2014/08/22

Залагч долгионы асуудал

өмнөх - Залагч долгионы тайлбар

Хос нүхний туршилт дээр судлаачидыг зовоогоод байсан хачирхам үзэгдэл бол “Нэг нэгээр нь электроныг буудаад байхад, тэдгээрийн ажиглагдах байрлалын тархалт нь яагаад ч юм долгион хэлбэртэй болоод байх юм” гэх асуудал байсан. 

Энэхүү ер бусын үзэгдлийг ердийн болгон тайлбарлахын тулд эрдэмтэн судлаачид “1 электрон нь ажиглалт хийгээгүй байхад долгионлог төлөвт шилжиж, 2 нүхийг зэрэг нэвтэлдэг юм байна” гэсэн марзан тайлбар (Копенгагений тайлбар) хэлэхээс өөрөөр аргалж чадаагүй.

Харин, тэгтэл…

Тийм зохиомол тайлбар хийх ч шаардлагагүйгээр, “Залагч долгионы тайлбарт” гардаг шиг “Залагч долгион гэх үл мэдэх долгион байгаад, тэр нь электроны хөдөлгөөнд нөлөөлөөд байна” гэж сэтгэвэл, хос нүхний туршилтыг оновчтойгоор тайлбарлачих боломжтой.

Тэгээд дээр нь энэхүү залагч долгионы тайлбар бол энгийн ард бид ч төвөггүй ойлгохуйц, бодит амьдралд ойрхон тайлбар юм.

Залагч долгионы тайлбараар бол, электрон болон атом, молекулууд нь шарик шиг бөөрөнхий бөмбөгнүүд бөгөөд, залагч долгионыг дагаад бөмбөрч байдаг төдий юм. Харин тэрхүү мурилзан долгиолох залагч долгион нь дэндүү ээдрээтэй замбараагүй долгиолдог болохоор, электроны хөдөлгөөнийг урьдчилан хэлж чадахгүйд хүргэж, электроны байрлалыг магадлал байдлаар тааварлахаас өөр аргагүй болдог гэсэн энгийн ойлгомжтой яриа болно.

Тэгэхээр, тийм байсаар атал бидний энгийн хар ухаанд маань үл ойлгогдох тайлбарууд
- Ажиглалт хийгээгүй үед электрон нь, магадлал хэлбэрээр олон давхар зэрэгцэн оршдог.
      - Магадлал хэлбэрээр оршдог учраас хоёр нүхийг зэрэг нэвтэрдэг.

мэтийн юм ярихгүй байсан ч, хос нүхний туршилтыг цэвэрхээн тайлбарлачихаж чадна.

Мэдээж, залагч долгионы тайлбарыг ашиглах юм бол, Шрёдингерийн муур гэх зөрчил ч үүсэхгүй.

Үнэхээр ч, залагч долгионы тайлбарт “А нүхийг нэвтэрсэн бөөм, В нүхийн нэвтэрсэн бөөм хоёр зэрэгцэн оршдог” гэсэн гайхмаар юм ярих шаардлагагүй тул, “үхсэн муур, амьд муур хоёр зэрэгцэн оршино” гэсэн учир битүүлэг зүйл ч бас яригдахгүй.

Нэг ёсондоо Параллел ертөнцийн тайлбар гэсэн марзан яриаг ч бас алба болгож гаргаж ирэх шаардлагагүй болно гэсэн үг юм.

Гээд бодохоор, Залагч долгионы тайлбарыг үнэн гээд үзчих юм бол, Квант механикийн толгой эргэм асуудлууд бүгд цэгцэрчих юм шиг санагдана. Тэр ч утгаараа, тухайн үедээ судлаачидын зүгээс Залагч долгионы тайлбарт хандан том хүлээлт бий болоод байлаа.

Гэвч, Залагч долгионы тайлбарт 2 том ноцтой асуудал байсан тул, Квант механикийн онолын стандарт тайлбар болж чадаагүй юм.

Асуудал 1: “Гэхдээ л тэр залагч долгион гээч юмыг олж тогтоогоогүй л биз дээ?”

Яг тийм. Эцсийн эцэст Залагч долгионы тайлбарт
- Хэрэв тийм долгион байвал бүх юм ойлгомжтой болох гээд байна тэ?
гэж л хэлсэн болохоос, үнэндээ тийм залдаг долгион маягийн юмыг ажиглалтаар олоод тогтоочихсон биш юм.

Тэгээд ч ер нь, тийм залагч долгион болохуйц зүйл үнэхээр байдаг байлаа ч, бид бүхэн “тэр долгионд савлан хөдлөх электроныг” л ажиглахаас биш, залагч долгионыг өөрийг нь ажиглаж хэзээ ч чадахгүй.
(Гэх үү дээ, ер нь бид хэзээ ч “долгион” гээч юмыг өөрийг нь ажигладаггүй)

Тиймийн учир Залагч долгионы тайлбар нь хичнээн бодит ертөнцийн төсөөлөлтэй маань тохирч байлаа гээд, ажиглалт хийгдэхгүйгээс л хойш, хэзээ ч агаарын ярианаас (таамгаас) хэтэрч гарч чадахгүй юм.

Гэхдээ, хэдий тийм байлаа ч…
Ажиглалтаар тогтоогдоогүй ч гэлээ, залагч долгион гэдэг юм байдаг гээд бодоод үзэхээр бүхнийг хамгийн оновчтойгоор тайлбарлаж чадаж байгаа юм чинь, “Залагч долгион гэж байдаг” гээд нийтээр зөвшилцсөн ч уул нь болох л асуудал. Юутай ч, “Ажиглалт хийгээгүй үед электрон нь олон тоогоор зэрэгцэн оршино” гэж ярьсаны дэргэд бол хамаагүй эрүүл сонсогдох биз.

Тэгж үзвэл, “залагч долгионыг ажиглах боломжгүй байдал” маань үнэндээ тийм ч ноцтой асуудал биш юм.

Асуудал 2: "За болъё. Томъёо нь бүтэхгүй юм байна"

Яг үнэндээ, Залагч долгионы тайлбарын хувьд энэ л хамгийн ноцтой асуудал юм.

Залагч долгионы тайлбарт
- Электрон нь долгион дээр суугаад хөдөлгөөн хийдэг
хэмээн энгийн ойлгомжтойгоор тайлбарладаг боловч, түүнийг нь математикийн томъёонд оруулаад нэг бүрчлэн бичье гэхээр учир замбараагүй хэцүү томъёо болж орхидог гэнэ.

Залагч долгионы тайлбарын томъёог хялбарчлаад хэлэх юм бол, долгион нь электронд хүчээр нөлөөлж, электроны замыг өөрчилж буй тухай томъёо боловч, тэр томъёо нь балиар ээдрээтэй хэцүү эд болдог гэнэ. Шулуухан хэлэхэд, хүний гараар бодчих төвшинийх бол биш.

Дээр нь, тэр томъёо нь нарийн ээдрээтэй хэцүү гээд, Копенгагений тайлбарын томъёоноос таамаглалын нарийвчлалаар өндөр юм уу гэхээр, ердөө ч тийм биш. Залагч долгионы тайлбарын томъёо ч мөн л адилхан магадлал хэлбэрийн үр дүн л гаргана.

Эцсийн эцэст аль ч томъёог нь ашиглалаа гээд, “электроны ажиглагдах байрлалын магадлал нь иймэрхүү долгион хэлбэртэй байна” гэсэн дүгнэлт л мөрдөн гарах төдий юм.

Харин тэгтэл.
Залагч долгионы тайлбарын томъёотой харьцуулахад, Копенгагений тайлбар дахь шрёдингерийн томъёо нь бас ч учиртай юм гэнэ. Тиймээс жишээ нь “залагч долгионы тайлбарыг үнэн гэж итгэдэг физикч” байлаа гэхэд, түүн дээр очоод “микро биетийн байрлалыг тааварлах ажил” хийлгэвэл, тэр нөхөр гарцаа байхгүй Копенгагений тайлбарын шрёдингерийн томъёог ашиглан тооцоо хийх нь тодорхой юм.

      - Юу вэ чи? Копенгагений тайлбарыг өөд уруугүй муулаал яваад байдын байлээ. Тийм бол тэгээд Залагч долгионы тайлбараар тооцооч дээ!!
   - Ядаргаа минь, Шрёдингерийн томъёо нь амархан байна, за юу!!!

Тэгээд ч фронтын тэргүүн эгнээнд эд тулалдаж буй физикчидийн өнцөгөөс харвал, үнэндээ Копенгагений тайлбар нь байна уу, Залагч долгионы тайлбар нь ч байна уу, Параллел ертөнцийн тайлбар нь ч байна уу, ажиглалтаар баталж чадахгүйгээс л хойш бүгд ижил төвшиний таамаг (үлгэр) төдий л юм.

Тэгээд, аль ч таамгийг нь авч ашигладаг бай, үр дүн нь бүгд ижилхэн гарна.

Тийм бол ойлгомжтой биз дээ? Аль хялбархан томъёотойг нь л авч ашиглах нь илэрхий шүү дээ.

Залагч долгионы тайлбарыг стандарт тайлбар болгон авч ашиглаагүй шалтгаан нь, юу юунаас илүү “ашиглахад хүндрэлтэй” байсан учраас юм.

Энгийн цэвэрхэн томъёо хэлбэрээр бичигдээгүй онолд ашиглагдах заяа гэж үгүй.


Ийнхүү Залагч долгионы тайлбар найдвар тасран мухардалд орсон билээ.

Үргэлжлэл - Тайлбарын асуудал

No comments:

Post a Comment