2016/03/09

11. Деррида. Хүрч чадахгүй үнэнтэй хөөцөлдөх нь утгагүй явдал

Өмнөх - 10. Дьюи. Ашигтай зүйлийг л үнэн гэж үзэхэд хангалттай



Жак Деррида (1930 - 2004) бол Алжир гаралтай Францийн философич бөгөөд, Пост Структурализм гэж нэрлэгдэх өнөө үеийн философи урсгалын туг баригч юм. Тэрхүү Дерридагийн философи нь юу хэмээвээс, ерөнхийдөө бол өрнийн философи болон үнэнийг шүүмжилсэн шүүмж гээд хэлчихэд болно.
Деррида нь өрнийн соёл иргэншлийг “Яриа төвт үзэл (Logocentrism)” хэмээн шүүмжлэв (Logocentrism-ийг махчилбал дүрэм төвт үзэл гэж хэлж болох авч, ойлгомжтой байх үүднээс махчилж бус утгачилж ашиглав). Яриа төвт үзэл гэдэг бол, туйлын хялбархнаар хэлбэл “яригчийг чухалчлах соёл” гээд ойлгочиход хол буруудахгүй болов уу. Үүнээс хойш төсөөлөхөд хялбар байх үүднээс “Яригч төвтэй үзэл” гэж нэрлэе.
Тэгэхээр, ерөөс яриа гээч юмны тухай ярихад, яриа гэдэг бол “яригч” болон “сонсогч” гэх хоёр этгээд байснаар сая өрнөдөг зүйл билээ. Тэрхүү хоёр этгээдийн үүргийг доорх байдлаар илэрхийлж болно.

1.     Яригч нь дамжуулмаар байгаа зүйлийнхээ (санаа) тухай төсөөлөн бодно.
2.     Тэгээд түүнийгээ илэрхийлэхийн тулд үг ашиглан ярина.
3.     Сонсогч тэр үгийг сонсоно.
4.     Сонсогч тэр үгийг дотроо боловсруулж, яригчийн илэрхийлэх гэсэн санааг ойлгоно.

Эндээс, яригч нь “өөрийн санааг дамжуулахын тулд, санаагаа үгэнд хувиргах” ажил хийж, сонсогч нь “хүлээж авсан үгийг боловсруулж, яригчийн санааг ойлгох” ажил хийдэг, гэсэн хуваарилалт байдаг байх нь.
Тэгэхээр, дээрхээс харвал “харилцан яриа” гэдэг бол “сонсогч нь яригчийн үгийг сонсоод, түүний санааг ойлгох” явдлыг зорилгоо болгон хийдэг үйл болох тул, үүнийг нэг ёсондоо “яригч нь өөрийн санааг дамжуулах тоглоом”, эсвэл “сонсогч нь яригчийн санааг ойлгох тоглоом” гэж томъёолж болох юм.
Тиймээс жишээ нь, яригч нь “санаа А”-г дамжуулахын тулд ямар нэгэн үг хэлж, түүнийг хүлээж авсан сонсогч нь “санаа Б” юм байна гэж ойлголоо гэхэд, санаа А болон санаа Б нь шал өөр утгатай байвал уг яриа “GAME OVER” гэсэн үг болно. Мэдээж “яригч тохиромжтой үг ашиглаагүй”, “сонсогч нь толгой муутай байсан” гэх зэргээр бурууг аль нэгэнд нь тохож болох ч, ямартай ч “сонсогч яригчийн санааг зөв ойлгож чадаагүй” л бол уг яриаг амжилтгүй болсонд тооцох учиртай. Тэгэхээр, ямар ч уран яруу яригч байлаа гээд, сонсогчийн толгойд “яригчийн санаа” бууж ирээгүй л бүх юм будаа. Тиймээс “харилцан яриа” хэмээх энэхүү тоглоомд “яригчийн санаа” гэдэг бол сонсогчийн хувьд “зөв хариулт” буюу, хүрч очих ёстой “үнэн” болохуйц зүйл юм.
Тэгвэл, нэг ийм юм төсөөлж үзье л дээ. Энд нэг ном байжээ гэе. Энэ номны агуулга нь уран зохиол юм уу, философи юм уу бүү мэд, ямартай ч бичсэн зүйлийг нь анхааралтай уншихгүй л бол баргийн хүн ойлгохооргүй хүнд ном байна. Тэгээд та энэ номыг уншиж байхдаа “Хмм, энэ одоо ийм л юм хэлээд байна аа даа?” гэсэншүү юм бодон ямар нэгэн байдлаар ойлгожээ гэж бодъё. Тэгвэл таны тэр ойлголт ямар үед “зөв” байх вэ? Тэр бол мэдээж хэрэг, таны ойлголт “тэр номыг бичигч хүний (яригч) санаатай” тохирч байх үед юм. Тиймээс та номын эзний гэрт явж очоод хаалгыг нь тогшин, “Энэ номонд бичсэн зүйл чинь ийм санааг илэрхийлж байгаа мөн үү?” гээд асуучхад л хангалттай. Зохиогч нь танд хандаж “тиймээ” гэвэл та тоглоомын ялагч болж, “бишээ” гэвэл ялагдагч болно. Ингээд л өөрийнхөө зөв буруу ойлгосон эсэхийг шалгачихна.
Гэтэл, хэрвээ зохиогч нь нэгэнт бурхан болсон байвал яах вэ? Энэ тохиолдолд, нэгэнт бичигчийн санааг шууд сонсох боломжгүй. Яахав, бичигчийн амьд ахуй үеийн найз нөхөд ч юм уу, тэмдэглэлийн дэвтэр зэргийг нь судлаад баримжаалж болох авч, тухайн нэг өгүүлбэр нь чухам ямар санаагаар бичигдсэн болохыг бичигчээс өөрөөс нь асуугаагүй цагт хэзээд таавар чигээрээ л үлдэх болов уу.
Нэгэнт ийм болбол уншигч таны ойлголт “зөв” эсэхийг шалгах арга нэгэнт үгүй болж, “зохиогчийн санааг мэдэх ямар ч аргагүйд” хүрнэ. Тиймээс нэгэнт яагаад ч мэдэх боломжгүй үнэнийг тойруулан, “энэ нэг иймэрхүү л утгатай байх” гэхчилэн хичнээн мэтгэлцээд, даанч агаарын ярианаас хэтэрч хэзээ ч чадахгүй.
Гэх атал, бид бүхэн өдөр тутамдаа иймэрхүү маягийн юман дээр байнга өрсөлдөх нь бий. Үүнийг зүгээр интернэтэд ороод философитой холбоотой мэтгэлцээний булан сонирхоод үзэхэд л хялбархан үнэмших вий.
-       Хөөе, чи ерөөсөө юу ч ойлгоогүй мал байна шд. Кантын санаа чинь яг үнэндээ ийм юм байхгүй юу!!!
-       Яг шдээ, өөрөө харин жинхэнэ далий нөхөр үү үгүй юу. Кантын философи чинь ерөөсөө л ийм за юу!!

Тэдгээр хүмүүс Кантын бичсэн бүтээлийн тухай, Кантын санаа гэх “нэгэнт хүрч үл чадах тэр үнэнийг” тойруулан мэтгэлцэн хэрэлдэж буй нь энэ юм.

Сонсогч төвтэй үзэл

Хэзээ ч хүрч үл чадах зэрэглээ мэт үнэнийг тойруулан биесээ шоглох хэрэггүй үгэн хэрүүлүүд.
Деррида нь, өдийг хүртэл өрнө дахинд тасралтгүй явж ирсэн үнэний эрэл гээч бол үндсэндээ яг л ийм зүйл юм хэмээн онцлов. Тэндээсээ тэрээр “яригч төвтэй үзлээс” илүүтэй “сонсогч төвтэй үзлийг” чухалчлах нь зүйтэй гэсэн “эсрэг үнэлэмжийн хэмжүүр” гаргаж дэвшүүлжээ.

-       Нэгэнт мэдэх боломжгүй зүйлийг яагаад ч нэмэргүй биз дээ? Тиймээс зохиогчийн (яригчийн) санаа гээчийг нэгэнт тоох хэрэггүй бус уу? Уншигчид тус бүртээ өөрсдийнхөөрөө ойлгоод уншихад л болоо биш үү? Тэгээд хүн тус бүрийн ойлголтыг бүгдийг “үнэн” гээд үзэхэд яагаад болохгүй гэж?

Ийм байдлаар Деррида нь “бичсэн хүний санаа зэргийг үл харгалзан, бичсэн зүйлийг (яриаг) нь өөрийнхөөрөө ойлгоход буруудахгүй шүү” гэсэн “Сонсогч (уншигч) төвтэй үзэл” хэмээх зорьмог санааг илэрхийлэв.
Жишээ нь та хэн нэгэнд хандаж ямар нэгэн юм “ярьжээ” гэе.
Тэгтэл тэр хүн чинь таны санасанаас шаал өөрөөр ойлгож тайлбарлаад унавал “Хөөе, биш ээ, би тэгж хэлээгүй шдээ” гээд сонсогчийн ойлгосныг үгүйсгэхийг оролдох вий. Яагаад гэвэл бид бүхний тархинд “сонсогч нь яригчийн санаа гэх зөв хариултад хүрч очих ёстой” гэсэн хуучны хатуу үзэл одоо ч байгаа учраас тэр юм. Тэгээд тийм ч учраас, яригч нь өөрийн санааг аанай л “абсолют үнэн” мэтээр ойлгож, тэр үнэнд хүрч очихыг сонсогчоос шаарддаг хэрэг.
Гэтэл ерөөс “яригчийн санааг зөв ойлгосон” эсэхийг хэрхэн яаж мэдэх юм бэ? Өмнөх жишээ ярианд, яригчаас өөрөөс нь асуугаад мэдчихнэ гэж өгүүлсэн боловч, бодит байдал дээр тэр арга ч бас асуудалтай. Яагаад гэвэл, сонсогч “таны санааг би ингэж ингэж ойлголоо” гээд хичнээн тайлбарлан ярьж, бичиж дүрсэллээ гээд, тэр ч бас “яриа” болох учраас тэр. Өөрөөр хэлбэл тухайн нэг яриа А-ийн санааг нягтлах зорилгоор яриа Б-г ашиглавал, тэр яриа Б-ийн санааг нягтлахын тулд яриа В-г ашиглах болж.., гэсээр явах тул хаа хүртэл хэлэлцээд ч санаа гээчийг эцэслэн нягтлах боломж үгүй. Эцсийн эцэст бид бүхэн санаагаа солилцдог бус, үг л солилцдог шүү дээ.
Тэгтэл “Үгийг толь бичгийн дагуу зөв ойлгож хэрэглээд явбал, санааг нягтлах боломжтой” гэж үзэх хүн гарч болох юм. Гэвч үнэндээ бол тэр ч бас “хоосон төөрөгдөл” болно.
Жишээ нь англи хэлний орчуулгын тухай бодож үзье л дээ. Нэг гадаад нөхөр “apple” гээд орилоод байна гэе. Түүний хэлээд байгаа санаа нь “алим” гэдэг нь илэрхий тодорхой, гэж та бодож байгаа бол том эндүүрэл!. Ер нь яахаараа “apple = алим” гэж? Яахав, толь бичигт үнэхээр тэгж бичсэн байгаа л даа. Гэхдээ тэр толь найдвартай гэсэн баталгаа чухам хаана байна вэ?
Ерөөс хамгийн анхны Англи-Монгол толь бичиг хэрхэн бичигдсэн юм бол? Өөрөөр хэлбэл, өөрийн огт мэдэхгүй харь хэлийг эх хэл дээрээ буулгана гэдэг чухам ямархуу юм болдог бол?
Бага зэрэг төсөөлөх гээд үзнэ үү. Та усан онгоцоор аялж явтал, гай дайрч онгоц сүйрч, оогт мэдэхгүй хэлээр ярьдаг харь газар оччихжээ. Та мэдээж тэндэхийн хүмүүс юу яриад байгааг түй ч ойлгохгүй. Гэсэн ч өдөр хоног өнгөрөхийн хэрээр яаж ийгээд бага багаар ойлголцдог болоод иржээ. Жишээ нь нөгөө хүмүүс чинь алим руу заагаад “Аапл, аапл” гээд орилоод байна. Түүнийг харсан та “Аапл гэдэг нь алимыг л хэлээд байх шиг байна” гэх мэтээр тааварлах жишээтэй. Тэгээд түүнийгээ мартахгүйн тулд тэмдэглээд авна. Ингэж ажигласан бүхнээ тэмдэглэж явсаар, нэг мэдэхнээ харь орны нууцлаг хэлийг монгол хэлнээ харгалзуулсан “толь бичиг” боловсорчээ. Гэтэл ингэж бүтээсэн толь бичиг үнэхээр зөв байж чадна гэж үү? Бодоод үз л дээ, тэдгээр гадаадууд “Аапл” гэж ярихад нь, тэдний санааг хэрхэн нягталсан юм бэ?
Бодит байдал дээр тэдний санааг нягтлах боломж үнэндээ байхгүй юм. Яагаад гэвэл, таны хүлээж авч чадах цорын ганц зүйл бол тэдний санаа бус, үл ойлгогдох харийн үгнүүд (авианууд) л байх юм шүү дээ. Яг үнэндээ харийн хүмүүсийн “Аапл” гэж орилсон нь алим гэсэн утга бус, “бөөрөнхий улаан” гэсэн утга ч байсан юм билүү. Хэрэв тийм байсан бол толь бичиг дээр “Аапл – бөөрөнхий улаан” гэж буулгах ёстой байсан биз.
Гэхдээ л энэ орчуулга ч бас зөв эсэхийг хэрхэвч мэдэх аргагүй. Давтаж хэлэхэд, бид бүхэн эцсийн эцэст үг л солилцдог болохоос, хэзээ ч санааг өөрийг нь солилцдоггүй учиртай юм. Тиймээс орчуулгын зөв буруу эсэхийг үнэндээ хэн ч мэдэхгүй. Энэ бол зарчмын асуудал бөгөөд, дүгнэж хэлэх юм бол, нийтээр хүлээн зөвшөөрөх “найдвартай үнэн зөв” гэгдэх Англи-Монгол толь ч бай дээрхийн адил нөхцөл байдлаар бий болсон юм хойно, “за нэг иймэрхүү утгатай юм шиг байна” гэсэн барагцаа төсөөллөөс бий болсон, алдаатай байх магадлал бүхий “найдваргүй” зүйл юм.
Тэгээд та нэгэнт анзаарсан ч байж магадгүй. Үнэндээ монголоор ярилцаж байгаа бидний хооронд ч үүнтэй адилхан нөхцөл оршин буйг. Усан онгоц сүйрч, нэг мэдэхнээ огт мэдэхгүй харь газар сэрээд, бусдын амыг дагуулан байж чүү чай харь хэлний утгыг өөрийнхөөрөө төсөөлөн буулгасаар гадаад хэлийг сурна. Энэ бол бид бүхэн “улаан нялзрай хүүхэд болон энэ хорвоод мэндэлж буй” тэр процесстой авь адилхан биш гэж үү?
Тэгэхээр бид бүхэн монгол хэлийг яг толь бичгийн дагуу зөв хэрэглэх юм бол, хэнд ч санаагаа зөвөөр ойлгуулж чадна гэж бодох нь үнэндээ тийм биш байх нь. Таны мэддэг монгол хэл гэдэг бол, таны өдийг хүртэл өөрийнхөөрөө утга оноон буулгаж ирсэн зүйл төдий л юм. Тэгээд яг үнэндээ, хаана нь буруу кноп дараад өнгөрчихсөнийг мэдэх ч юм биш. Магадгүй аягүй бол, тестийн шобломны хариу яг нэгээр зөрөх мэт, зөвхөн таны хэлний ойлголт бусад хүмүүсийнхээс зөрж байх ч юм билүү. Тэгээд хэдий зөрсөн байлаа ч, эвтэйхэн гэгч нь бусадтай хэл нэвтрэлцсээр ирсэн тул, өдийг хүртэл тэр зөрөөгөө олж анзаараагүй ч юм билүү!. Тийм биш гэж үгүйсгэх боломж зарчмын хувьд даанч үгүй. “Алим гэдэг чинь алим л биз дээ?” гэж орилоод, бид бүхэн даанч юуг ч нягталсан болохгүй.
Гээд, хэл гэдэг бол эрт эдүгээ ийм л зүйл байж ирсэн. Харилцаа гэдэг бол ийм л зүйл байдаг.
Харилцан яриа гэдэг, үг ашиглаж байх үеийн нөхцөл байдлаас баримжаалан “за нэг ийм санаа л хэлээд байх шиг байна” гэх байдлаар “хэрхэвч үнэн эсэхийг нь нягтлах боломжгүй хувь хүний ойлголт” дээр тогтож байдаг эд юм. Үүнд магад бидний Монголчууд бусдаас илүү санал нийлэх талтай. Үргэлж бид буруу ярьж зөв ойлгож, зөв ярьж буруу ойлгож, дутуу ярьж гүйцээж төсөөлсөөр одоо нэгэнт зуршил болж дээ.
Тиймдээ ч Деррида нь “унших (ойлгох)” явдлыг чухалчлан үзэв. Учир нь энэ л бодит байдалд нийцэж байгаа юм. Бид бүхэн ердийн үед “сонсогч нь яригчийн санаа гэх тэр үнэнд хүрч очих боломжтой, хүрч очих нь тодорхой” мэтээр бодон төсөөлж байдаг. Тэгээд санаагаа ойлгуулж чадаагүй яригчийг, эсвэл санааг нь ойлгож чадаагүй сонсогчийг харилцааны чадваргүй сааталтай нөхөр гэлцэн ад үздэг. Гэтэл бодит байдал дээр “санаа” гэдэг бол хэзээ ч дамжуулж үл чадах үнэн бөгөөд, төсөөлж эсвэл тааварлахаас өөр аргагүй барьцгүй эд билээ.
“Яригч төвтэй үзэл”-ээс “Сонсогч төвтэй үзэл” тийш эргэлт. Деррида нь хэрхэвч хүрч үл чадах үнэнийг тойруулан хий дэмий зөрчилдөх өрнийн сэтгэлгээг шүүмжилж, “бусдын ойлголтыг хүлээн зөвшөөр” гэсэн шинэ үнэлэмжийн хэмжүүрийн боломжийг дэлгэн үзүүлсэн нь тэр байсан ажгуу.


Үргэлжлэл - Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment