2012/09/21

Англид болж буй үймээн

2011 онд болсон Лондоны үймээний талаарх блог тэмдэглэлээс.

Лондон хавиар болж өнгөрсөн дээрхи шоунаас 7 хоног өнгөрч байж, тэр даваа гаригт чухам юу болсон талаар бага сага ойлгож авсан талаараа энд хуваалцъя гэж бодлоо.

Тэр өдөр чухам юу болов?

...
Лондонд цагдаад саатуулагдсан хүмүүсийн талаас илүү нь 18-с доош насны хүүхдүүд байсан гэсэн мэдээ байна. Цагдаа нар анхны үймээнийг хяналтаас алдсан нь "Одоо яасан ч болно" гэсэн дохио болон тарсан бололтой, ойр хавийнхаа хөөрөлд автан, өөрийн мэдэлгүй дагаж намирсан хүүхдүүд тэнд 80аараа байсан нь мэдээж биз.
Хүүхдүүдийн үймээн ингэтэл газар авах нь яавч хэвийн үзэгдэл биш тул, үүний цаана нийгмийн шинжтэй асуудал байж таараа гэж үзэх нь зүйн хэрэг...

Үймээнд оролцогчид хэн байв?

Мэдээнүүдээс тогтоогдсон зүйл гэвэл тэдний талаас илүү нь хүүхдүүд, бүгд сайн дурийнхан, тэгээд ихэнх нь Лондонгийн ядуучуудын хороололд амьдардаг. Тодруулж хэлбэл тэдний ихэнх нь Council Flat гэдэг бага орлоготой иргэдэд зориулсан нийтийн орон сууцны иргэд юм. Энэхүү Council Flat гэдэг нь Английн ядуустай тун нарийн холбоотой эд тул жоохон дэлгэрэнгүй тайлбарлая.
Англид орон гэргүй хоомлэс хүн цөөхөн. Лондонд 500 хүрэхгүй, Англи даяар тоолоод ч 1000 хүрэхгүй гэх бөгөөд, Германы 25000 хоомлэс энэ тэртэй харьцуулахад хамаагүй цөөхөн.
Яагаад гэвэл Английн хаа сайгүй дээрхи Council Flat нь байдаг бөгөөд, Английн иргэн л бол, бага орлоготойгоороо эрэмбэлэгдээд тэнд амьдрах эрхтэй. Тэр Council Flat нь яг хэд байдагийг нарийн мэдэхгүй ч, Англи даяар хаа сайгүй байдаг гээд ойлгочиход болно. Доорхи газрын зураг бол саяын үймээн болдог Hackney гэдэг газрын зураг бөгөөд, тэнд орон сууцны тэн хагас нь Council Flat орон сууц байсан байна.
Council Flat бол мэдээж хямдхан түрээстэй (жирийн байрнаас ойролцоогоор 5 дахин хямд), дээр нь тэр түрээсийг ч төлж дийлэхгүй хүмүүст байрны мөнгө гэж улсаас өгдөг гэж байгаа. ток ус газ ТВ бүгд үнэгүй. За тэгээд байрандаа өлсөөд үхчих вий гээд personal allowance гэдэг халамжийн мөнгө бас өгнө (саяханаас нийгмийн халамжийн хөтөлбөр нь шинэчлэгдсэн болохоор нэр этр нь өөр болсон байж магадгүй, агуулга нь бол бараг адилхан). 25 хүрээгүй ганц бие хүн 7хоногийн 50 фунт, 25-с дээш бол 60 фунт авна. Гадуур хооллож тансагладаггүй л юм бол хоол хүнс ойр зуурын амьдралд хангалттай мөнгө. Энэ утгаараа Англид өлсөх төвшинд хүртэлээ ядуурсан хүн гэж байхгүй гэж хэлж болно.
Ийм тансаг Council Flat болбоос мэдээж орохыг хүсэгчид хаа сайгүй. Орох хүсэлт тавиад очерлож байгаа хүний тоо 5 сая давсан бөгөөд, орох зөвшөөрөл авахын тулд тэрүүхэндээ боломжийн ядуу байх шаардлагатай. Ер нь бол ороход тийм ч амар биш гэсэн үг.
Тиймээс ийшээ хялбархан ордог (Англи хүн бол ер нь бүгд мэднэ) нэгэн шалгарсан арга байдаг байна. Тэр нь юу гэхээр хүүхэдтэй ганц бие ээжүүдэд байдаг очер урдуур дайрах онцгой эрх. Эцэг эхтэйгээ амьдардаг, тусдаа гарахын түүс болсон эрхэлсэн ажилгүй айлын охид гялс гялс жирэмсэлээд авахад л хангалттай. Үр дүнд нь Англи улс өндөр хөгжилтэй ижил төвшиний улсуудтайгаа харьцуулаад 20-с доошны насны ээжүүдийн тоогоороо тасарсан. Дээр нь нэмээд хүүхэд төрвөл Child benefit (хүүхдийн орлого?) гэж 7 хоногийн 12-20 фунтийн халамж авна. Нэмээд ганц бие эхийн personal allowance 40өөд фунтын нэмэгдэлтэй. Тийм болохоор гүрийгээд хүүхдийнхээ аавтай гэрлэлгүй, өрх толгойлсон ээжээ хийгээд явдаг гарууд олон. Мэдээж үр дүнд нь суулгүй яван явсаар тэр чигтээ салах тохиолдол их. Нэг хүүхэдтэй өрх толгойлсон ээжийн сарын халамжийн мөнгө 500фунт. Яаж л бол яаж амьдрана.
Харин хуримтлал үүсгэе энээ тэрээ гэвэл асуудалтай. Дансандаа 6000фунттай болоод ирвэл халамжийн мөнгө багасаад явчих тул ерөөсөө хуримтлуулах нь өөрөө утгагүй болчино. Тэгэхээр гэртээ нэг ТВ авчъя гэх маягийн мөнгөний хэрэг гарвал цагийн ажил хийхээс өөр замгүй. Ажил хийе гэхээр асуудал нь хүүхдээ яах вэ. Яслид өгмөөр байгаа ч, Лондонд тийм зориулалтын газар нь сарын 1000фунт, ердийн орлоготой хүмүүст ч чанга ханш. Тэгэхээр яалт ч байхгүй хүүхдээ гэрт нь цоожлоод ажиллах болно. Үр дүнд нь хүүхдүүд нь хоосон гэрт өдөржингөө ТВ үзэж, PC тоглож өснө.
Үүний үр дүнд болсон явдал гэвэл уншиж бичиж чаддаг хүүхдийн хувь буурсан. ... 2007 онд засгийн газраас явуулсан судалгаагаар, бага сургуулийн 6 хүүхдийн 1 нь өөрийнхөө нэрийг ч бичиж чаддаггүй гэсэн дүн гарсан. За тэгээд хичээлээ ойлгохгүй, шалгалтандаа тэнцэхгүй хүүхдийн тоо тоохгүй байхын аргагүй хэмжээнд хүрч (нарийн тоог нь мартчиж), сургуульд явах нь хоосон зовохоос өөр юу ч биш болсон хүүхдүүд олширсон. Бодит байдал дээр ч Council Flat-ын эргэн тойронд яг юу хийж байна гэж хэлэх юмгүй өдөржингөө гиеүрээд сууж байгаа хүүхэд хаа сайгүй харагддаг.
Ингэж өссөн хүүхдийн хувьд насанд хүрээд ажил олж хийнэ гэдэг үнэхээр бэрх. Биеийн хүчний ажил хийж болох ч, Польшоос ирсэн илүү туршлагатай хөлсний ажилчид тэднээс хамаагүй өндөр бүтээмжтэйгээр харьцангуй хямдхан ажиллаж байгаа. Тэднээс хямдхан ажиллах, халамжийн мөнгө аваад зүгээр суух 2 дүндээ дүн болохоор ажиллах сонирхол 0. Ингээд Council Flat-д төрж өссөн хүн ахиж хүүхэд хийгээд Council Flat-даа үргэлжлүүлж амьдрахаа бодно. ...
Үр дүнд нь огт ажил хийж үзэлгүй халамжийн мөнгөө аваад Council Flat-даа бүтэн 3 үеэрээ амьдарч байгаа хүн энэ тэр бол байдаг л яриа болсон. Ийм орчинд удмаараа байгаа хүүхдэд ямар сайхан ирээдүй харагдах билээ. Үсрээд, хөл бөмбөгийн авъяас нь тодроод том клубын алдартай тамирчин болдог ч юм уу, заа өөрөөр ер нь энэ харанхуй амьдралаасаа мултарч гарах арга зам харагдахгүй л болов уу. Нэг ёсондоо Рио Дэ Жанеро-гийн ядуусын хороололд өссөн хүүхдэд хөл бөмбөгөөс өөр ирээдүй байхгүй гэдэгтэй нээх ялгарахгүй л гэсэн үг (Үнэндээ Council Flat-аас төрсөн доктор эрдэмтэн хүн ч бий, тийм замаар явахад нь тусалдаг тусгай програм ч бий. Уул нь Рио Де Жанеро той харьцахгүй хамаагүй боломжийн орчинд амьдарч байгаа хүүхдүүд гэдгийг энд онцлууштай). Ийм нөхцөл дунд учиргүй уужуу сэтгэлтэй л биш бол хэн гутрахгүй байж чадах билээ.
Саяын үймээнээр ганц шил вино хулгайлаад хөөрөн баясаж, маргааш нь баригдаж ял сонссон тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь дээрхи гутранги амьдралаар амьдарч буй гутарсан хүүхдүүд байсан нь лавтай.

Англичууд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Council Flat-ын хүүхдүүд гутарч байгаа бол, английн ердийн татвар төлөгчид цөхөрч байна. Английн татвар өндөр. Ойролцоогоор жилийн 44000 фунтын орлоготой хүний орлогын татвар 20%, тэрнээс дээш бол 40%. НӨТ 20%. Тэрнээс бусад орон нутгийн татвар, нийтийн даатгалын хураамж ч төлнө. Ийм их татварын дарамтан дор, дээр нь бас үнэтэй байрны мөнгө төлөөд ажилдаа нухлагдаад явж байхад, яг хажуугийн байшинд нь ажилгүй баагийнууд өдөржин гудамжаар хөлхсөн шигээ явж харагдах жишээтэй (Council Flat - ууд үнэхээр ч хаа сайгүй байдаг).
Ингээд, Тони Блейр засгийн эрхэнд гарсан 1997 оноос хойш, англичууд бага орлоготой иргэдийн боловсролын ялгааг багасгахын төлөө татварын мөнгийг зарцуулах бодлогыг дэмжиж ирсэн. ... Бага сургуульд орохын өмнөх хүүхдийн боловсролын суурь төвшинг дээшлүүлэхийн төлөөх програмд бараг 800 сая фунт төсөвлөж, нэмэлт хичээлүүд ихээр оруулж, ахлах сургуулиас мултардаг хүүхдийн тоог багасгахын тулд хичээлийн ирц өндөртэй ядуу айлын хүүхдэд тэтгэлэг мөнгө хүртэл тараав. Ажлын туршлага байхгүй өрх толгойлсон эхчүүдийг ажилд ороход нь туслах сургалт энэ тэр бас явуулж байгаа (нэг хүнд зарцуулах нийт зардал нь 800аад фунт), гэх мэт...
Гэж байтал саяын үймээн. Үүнийг "өндөр хөгжилтэй оронд байж боломгүй, буурай оронд л харагддаг дүр зураг" гэж харах англичууд цөөнгүй байна. Блейр сайдын боловрсролын салбарын шинэчлэлт 99 онд эхэлсэнийг тооцвол, энэ удаагийн үймээний эздийн талаас илүү нь шинэчлэгдсэн боловсролоор хүмүүжсэн хүүхдүүд гэсэн үг. Татварын бөөн бөөн мөнгө төлсөнийхөө хариуд ядуу орны ядуусын хороолллын дүр зургийг нүднийхээ өмнө хараад, учиргүй уужуу сэтгэлтэй биш л бол хэн цөхрөхгүй байж чадах билээ.

Одоо яах ёстой вэ?

1. Цагдаагийн албаны хүчийг зузаатгах. Энэ бол ойлгомжтой. Дэг журамаа алдсан хүн (хэн ч бай) амьтан болж болдогийг саяын үймээн харууллаа. Тиймээс дэг журам сахиулах явдал зайлшгүй авах арга хэмжээ. Өнгөрсөн 7 хоногт Камерон сайдын зөвлөхөөр уригдаж очсон Bill Bratton нь Нью-Йоркын алдарт Broken Windows Theory (хагархай цонхны онол гэж байгаан болуу? ) -г хэрэгжүүлсэн цэргийн хүчийг удирдсан хүн (за ер нь задарсан нөхдийг номхотгох тал дээр мэргэшсэн хүн л бололтой).
Иймэрхүү юмыг зөнд нь орхивол, хохирсон иргэд өөрсдийгөө хамгаалах хүчний зохион байгуулалтанд орж, тэр нь дахин шинэ мөргөлдөөний суурь болно. Ийм юм болохоос урьтаж Камерон сайдыг арга хэмжээ авна гэж найдна. Эсвэл нэгэнт оройтсон ч байж магадгүй.

2. Нийгмийн халамжийн бодлогоо эргэж харах. Энэ нь уул нь үймээн гарахын өмнөөс хэрэгжиж эхлээд байгаа. ... Гэхдээ халамжийн бодлогодоо өөрчлөлт оруулж байгаа нь үймээн гарах шалтгаан болоогүй гэдэг дээр бүх мэдээллийн сувгууд санал нэгдэж байна.
Дээр бичсэний дагуу, нийгмийн зузаан халамж нь халамжинд хамрагдагч болон, түүний үр хүүхэд, үе удмыг нь ташираар нь ирээдүйгүй болгодог сөрөг талтай юм. Дээр нь халамжийн үр дүнд нийгмийн ялгааг багасгах нь бүү хэл, нийгмийн хэв журмийг сахин хамгаалах хамгийн наад захын үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүртэл хүрлээ. Английн эдийн засаг үүнээс илүү дарамтыг нэгэнт тэсвэрлэж чадахгүй. Тийм бол, нийгмийн халамжаа бууруулангаа, тэднийг боломжийх нь хэрээр ажил хийлгэхээс өөр аргагүй.

3. Татвар төлөгчидийн өшөө авалт. Өчигдөр Камерон сайд "Social fightback" (нийгмийн өшөө авалт гэх үү) гэдэг үг хүртэл хэрэглэж байсан. Тодруулж хэлбэл, үймээнд хүүхэд нь оролцсон өрхийн халамжийг зогсоох, Council Flat-аас хөөж гаргах гэх мэт. Сэтгэлийн хөөрөл ч бай, логик гаргалгаа ч бай, ийм шийдвэр гаргах хангалттай шалтгаан бий. Үүнээс болж ямар муу үр дагавар үүсэх бай хамаагүй, үймээнээс болж хохирсон энгийн татвар төлөгчидийн уур хилэн нэгэнт дийлдэхээ больсон (дашрамд хэлэхэд, Оксфорд, Кембриж төгссөн элит давхрагын англичууд нь тэгтэлээ бачуурсан юмгүй. тэд нар бол гайхмаар тайван хүмүүс байдаг. Бачуурч байгаа нь голцуу жижиг дэлгүүр лангуу ажиллуулдаг хүмүүс ч юм уу, нэг ёсондоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гэж санагдана). Гутарсан хүүхдүүдийн даварсан үймээнийг "Нийгэмд үүссэн гажуудал" гэдэг шалтгаанаар хүлээн зөвшөөрч байгаа хүн байвал, цөхөрсөн татвар төлөгчидийн өшөө авалтыг ч бас адилхан шалтгаанаар хүлээн зөвшөөрөх л болно.



1 comment:

  1. wow didn't know that England has this serious problem. Том хөгжилтэй улсууд үргэлж бүх юм нь сайн байдаггүй л юм байна

    ReplyDelete