2015/03/04

Хөгжлийн талаарх илтгэл


2012 оны 6-р сард Бразилийн Рио Де Жанейрод болсон НҮБ-ын тогтвортой хөгжлийн хуралд, “Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч” гэгддэг Уругуайн ерөнхийлөгч Хосе Мухикагийн тавьсан илтгэлээс.


Энд хуран цугласан төрийн тэргүүнүүдэд талархъя.
Мөн миний өмнө илтгэл тавьсан эрхэмүүдэд талархал илэрхийлье.
Энд хуран цугласан улс бүрийн төлөөлөл болсон эрхмүүд, хүн төрөлхитөний өмнө тулгараад буй олон улсын асуудлыг шийдэх чин эрмэлзэлээр үгээ хэлсэн гэж бодож байна.

Харин би өөрийг минь шаналгах нэгэн ноцтой эргэлзээг та бүхэнтэй хуваалцахыг минь зөвшөөрнө үү. Өглөөнөөс хойш яригдаж ирсэн гол яриа бол тогтвортой хөгжил болон дэлхийн ядуурлыг арилгах тухай байсан. Бидний жинхэнэ хүсэл яг юу юм бэ? Өнөөгийн чинээлэг улсуудын хөгжил хийгээд хэрэглээний загварыг дуурайх явдал уу?

Асуух асуулт байна: Германы нэг өрхийн машинтай тэнцүү тооны машиныг Энэтхэгийн өрх бүр эзэмшвэл, энэ гариг юу болох бол?

Амьсгалахад шаардлагатай хүчилтөрөгч цаана нь хэдий хэр үлдэх бол? Дээрх асуултыг өөрөөр тавьбал, өрнийн чинээлэг нийгэмтэй адилхан хийрхэл хийгээд хэрэглээг дэлхийн 7 тэрбум хүн дуурайх дайны нөөц энэ гариг дээр бий болов уу? Ерөөс энэ боломжтой зүйл үү? Эсвэл бид арай өөр мэтгэлцээн өрнүүлэх шаардлагатай юу?

Яагаад бид өнөөгийн ийм нийгмийг бүтээж орхив оо?

Зах зээлийн эдийн засгийн хүүхэд, капитализмын хүүхдүүд, өөрөөр хэлбэл бид бүхэн өөрсдөө энэхүү хязгааргүй хэрэглээ болон хөгжлийг шаардах нийгмийг бүтээж иржээ. Зах зээлийн эдийн засаг зах зээлийн нийгмийг бүтээж, даяарчлал дэлхийн булан тохой бүрээс түүхий эд эрж хайх нийгмийг бий болгосон бус үү?

Бид бүхэн даяарчлалыг удирдаж чадаж байна уу? Эсвэл даяарчлал биднийг удирдаад байна уу?

Энэ мэт харгис өрсөлдөөнийг нөхцөлдүүлэх хэрэглээний нийгэм дотор байж, “Бүх дэлхийг сайн сайхан болгоё” гэсэн хамтран оршиж хамтран хөгжих тухай хэлэлцүүлэг хийх боломжтой гэж үү? Аль хүртэл нь хамтарч, аль хүртэл нь өрсөлдөх юм бэ?

Энэ тухай ярих нь өнөөдрийн арга хэмжээний ач холбогдлыг үгүйсгэх санаа огтхон ч агуулаагүй юм шүү. Харин ч эсрэгээрээ. Бидний өмнө тулгараад буй том асуудал бол байгаль орчны аюул биш юм. Улс төрийн асуудал юм.

Өнөө цагт хүн төрөлхитөний бий болгосон энэ үлэмж инерцийг бүрэн залах боломжгүй. Эсрэгээрээ, хүн төрөлхитөн хэрэглээний нийгэмдээ захирагдаж байна. Бид хөгжихийн тулд энэ хорвоод төрсөн юм биш. Аз жаргалтай амьдрах гэж энэ дэлхийд ирсэн. Амьдрал богинохон, нэг л мэдэхэд нүдний өмнө урсаад өнгөрнө. Амь наснаас илүү үнэ цэнэтэй оршихуй гэж үгүй.

Хэт хэрэглээ (гипер хэрэглээ) дэлхийг сүйтгэсээр атал, хүмүүс өндөр үнэтэй бараа болон хэв маягийн төлөө амьдралаа үрсээр байна. Хэрэглээ нийгмийн хөдөлгүүр болсон энэ ертөнцөд, бид бүхэн хэрэглээг зогсоо зайгүй “хурдан” бас “ихээр” хийхгүй л бол болохгүй. Хэрэглээ зогсвол эдийн засаг саажиж, эдийн засаг саажвал хямрал хэмээх мангас бүгдийн өмнө гарч ирнэ.

Энэ хэт хэрэглээг хангахын тулд барааны эдэлгээг багасгаж, аль болох олноор нь зарахгүй бол болохгүй. 100,000 цаг асдаг чийдэн хийх дайны технологитой ч, 1000 хан цаг асдаг чийдэн зарахгүй бол болохгүй нийгэмд бид амьдарч байна. Ийм удаан эдэлгээтэй чийдэн зах зээлд хортой учраас хийж болдоггүй юм.

Хүн улам их ажиллаж, улам их зарахын тулд “хэрэглээд хаядаг” нийгмийг үргэлжлүүлэхээс өөр замгүй. Ийм буруу эргүүлгэн дунд буйгаа бид бүхэн анзаарч байна уу? Энэ бол өөр юу ч биш, гагцхүү улс төрийн асуудал бөгөөд, энэ асуудлыг өөр замаар шийдэх гаргалгааг төрийн тэргүүнүүд болох бид хайх ёстой.

Чулуун зэвсгийн үе рүүгээ буцъя гэж би хэлэх гээгүй. Харин зах зээлийг контролдохгүй бол болохгүй нь гэдгийг хэлэх гэсэн юм. Мөхөс миний ухаанаар энэ бол улс төрийн асуудал юм.

Эртний мэргэн хүмүүс, Эпикурос, Сенека, Аимарчууд хүртэл ийм үг хэлсэн байдаг
- Ядуу хүн гэж өчүүхэн эзэмшилтэй хүнийг бус, хязгааргүй хүсэлтэй, хэзээ ч ханадаггүй хүнийг хэлдэг юм.

Энэ бол өнөөдрийн хэлэлцүүлгийн хувьд соёлын түлхүүр зангилаа гэж бодно.

Өөрийн улсыг төлөөлөгчийн хувиар Рио-гийн хурал болон түүний шийдвэрт энэ өнцөгөөс оролцох болно оо. Миний илтгэлд чих халууцмаар үгс цөөнгүй сонсогдож магадгүй ч, та бүхэнд усны нөөцийн асуудал болон байгаль орчний асуудал бол асуудлын үндэс нь биш болохыг ойлгоосой гэж гүнээ хүсч байна.

Асуудлын жинхэнэ углуурга бол, бид бүхний авч хэрэгжүүлж буй нийгмийн загвар өөрөө юм. Тэгээд, дахин нягталж харахгүй бол болохгүй нь бид бүхний амьдралын хэв маяг (хэвшил, хандлага) гэсэн үг юм.

Би бол байгалийн баялагаар арвин жижигхэн улсыг төлөөлөгч. Миний улс 3 сая гаруйхан хүн амтай. Гэвч миний улсад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 13 сая үхэр бий. Ямаа ч бас 8 – 10 сая толгой бий. Миний улс бол хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орон. Жижигхэн улс хэдий ч газар нутгийн 90% нь арвин байгалийн баялагтай.

Надтай үзэл санаа нэгт манай улсын ажилчид 8 цагийн хөдөлмөр эрхэлдэг болохоор тэмцсэн юм. Тэгээд өнөөдөр тэдний зарим нь бүр 6 цагийн хөдөлмөр эрхлэх боломжтой болсон. Гэсэн ч, 6 цагийн хөдөлмөр эрхлэх боломжтой болсон хүмүүс давхар ажил хийж, эцэстээ урьдынхаасаа ч урт цагаар ажиллах болсон.

Яагаад тэр вэ? Машин, мотоцикл гэх мэтийнхээ лизингийн зээлийг төлөхгүй бол болохгүй учраас тэр. Сар болгон 2 дахин ажиллаж зээлээ төлсөөр явтал, нэг л мэдэхнээ над шиг ийм хөгшин болчихсон байна. Надтай адилхан, аз жаргалтай амьдрал нь нүдний өмнүүр сум шиг нисээд л одно.

Тэр цагт өөрөөсөө ингэж асуух болно: Энэ хүн төрөлхитөний хувь тавьлан уу?

Миний хэлж буй зүйл бол маш энгийн яриа юм шүү. Хөгжил, аз жаргалыг хорьдог байж болохгүй. Хөгжил, хүн төрөлхитөнд аз жаргал авчирдаг байхгүй бол болохгүй юм. Хайр сэтгэл, хүн хоорондын харилцаа, хүүхдээ өсгөж, найз нөхөдтэй байх, тэгээд шаардлагатай хамгийн наад захын хэрэгцээгээр хангагдах. Үүнийг л бий болгох ёстой юм.

Аз жаргал бол бид бүгдийн хамгийн эрхэм зүйл юм. Байгаль орчны төлөө тэмцье гэж байгаа бол, хүн төрөлхитөний аз жаргал л чухам байгаль орчны хамгийн чухал элемент болохыг санаж байх хэрэгтэй юм.

Анхаарал тавьсанд баярлалаа.

6 comments:

  1. Anonymous8/3/15 13:30

    ГАЙХАМШИГТАЙ. олон хүн уншаасай. бүрэн санал нэг байна.

    ReplyDelete
  2. Estoi demjij bna. Ali ertnii 300 400 jiliin nastai ediin zasgiin onol21r zuund bol estoi nuguu traktor l bna. Tiimees uuniig mongoldoo heregjvvleh ene talaar shine arga zam haiy zaluusaa demjij bnu?

    ReplyDelete
  3. Anonymous13/3/15 00:12

    Үнэн хэлжээ, дэмжиж байна. Би ч сүүлдээ өөрийгөө ажлийн морь шиг санаад байгаа шүү, кккк

    ReplyDelete
  4. Оруулсан баярлалаа. Зарим үгийн алдаагаа засаарай Амжилт хүсэе :)

    ReplyDelete
  5. Гарцаагүй үнэн л дээ. Хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээг хангах байгалийн баялаг нь хязгаартай.

    ReplyDelete