2021/10/21

Маркс - Капитал 4

Өмнөх: Маркс - Капитал 3

“Эрх чөлөө” ажилчдыг буланд шахна

Амиа тавих шахан байж урт цагаар хүнд хүчир ажил хийхийг яагаад ажилчид зөвшөөрөн тэвчинэ вэ? Амармаар байвал амраад, эсвэл шуудхан хаяад явахад юу нь болдоггүй юм бол? Магадгүй зарим хүнд тэгж санагддаг ч байх. Орхиод хаяж чаддагүй шалтгааны нэг нь ажилчид “чөлөөтэй” болохоор гэж Маркс хэлнэ. “Чөлөөтэй болохоороо хаяад явчихаж чаддаггүй” гэж юу гэсэн үг юм бол?

Марксын үгээр бол капиталист нийгмийн ажилчид 2 давхар утгын хувьд “чөлөөтэй” юм гэнэ. Нэг нь, боол шиг гинжлэгдэн албадан ажил хийдэггүй гэх утгаараа “чөлөөтэй”. Феодлын эсвэл ангит нийгмээс ялгаатайгаар хэн бүхэн дуртай ажлаа хийх боломжтой.

Гэвч боолын болон феодлын ангит нийгмийн дарлалаас чөлөөлөгдсөн бид зэрэгцээд бас бүтээж үйлдвэрлэх арга замаасаа ч “чөлөөлөгдөж (free)”  орхисон. “Бүтээж үйлдвэрлэх арга замаасаа чөлөөлөгдсөн” гэдэг нь амьд явахад шаардлагатай зүйлсээ өөртөө бий болгох боломжгүй болсон байдлыг илэрхийлж буй. Энд өгүүлж буй “чөлөөлөгдсөн” гэдэг нь эрх чөлөөтэй болсон гэдэг утгаар бус түүнээсээ “хагацаж салсан”, “тийм юмгүй” гэх утга, жишээлж хэлбэл sugar free гэдэгтэй ижил утгаар хэрэглэгдэж буй юм. Мэдээж хэрэг энэ бол өмнөх бүлэгт өгүүлсэн дундын өмчийг “бүслэн хүрээлж” үгүй хийсий үр дүн.

Бүтээж үйлдвэрлэх арга замгүй болсон хүмүүсийн дийлэнх нь бие даан амьдрах боломжгүй болно. Амьд явахын тулд яаж ийгээд мөнгө олохгүй л бол болохгүй. Түүний тулд ямар нэг юм зарах шаардлагатай. Гэтэл ердийн хүнд амьдралынхаа төлөө зарж чадах юм гэвэл цор ганц буюу өөрийн хөдөлмөрлөх хүч л бий.

Капиталист нийгмийн ажилчид боолоос ялгаатай нь өөрийн хөдөлмөрлөх хүчээ “чөлөөтэйгээр” зарах боломжтой. Давтан хэлэхэд бид өөрсдийн хүссэн ажилдаа орж болно. Гэхдээ эрх чөлөөтэй байх нь тэр хүртэл. Хөдөлмөрлөх хүчээ нэг л зарчих юм бол түүнээс цааш боолоос нэг их ялгарахгүй.

Энэ талаар эдийн засагч Үчида Ёшихико гуай ингэж бичсэн байдаг.


Ажилчид хөдөлмөрлөх хүчээ зохьцуулах (энд хэлж буй зохьцуулах гэдэг нь мэдэх, захирах, удирдах гэсэн утгатай) эрхтэй л байх, харин хөдөлмөрөө зохьцуулах эрх гэж түй ч байхгүй. Итгэхгүй байвал маргааш ажил дээрээ очоод юу хүссэнээ хийгээд нэг үзээрэй. Дарга чинь чамайг зохьцуулж орхино л гэж мэд. Хөдөлмөрлөх хүчээ зохьцуулах боломжоо 100% эзэмших нь хөдөлмөрөө зохьцуулах боломжоо 100% алдахын нэр юм.


“Хөдөлмөрлөх хүчээ зохьцуулах эрх” гэдэг бол өөрийн хөдөлмөрлөх хүчээ хэнд зарах вэ гэсэн сонголт хийх эрхийг хэлж буй. Энэ эрх ажилчдад хэзээд байдаг. Гэвч хэн нэгэнд зарсан тэр эгшинээс ажилчид “хөдөлмөрөө зохьцуулах эрх”, өөрөөр хэлбэл хүссэнээрээ ажиллах эрхээ 100% алдана. Зоргоороо ажиллах гэвэл халагдана гэж буй хэрэг.

Боолоос ялгаатай нь, ажилчид ба хөрөнгөтөн 2-ын харилцаа гэрээ байгуулах хүртлээ эрх чөлөөтэй бас эрх тэгш байдаг. Тиймдээ ч хүссэн компанитайгаа гэрээ байгуулах боломжтой. Харин нэг л гэрээлчих юм бол ажилчид түүнээс хойш хөрөнгөтний үүрэг даалгаврын дор ажиллахаас өөр замгүй. Хэрхэн яаж ажиллахыг шийдэх нь ч, ажиллаад бий болсон үнэ цэнийг өөрийн болгох нь ч бүгд хөрөнгөтөн байна. Хөдөлмөрийн ажлын байранд эрх тэгш гэсэн ойлголт байхгүй юм.

Тэрийг мэдэж байлаа ч бүхий л зүйлс товарчлагдсан нийгэмд амьдармаар байвал шаардлагатай зүйлсээ худалдаж ав гэсэн тулгалтанд орж, ажилчид өөрийн эрх чөлөөнөөсөө сайн дураараа татгалзахаас өөр замгүй. Тэнд үнэндээ ямар ч бодит сонголт байхгүй. Тиймээс Маркс өнөөгийн ажилчдад тулгагдан буй нөхцөл байдлыг боолын нийгэмтэй зүйрлэсэн байдаг.


Яах гэж тэгэн тэгэн зүтгэнэ вэ?

Мэдээж хэрэг ажилчдад ажлаа орхих, бохир заваан ажиллах орчныг хаяж явах “эрх чөлөө” ч бас бий. Тийм байтал яагаад бид тэгдэггүй юм бэ? Амьдрал хоолойд тулсан байдаг учраас, ажилчдын хооронд ч бас өрсөлдөөн байдаг учраас гэх мэт шалтгаан хэлбэл хэлэх л байх. Гэвч энд ч бас илүү гүн гүнзгий капитализмын онцлог шинж бий болохыг Маркс номлосон байдаг.

Капитализмаас өмнөх үеийн боолууд өөрөө ч мэдэлгүй ийш тийш зарагдаж, хүний эрх, хувь шинж юутай ийтэйгээ үгүйсгэгдэж, мал адгуус аятай ажилладаг байсан. Гэсэн ч тэд зугтдаггүй байсан шалтгаан нь зугтаад ч сайн юм болохгүй байсных биз. Айдас хүйдэс дунд дуртай дургүй ажиллахаас өөр замгүй.

Гэхдээ тэд хамгийн наад захын амьд явах баталгаагаар хангагддаг байсан. Мал адгуусыг ч учир замбараагүй алаад байдаггүйн адилаар боолын эзэд боолоо өөрийн өмч хэмээн өөриймсгөөр ашигладаг байв.

Тэгтэл капиталист нийгэмд хэн ч амьд явах баталгаа өгөхгүй. Капитализм дундын өмч болох “баялаг”-ийг тараан буулгаж, хүмүүсийг хуучны феодалист маягийн эзэн боолын харилцааны дөнгөнөөс сулласан. Дундын өмчөөс “чөлөөлсөн” гэдэг бол тэнд байсан харилцан туслалцах харилцаанаас ч бас “чөлөөлсөн (free)”, өөрөөр хэлбэл түүнээс нь салгасан гэсэн үг.

Тийм ч учраас өнөө цагт осол аваар, өвчин зовлон, эсвэл ажилгүй болох л юм бол хаа хүртэл ч уруудан сүйрэх байнгын аюул бидний дор бий. Тийм эрсдлээс байнга айж явдаг ажилчид бүгдээрээ “Нуугдмал ядуус” юм хэмээн Маркс хэлнэ. Улс төр судлаач Юаса Макото өнөөгийн нийгмийг “Гулсууран нийгэм” гэж зүйрлэсэн нь нээрээ ч нэгийг бодогдуулах мэт.

Капиталист нийгмийн ажилчид нэг л буруу гишгивэл гулсаад уначихаар тогтворгүй нөхцөлд зөвхөн өөрийн хөдөлмөрлөх хүчдээ найдан, түүнийгээ хаана зарахаа өөрөө шийдэн байж сөрөн зүтгэхээс өөр аргагүй. Тэгтэл тэнд нэгэн урхи отож байдаг гэнэ.


Боол ердөө л гадаад айдаст туугдан ажил хийдэг болохоос амьдрахын төлөө ажил хийдэггүй. Харин чөлөөт ажилчид өөрийн шаардлагадаа туугдан ажил хийдэг. Хувийн чөлөөт сонголт буюу чөлөөт хүсэл зориг хийгээд түүнээс улбаатай хариуцлагын мэдрэмж чөлөөт ажилчдыг боолоос хавьгүй хүсэмжит ажилчин болгодог.


Ажилчдыг хөдөлгөдөг хүч нь “Ажлаа алдвал амьдрал хэцүүднэ” гэх айдсаас илүүтэй “Өөрөө сонгож, өөрөө шийдэж, сайн дураараа ажиллаж байна” гэх бахархал байдаг. Тийм ч учраас “Хариуцсан ажлаа нэр төртэйгээр хийхгүй бол” гэсэн хариуцлагын мэдрэмж төрнө. Үнэхээр ч ажилд орох ярилцлагад “Юу ч хийхэд бэлэн” гэх мэтээр өөрийн эрх чөлөөгөө дуртай нь аргагүй өгөхөд бэлэн хүмүүс олон харагддаг санагдана. Хамгийн наад захын амьд явах баталгаагаар хангагдсан ч дуртай дургүй ажилласан болдог боолтой харьцуулахад ямар ялгаатай нь илт байгаа биз?

Дээр нь хариуцлагын мэдрэмж тээн байж ажилдаа шамдах ажилчид хүчээр ажиллуулдаг боолоос хамаагүй их ч ажиллана, сайн ч ажил хийнэ. Тэгээд алдаа гаргавал өөрийгөө зэмлэнэ. Байж боломгүй нөхцөл байдлыг ч хүлээн авч, өөрөө өөрийгөө буланд шахна. Энэ бол хөрөнгөтний хувьд хүсэж ч зүрхлээгүй мөрөөдөл биз. Хөрөнгөтөнд ашигтай менталитиг ажилчид өөрийн дотоод чанартаа цогцлоон байж капиталын онолд шигдэнэ.

Уул шугамандаа бол зогсоо зайгүй үнэ цэнийн өсөлттэй хөөцөлдөх хөрөнгөтний ашиг сонирхол нь хүн шиг амьдралыг хүсэх ажилчдынхтай хэрхэвч нийцэхгүй. Тэгтэл хөрөнгөтний төсөөлөн хүсэмжлэх ажилчны характерийг чөлөөт сайн дурын ажилчид аанай л өөрийн зорьж буй төрх, байж болох хамгийн идеалны хүний характер мэтээр бодон төөрөлдөж орхино.

Капиталист нийгэмд ажилчдын сайн дурын хариуцлагын мэдрэмж хийгээд өсөж хөгжих тэмүүлэл, бие даасан шинж гэх мэт хандлага капиталын онолд улам шигдэн буй болохыг Маркс цохон анхааруулжээ.


Цалин нэмэхээс илүү “ажлын өдөр”-ийг цөөлөх

Капиталын онолд шигдсэн ажилчид унтах цагаа харамлан байж эрүүл мэнд, гэр бүлээ золиод ч хамаагүй ажил хийнэ. Технологийн дэвшлийн ачаар бүтээмж өндөрсөж, эд агуурс бялхаад байхад л өнөөгийн ажилчид Марксын цаг үеийнхээс ч илүү ажилладаг болж. Учир нь капитализм амь тавилгүй үргэлжлэхийн тулд нэг бол инноваци хийн цоо шинэ зах зээл бүтээх замаар үнэ цэнийг үржүүлэх (довтолгооны арга хэмжээ), эс бол зарлагыг бууруулж цалин хасах юм уу ажлын цагийг уртасгах (хамгаалалтын арга хэмжээ) гэсэн аргууд л бий.

Өдийг хүртэл өгдөг байсан 100,000₮-ийн өдрийн цалингаа 80,000₮ болговол ажлын цаг хэвээрээ байсан ч илүүдэл үнэ цэн ихэснэ. Шулуухандаа бол танагдсан цалин тэр чигээрээ хөрөнгөтний ашиг болон шингэнэ.

Жишээ нь илүү цагийн цалин тавихгүй, бонус өгөхгүй, бушуухан тэтгэвэрт гаргаад бага цалингаар үргэлжлүүлэн ажиллуулах, эд бүгдээрээ цаад утгаараа цалин хасаж буй хэлбэр юм.

Японд цалингийн доод хэмжээг муж бүр өөрөөр тогтоодог. Гэхдээ тэрийг тогтоохдоо аж төрөхөд шаардлагатай хамгийн доод амжиргааны өртөг хэд вэ гэхийг бодолцдог гэхээсээ илүү ерөнхийдөө бол хөрөнгөтөн ба ажилчдын хүчний харьцаагаар шийдэгддэг. Тиймд ажилдын эвлэл болон ажил олгогч нарын дунд өрнөдөг хамгийн том сэдэв нь цалин өсгөх тухай байдаг.

Харин Маркс цалин өсгөхөөс илүүтэй “ажлын өдрийн хязгаарлалт (цөөлөх)” нь чухал болохыг онцолжээ.

Ажлын өдрийн хязгаарлалт бол түүнгүйгээр хэрэгжүүлсэн бусад ямар ч арга хэмжээ гарцаагүй бүтэлгүйтлээр төгсөх жамтай нэн тэргүүний нөхцөл гэж бид тунхаглаж байна. (319)


Цалин өслөө ч олон цагаар хөдөлмөр эрхлэлт арилахгүй бол ямар ч утгагүй гэж буй хэрэг.

Хөрөнгөтнүүд цалин өсгөх шаардлагыг хүлээж авбал шулалт тодорхой хэмжээнд багасах л байх. Гэлээ ч капиталын онолд шигдсэн капиталист нийгмийн ажилчид “Тэгвэл одоо бид хичээнгүйлэн ажиллана аа!” маягийн юм болно. Энэ бол харин ч компанийн хувьд хүсүүштэй өрнөл юм. Цалинг жаахан нэмэхэд л олон цагаар ажиллахыг юман чинээ тоолгүйгээр “сайн дураараа” зүтгэнэ гэж байгаа бол илүүдэл үнэ цэн ー өөрөөр хэлбэл хөрөнгөтний ашиг харин ч бүр өсөхийг байг гэхгүй.

Хөрөнгөтний санаархал бол хөдөлмөрлөх хүч гэх “баялаг”-ийг “товар” болгон хайрцаглах явдал. “Товар” болгон хайрцаглана гэдэг бол чөлөөт цагийг нь булаана гэсэн үг юм.

Бага зэрэг цалин нэмэгдлээ гээд цагаа булаалгасан ажилчдад хүүхэдтэйгээ тоглож, хоббигоороо зугаацах зав чөлөө гэж байхгүй. Ядартлаа ажиллаад байвал ном уншиж, үгүй ядахдаа амьдралаа эргэцүүлэн тунгаах ч тэнхэл үлдэхгүй.

Завгүй гүйгээд хоол хийх ч цаг гарахгүй бол гадуур хооллох гэдэг “товар” сайн зарагдана. Хувцсаа угаах цаг гарахгүй бол хими цэвэрлэгээ, эсвэл угаалгын машин гэх мэт товар зарагдана. Сүүлийн үед гэж яривал гэр цэвэрлэх үйлчилгээ ч сонсогдох болж. Ажлын өдрийг “хязгаарлалтгүй” болгож орхивол “товар” гээчийн хамрах хүрээ улам тэлж, тэлэх хэрээрээ хөрөнгөтөнд бизнес хийх боломж олгоно.


Хөрөнгөтнөөс “баялаг”-аа буцаан авахуй

Хөдөлмөрлөх хүчээ зарах нь ажилчдын “сайн дурын” үйлдэл мөн боловч, хөдөлмөр бол “албадлагын” шинжтэй үйлдэл. Албадлагын хөдөлмөрийг багасгах буюу хязгаарлаж, ажлын бус цагийг баталгаажуулах ёстой талаар Маркс “Капитал” дотроо давтан давтан онцолсон байдаг.

Маркс ажлын өдрийг багасгахыг чухалчилсаны шалтгаан, тэр бол ажлын өдрийг багасгаснаар шууд утгаараа “баялаг”-аа буцааж авах учраас тэр юм. Өдөр өдрийн дүүрэн өрнөлтэй аж амьдрал гэх “баялаг”-аа хамгаалахын тулд өөрсдийн хөдөлмөрлөх хүчээ “товар” болгохгүй байх, эсвэл ядаж “товар” болгохдоо хязгаар тогтоох шаардлагатай. Түүний төлөөх хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга гэвэл цалин нэмэх бус “ажлын өдрийн хязгаарлалт” юм.

Ажилчид өөрийн аж амьдралаа хамгаалж, мэдлэг чадварт суралцан мөрөөдлөө бодит болгохын тулд ч бас өөрийн ажиллах хүч хийгээд амьдралын цагаа “товар” болгон урсгачилгүйгээр хязгаарлууштай. Гэтэл хөдөлмөрлөх хүчийг “товар” болгон хайрцаглахыг санаархагч хөрөнгөтний өөдөөс ганцаараа тэмцлээ гээд ялах найдвар үгүй. Ажилчид эвлэлдэн нэгдэж (үүн дээр Маркс ассосиаци гэх үг ашигласан байдаг), хэлэлцээр өрнүүлэхийн тулд хоорондоо цуглан уулзаж, ярьж зөвлөлдөж, суралцах цаг ч ихээр шаардагдах нь дамжиггүй. Тэр утгаар нь харсан ч ажлын өдрийн хязгаарлалт зайлшгүй шаардлагатай юм.

Өнөөдөр дэлхий дахинд ажлын өдрийг тойрсон харилцан эсрэгцэх 2 хөдөлгөөн өрнөж байна. Нэг нь, үүнээс илүү ажиллах цагийг сунгахгүй гэх хандлага.

Марксын цаг үеэс ялгаатайгаар өнөө үед хөдөлмөрлөх орчин “ажлын байр”-наас халин гарч, компьютер интернэт л байвал хаана ч ажил хийж болохоор болж. Коронагийн хуйгаар зайнаас ажиллах нь ч ихсэж, онлайн хурал зөвлөгөөн ердийн үзэгдэл болж ирж байна.

Гэвч ийм стилиэр ажиллах нь ажлын цаг ба хувийн цагийн зааг хязгаарыг бүдгэрүүлж, яг үнэндээ ажлын цаг уртсаж байгаа нь бодит факт. Ажлын утас дуугарах л юм бол гэр бүлээрээ хооллож байсан ч ажлаа ярьчихна. Шөнө сэрэх юм бол тэр дороо гар утаснаасаа гадаадаас ирсэн мэйлэнд хариу бичээд явуулчих боломжтой. Гэрээс ажиллавал замын түгжрэл, унаа тээвэр гэж санаа зовохгүйгээр шөнө орой болтол ч ажлаад байж чадна. Ухамсартайгаар хязгаарлахгүй л бол бараг л шууд утгаараа 24 цаг ажиллах боломжтой.

Түүгээр ч зогсохгүй бид Google, Facebook гэх мэт үйлчилгээнүүдийг ашиглахад тэндээс үүссэн дата нь тэдний хувьд үнэ цэн бүхий “товар” болж байдаг. Тэд тэр датаг цааш нь зарах, рекламанд ашиглах зэргээр ашиг олдог.

Бид хувийн цагаараа хүссэнээ хийн амарч зугаацаж байна гэж боддог ч, үнэндээ бол Facebook-т зураг оруулж, google дээр хайлт хийх гэх зэргээр тэдэнд шаардлагатай дата гэх товарыг нь үйлдвэрлэхийн төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байдаг гэсэн үг. Хийх хийхдээ бүр ямар ч үнэ хөлсгүйгээр!.

Гар утаснаасаа салж чадахаа больсон өнөөгийн бид өдрийн 24 цагийн унтахаас бусад цагт нь борви бохисхийлгүй ажиллаж байдаг болж таарах нь. Цаашид автомат жолоодлоготой машин бий болбол гар утсаа оролдох цаг бүр ч ихсэж, IT салбарын аваргууд улам бүр баяжаад явна. Энэ бол Германы философич Маркс Габриелийн хэлдэг мөнөөх “дижитал пролетариат” гээчийн бодит биелэл мөн биз ээ.


Ажлын цагийг богиносгох хандлага

Нөгөөтэйгүүр дэлхий даяар ажлын цагийг богиносгоё гэх хөдөлгөөн ч бас ажиглагдах болж. Финландын ерөнхий сайд Санна Марины дэвшүүлсэн ажлын цагийг эрс богиносгох зорилт өнөөдөр хамгийн ихээр олны анхаарлыг татаж байна. 2019 онд дэлхийн түүхэнд хамгийн залуугаараа ерөнхий сайд болсон Марин мөрийн хөтөлбөртөө зарлаж байсан “7 хоногт 3 өдөр амарч, өдөрт 6 цаг ажиллах” зорилтоо өөрийн сайд байх хугацаандаа хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Бас 2020 оны 8 сард Германы хамгийн том ажилчдын эвлэл болох “IG Metall” 7 хоногийн 3 өдөр нь амрах санал дэвшүүлж шуугиан тарьж байсан.

8 цагийн ажлын өдөр Марксын үед аль хэдийнэ хэсэгчилсэн байдлаар хэрэгжээд эхэлсэн байдаг. Түүнээс хойш 150 гаруй жил өнгөрч, үйлдвэрлэлийн бүтээмж өдий дайнд өндөрсөөд байхад одоо ч бид тэр үеийнх шиг, бараг түүнээс ч ихээр ажиллаж байгаа нь яаж ч бодоод ухаалаг хэрэг биш. 7 хоногт 20 цаг ажиллаж яагаад болохгүй юм бэ? “Баялаг” талаас нь харвал бүрэн боломжтой л доо, харин “товар” талаас нь харах юм бол капиталын үнэ цэнийн өсөлт зогсох аюултай.

Харамсалтай нь дийлэнх оронд капитализмыг сөрөн зогсож ажлын цагийг танах хөдөлгөөн төдийлөн ажиглагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ “ажил хийхгүй бол ам хөдлөхгүй” гэдэг хөдөлмөрийн этик улам бэхжих хандлагатай. Тиймдээ ч үндсэн ажлын хажуугаар үндсэн бус ажил хийх нь элбэгшиж, амралтын өдрүүдэд элдэв янзын хувь хүний хөгжлийн сургалт семинарууд хүний хөлд дарагдаад завгүй. Цаашид энэ чигээрээ яваад үнэхээр асуудалгүй юм гэж үү? Та бидний амьдрал хэдэн үеэрээ зөвхөн капитализмын төлөө хайр найргүй үрэгдэхэд харамсах зүйл байхгүй гэж үү?

Бидний хөл дор чимээгүйхэн бэхжсээр, мултрах аргагүй болтол нь нэгэнт дөнгөлж орхисон ажил хөдөлмөрийн талаарх эндүү ойлголтууд. Асуудлыг ширхэгчлэн харах бус, ар дэвсгэртэй нь бүтэцчилэн тодорхойлж, ажиллах хэв маягийн шинэ хувилбарыг эрэлхийлэн тунгаах шаардлагатай мэт. Энэ удаа танилцуулсан “ажлын өдөр”-ийг тойрсон Марксын гүн гүнзгий эргэцүүлэл түүнд хүрэх нэгэн томоохон сэжүүр болох нь дамжиггүй биз ээ.




2 comments:

Anonymous said...

hodoo mal deer gariidoo :P, gsnees ih yum bodogduulj bn shu

Anonymous said...

баярлалаа

Post a Comment