж үү?
Тэгтэл орчин үеийн европчууд “түүх гэдэг бол цор ганц абсолют туйлын үнэнд хүрч очих зам юм” хэмээх өөрсдийн үзлээ цор ганц зүй ёсны гэж үзэж, бусад үзлүүдийг байж боломгүй, эсвэл байлаа ч зэрлэгүүдийн төөрөгдөл, мухар сүсэг биз хэмээн сэтгэж иржээ. Леви-Стросс өрнийхний тэр мэт өрөөсгөл үзлийг нь буруушаасан юм.
Харин тэр нь Сартрын хувьд тун хөндүүр шүүмж болов. Яагаад гэвэл Сартр нь “Хүн төрөлхитөний түүхэнд зорьж очих ёстой цор ганц үнэн бий. Тэрхүү түүхийг түлхэн урагшлуулах үүргийг идэвхитэйгээр өөрийн биедээ үүрэлцье!!” хэмээн залууст хандан уриалсан юм. Тэгтэл найз Леви-Стросс нь дэргэдээс нь “Тийм биш ээ. Түүх гэдэг чинь тэгж ганц зүг рүү өрнөдөг эд биш. Дэлхий дээр янз бүрийн соёл иргэншил, үнэлэмжийн хэмжүүр бүхий нийгмүүд олон тоогоор оршиж байдаг юм. Тэгээд тэдгээр соёл иргэншлүүдийн хооронд дээр доор, сайн муу гэж үгүй бөгөөд, зорьж буй цор ганц соёл, туйлын төгс нийгэм ч гэж үгүй юм” гээд палхийтэл нь няцааж орхижээ. Бодит байдал дээр энэхүү Леви-Сроссын няцаалтаас хойш Сартрын философийн нөлөө огцом бууран хөрсөн байдаг.
Ийнхүү оюун ухааныг чухалчилж цор ганц үнэн тийш зүглэх орчин үеийн философийг “европ төвтэй үзлийн бардам төөрөгдөл” хэмээн тодорхойлсон түүний шүүмжлэл нь, өрнийн ертөнцийн мэдлэгт хүмүүс болон философичдын дунд том үймээн дэгдээсэн гэдэг билээ.


Үргэлжлэл - 10. Дьюи. Ашигтай зүйлийг л үнэн гэж үзэхэд хангалттай

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment