2012/09/27

Хүч – Их хүч

– Яагаад, атомын цөм гэсэн өчүүхэн орон зай дотор, нейтрон протонууд чихэлдээд байгаад байдаг юм бол?

Үүнийг эхэн үедээ
– Протон Нейтронууд, бэта задралын ачаар электроноор харилцаж тоглох (электрон солилцох хүч)
байдлаар хоорондоо холбогддог байх гэсэн онол яригдаж байсан боловч, энэ хүчийг бодитоор хэмжээд үзтэл, протон болон нейтроныг тогтоон барихад хэтэрхий сулдана гэдэг нь тогтоогджээ.


Яагаад гэвэл, электрон гэдэг нь гомдмоор жижигхэн, бас хөнгөхөн учраас. Тийм хачин теннисний бөмбөг шиг юмаар харилцаж тогловол, дороо уйдах байлгүй.

Тэгж байтал Юкава хэмээх нэгэн япон эрдэмтэнд ийм нэгэн санаа орж ирж.
– Электрон болохоор хөнгөдөөд, гологдоод байгаа юм бол, электроноос арай хүнд үл мэдэх ямар нэгэн бөөм оршин байгаад, тэрүүгээр харилцаж тоглодог байх.

Юу ч гэх юм дээ, байж болох хамгийн энгийн санаа.

Ингээд, ийм нэг үл мэдэх бөөм байна гэж үзээд тооцож үзвэл, хоёр протоныг тогтоон барихын тулд тэр үл мэдэх бөөм нь электроноос 200 дахин хүнд байх ёстой болж таарав.

Тэгээд тэр үл мэдэх бөөмөө, электроноос хүнд, протоноос хөнгөн учраас Мезон (буюу завсарын бөөм) гэж нэрлээд, зохиосон онолоо Мезоны онол гэв.

Мэдээж, Мезоны онолыг дэлхий нийтээр шүүмжилж гарлаа. Одоо яая гэхэв, байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй үл мэдэх юм хойно.
Алдарт Бор (Niels Henrik David Bohr), Эйнштейн (Albert Einstein) нар ч Юкаваг бутач хүүхэд шиг ад үзсэн юм байх.
Хөөрхий Юкава, Борыг Японд очиход нь угтаж аваад Мезоны онолоо тайлбарлатал
– Хээ, чи чинь яасан үл мэдэх бөөмсөг нөхөр вэ?
гээд халгаагаагүй гэдэг.

Тэгтэл түүнээс хойш санаандгүй, сансараас нисч ирсэн нэгэн радиацтай цацрагаас Юкавагийн зөгнөөд байсантай төстэй жин бүхий үл мэдэх бөөм илэрч, тэр дороо л Юкавагийн Мезоны онол анхаарлын төвд орж явчихаж. Ингэж явсаар Юкава хүүгийн зөв болж таарч, тэрээр 1949 оны Нобелийн шагнал хүртжээ.

Ингээд нөгөө
– Хөрслөг эрчүүд (протон) яагаад давчуу өрөөнд (атомын цөм) чихэлдээд байдаг юм бэ?
гэдэг асуултын хариу нь
– Тэд нар туухайгаар (мезон) харилцаж тоглодог учраас юмаа
болж таарав.
Гэхдээ үүний дараа
"Их хүч" = "протонуудын хоорондох мезон солилцох хүч"
гэсэн Их хүчний тодорхойлолт маань Кваркийн онолоор улам нарийн судлагдсаар, мезон солилцох хүч маань Их хүчний олон төрлүүдийн зөвхөн нэг нь болж, түүнийгээ бусдаас ялгахын тулд Цөмийн хүч гэж дуудах болсон байна.

Жоохон хадуурахад,
Уул нь Юкавагаас өмнө Мезоны онолтой яг адилхан онолыг Stackelberg гэдэг нэгэн оюутан анх бодож олсон юм гэнэ лээ. Даанч харамсалтай нь, Нейтриног анх зөгнөсөн алдарт эрдэмтэн Wolfgang Ernst Pauli багш нь
– Шинжлэх ухаан ийм, хүүхдийн гэнэн санааны зоргоор хувираад байдаггүй юм. Үхсэний чинь үл мэдэх бөөм. Чи өөрөө бөөм
гэж уурлаад, уг дипломын ажил нь буцаагдсан гэсэн яриа бий. Pauli ч угаасаа ихэмсэг бардам, бусдыг дорд үзэх нь хэрээс хэтэрсэн зантайгаараа алдартай нэгэн байсан бололтой.

Харин Юкава нь бүрэг ичимхий нэгэн бөгөөд, Мезоны онолоо бодож олчихсон хойноо ч диплом болгож бичихгүй байгаад байсан гэдэг. Багш нь түүнийг ятгаж, гуйж, гувшиж байж арайхийж диплом болгож бичүүлжээ. Үгүйсэн бол Stackelberg бацаан л Нобел авах байсан байх даа.

Үргэлжлэл: Нейтрино

1 comment: