2016/04/14

13. Платон. Философич хүн л төрийг удирдах ёстой



Төр гэж ингэхэд юу юм бэ? Хүн бид төрсөн цагаасаа эхлээд л аль нэгэн төрд харьяалагдаж, түүнийг байж л байдаг илэрхий зүйл мэтээр бодож ирсэн хэдий боловч, сайн бодож үзвэл ерөөс яагаад ийм юм оршин байх ёстой юм бэ? Тэгээд бидний төр хаашаа чиглэн хөдлөнө вэ?

Философийн түүхэнд хамгийн анх төр гээчийн тухай гүнзгий бясалгасан хүн гэвэл яалт ч байхгүй эртний Грекийн философич Платон (НТӨ 427 - 347) биз ээ. Яагаад гэвэл түүний туурвисан номын нэр нь өөрөө “Төр” юм (хэхэ).
Тэгэхээр Платон гэдэг бол мөнөөх Идей онолоороо алдартай нэгэн боловч, тэрхүү Идей онол гээч нь чухам юун тухай болохыг товч өгүүлье.



Дээрх зургийг харж байна уу? Бид бүхэн ердийн үед үүнийг харвал “Гурвалжин хэлбэртэй чулуу байна” гэж өөрийн эрхгүй бодох авч, сайн ажиглаж харвал ирмэг нь үл ялиг муруйж, үзүүр нь ч мөлийн дугуйрсан байгаа тул, нарийндаа бол энэ яг ч гурвалжин биш юм. Бодитоор “Энэ гурвалжин мөн үү?” гэж асуувал “Үгүй, зүгээр л гурвалжиндуу хэлбэртэй болохоос, яг ч гурвалжин бол биш” гэж хариулах учиртай.
Гэвч энэ ч бас хачирхалтай биш гэж үү? Бид бүхэн “Яг нарийндаа бол гурвалжин биш” гэж хэлэх мөртлөө, тэр “яг жинхэнэ гурвалжин” гээч юмыг үнэндээ ганц удаа ч болохнээ харсан удаа үгүй юм.
Жишээ нь доорх зурган дээрх шиг цэвэрхээн гурвалжин дүрс зурсан байлаа ч, түүнийг томруулаад байх юм бол, хэзээ нэгэн цагт хүрээ нь барзайгаад ирэх тул мөн л жинхэнэ гурвалжин биш болно. Тэгэхээр ийм цэвэрхэн гурвалжинг ч бас “Энэ жинхэнэ гурвалжин мөн үү?” гэж асуувал “Биш ээ” гэж хариулахаас өөр аргагүй.



Тэгвэл “За тийм бол жинхэнэ гурвалжин үзүүлээд аль!” гэвэл одоо яах билээ. Учир нь геометрийн тодорхойлолтоор бол “төгс жинхэнэ гурвалжин” гээч юм угаас бидний нүдэнд үзэгдэх учиргүй билээ.
Яриаг яльгүй хялбарчлах үүднээс гурвалжнаа орхиод “хэрчим”-ийн тухай бодож үзье. Жишээ нь, энд геометрийн тодорхойлолтод тулгуурласан “жинхэнэ хэрчим” байжээ гэе. Гэвч тэр хэрчим бидний нүдэнд үзэгдэх боломжгүй. Учир нь геометрын тодорхойлолт ёсоор бол хэрчимд өргөн байх ёсгүй шүү дээ. Харин өргөнгүй зүйлийг бидний нүд харж чадахгүй. Тиймээс жишээ нь “” үүнийг өнгөц харахад хэрчим мэт харагдавч, харагдаж байна аа гэдэг нь өөрөө өргөнтэйн шинж учир, нэгэнт хэрчим бус ердийн саваа болж таарна.
Тэгээд үнэндээ “жинхэнэ гурвалжин” гэдэг бол “жинхэнэ хэрчим” 3-ыг нийлүүлж бүтсэн зүйл юм болохоор, тэр жинхэнэ хэрчим нь харагдахгүйгээс хойш, жинхэнэ гурвалжин ч бас бидэнд харагдахгүй нь илэрхий юм.
Нэг үгээр хэлбэл, бид бүхэн “жинхэнэ гурвалжин” эсвэл “жинхэнэ хэрчим” гээч зүйлийг ганц удаа ч болов харсан удаа үгүй. Бодит ертөнц дээр оршин буй нь бүгдээрээ аль нэг газраа муруйж тахийсан төгс бус юмс л байдаг.
Тийм атал яагаад ч юм бид бүхэн төгс утгаар нь “гурвалжин” гээчийн тодорхойлолтыг ойлгож, ойлгодог ч учраас “Энэ гурвалжин мөн үү?” гэсэн асуултанд “Үгүй” гэхчилэн хариулж чаддаг. Тэгвэл яагаад бид бүхэн амьдралдаа ганц ч үзээгүй тэр төсөөллийн төгс гурвалжинг мэдээд байна вэ?
Уг асуудлыг Платон ул суурьтай тунгааж үзээд тун зоримог хариулт гаргаж тавьжээ. Түүнийхээр “төсөөллийн төгс гурвалжин” бол бодит ертөнцөөс тусдаа ертөнцөд үнэхээр оршиж байдаг юм гэнэ.
Тэрээр тэрхүү тусдаа ертөнцөд байх “төсөөллийн төгс оршихуйгаа” Идей гэж нэрлэжээ. Тэгээд хүмүүс бид бодит ертөнцийн төгс бус гурвалжиндуу хэлбэртэй чулууг харж байх үедээ, зэрэгцээд тусдаа ертөнц (Идей ертөнц) дэхь төсөөллийн төгс гурвалжинг (гурвалжины идей) бас харж байдаг бөгөөд, тэгж гурвалжны идей болон бодит чулуу хоёрыг зэрэг толгой дотроо харьцуулсаны үр дүнд сая “энэ чулуу бол гурвалжиндуу боловч, жинхэнэ гурвалжин биш” хэмээн хүүрнэж чаддаг гэж Платон тунгаажээ.
Ингээд гол асуудалдаа буцаж оръё. Тэгэхээр ийн тунгаасан Платон нь төрийн тухай хэрхэн тунгааж үзсэн юм бол? Үнэндээ Платоны төрийн талаарх үзэл нь түүний Идей онолтой нягт холбогдож байдаг.
Ерөөс Идей онол гэдэг бол, “төсөөллийн төгс гурвалжин (гурвалжины идей)” гээч юм хаа нэгтээ үнэхээр оршин байдаг гэх санаа бөгөөд, мэдээж энэ нь зөвхөн гурвалжны тухай яриа биш юм. Хүний толгой дотор төсөөлөгдөх бүхий л ухагдахуун, ариун ёс, шударга ёс, гоо сайхан гэхчлэн ер бүхий л ухагдахууны хувьд ч бас ариун ёсны идей, шударга ёсны идей, гоо сайхны идей болохуйц зүйлс хаа нэгтээ үнэхээр оршин байдаг гэсэн үг. Тэгээд Платоныхоор бол философич хүн гэдэг бол, тэрхүү төсөөллийн төгс ямар нэгэн зүйл буюу идейг мэдэхийг зорилгоо болгож, өөрийн бүх амь амьдралаа түүнд зориулах хүнийг хэлэх аж.
Эндээс Платон төр гээчийн байвал зохих тэр дүр төрхийн тухай ингэж дүгнэв:
-       Идейг таньж мэдэх чадвартай шилдэг философич л хаан болох ёстой. Аль эсвэл хаан хүн философид суралцах ёстой.

Үүнийг Философич хааны үзэл гэдэг. Нэг үгээр, Идей буюу төсөөллийн төгс гэж юу болохыг мэддэг хамгийн мундаг хүнээ орой дээрээ залаад, төрийг удирдуулж явъя аа, гэсэн яриа юм.
Гэвч энэ бол өнөөгийн бидний өнцгөөс харвал ардчилалтай үл нийцэх төдийгүй, харин ч өөртөө бардсан түрэмгий дарангуйлагч төрүүлж мэдэхээр сэтгэгдэл төрүүлнэ. Яагаад Платон ийм философич хааны үзэл гээч бодолтой болсон юм бол? Түүний цаана түүний багш болох Сократын “цаазын ял” хэмээх эмгэнэлт үйл явдал гүнзгий холбоотой байлаа…

Тоглоомын улс төр

Сократ хэмээвээс Платоны багш алдарт философич боловч, үнэн хэрэгтээ түүний бичсэн ширхэг ном гэж байдаггүй бөгөөд, тэрээр жинхэнэдээ ямархуу хүн байсан болох нь тодорхойгүй байдаг. Тэгвэл өнөөгийн бидний “Сократ бол агуу философич юм” гэх энэ төсөөлөл хаанаас бий болсон юм бэ гэвэл, үнэндээ бүгд Платоны бүтээлүүдээс гарч ирсэн юм. Платон өөрийн бүтээлүүд дотроо философи мэтгэлцээний их тулаан маягийн домог бичиж, түүндээ багш Сократаа гаргаж ирээд тухайн үеийн лут лут философичдыг ээлж дараалан намнаж байгаагаар дүрслэн үзүүлсэн байдаг.
Нэг ёсондоо төдий чинээ Платон нь багш Сократаа дээдлэн биширч байжээ гэсэн үг юм. Гэтэл тэрхүү хүндлэн хайрлах багшид нь цаазын ял оноох эмгэнэлт явдал, эртний Грекийн ардчилсан төрт улсад нь тохиож орхих нь тэр. Тиймийн учир Платон нь ардчилалд итгэл алдарч, түүнийг даван гарахуйц төгс нийгмийн тогтолцоо буюу Философич хааны үзлийг бодож олсон хэрэг байлаа.
Гэлээ ч шулуухан хэлэхэд, хайртай хүнээ алдсаныхаа төлөө ардчиллыг үзэн ядна гэдэг арай л юм даа гэж бодогдож байна уу? Өнөөгийн бидний хувьд ардчилсан тогтолцоо гэдэг бол хамгийн эрх тэгш, шалгарсан улс төрийн систем гэж санагддаггүй гэж үү?
Үгүй дээ, харамсалтай нь бодит байдал дээр ардчилалд ч бас том гэгчийн сул тал бий. Өнгөц харахад ардчилал нь бүх нийтээр асуудлыг шийдэж байгаа болохоор, эрх тэгш бөгөөд зохистой төрийн удирдлага бүрдэн тогтох юм шиг санагдах авч, үнэн хэрэг дээрээ төр хэмээх аварга том нарийн төвөгтэй системийн тухай хүн нэг бүр нарийвчлан мэдэхгүй учир, төрийн удирдлагыг мэргэжлийн улс төрчдөд даатгах шаардлагатай болдог. Энэ үед ард түмэн улс төрийг чухалчлан сонирхож, хангалттай эргэцүүлж тунгаасны үндсэн дээр саналаа өгч, шилдэг улс төрчдийг сонговол сайн. Харин эсрэг тохиолдолд, ард түмэн улс төрийн үзэл санаа, мөрийн хөтөлбөрийн агуулга зэргийг огт ойшоолгүй, ердөө л “энэ овоо өөртөө итгэлтэй, манлайлагчийн дүртэй нөхөр байна” гэсэн үзэмж төдийгөөр сонголт хийх болно. Хэрэв тэгвэл зөвхөн популистууд (буюу хамгийн үнэмшилтэй ярьдагаас цаашгүйчүүд) дэмжлэг авч, төр нь улам бүр буруу тийшээ чиглэн төөрөлдөх аюултай. Ийм нөхцөл байдлыг Тоглоомын улс төр (mobocracy) гэдэг.
Энэхүү Тоглоомын улс төр хэмээх завхрал аль НТӨ 2,500 жилийн тэртээх эртний Грекийн ардчилалд хүртэл тохиолдож байв.
Тэгээд тэр цаг үед гарч ирсэн нь Платоны багш Сократ юм. Сократ нь тэр мэт хоосон амнаас цаашгүй популист улс төрчдөд хандан “Жинхэнэ ариун явдал гэж юу вэ?”, “Жинхэнэ аз жаргал гэж юу вэ?” хэмээн мэтгэлцээнд дуудаж, тэднийг ташираар нь 5:0-оор баллаж гарна.
Уул шугамандаа бол Платон нь язгууртан гаралтай нэгэн бөгөөд, улс төрч болохоор санаа шулуудсан шаанс бүхий залуу байсан боловч, Сократын мэтгэлцээнийг сонсоод гүн цочролд орно. Учир нь түүний үлгэр дуурайлал болгон зорьж байсан мөнөөх улс төрчид нь үргэлж “Бүх нийтийн аз жаргалын төлөө!”, “Бүх нийтийн ариун ёсны төлөө!” гэхчлэн уриалах хэрнээ, Сократын “Тэгвэл жинхэнэ аз жаргал гэж юу юм бэ?”, “Жинхэнэ ариун ёс гэж юу юм бэ?” гэсэн асуултанд юу ч хариулж чадсангүй. Тэгээд Платон ч өөрөө тэр асуултанд хариулж чадахгүйгээ анзаарч орхино. Тэгэхэд нь Сократ олон түмэнд хандаж ийн уриална.
-       Харав уу, та минь ээ. Бид бүхэн жинхэнэ үнэний тухай юу ч мэдэхгүй байна бус уу? Тийм бол бүгдээр мэтгэлцэн хэлэлцье л дээ. Жинхэнэ шударга ёс, жинхэнэ ариун явдлыг хамтаар тунгаацгаая!

Сократ бусдын адилаар мэддэг дүр эсгэн бурсангүй. Тэрээр ердөө л “жинхэнэ тэр нэг зүйлийг” олж эрцээе гэж бүгдэд хандан уриалсан. Тэрхүү Сократын үйл хэргийг хараад Платон тэргүүтэй олон залуучууд тасхийтэл автан ховсдуулж, бүгдээр түүнд шавь орохоор шавалдах болов.
Ийнхүү Сократ нь залуучуудын манлайлагч харисматик болж, нүд ирмэхийн зуур агуу философич гэгдэн нэр нь түгсэн учиртай боловч, тэр нь эсрэгээрээ эрх мэдэл бүхий улс төрчдийн уурыг далласан явдал болов. Тэгээд үр дүнд нь Сократ “Залуучуудыг уруу татсан хэргээр” баривчлагдан, шүүхээс цаазын ял сонсох нь тэр…
Гэсэн ч энэ ч бас ардчиллын л үр дүн юм. Энэ бүгд бол олон түмний сонгосон улс төрчдийн хийсэн ажил. Яагаад тийм хоосон хөндий мунхаг улс төрчид төрийн тулгуур багана болтлоо бүрдсэн юм бол? Яагаад ард түмэн тэдний үнэн төрхийг нь олж хараагүй юм бол? Үгүй ээ, энэ бол нэгэнт ардчиллын чадамжийн хязгаар бус уу? Улс төрчдийн уран илтгэлийг сонсох төдийд тэдний чадал чадвар, зан чанар, дотор хүнийг нь хэрхэн бүрэн таних билээ. Тийм бол үүнээс цааш ч бас хэн ч биш амьтас улс төрч болон төрийг залуурдан явж л таарах биз…
Эцсийн эцэст, багш Сократын хэлж байсан “Жинхэнэ тэр нэгэн зүйл”-ийг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй хүн төрийг удирдах нь анхнаасаа буруу юм байна. Жинхэнэ шударга ёс, төсөөллийн төгс шударга ёс, туйлын шударга ёс гэсэн “тэр нэг жинхэнэ шударга ёс”-ыг мэдэх хүн л төрийг удирдаж явах нь зохистой юм байна...
Гэтэл… Төгс бус амьтан болох хүнд тэр “жинхэнэ”-ийг олж мэдэх боломж бий юм болов уу? Тэгээд ч ерөөс тэр төсөөлөөд байгаа “жинхэнэ ямар нэг юм” гээч нь угаас оршин байхгүй ч байх магадлал бий шүү дээ.
Үгүй ээ, хүн “жинхэнэ төгс хэрчим”-ийг хараагүй ч гэсэн, түүнийг юу болохыг мэддэг шүү дээ. Мэддэг гэдэг бол, тийм жинхэнэ хэрчим үнэхээр “оршин байдаг” гэсэн үг.
Тийм бол хүн бид “Төрийн байх ёстой хэлбэр (төсөөллийн төгс төр = төрийн идей)” гээчийг ч бас мэдэж чадах учиртай. Тиймээс яг тийм “жинхэнэ (идей) зүйлийг” мэдэх чадвартай тийм хүн л чухам төрийн толгойд гарах ёстой юм байна.
Ийнхүү Платон нь Философич хааны үзэлдээ хүрч очсон учиртай. Гэхдээ үнэхээр энэ хорвоод “Жинхэнэ тэр нэг зүйлийг мэддэг агуу хүн” гэж ер нь байдаг юм болов уу?
Платон энэ асуултын тухайд дараах хариултыг өгөв.
-       Философич хаан олдохгүй бол, түүнийг бүтээх хэрэгтэй.

Платон төр улсынхаа ирээдүйн төлөө, газар бүрийн авьяаслаг хүүхдүүдийг нэг дор цуглуулж элит боловсрол олгон, философич хаан бэлдэх хэрэгтэй гэж сэтгэв. Тэгээд үнэхээр ч тэрээр түүний төлөөх сургууль “Академиа”-г үүсгэн байгуулжээ. Тэр бол хожмын их сургуулийн эхлэл болох учиртай боловсролын институц байлаа. Тэгээд түүнээс цааш хамгийн шилдэг нь философич хаан болон сонгогдож, тэр хаан нь зөвхөн хамгаалалт төдий алдар хүндээр урамшуулагдан, улс орныхоо төлөө нэгэн биеэ зориулах учиртай байлаа.
Ингэхэд Платон нь философич хааны төрийг удирдах арга хэлбэр болгож өнөөгийн хэллэгээр Коммунист систем, өөрөөр хэлбэр ард түмэн хувийн эд хөрөнгөгүй, төр (буюу философич хаан) бүхнийг захиран зарцуулж, бүх нийтээр эрх тэгш хувааж эзэмшинэ гэсэн тогтолцоог санал болгож байж. Мэдээж философич хаан ч бас жирийн хаанаас ялгаатайгаар, хувийн эд хөрөнгө эзэмшилгүй, тансаг амьдралаар ч амьдрахгүй. Яагаад гэвэл философич хаан бол хувийн эрх ашиг, хувийн хүсэл шунал бус, зөвхөн төгс төгөлдөрийг эрэлхийлэгч учраас тэр. Тэрээр өдөр тутам “жинхэнэ ариун явдал гэж юу вэ? (ариун явдлын идей), “жинхэнэ аз жаргал гэж юу вэ? (аз жаргалын идей)” гэх мэтийг философидон тунгааж, “төрийн хувьд хамгийн зөв сонголтыг” шийдэн тогтоож ард олныг удирдан залах ёстой юм.
Улс орны өнцөг булан бүрээс шилэгдэж ирсэн авьяаслаг хүүхдүүд тэрхүү хаан сэнтийг мөрөөдөн философид суралцаж, “жинхэнэ тэр нэг зүйлийг” мэддэг хүн болохын төлөө өөрсдийгөө зүлгэн хөгжүүлнэ. Тэгээд бүгд нүдээ гялалзуулан тийн хашгиралдах болно.

-       Философич хаанаар би болно.


Үргэлжлэл - 14. Аристотель. Төр үргэлж ялзрал хувьсгалыг ээлжилдэг


Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment