2016/12/21

23. Ницше. Шашин, ёс суртахуун мэт бол сул доройтнуудын ресентимент

Өмнөх - 22. Томас Аквин. Шашин ба Философи. Аль нь үнэн бэ?



Гэвч Томас Аквины эрэлхэг тулааныг үл харгалзан, хүний рационаллаг шинжийн хүч нөлөө үе улирах бүрийд түрэн томорсоор байлаа.
Нээрээ ч сүслэн залбирлаа гээд гэдэс цатгалан болох ч биш, “хүн амьдрахын төлөө иддэг болохоос, идэхийн төлөө амьдардаггүй юм” гэж хэлэх мөртөө яагаад ч юм сүмийн лам нар л өршөөлийн пайз заран цадтал идэн тансаглана. Шулуухан хэлэхэд зүгээр хараад суух арга байсангүй. Сүсэгтнүүд гэдэг бол сүмийн мяндагтнуудад шулуулах зориулалттай хэрэгсэл биш шүү дээ.
Тэгээд тийнхүү олон түмнээс алсран хөндийрөх сүм хийдийг нийгэм тэвчихээ болих тэр цагаар Лютер (1483 - 1546) гэгч гарч ирэн, ариун санваартнуудыг ээлж дараалан илчилж, Шашны хувьсгалыг өрнүүлэв. Эцэстээ хувьсгал нь сүмийн удирдлагыг дотроос нь задалж, Христ нь Католик (эртний уламжлалыг баримтлагч урсгал) болон Протестант (Лютерийн шинэчлэгч урсгал) болон хоёр хуваагдаж орхив. Үүний дараа хоёр урсгал хоорондоо хүчтэй сөргөлдөж, тийнхүү “шашны дайн” гэж нэрлэгдэх гутамшигт дайн болон өргөжиж одох нь тэр.
Ийнхүү “урсгал хоорондын тэмцэл” гэх балчигт шигдсэн сүмийн эрх мэдэл өдөр өдрөөр унан доройтсон учиртай боловч, гээд тийм байлаа ч хүмүүс “бурханд итгэхээ больё чи минь” гэх хүртлээ цагаандаа гарсангүй. Монголчууд бидний хувьд “Бүхнийг мэдэгч бүхнийг чадагч үнэмлэхүй ганц бурхан” гээч ухагдахуун төдийлөн танил дотно биш учир ойлгон төсөөлөхөд хүндрэлтэй байж мэдэх авч, өрнийнхөн гэдэг бол “Бурхан ура!” гэх дундад зуунаар мянга илүү жилийн туршид тасралтгүй амьсгалж ирсэн улс юм. Тэдний сэтгэлд сүсэг бишрэл хэмээх соёл гүн гүнзгий шигдэн суусан бий. Тиймээс хичнээн бурхны нэрийн өмнөөс дайн дэгдлээ ч, түүний балгаар хичнээн хүний цус урслаа ч, ерөнхийдөө бол тэд бурхнаас нүүр буруулах нь үгүй юм.
Гэвч тэрхүү өрнийн ертөнцөд Ницше (1844 - 1900) хэмээх эгэлгүй лут философич хүрч ирээд, тэдгээр хүмүүст хандаж ийн хэлэх нь тэр.

-       Бурхан үхсэн.

Энэ үг арай дэндүү алдартайн учир, олон хүний ой тойнд одоо ч хадгалагдан бий болов уу. Философи огт сонирхдоггүй хэрнээ, яагаад ч юм зөвхөн энэ үгийг мэддэг хүн ч байх нь бий.
Уул шугамандаа бол энэ үг нь Ницшегийн бичсэн “Заратустра тийн өгүүлэв” зохиолын гол дүр болох Заратустрагийн үгний хэсэг юм. Ницше уг зохиолоороо гол дүрийн баатраар дамжуулан “бурхны үхлийг” илчилсэн учиртай. Тэгвэл ерөөс Ницше бурхныг хэрхэн төсөөлж байсан юм бол?
Тэрээр бурхны тухай ингэж өгүүлсэн байдаг.

-       Бурхан гэдэг бол сул доройтнуудын ресентиментээс төрөн гарсан хоосон зүйл юм.

Энд хэлэх Ресентимент гэдэг бол “үзэн ядалт” болон “атаа хорсол” гэсэн утгыг илэрхийлнэ. Тэрээр “бурхан гэх ухагдахуун” хийгээд “бурханд хандах сүсэг” гэдэг бол “бишрэн дээдлэх хүсэл зоргоос” бий болсон бус, эсрэгээрээ “сул доройтнуудын үзэн ядалт” хэмээх “нумран гажсан сөрөг сэтгэл хөдлөлөөс” төрөн гарсан гэж тунгаажээ.
Үүн дээрээ нэмээд Ницше цааш нь мөн ийм зүйл хэлнэ.

-       Бурханд хандах сүсэг (буюу сул доройтнуудын үзэн ядалтаас үүдэх гажсан сөрөг сэтгэл хөдлөл) нь хүний уул шинжийг даран мохоожээ.

Энэ бол яаж ч бодсон, бурханд сүсэглэх өрнийн хүмүүсийн хувьд хэрхэвч хүлээж авах боломжгүй дүгнэлт байлаа. Гэсэн ч Ницше өөрийн дүгнэлтээ зөвтгөх баталгаа болгож, нийтийн тооллын өмнөх балар цаг хүртэл ухан судалж, сайн муугийн үнэлэмжийн хэмжүүрийн талаарх эргэцүүллийг гаргаж тавив.
Ерөөс эртний цаг үед “сайн” гэдэг бол “хүчтэй байх” явдал байлаа. Тэгээд эсрэгээр нь “муу” гэдэг нь “сул дорой байх” явдал байж. Нэг ёсондоо эрт цагт “сайн хүн гэж ямар хүн бэ?” гэж асуувал, түүний хариулт нь “идэр залуу, эрүүл чийрэг, баян чинээлэг, өрсөлдөөн тулаанд гарамгай, хүчтэй хүнийг хэлнэ” гэх байлаа. Сайн бодож үзвэл нээрээ л энэ бол тунчиг гүдэсхэн хийгээд эгэл байгаллаг үнэлэмжийн хэмжүүр гэж санагдана.
Ницше энэхүү “Хүч чадал гайхамшигтай” гэх эрт цагийн үнэлэмжийн хэмжүүрийг Рыцарилаг, язгууртанлаг үнэлэмжийн хэмжүүр гэж нэрлэв.
Гэвч энэ үнэлэмжийн хэмжүүр маань түүхийн нэгэн цагт дундаасаа “хөмөрч” орхисон болохыг Ницше онцлов. Тэгээд тэрхүү хөмрөлт бол эртний Еврей нараас үүдэлтэй юм гэнэ.
Өмнөх хэсэгт өгүүлсэн эртний Еврейчүүдийн хяслант түүх болон сонгогдсон ард түмний үзлийн тухай эргэн нэг санана уу. Тэд боол болон ачигдсаны хойно, яаж ийгээд тэндээсээ мултарч, зугатан бадарчилж явах дундаа “цорын ганц үнэмлэхүй бурханд” хандах сүсэг бишрэлдээ нүд нь нээгдэнэ. Тэгээд “тэр бурхандаа сүслэн залбирвал, бурхан дайснуудыг нь дарж Еврейчүүдийг аврах болно” гэсэн номлол гаргаж ирсэн.
Гэтэл яасан билээ? Хүлээгээд байхад гуйгаад байхад бурхан тэднийг аврахаар ирээгүй. Түүний хойно хичнээн гаслант зовлон Еврейчүүдийг нөмрөн авсан ч бурхан тэдэнд бараагаа ч сүүдрээ ч үзүүлээгүй. Нэгэнт тийм болмогц тэдний сүсэг бишрэл ч бас хэлбэрээ өөрчилөхөөс өөр аргагүйд хүрнэ.
Тэдний бурханд хандах хандлагын өөрчлөлт нь тэдний ариун судар болох Хуучин библид нь тод ор мөр үлдээснийг харж болно. Ерөөс Хуучин библи гэдэг бол, янз бүрийн цаг үеийн зөгнөгчид (буюу бурхны зөгнөлийг хүлээн авч, түүнийг бүгдэд дамжуулах эгэлгүй хүмүүс)-ийн үгийг цуглуулж бичсэн ном бөгөөд, хуучин цагийн хуудсууд дээр нь “Хэзээ нэгэн цагт бурхан ирж, биднээр тохуурхах харийн хүмүүсийг дарж өгнө! Тиймээс та нар тэр хүртэл шүд зуун бурханд сүслэн залбирна шүү!” гэсэн өөдрөг зүйл ярьж байсан бол, цаг үе урсаад иртэл яагаад ч юм “Бурхны нэрийн өмнөөс, бусдын төлөө өөрсөд дээрээ зовлон шаналалыг хүлээн авцгаая. Бусдын төлөө үхэцгээе” гэх маягтай, тууштайгаар биеэ зовоох номлол болон хувирсан байдаг.
Гэвч тэр хувирал бол ойлгомжтой явдал байсан биз ээ. Тэдэнд хувирахаас өөр зам байгаагүй юм.
Зүйрлүүлбэл, нэгэн газар нэг бяцхан хүү үргэлж бусдад дээрэлхүүлдэг байжээ гэе. Тэр хүү дээрэлхүүлэх болгондоо “Харж байгаарай за юу, манай аав удахгүй ирээд та нарыг ёстой болгож тавина даа!” гэж хашгирсаар яаж ийгээд шийр заан өөрийнхөө талд зогссоор байв. Гэвч түүнээс хойш яаж ч дээрэлхүүлж шоглууллаа гээд, өнөөх ирэх учиртай эцэг нь огт ирсэнгүй. Энэ чинь тэгэхээр арай тийм тусалдаг барьдаг эцэг гэдэг нь анхнаасаа хоосон мөрөөдөл байсан юм биш биз дээ? Үгүй ээ, юу гэж тийм байх вэ. Яавч тийм байх учиргүй.
Хэрвээ тийм эцэг гэж байхгүй юм гэвэл…, өдийг хүртэл тэсч тэвчиж ирсэн зовлон маань чухам юу гээч болох билээ? Тэгж бодох нь даанч дэндүү хөөрхийлэлтэй. Жаалхүү “өөрийг нь өмгөөлөх аав гэж байхгүй” хэмээх харгис үнэнийг яасан ч хүлээн зөвшөөрч зүрхэлсэнгүй. Гэсэн ч харамсалтайяа бодит байдал гэвэл, өнөөх л тамын өдрүүд.
Тиймээс жаалхүүд, “Надад аав бий гэх итгэл үнэмшил” хийгээд “зовлонт бодит байдал” хоёроо яаж ийгээд хооронд нь нийцүүлэх шаардлага тулгарав. Тэгээд нэг л өдөр тэрээр нүдээ гэрэлтүүлэн байж ийм үг хэлж эхлэх нь тэр.
-       Би аавынхаа хайрын нэрийн өмнөөс бүх зовлонг өөртөө хүлээн авч байна. Та бүхэн намайг хүссэнээрээ зодож жанчина уу!

Тэнд нэгэнт эцгийнхээ нэрээр жинхэнэ өшөө авалт занах шазруун төрх үлдсэнгүй. Харин түүний оронд тэрээр өөр хэлбэрийн өшөө авалт эхлүүлнэ.

-       Ай та нар юутай омогтой, юутай хилэнтэй. Болно оо, ямар ч гэмгүй, ямар ч эсэргүйцэлгүй, хэнд ч хоргүй намайг ханатал зодохтун. Дотроо уужиртал жанчихтун. Харин би тэр хооронд та бүгдийг нүгэлт муу сэтгэлээс ангижирахыг тань гуйн залбиръя (хаха)

Тэрээр бодит ертөнц дээр заналт дайснуудаа дарах санаагаа орхижээ. Арга ч байж уу, хэдий болтол ч хүлээгээд аав нь ирэх биш, гасланд бодит байдлыг өөрчлөх хүч чадал ч түүнд байх биш. Тиймээс тэрээр “Бусдыг хүчирхийлж болохгүй”, “Бусдыг үзэн ядаж болохгүй” гэсэн оюун санааны үнэлэмжийн хэмжүүр зохион гаргаж, тэр үнэлэмжийн хэмжүүрийнхээ заалтаар дайснаа дарна гэсэн гажсан аргаар өшөөгөө авсан нь тэр байв.

Шашин, ёс суртахууны үнэн төрх

Ницше энэ мэт хэзээ ч бодит ертөнц дээр ялах найдваргүй сул доройтнууд (Еврейчүүд) оюун санааны ертөнцдөө хариугаа авахаар бий болгосон шинэ үнэлэмжийн хэмжүүрийг Санваартанлаг, ёс суртахуунлаг үнэлэмжийн хэмжүүр гэж нэрлэв. Тэгээд энэхүү Еврейн “санваартанлаг, ёс суртахуунлаг үнэлэмжийн хэмжүүр” нь Есүс Христээр дамжигдан, Еврейн шашин гэх “Бодит ертөнц дэхь өшөө авалтыг хүсэх шашнаас” мултран гарч, Христийн шашин гэх цоо шинэ шашныг төрүүлнэ. Энэ шашныг үндэслэгч Есүс Христ бол чухамхүү “санваартанлаг, ёс суртахуунлаг үнэлэмжийн хэмжүүрийн” адисласан хүү бөгөөд, уг үнэлэмжийн хэмжүүрийн бодит биелэл болохуйц хүн байсан юм. Тэгээд эцэс сүүлдээ тэрээр энэ үнэлэмжийн хэмжүүрээ баримталж, ямар ч эсэргүйцэлгүйгээр баригдаж загалмайд цовдлогдон жадлуулж үхсэн.
Тэгээд чухам яг тэр агшинд! Түүний биед жад сүлбэн орох тэр мөчид “урьдын сайн байсан зүйл муу болж, урьдын муу байсан зүйл сайн болж”, үнэлэмжийн хэмжүүр огцом хөмөрч орхих нь тэр. Бүргэд, тас мэтийн хүчирхэг махчид “муу” болж, хүний тэжээсэн гэмгүй дорой хурга “сайн” гэж үнэлэгдэх үнэ цэнийн нуралт. Энэ бүхэн түүний үхлийн хойно, хүн төрөлхитөний түүхэнд тод томруунаар нүдэнд үзэгдэхүйцээр биежин өрнөх болно. Тэгээд Христийн шашин (шинэ үнэлэмжийн хэмжүүр) олон улс гүрний төрийн шашин болж өрнийн ертөнцийг байлдан дагуулснаар, энэхүү хөмөрсөн үнэлэмжийн хэмжүүр дэлхий даяар улам бүр тархан түгэж, нэг л мэдэхнээ эртний үнэлэмжийн хэмжүүрийг түлхэн унагаж, хүн төрөлхитөний стандарт үзэл болон тогтсон, хэмээн Ницше хэлжээ.
Мөн Ницше энэ шинэ үнэлэмжийн хэмжүүр бол “Хүн төрөлхитөний уул (унаган) шинжийг мохоон дарсан” гэж хүртэл хэлсэн. Яагаад гэвэл, жинхэнэ натурны үнэлэмжийн хэмжүүр гэдэг бол “Хүчтэй байх гайхамшигтай” гэсэн эгэл бөгөөд шулуун шударга зүйл учраас тэр юм. Гэтэл тэр нь хэзээ ч юм “Сул дорой байх гайхамшигтай, хүч чадалгүй ч гэсэн энэрэнгүй зөөлөн” гэх үнэлэмжийн хэмжүүрээр солигдож, хүмүүс сул дорой байхаасаа ичихээ ч байж, бусдын ямар ч доромжлолын өөдөөс уурлалгүй малийтал инээх хүнийг “сайн хүн” гэж хүртэл ойлгодог болон мунхарсан. Гэтэл…, тийм амьдралын хэв маяг бол яавч хүний унаган шинж байх учир үгүй юм!
Гэсэн ч энэхүү хэвийн бус үнэлэмжийн хэмжүүр Христийн шашнаар дамжин 1,000 илүү жилийн туршид алгуур алгуураар хүн төрөлхитөний тархийг угааж орхижээ. Үр дүнд нь өнөөдөр, нормал бус үнэлэмжийн хэмжүүр нь эсрэгээрээ нормал болон тогтчихож.
Үнэн байдал дээр бид бүхэн нээрээ л тийм биш гэж үү? Жишээ нь, хэн нэг нь ингэж хэлжээ гэе.

-       Эд баялаг, эрх мэдэлтэй болмоор байна.

Танд юу бодогдох вэ? Нийтлэг жишгээр бол “Ямар балиар жишээргүй хог вэ?” гэж л бодно биз? Улаандаа гарсан. Ойворгон сагсуу. Шуналдаа хөтлөгдсөн сувдаг. Ихэнх тохиолдолд, ийм үг хэлсэн хүнийг иймэрхүү л сэтгэгдэл тойрон дагана.
Гэтэл, сайн бодож үзвэл, ер нь яагаад ингэж хэлэхээр муу болдог билээ?
Эд баялаг, эрх мэдэл. Энэ бол хүний амьдралыг дүүрэн өрнөөнтэй болгох чухал фактор гэдэг нь хэнд ч тов тодорхой. Хүсэл тэмүүлэлтэй, амбицтай, ганц олдох амьдралдаа дүрэлзтэл шатаад дуусахыг хүсэх хэн бүхэн харин ч “эд баялаг, эрх мэдлийг” хүсч шаардах ёстой мэт. Үгүйдээ л үүнийг “муу” гэж үзэх ямар ч шалтгаан байх учиргүй баймаар.
Үнэндээ “эд баялаг ч гүй, эрх мэдэл ч гүй амьдрал” болон “эд баялагтай, эрх мэдэлтэй амьдрал” хоёроос дуртайгаа сонгох боломжтой байсан бол, хэн бүхэн сүүлийнхийг нь л сонгох байснаас зайлахгүй. Тэгтэл “сүүлийнхийг нь би хүсч байна” гэж хэлэх төдийд л муу муухайгаараа дуудуулна.
Үүний шалтгаан бол даанч илэрхий ойлгомжтой. Ердөө, ихэнх нь тэдгээрийг өөрийн болгож чадахгүй учраас л тэр юм. Эрх мэдэл, эд баялаг бол хүмүүсийн сул талыг (комплекс) өдөөгчид юм.
Өмнө харсанчлан, эрт цагт бол “эд баялаг, эрх мэдэл олж авах” гэдэг бол сайн зүйл байж. Тэр бол хэвийн бөгөөд ойлгомжтой яриа юм. Нээрээ л байхгүйгээс байсан нь хамаагүй амьдрал өрнөлтэй хойно, үнэн л биз дээ? Тиймээс түүнийг олохын тулд мэрийн хичээнэ гэж ам өгвөл, бөөн алга ташилт, гайхамшигтай, амжилт хүсье л гэх байлаа.
Гэвч…, яаж ч хичээн мэрийгээд “эд баялаг, эрх мэдлийг” олж авах чадалгүй хүн, олж авна гэсэн итгэлгүй хүн ч гэж байна. Тэгвэл тэд яах вэ? Тэд өөрсдийн гутамшигт ялагдлаа хүлээн зөвшөөрөөд, үхтлээ доош гудайн дорой дуугаран явахаас өөр замгүй юу? Яалаа гэж, тэд хэрхэвч өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгэх нь арай дэндүү гунигтай. Тиймээс тэд ингэж хэлэх болно.

-       Эд баялаг, эрх мэдэлтэй боллоо гээд ямар жаргах албатай ч биш дээ… Харин ч хар цагаан хэл амтай төвөг биз, яршиг.
-       Өндөр боловсролтой байлаа гээд ямар сайн хүн болчих биш.
-       Том компанид орлоо гээд цаг зуурынх шдээ, хэзээ ч дампуураа билээ.

Тэд бол Эзопын үлгэрт гардаг мөнөөх “авч чадахгүй усан үзмээ гашуун гэж хэлдэг үнэг” лугаа адил юм. Тэр үнэг үсан үзэм идэх гээд байж ядаж байлаа. Үнэндээ идэх боломж байсан бол гарцаагүй идэх байлаа. Гэвч усан үзэм хүрэхийн аргагүй өндөрт байсан тул, тэрээр өөртөө нийцүүлэн үсан үзэмний “үнэ цэнийг” доош нь унагав.

-       Хм, харах царайны гашуун байхаас зайлахгүй. Ашгүй идээгүй нь болж.

Энэ үнэг цэх шулуун амьдралаар замнаагүй нь хэнд ч илэрхий юм. Тэгээд нэг мэдэхнээ өөр шигээ үнэгнүүдийг цуглуулан, “усан үзэмд шунахгүй байх нь сайн явдал” гэсэн ёс суртахууны номлол зохиож эхэлнэ. Тэд усан үзмийг идэж чадаагүйдээ бугларсан “хор шараа (Ресентимент)” тээн байж, усан үзэм тоодоггүй шуналгүй өөрийгөө бахархан бодно. Тэгтэл хэрвээ хэн нэгэн үнэг мэрийн зүтгэсээр авхаалж гарган усан үзмийг идэж харагдах юм бол, тэд нэгэн дуугаар “Ямар ичгүүргүй юм бэ!” гэлцэн шагширч, “Усан үзэм ямар амь амьдрал биш дээ, ингэтлээ үхэн хатан зүтгээд байхдаа ч яах вэ, хихи. Би лав хэзээ ч ингэж намба алдахгүй ээ” хэмээн гажсан үнэлэмжийн хэмжүүр гаргаж ирэн, сэтгэл дотроо ялалт байгуулснаар хор шараа дарж, өөрийгөө аргадах болно.
Харин Ницше ийм гажсан амьдралыг ердийн нэг өрөвдөм заль гэж үзнэ. Үнэндээ тэд ч бас усан үзэм идэхээр үхэн хатан мэрийж болох л байсан. Өөрийн чадлын хязгаараа давтал тэмцэж болох л байсан. Гэвч тэд тэгээгүй. Бүтэлгүйтэхээс айсан учраас тэр. Өөртөө итгэлгүй учраас тэр. Үсрээд ч хүрэхгүй байгаагаа бусдад мэдэгдэхээс ичсэндээ тэр. Тэд гутамшигтайгаар ялагдахыг хэрхэвч тэвчиж чадахгүй. Тиймээс тэд усан үзэм идмээр байсан хүсэлдээ нүүр буруулж, “хүсэл шуналгүй байх гайхамшигтай” гэсэн үнэлэмжийн хэмжүүр гаргаж ирнэ.
Харин тэр нь мэдээж хэрэг огтоос натурны унаган шинж биш нь тодорой. Амьдралд даван туулах ёстой зүйл гэж бий. Тэмцээд ч болтугай дийлэн авах ёстой юм гэж бий. Хэрвээ ялан дийлэхэд саад болох өндөр бартаа байвал, түүнийг даван гарах хүч чадлын төлөө мэрийвэл зохино. Дайсан байвал даран номхруулж, өөрийн хүсэл зоргондоо тууштай зогсох сэтгэлийн тэнхээнд суралцвал зохино.
Харин үнэлэмжийн хэмжүүр хөмөрч орхисон хорвоод “ёс суртахуун” нь “сүсэг бишрэл” нь “боловсрол” нь хоргүй шуналгүй ноомой хүнийг шаардан тулгана. Сул дорой байдлыг магтан дөвийлгөх мэт тоогүй олон мунхаглалууд. Гэвч тэд бол бүгд Сул доройтнуудын ресентимент (атаа хорсол)-ээс өөр юу ч биш юм. Үгүй гэж үү? Тэр мунхаглалыг номлох амьтас өөрсдөө, хэрвээ гарт нь хүрэхүйц газар байсан бол, гарцаа байхгүй өөрийн болгох л байсан шүү дээ.
Тэд бол хүч чадлыг өөрийн болгож чадаагүй сул доройтнууд учраас л, сул дорой байдлаа гутран бодохгүйн тулд, сул дорой байхын үнэ цэнийг тодотгох хоосон зэрэглээ зохиосон төдий билээ.
Ингэж бий болсон хиймэл зэрэглээ. Сул доройтнуудыг аврагч систем. Чухам энэ л “ёс суртахуун” хийгээд “сүсэг бишрэлийн” жинхэнэ төрх нь юм, хэмээн Ницше тунгаажээ.
Мэдээж хэрэг ийм бурханлиг бус, ёс суртахуунлаг бус тэрсүүд үзэл санааг нийгмийн олонх хүлээж авах учир үгүй нь ойлгомжтой. 24 насандаа их сургуулийн профессор болон дэвшиж байсан суут Ницше хэнд ч ойлгогдож чадалгүй их сургуулиа орхиж, философич болон гудамжинд гарна. Тэгээд өмнө өгүүлсэн номоо бичиж, эцэстээ галзууран хорвоог орхисон гэдэг билээ.


Үргэлжлэл - Бурхан үхсэн ертөнцөд

Философи сурах бичиг

No comments:

Post a Comment