Маргааш түүний төрөх өдөр
байлаа. Гэтэл тэр шөнө гэдсэн дэхь хүүхдийнх нь хөдөлгөөн мэдрэгдсэнгүй. Айн
түгшсэн эмэгтэй яаран эмнэлэг тийш хурдалж, эхогоор шалгуулж үзэв. Тэгтэл яг л ёрлосон совин нь биелэх мэт,
гэдсэн дэхь хүүхдийн зүрх нь зогссон байжээ. Хэвлий дотроо амьсгал хураасан
хүүхэд тэр дороо гадны биет болж хувирна. Даруй төрүүлэхгүй бол эхийн бие
эрхтэнд сөрөг нөлөөтэй.
Тэрхүү амьгүй төрөлтийн
туслах эх баригчаар ажилласан эмч, тэр үеийн байдлыг дүрслэн ярив.
- Ердийн үед туслах эх
баригч бид 5 цаг, 10 цагаар ч хамаагүй үргэлж дэргэд нь байж, эхийн ууцыг илэн
“хичээгээрэй, ахиад жаахан, удахгүй хүүхэдтэйгээ уулзлаа шүү” гэлцэн дэмждэг
юм.
Харин амьгүй төрөлтийн
үеэр эхэд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй. Төрлөө ч юуны ч баяр хөөргүй хүүхэд
төрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү... Арай гэж төрсөний хойно, төрөх тасаг нам гүм.
Эх болж хараахан чадаагүй хөөрхий эмэгтэйн уйлах чимээ л цуурайтаж байлаа.
- Ганц шөнө тэврээд хонож
болох уу?
Маргааш хөдөөлүүлэхгүй
бол болохгүй. Ядаж ганц шөнө тэвэрч үзмээр байна гэж, эмэгтэй гуйх юм гэнэ.
Шөнө нь сувилагч байдлыг
очиж ажвал, эмэгтэй сарны гэрэл дор хүүхдээ тэврэн харагдав.
- Сая энэ хүүд мөөмөө
хөхүүллээ.
Сайн харвал, шүүрэн
дуслах сүүгээ хуруугаараа өлгөж аван хүүхдийнхээ аманд зөөж харагдана. Хэдий
амьгүй төрөлт байлаа ч, аарцагны яс ангайсан л бол эм гормон ялгарч, сүү гарч
эхэлдэг юм гэнэ. Тэр эмэгтэй ч бас, хүүхдээ тэвэрч байтал сүү нь гарсан тул
түүнээ хүүхэддээ амсуулсан нь тэр байж.
- Залуу эхчүүд дунд
“тамхиа хаямааргүй байна”, “шөнө босмооргүй байна”, “өдөржингөө тэгж
ядармааргүй байна” гэх мэтээр шалтаглан хөхөө өгдөггүй эхчүүд байх нь бий.
33 жил туслах эх баригч
хийж, 2600 илүү хүүхдийг эх барьж авсан мөнөөх туслах эмч ярьж байна
- Нялх хүүхэд ээждээ
наалдахыг хүсдэг байхад, ээжүүд харин холдохыг хүсдэг.
Тэрээр эх хүний шинжийг
“бойждог зүйл” хэмээн мэдэрдэг гэх.
- Эхийн сэтгэл, эхийн
совин, эх хүний төрөлх шинж гэх зэргээр бид ярьдаг ч, үнэндээ эх хүний шинж
гэдэг төрөлхөөс заяагддаг эд бус, бойжиж боловсордог зүйл юм.
Тэр бол, төрсөн үрдээ
биеэ наан байх үест бойжиж байдаг юм гэнэ.
Хүүхэд өсгөх гэдэг, эхийн
золиосон дээр тогтож байдаг. Эх хүн цус ч алдана, сорви ч тогтоно. 1 жил, 2
жилээр хөхөө хөхүүлээд байвал амь бие нь ч элэгдэнэ. Мэдээж бас “өөрийн цагаа”
ч элээнэ.
- Гэтэл сүүлийн үед
хүүхдийнхээ төлөө “өөрийн цагаа” золиосолмооргүй байна гэх залуу эхчүүд олширох
болсон.
Мөн эсрэгээрээ “хэт
эрхлүүлэх” явдал ч бас бий.
“Халамжлах” болон
“эрхлүүлэх” гэдэг өөр зүйл юм. 1-ээс 10 хүртэл нь бүгдийг бэлдүүлж өссөн хүүхэд
гэдэг бол эмгэнэл. Өөрийнхөө төлөө юу ч хийж чаддаггүй том хүн болно л гэсэн
үг. Энэ бол “эрхлүүлэх” юм.
Харин “халамжлах” гэдэг
бол, “чадахгүй зүйлийг нь нэг нэгээр нь чаддаг болоход нь туслан дэмжиж, эцэг
эхээсээ салсны хойно бие даан амьдрах чадвар суулгаж өгөх” явдал юм. Тэгээд
чухам энэ л эцэг эхийн үндсэн ажил юм.
Эртний Хятадад ийм нэг
зүйр үг байж.
- Уужим бай, гэхдээ
аясаар бус.
Энэ бол Хятад хаадын
сургааль доторх үг бөгөөд, хүн хоорондын харилцааны ньюансыг илэрхийлж буй юм.
Мөнхүү бас эх үрийн харилцаанд ч хамаатай байхыг үгүйсгэмгүй.
Уужим байна гэдэг эрхлүүл
гэсэн үг бус, тэр нь хэтрээд аясаар нь салхилж одвол хэтрүүлэг болноо гэж буй
хэрэг.
Хүүхэд шөнөжин уйлаад
зогсохгүй байвал “Ямар хэцүү, шаналгаатай юм бэ. Унтаач дээ хүүхэд ээ” гэж
бодох нь хүний натур. Гэхдээ энэ бол “хамгийн дээд аз жаргал юм шүү” гэж туслах
эх баригч өгүүлнэ. Ялангуяа, амьгүй төрөлт гээчтэй олон учирсан түүний хувьд
тэр тусмаа биз.
- Өөрийнхөө хүүхдийг
өмнөө байхыг “мэдээжийн явдал” гэж бүү бодоосой гэж хүснэ.
Үрээ өлгийдөн авч,
үртэйгээ хамт байна гэдэг “мэдээжийн явдал” биш юм. Энэ бол, мэдээжийн бус уй
гашууг нүдээр үзсэн түүний сэтгэлийн угаас гарах бодол аж.
- Ингэхэд, төрөхийн
эсрэгийг юу гэж бодож байна?
хэмээн их эмч асуувал,
- Үхэх л биз дээ?
гэж туслах гэнэгүйхэн хариулав.
Яг хүлээж байлаа гэсэн мэт их эмч өлгөж аван
- Би бол үхэх гэж
бодохгүй байна.
Бодлогошронгуй хэлэх
эмчийн дараах үг тун ч гэнэтийн сонстлоо.
- “Төрөхгүй байх” гэж
боддог шүү.
“Үхэх” гэдэг бол
төрсөнөөс үүддэг зүйл. Хэрвээ төрөх нь үгүй бол, үхэх нь ч үүдэхгүй.
- Төрж ирсэн зүйлд л
“төрөх”, “үхэх” гэж бий. Тиймээс түүний эсрэг нь “төрөхгүй байх”, хоосон юм.
Төрнө гэдэг гайхамшигтай
зүйл. Тэр гайхамшиг бол, нэгэнт төрөөд гараад ирсэн бид бүхний хэдийн мартаж
орхисон бөгөөд, төдийлөн мэдрэх боломжгүй зүйл ч бас мөн. Тиймээс, мэдээжийн аз
жаргал юм.
Болбол түүнийг мэдрэхгүй
чигээрээ явах нь дээдийн жаргал биз. Харин бүр мөсөн мартаж орхивол...,
тэгвэл ахиж хэзээ ч түүнтэй
учрахгүй болов уу...
No comments:
Post a Comment