Бурхан үхсэн ертөнцөд

Өмнөх - 23. Ницше. Шашин, ёс суртахуун мэт бол сул доройтнуудын ресентимент



Сүслэн бишрэх, тахин шүтэх, наминчлан залбирах. Хүмүүний бурханд хандах ариун зан үйл. Гэтэл түүнийг нь “Сул доройтнуудын ердийн муу ресентимент (атаа жөтөө)-ээс төрсөн зүйл” гэж ам гарах Ницше. Тэрээр мөн ингэж хэлсэн нь бий.

-       Бидний хүн төрөлхитөн одоо нэгэнт бурханд итгэж чадахгүй. Хүмүүс нийлж цуглаж байгаад бурханыг алж орхисон.

Тун хурц ширүүн илэрхийлэл. Гээд яахав дээ, тэр бурханыг нь сайн мэдэхгүй Монголчууд бидний өнцөгөөс харвал сайндаа л “Тийм л юм байлгүй дээ” гэсэншүү юм бодогдохоос хэтрэхгүй байж мэдэх л юм. Эсвэл бүр эсрэгээрээ шашин шүтлэгийн талаар ийм бодолтой Монголчууд олон байж ч болох юм.

-       Муу сайн шашнууд угаасаа л мухар шинжтэй сэжиг бүхий, хүнийг ховсдож мэдэх аюултай. Тэгээд ч шашнаас болж ямар ч олон дайн болсон билээ. За ер нь л дэмий дээ, дэмий.

Шашны талаар ийм төсөөлөлтэй хүмүүсийн хувьд, байгаль дэлхий хийгээд үхэгсэдийн хойноос л сүжрэх сэтгэл гарна уу гэхээс, Христийн шашны хэлдэг тэр “бүхнийг мэдэгч бүхнийг чадагч бурхан” мэт нь бол бүр анхнаасаа падгүй хэрэг биз. Энэ утгаараа бол Ницшегээр хэлүүлсэн хэлүүлээгүй угаасаа л тэдний хувьд “бурхан үхчихсэн” гэж үзэж болохоор.
Тиймээс Ницшегийн “Бурхан үхсэн” гэдэг яриаг сонслоо гээд, Европчуудын адилаар бид нар бас тэгж цочирдож хүлээж авах уу гэвэл үгүй юм. За нэг үсрээд л “Ээ хөөрхий” гэсэншүү сэтгэгдэл л төрөх болов уу.
Тийм бол, Ницшегийн энэхүү философи нь өрнийнхөнд л хамаатай бөгөөд, Монголчууд бидэнд төдийлөн падгүй яриа юм болов уу? Сайн бодож үзвэл бас ч тийм биш юм. Үгүй ээ, үнэндээ бол Ницшегийн философи нь харин ч чухам бидэнд зориулсан эд гэж хэлж болох талтай.
Юун түрүүнд Ницшегийн хэлэх гэсэн хамгийн гол санаа нь “Сүсэг бишрэл гэдэг бол ресентимент юмаа, тэгээд ч бурхан одоо нэгэнт үхчихлээ” гэх төдийхөн энгийн хялбар яриа биш юм. Гэх үү дээ, “бурхан үхсэн” гэж хэлэх төдийд л учиргүй мундаг философич болоод мандаад байна ч гэж юу байхав. Мэдээж хэрэг уг дүгнэлт хүртлэх гаргалгааны тухайд гэвэл Ницше яалт ч үгүй цэцэн цэлмэг байж чадсан. Гэлээ гээд энэ мэт шашны эсрэг, эсвэл ёс суртахууны эсрэг үзэл санаа гээч юмны талаар аль ч цаг үеийн тэрс үзэлтэнүүд ойролцоо юм хэлдэг л байсан байж таараа шүү дээ.
Тэгвэл тиймэрхүү тэрс үзэлтэнүүдээс Ницше юугаараа илүү гарч ялгарсан юм бэ? Тэр бол, Ницше “ахиад түүнээс цаашхийг” тунгаан харсанд байгаа юм. Нэг ёсондоо тэрээр “Бурхан гэж үнэндээ ийм л юм шдээ” гээд зүгээр л шашныг шүүмжлээд орхисон бус, “Заа, одоо тэгэхээр тун удахгүй бурхан үхсэн ертөнц, бурхан болон ёс суртахуун абсолют үнэлэмжийн хэмжүүр байхаа больсон тийм цаг үе айлчилан ирнэ шүү. Тэр ертөнцөд хүмүүс хэрхэн амьдарвал зохилтой вэ?” хэмээн, бурхан үгүй болсоны дараах ертөнцийн тухай философидон тунгаасан юм.
Тийм ч учраас Ницшегийн философи нь чухам Монголчууд бидэнд, шашин болон ёс суртахууны хэм хэмжээ улам бүр мохон доройтож буй өнөөгийн бидний нийгэмд илүүтэй хамаатай гэж санагдана.
Тэгвэл Ницше тэрхүү бурхан үгүй ертөнцөд хэрхэн амьдрахыг зөвлөсөн юм бол? Тэрээр үүний хариулт болгож Дээд хүн гэсэн өөрийн оргинал философийг гаргаж ирсэн байдаг.
Ерөөс Ницше нь “Христ тэргүүтэй элдэв шашны ёс суртахууны номлол нь, хүний цэх шулуун хүсэл тэмүүллийг даран мохоосон” гэж үзсэн. Тийм бол эсрэгээр нь “цэх шулуун хүсэл тэмүүлэл” гэж юуг хэлдэг юм бол?
Ницше, хүний уугуул фундаменталь (үндсэн) хүсэл тэмүүлэл бол Хүч чадлын санаархал гэж тунгаав. Энд хэлэх “хүч чадлын санаархал” гэдэг нь энгийнээр хэлбэл ердөө л “хүчтэй болмоор байнаа…, мундаг болмоор байна шдээ” гэж бодох явдал юм.
Эрх мэдэл, эд баялаг, мэдлэг оюун, ур чадвар… Эцсийн эцэст ямар ч хэлбэрийн бай хамаагүй, ерөөсөө л хүний хүсдэг цорын ганц зүйл бол “Хүч чадал” юм. Улам хурдан, улам өндөр, улам улам дээшээ авиран өгсөхийг санаархах хүний ёроолгүй амбиц. Хүчтэй л болмоор байна…, улам их хүч чадал хайрлаач… Ницше энэ мэт хүч чадлыг хүсэн тачиадах “хүч чадлын санаархал” л чухам хүний унаган бөгөөд цэх шулуун хүсэл тэмүүлэл тул, үүний төлөө явах нь амьдралын жинхэнэ мөн чанар мөн гэж тунгаажээ. Тэгээд тэрхүү “хүч чадлын санаархалдаа” хөтлөгдөн, хүчтэй болохыг зорих хүнийг Дээд хүн гэж нэрлэв.
Тэрээр дээд хүнээ Герман хэлээр Ubermensch гэж нэрлэсэн бол, түүнийг нь цааш нь Англи хэлэнд Superman гэж буулгасан байдаг. Гэвч үнэндээ Ницшегийн тодорхойлсон дээд хүн гэдэг нь огтхон ч тийм бидний ойлгодог суперман шиг ер бусын хүч чадалтай, хүнээс илүү оршихуй биш юм. Ер нь бол бие махбод болон оюун ухааны хувьд жирийн хүнээс оогт ялгарах юм байхгүй. Дээд хүн жирийн хүнээс ялгаатай нь “Хүчтэй болмоор байна гэсэн хүсэл тэмүүллээ тов тодорхой ухаарч, түүнээсээ хэзээ ч нүүр буруулдаггүй” гэх ердөө л ганц шинж юм. Гэвч энэ бяцхан ялгаа нь хүний амьдрах хэв маягт маш том ялгааг төрүүлэх болно.
Жишээ нь, дээд хүн үнэндээ хүчтэй болмоор байвч, “хүчтэй болсоны утга учир гэж байх биш дээ” гэх мэтээр өөрийгөө хуурахгүй. Гүймээр байна гэж бодвол дэлхийн рекордыг эвдэхийн төлөө мэрийж, сурмаар байна гэж бодвол дэлхийн хамгийн алдартай сургуульд элсэн орохын төлөө хичээж, биеэ бялдаржуулая гэж бодвол хамгийн том булчинтай нь болохоор уйгагүй төмөр өргөн, зогсолтгүй өөрийгөө зүлгэнэ. Дээд хүн ялагдлаас айж, хичээн мэрийхээс шалтаглан хойш сууна гэж хэзээ ч үгүй. Бүхий л үйл хөдлөл нь зөвхөн хүчтэй болохын төлөө… Хэзээ ч сэтгэл хоёрдохгүй, юунд ч дийлдэхгүй, ямар ч аюумшигт дайсан бурангуй эрх мэдэлтэнд үл эрхшээгдэх нэгэн цул байхын төлөө… Саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг үл ойшоон чив чигээрээ зүтгэж, сэтгэлийн угаас ундран олгойдох “хүчтэй болмоор байна” гэсэн хүч чадлын санаархалдаа хөтлөгдөн, амь амьдралаа шатаан зарцуулна.
Тийм дээд хүн гэдэг бол “бурхан гэх абсолют үнэ цэнэ”, “ёс суртахуун гэх нийтлэг үнэлэмжийн хэмжүүр” алдагдсан ертөнцөд ч цөхрөн мухардах нь үгүй. Тэд өөрсдийн амьдрах ёстой үнэлэмжийн хэмжүүрийг өөрсдөө зохион амьдрана. Урьдын үнэлэмжийн хэмжүүр нуран унаж “бурхан үхсэн ертөнцөд” ч баатарлагаар амьдарч чадах хүний зүйрлэл болгон, Ницше энэхүү дээд хүн гэх ухагдахууныг гаргаж тавьжээ.
Тэгэвч, ийм зүйл сонсоод ингэж бодох хүн гарч магадгүй юм.
-       Сонсоход ч сайхан л байна. Даанч бодит байдал дээр ийм болно гэдэг ч хэцүү л байх даа… Тэгээд ч хүн гэдэг чинь тийм хүчтэй амьтан биш шүү дээ…

Таны санааг бүрэн ойлгож байна. Нээрээ ч тийм байж ч болох.
Гэвч! Гэвч байна шүү! Тийм бол эсрэгээр нь бодож үзээд, бурхан үхсэн ертөнцөд өөрөөр тэгээд ямар амьдрах арга байж болно гэж? Тэгээд чухам яг одоо “бурхан үхсэн ертөнцөд” амьдран буй бидний амьдрал үнэхээр утга учиртай дүүрэн өрнөлтэй байж чадаж байна уу?
Ницше өөрийн бүтээл дотроо төгсгөлийн эрин буюу, бүхий л үнэлэмжийн хэмжүүрүүд нуран унасан ертөнцөд амьдрах Сүүлчийн хүн гэж нэрлэгдэх хүмүүсийн төрхийг дүрслэн үзүүлсэн байдаг. Сүүлчийн хүн гэдэг бол, юуг ч зорилгүй амьдран буй хүмүүс юм. Тэд бол зүгээр л эрүүл энх, бүтэн нойртой байхыг хүсч, амар тайван амьдарсаар үхэхийг залбирах, тэр гэж зорьсон юмгүй ердөө л амьд яваа төдий оршихуйнүүд юм. Ницше ойрын ирээдүйд “бурхан үхсэн ертөнц” айлчилан ирж, энэ мэт сүүлчийн хүмүүс гарч ирэх биз ээ хэмээн 100 илүү жилийн өмнөөс зөгнөсөн учиртай боловч, энэхүү сүүлчийн хүмүүсийн амьдралын хэв маяг чухамхүү өнөөдрийг амьдрах бид бүхэнд хамаарах бус уу?
Бид бүхэн тухайлан ямар нэгэн юм хиймээр байгаа ч юмгүй, юутай ч амьд явахгүй бол болохгүйн учир юу ч хамаагүй нэг ажил олж хийсэн болно. Өдрийг 24 цагт хуваан, түүнийхээ 8 цагийг ажилдаа, ирж очих түгжрэлдээ 2 цагаа урсгана. Тэгэхээр бүтэн нэг өдрийнхөө төдий хэмжээний цагийг “тухайлан хүссэн бус зүйлдээ” зарцуулчихаж байгаа нь тэр. Тэгээд цаана нь унтах, идэж уух, усанд орох, гэр цэвэрлэх цагуудаа хасвал 24 цагийн ердөө тоотой хэдхэн цаг нь өөрийн дураар эдэлж болох эрх чөлөөт цаг болж үлдэх биз. Амьдрал хэмээх цор ганц олдох үнэт хугацааныхаа даанч өчүүхэн хэсгийг л бид чөлөөтэй өнгөрөөж байна. Гэтэл тэрхүү үнэ цэнэтэй өчүүхэн чөлөөт цагаа хүртэл зурагт, интернэт, компьютер тоглоом, энэ мэт хий дэмий юм уншихад зарцуулан, ёстой л нэг цагийг өстэй юм шиг барна. Ийм амьдралд юуны ч үнэ цэнэ, сэтгэл ханамж байхгүй гэдгийг, хэнээр ч хэлүүлэлтгүйгээр сэтгэлийнхээ мухарт та өөрөө анзаарч л байгаа.
Тэглээ гээд түүнийг нь одоо гэнэт ийм тийм гэж хэллээ гээд яах ч билээ. Капитализм хэмээх харгис мангасыг сөрж яахан дийлэх. Тиймдээ ч бид, үнэндээ байхгүй байлаа гээд хэнд ч сонин биш “сөрөг ионон агааржуулагчийг” хөрөнгөтөний төлөө өдөр бүр цаганд баригдан байж зогсолтгүй хийнэ. Тэгээд эрүүл мэнддээ анхаарч, төвөгтэй асуудлуудаас зайлсхийн, өнөөдрийн аж амьдралаа хадгалсаар, сул чөлөөтэй цагуудаа хайр найргүй үрж ядан барна… Ёстой нөгөө “Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл саруул энх тунх байхыг ерөөе” гэх цагаан сарын улигт ерөөл биелэлээ олсон мэт бодит байдал. Тэгээд, нэг анзаарахнээ нэгэнт залуу байхаа больж. Үүнээс цааш бол ердөө л хал палгүй шиг маань уншиж эрх эргүүлсэн шигээ үлдсэн насаа элээн нүд анихаа бодно… Юу ч үгүй ИЗМ. Амьдралд онцгой чухал ямар нэгэн зүйлийг хүсэх ч юмгүй, зовлон бэрхшээлийг тэвчин давж амжилт гаргах зорилго ч үгүй, ямар ч өрнөлгүй ердөө л энэ нас минь урсаад одохыг ширтсээр дуусах амьдрал…
Бидний энэ аж амьдрал Ницшегийн зөгнөсөн сүүлчийн хүний тэр амьдралтай юуны ялгаа байна гэж?
Ницше тэрхүү сүүлчийн хүний хоосон амьдралыг даван туулах арга зам болгож дээд хүний үзэл санааг дэвшүүлсэн юм. Тиймээс Ницше ердөө ч “Алив, дээд хүн болоодох” гэж хэлсэн юм биш. Үнэндээ дээд хүн болж чадах эсэх нь асуудал биш юм. Дээд хүн болохыг зоръё гэх “хүч чадлын санаархал”, өөрөөр хэлбэл “хүчтэй болмоор байна”, “үнэнийг мэдмээр байна” гэх хүний фундаменталь уугуул мөн чанараа санан сэрээж, түүнээсээ нүүр буруулалгүй амьдрах явдал нь сүүлчийн хүн гэх зогсонги байдлыг даван туулах сэжүүр болох юм.
Дээд хүн болмоор байна. Хүчтэй болмоор байна. Цэх шулуун амьдармаар байна. Тийн эгэл шударгаар хүсч, түүнийгээ бурханаар ч төрөөр ч ер хэнээр ч хориулалгүй, өөрөө шийдэж өөрөө хийж амьдрах. Сэтгэл хангалуун явж, сэтгэл хангалуун үхэх тийм амьдралын хэв маяг бид бүхэнд үүнээс өөр огт байхгүй бус уу?
Яагаад гэвэл бурхан үхсэн ертөнцөд амьдрах өнөөгийн бидний хувьд, “бурхан” хийгээд “ёс суртахуун” зэрэг урьдын үнэлэмжийн хэмжүүрүүд одоо нэгэнт ашиглах боломжгүй учраас тэр болой.


Философи сурах бичиг

8 comments:

  1. Anonymous18/6/15 14:41

    mash ih bayrlalaa,

    ReplyDelete
  2. Үнэхээр их баярлалаа. Их гоч блог шүү. Энэ эрчээ битгий алдаарай ^_^

    ReplyDelete
  3. Anonymous10/7/16 06:08

    Тэгэхээр "дээд хүн" гэдэг нь Адам Смитийн философитой төстэй зүйлийг дагадаг хүн, "сүүлчийн хүн" гэдэг нь Эпикуризмын орчин үеийн хэлбэрийг дагадаг хүн гэж үзэж болох уу?

    ReplyDelete
  4. Anonymous6/11/16 18:13

    сүүчлийн хүн гэдэг чинь бид нарыг хэлж байгаа юм

    ReplyDelete
  5. Философи болон эдийн засгийн онол ерөнхийдөө мухардалд орж байна гэж ойлголоо зөв үү?

    ReplyDelete
    Replies
    1. Тиймээ, эдийн засгийн онолуудад олон асуудлууд байна.

      Delete
  6. Anonymous20/3/17 15:36

    Гоё блог олсон доо хо хо хо (Хатуу самар - Автомат буутай болсон доо хо хо хо гэдэг шиг ккк )

    ReplyDelete