2024/01/19

ЭРҮҮЛИЙН ДЭЭД ー Оршил

Өдөр өдрийн бие чилээрхэл, сэтгэл тавгүйтэлд янз бүрийн л түвшин байдаг байх.
Зүгээр л эрт сэрж чадахаа байлаа гэх төдий нэгэн байхад, анхаарал төвлөрөл үргэлжлэхгүйгээс ажил урагшлахаа болилоо гэх хүн ч бий биз.
Цаашлаад уур ч юм уу санаа зовнилоо удирдаж чадахгүйдээ амьдрал өөдлөхгүй нь, үргэлж л бие хаа энд тэндээс өвдөх юм, өдөр өдрийн аж байдалдаа таашаалгүй уймарсан сэтгэлээр амьдарч явна гэхчлэн хүн тус бүр олон янзын л шинж тэмдэг, асуудал бэрхшээл тээж явдаг нь тодорхой.

Ердийн үед бол иймэрхүү асуудлуудыг тус тусад нь авч үздэг.
Нозоороод байвал “хувь хүний хөгжлийн ном”, ажлын үр дүн базаахгүй бол “бизнесийн ном”, эмоцоо удирдаж чадахгүй бол “сэтгэлзүйн ном”, бие чилээрхээд байвал “анагаахын ном” гэх жишээтэй.
Мэдээж ингэснээр тодорхой хэмжээнд үр дүнтэй байж болох ч, нөгөөтээгүүр ийм арга барилд сул тал ч бий. Асуудал тус бүр аанай л салангид үзэгдэл мэтээр ойлгогдож орхих тул зайлшгүйгээр гал унтрааж аргацаасан шийдэл болох нь элбэг.
Ханиад хүрвэл ханиадны эм ууж, үе мөч хавдвал тос түрхэж, толгой өвдвөл өвчин намдаагч ашиглана. Эдгээр арга хэмжээг тус бүрдээ буруу гэж хэлэхгүй ч үнэндээ бол шинж тэмдгийн эсрэг өнгөн хэлбэрийн л үр дүнтэй. Тухайн шинж тэмдгийн уг язгуурт байгаа жинхэнэ шалтгааныг илрүүлж оношлохгүй л бол цаашид ч ижил асуудал үргэлжлэх нь дамжиггүй.
Тиймээс эл номд илүү ерөнхий гаргалгааны талаар авч үзнэ.
Юуны өмнө орчин үеийн хүмүүсийн тээж явдаг асуудлуудаас “нийтлэг шинж”-үүдийг шүүн цэгцэлж, түүндээ суурилан бүх асуудалд хамаарах уян хатан хийгээд өргөн хүрээний цогц шийдэл гаргаж тавихыг эцсийн зорилгоо болгоно.
Депресс, таргалалт, анхаарал сарнилт, архаг ядаргаа, мотивац уналт, нойргүйдэл, туйлбаргүй байдал. Өнгөц харахад ямар ч харилцан хамааралгүй асуудлууд мэт санагдавч, уг үндэс хүртэл нь ухаад үзвэл үнэндээ эдгээр нь нэг асуудлын олон ялгаатай илрэлүүд юм. Бүгд нэг утсанд холбоотой гэсэн үг. Харин тэр утасны үнэн төрхийг илчлэн таниулах түлхүүр “Иргэншлийн өвчин” гэх санаанд бий.
Дэлгэрэнгүйг шинжлэх ухааны баримтад түшиглэж, практикт тулгуурлан тайлбарлах тул заавал дуустал нь уншаад иргэншлийн өвчнөөс мултарч, жинхэнэ өөрийгөө олж аваарай гэж аминчлан танд захья.

Гарчиг

I БҮЛЭГ – ИРГЭНШЛИЙН ӨВЧИН


II БҮЛЭГ – ҮРЭВСЭЛ БА ТҮГШҮҮР


III БҮЛЭГ – ГЭДЭС


IV БҮЛЭГ – ОРЧИН


V БҮЛЭГ – СТРЕСС


VI БҮЛЭГ – ҮНЭ ЦЭН


VII БҮЛЭГ – ҮХЭЛ


VIII БҮЛЭГ – ТОГЛООМ


No comments:

Post a Comment