2024/01/29

ЭРҮҮЛИЙН ДЭЭД (4-р хэсэг)

Өмнөх - ЭРҮҮЛИЙН ДЭЭД (3-р хэсэг)

 

II БҮЛЭГ – ҮРЭВСЭЛ БА ТҮГШҮҮР

5. Нойр ба үрэвслийн хамаарал – Калифорнийн Их Сургуулийн анализ


Тэгвэл өнөөгийн аж амьдралд “хэт бага” юм юу вэ? Эд материал хийгээд мэдээллийн давалгаа ширүүссээр буй өнөөгийн нийгэмд эртний нийгмээс дутагдалтай зүйл юу байдаг билээ?
Орчин цагийн хүмүүсийн нойрны хэмжээ ба чанар тасралтгүй муудаж буй. Жишээ нь 2010 оны судалгаагаар япон хүний ажлын өдрийн дундаж нойрны урт 7 цаг 14 минут гэж гарсан нь 1960 оны дататай харьцуулахад 1 цагаар богино үзүүлэлт бөгөөд Америк болон Герман зэрэг бусад хөгжингүй 18 оронтой харьцуулахад ч Солонгосын дараа орох хоёр дахь богино хэмжээ юм.
Нойрны дутагдал ба үрэвслийн хамаарлыг ил болгосон дата ч бас хаа сайгүй. Калифорнийн Их Сургууль 2016 онд 72 судалгааны мэдээлэлд анализ хийж үзээд дараах үр дүнд хүрсэн бий.

  • Өдрийн дундаж нойрны хэмжээ 7 ~ 9 цагаас халивал биеийн дотоод үрэвслийн маркер огцом өснө.
  • Шөнө олон дахин сэрэх тохиолдолд ч биеийн дотоод үрэвсэл идэвхжинэ.

Бодвол өнөөгийн хүмүүсийн нойрны зохистой хэмжээ нь 7 ~ 9 цагийн хооронд байж, түүнээс ихэссэн ч багассан ч биед сөргөөр нөлөөлдөг бололтой юм.
Тэгвэл ан гөрөөчдийн нойр ямар байдаг юм бол?
2015 онд хүн судлаач Жером Сиегл Намиби болон Танзанийн ан гөрөөчин 94 хүнд аж амьдралын хэмнэл хэмжигч зүүгээд, өдөр өдрийн үйл хөдлөл ба нойрны давтамжийг нь датажуулж үзсэн байна. Тэндээс мэдэж авсан нь ан гөрөөчдийн нойрны чанар байв.
Тэдний нойр дундажаар 6.9 - 8.5 цаг байсан нь хөгжингүй орнуудаас төдийлөн зөрсөнгүй. Харин давтамж нь яг л програмчилсан техник шиг байсан ба нар жаргаснаас хойш 3 цагийн дотор заавал унтаж, өглөө 7 цаг гэхэд асуудалгүй сэрдэг юм гэнэ.
Шөнө дунд дахин дахин сэрэх тохиолдол нэг ч гараагүй, бүгд шөнийн турш бөх гэгч нь унтаж, биеийн хүчээ бүрэн сэлбэж авна. Сэрсэн хэр нь ээ орондоо хөлбөрч, эсвэл нойрмогдуу царайлан андаа гарах явдал ч байсангүй.
Ерөөсөө тэдний үг ярианд “нойргүйдэл”, “нойр дутуу” гэх мэт энгийн ухагдахуун ч байдаггүй нь гайхмаар. Ан гөрөөчид нойр дутуу байх мэдрэмжийг төсөөлж ч чаддаггүй бололтой юм.


6. Транс тос ба “ганцаардал”

Төгсгөлд нь “Хэт шинэ” зүйлийн жишээг ч хараад орхиё. Орчин үед шинээр нээж бүтээсэн зүйлс уул овоо шиг их боловч түүн дундаа онцгойлон хүний биед хортой зүйл гэвэл “транс тос”-ыг нэрлэж болно.
Транс тос гэдэг нь ургамлын тосыг устөрөгчтэй нийлэгжүүлж гаргаж авдаг хиймэл тос юм. Хямдхан бөгөөд хадгалахад хялбар. Талх болон бусад элдэв шарсан бүтээгдэхүүнд ашигладаг.
Түүний хор хөнөөл бараг бүрэн нотлогдсон ба нийт илчлэгийн ердөө 1%-ийг транс тосоор орлуулах төдийд л муу нэрт холестериний хэмжээ огцом өсдөг. 2005 оны Харвардын Их Сургуулийн судалгаагаар ч транс тос их хэрэглэдэг хүмүүсийн биеийн дотоод үрэвслийн түвшин өндөр болох нь харагдаж, өнөө үед транс тосны хор хөнөөлийг үгүйсгэх судлаач нэгэнт үгүй болжээ.
Транс тос тэгтэл биед хортой нь элэгний үйл ажиллагааг саатуулдагтай холбоотой. Дийлэнх холестерин өөх, сахар, уураг ашиглан элгэнд үйлдвэрлэгддэг боловч “хэт шинэ” транс тос хүний биед үр дүнтэй шингэж чадалгүй, үр дүнд нь холестерин ихээр нийлэгжиж орхидог. Зүйрлэж хэлбэл элэг паникт орчихдог хэрэг.
“Хэт шинэ” зүйлийн жишээ зөвхөн эд материалаар тогтохгүй. Жишээ нь, “ганцаардал” ч бас орчин үеийн нэн шинэ үзэгдлийн нэг.
Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны ертөнцөд “ганцаардал” маш том анхаарлын сэдэв болсон. 2015 онд Бригам Янг Их Сургуулийн хийсэн мета анализын үр дүнд ганцаардлын мэдрэмж нь тамхи болоод таргалалтаас дутахааргүй үрэвслийг өдөөж, эрт үхэх эрсдлийг өндөрсгөдөг нь харагдсан. Тодруулбал, ганцаардлын хүчтэй мэдрэмж тээдэг хүмүүсийн эрт үхэх магадлал 26%-иар өндөрсөж, нийгмээс удаан тусгаарлагдахын хэрээр тэр тоо 32% хүртэл дээшилдэг гэнэ. Дэндүү аймшигтай муу нөлөө гэж хэлсэн ч болохоор.
Өмнө өгүүлсэнчлэн хүн төрөлхтөн урт удаан хугацааны туршид нийгмийн амьтны хувиар хувьсаж ирсэн. Ердийн отог омгууд 100-аад гишүүдээс бүрдэж, төрөхөөсөө үхэх хүртэл тэр цар хүрээний харилцаанд байна. Хооллохдоо ч, унтахдаа ч бусадтайгаа хамт байж, магадгүй бүр сексийг ч тэр орчинд л хийнэ.
Эрт балрын ширүүн нөхцөлд бүлгээсээ тасрах нь шууд л үх гэсэнтэй ижил утгатай байж. Магадгүй тэр цаг үеийн ан гөрөөчдөд зохицсон амьдралын хэв маяг өнөөгийн хүмүүсийн нүдээр харвал хэтэрхий хувийн орон зайгүй мэт санагдах байх.
Гэвч үнэндээ бидний тархинд “хүн хоорондын сул харилцаа бүхий орчин”-д дасан зохицохуйц систем суурилагдаагүй. Гэр бүл, айл саахалт, орон нутгийн харилцаа улам бүр хөндийрч буй өнөөгийн нөхцөл байдал нь харин ч бид өөрсдийн оршин үргэлжлэх замаа боогоод байна уу гэлтэй.
Транс тос элгийг паникт оруулдгийн адилаар, “ганцаардал”-ыг мэдэрсэн тархи ч бас “хэт шинэ” айдсыг эсэргүүцэх гэсэндээ дархлааны системийг хэтрүүлэн ачааллаж, үр дүнд нь бүх бие үрэвслийн дөлөнд идэгдэж доройтдог. Зөнд нь орхивол үрэвсэл улам л эрчимжин дүрэлзэнэ.
Гуравдугаар бүлэгт эдгээр ноцтой хүнд асуудлуудын эсрэг арга хэмжээний талаар харцгаая.



Эрт цагтай харьцуулахад хэт их болсон зүйлс, хэт бага болсон зүйлс, оршин байгаагүй шинэ зүйлс

Хэт их

Хэт бага

Хэт шинэ

Илчлэг

Цайруулсан үр тариа

Алкохол

Омега 6 өөх тос

Давс

Сүүн бүтээгдэхүүн

Ханасан өөх тос

Цадалт

Хүнсний төрөлжилт

Хүн амын нягтаршил

Эрүүл ахуйн хэрэгсэл

Амьдралын үнэ цэн

Айзамт хөдөлгөөн (хүчилтөрөгчтэй хөдөлгөөн)

Булчин ашигладаг хөдөлгөөн

Нойр

Өлсөлт

Витамин

Минерал

Ургамлын эслэг

Уураг

Омега 3 өөх тос

Байгальтай хүрэлцэх

Ашигтай бактеритай хүрэлцэх

Нарны гэрэл авах хэмжээ

Гүнзгий харилцаа

Бусдад тус нэмэр болох

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

Транс тос

Фруктоз, глюкоз, шингэн сахар

Агаарын бохирдол

Хиймэл гэрэлтүүлэг

Дижитал төхөөрөмж

Интернет

Архаг стресс

Химийн бодис

Хүнд метал

Эм тариа

Антибиотик

Ганцаардал

Ажлын дарамт



No comments:

Post a Comment