2023/05/27

Жолоодогч (номын хэсгээс)

... Лифтнээс буутал чанх баруун талд баарны хаалга байна. Гудамжнаас харахад мэдэгдэх юм байгаагүй ч доторх уур амьсгал нь санаснаас давгүй шүү. Ороод харвал баруун талын каунтерын ард нуруулаг бармен залуу их л тогтуун хоолойгоор
– Тавтай морил!
хэмээн инээмсэглэн угтаж байна.
Зааланд ганц үйлчлүүлэгч байх агаад каунтерын цаад захад суугаад дэвтэр дээр нэг юм бичиж харагдав. Бодвол, цаад булангийн хананд түшүүлж тавьсан гитарын хайрцаг ч түүнийх бололтой. Шүичи гурван суудал алгассан зайд ижил каунтерт эгнэн суув.
– Юу уух сан бол?
– Юу ч гэсэн нэг пиво авъя.
гэж хэлээд гар утсаа гаргаж ирэв...

– Давгүй газар байна шүү.
Шүичи каунтерын ард зогсох барменд хандаж үг өдөв. Цаанаасаа л уруул дээр гараад ирсэн үг. Бармен инээмсэглэнгээ хөнгөн дохилтоор хариу талархаж байна. Шүичи заалыг тойруулан нэг харав.
Тэгтэл каунтерын зүүн талд суух залуутай харц тулгарчхав. Шүичи мишээл тодруулбал нөгөөх нь ч хариу мишээлээ. Залуу төдийг хүртэл нээлттэй байсан дэвтрээ хаагаад, мөстэй том стаканаа гартаа авав. Харахад залуувтар боловч нас нь 30 давсан ч байж магадгүй юм.
– Энд байнга ирдэг үү?
– Өө яах вэ. Мөнгөтэй болсон өдрөө ирдэг юм. Эндхийн уур амьсгалд дуртай л даа, энд цагийг өнгөрүүлэхэд сайхан байдаг юм. Бараг тэрний төлөө л ажилладаг гээд хэлсэн ч болох байх.
Залуу сүүлийн үгээ маазрал маягаар хэлээд инээв.
– Хоббигоороо гитар тоглодог юм уу?
Шүичи харцаараа гитарын хайрцаг руу заав. Залуу зовиурлангуй инээвхийлж байна.
– Үгүй ээ, үүгээр мөнгө олдог юм.
– Өө уучлаарай. Мэргэжлийн хөгжимчин гэж санасангүй.
– Үгүй, үгүй. Тийм мундаг амьтан биш ээ. Гитарын хайрцгаа дэлгээд гудамжинд ая тоглож, алхаж яваа хүмүүсээс өглөг авдаг. Тийм хүнийг мэргэжлийн хөгжимчин гэж хэлдэг бол одоо тийм л юм даа. Олон нийт бол “сайн дурын уран сайханч” л гээд байх шиг байдаг юм. Эсвэл зарим нь “эрхэлсэн ажилгүй” ч гэх байх.
гэж хэлээд залуу хээв нэг царайгаар инээв.
– Тэгэхээр та өөр ажил… хийдэг?
– Хийдэггүй ээ. Үүгээр л хоолоо олж иднэ гээд шийдсэн ухаантай. Өөрөө дуугаа зохиож, өөрөө тэрийгээ тоглож, зөвхөн түүгээр л амьдарна. Тийм болохоор амьдралын минь цорын ганц тансаглал нь мөнгөтэй болохоороо энд ирж уух…, тиймэрхүү л маягтай гэх үү.
– Аан тэгвэл хэзээ нэгэн цагт алдартай од болно гэсэн мөрөөдөлтэй байх нь?
– Болмоор байна ч гэж боддоггүй, болмооргүй байна ч гэж боддоггүй дээ.
– Юу гэсэн үг вэ?
– Яг тэгэхийн төлөө явж байгаа биш гэх үү дээ. Худлаа хэлбэрдсэн юм биш шүү, гэхдээ дуртай хөгжмөө оролдож, тэрийг минь сонсож таашаах хүн байх л юм олон цөөн нь хамаагүй л гэж боддог. Хийж байгаа зүйлээс минь хэн нэгэн таатай мэдрэмж авч л байвал миний хувьд хамгийн жаргалтай мөч байхгүй юү. Тийм мөчүүдийг цуглуулахын төлөөх амьдрахуй юм даа.
Шүичи цочирдсондоо таг болчхов.
Хийдэг ажлаасаа болоод ч тэр үү, өдийг хүртэл уулзаж учирсан хүмүүс, ажлын газрынхан, үйлчлүүлэгчид гээд бүгд л орлого, даатгал, ирээдүйн төлөвлөгөө мэтийн юмсад хатуу анхаарч, тэдээс дээш орлого олохгүй бол гэсэн суурь нөхцөл дээр амьдардаг хүмүүс. Нүдний өмнөх залуу шиг хиймээр байгаа зүйлээ хийгээд, жаахан олсон ч түүндээ тааруулж амьдарна гэж ярьдаг хүнтэй урьд хожид таарч байсангүй.
Гэхдээ хамгийн их цочирдсон нь түүний амьдралаас илүүтэй, тэгж амьдрангаа дээр нь бас аз жаргалтай юм шиг харагдаж буй тэр байдал.
Яах вэ, үнэхээр аз жаргалтай эсэхийг мэдэхгүй л дээ. Гэхдээ л нөгөө жолоочийн хэлдгээр суурь төрх нь “өөдрөг” байна. Үгүйдээ л энэ залуу сайхан муухай аашлахаа өөрөө сонгодог нь маргаангүй. Шүичи өөрийн эрхгүй шар үс нь босоод явчхав.
– Хүчтэй хүн байх нь…
Сэтгэл дотроо тэгж бодов.
Шүичи шар айргаа залгилж дуусмагцаа усаар талласан виски захиалав.
– Ямар ая тоглодог юм бол, сонсож үзэх юм сан?
Залуу жимийсэн уруулаа сулласнаа хөл доорх цүнхнээсээ нэг CD гаргаж ирээд баруун гараараа Шүичи рүү байдгаараа сунган байж каунтер дээр тавив. Шүичи суудлаасаа босож, CD-г аваад, залуугийн дэргэд суув.
Хажуу тийш харсан царай бүхий хар цагаан гэрэл зурагтай хавтас дээр зөвхөн “Arata” гэсэн бичиг байна.
– Арата…
– Аан тийм, Фүжиками Арата. Урлагийн нэр маань “Arata”. Болгоовол танд дурсгая.
– Хүүе, юу ярьж байгаа юм. Худалдаж авъя. Төлөлгүй яах вэ.
Шүичи CD-ний арыг харвал 1,500 иен гээд хэвлэсэн байна.
– Үгүй ээ, ав ав. Миний дууг сонсоод таалагдсан хүмүүсээс л мөнгө авна гэж би өөртөө амласан юм. Та…
– Окада.
Шүичи сандран өөрийгөө танилцуулав.
– Окада гуай, та одоохондоо сонсоогүй юм чинь.
Шүичи талархан байж авахаар болов.
– За, тийм бол нэрэлхэхгүй ээ. Харьж байгаад сонсоно оо.
гэж хэлээд хоёр гараараа гардах мэт духандаа өргөв. Бармен усаар талласан вискиг Шүичигийн өмнө тавилаа. Шүичи вискигээ нэг амьсгаагаар хөнтрөөд Фүжиками тийш биеэ эргүүлэв.
– Гэхдээ тэгээд өдөр бүр ингэнэ гэдэг чинь хэцүү биш үү? Энэ чинь одоо дараа сарын орлого байтугай маргаашийн орлого ч тодорхойгүй гэсэн үг үү? Айдаггүй гэж үү?
Шүичигийн эгэлхэн эргэлзээ. Дуртай юмаа хийж амьдрах гэдэг сонсоход күүл боловч бодитоор тэгж амьдаръя гэвэл сэтгэлийн хат хэрэгтэй. Ирээдүйн баталгаа ч гэж байхгүй, ирээдүй байтугай маргааш ч тодорхойгүй.
Гэтэл тийм өдрүүдийг элээж буй нүдний өмнөх залууд шүд зуусан байдал огт алга. Тэр бүү хэл, тэгж мөнгө олоод энд ирж цаг өнгөрөөх нь жаргал гэж хүртэл хэлж байх юм.
Залуу хүн ч мөн дөө гээд хэлбэл хэлэх л байх, үнэхээр юу ч бодоогүй байж ч болох. Гэхдээ л омголон гэх үү, зорьмог гэх үү, тэр шинж Шүичид байсангүй. Шүичи “ирээдүй” мэтийн зүйлийн өмнө үргэлж л сэтгэл түгшээстэй. Тэр нь бараг хүүхэд байхаасаа л тийм. Нүдний өмнөх залууг яагаад ч дуурайж чадамгүй санагдана.
Үнэндээ ахиж нэг лавшруулаад
– Ирээдүйдээ санаа зовохгүй байна уу?
гээд цөмөрсөн асуулт асуумаар байсан ч арай л эвгүй санагдаад асууж зүрхэлсэнгүй. Харин өөрөө түүний оронд байсан бол ирээдүйд яах бол гэхээс байж тогтож чадахгүй байсан биз. Фүжиками үл ялиг инээвхийлээд стаканаа суллав.
– Та гитар тоглож үзсэн үү?
– Үгүй ээ…
– Аан, тийм үү? Хар даа, гитар тоглоод байхаар ийм болдог юм.
гэж хэлээд зүүн гараа Шүичигийн нүдэнд дэлгэж харуулав. Шүичи тэр гарыг яасан юм бол гэсээр шалгаж харсан ч Фүжикамигийн юу гэх гэснийг ойлгосонгүй.
– Хурууны өндөг эвэршчихдэг юм.
Хүрээд үз гэсэн шиг зангасан тул Шүичи хурууны үзүүрийг барьж үзэв.
– Тийм байна шүү.
– Боломж гарвал нэг дараад үзээрэй. Эхэндээ олигтой дуу бараг л гарахгүй. Хурууны өндөг зөөлхөн болохоор гитарын утсыг дарах гэхээр хуруу чинь хонхойно. Гэтэл гитарын утас чинь нэлээн хатуу хөвчирсөн байдаг юм. Тийм болохоор олигтойхон дуугаргая гэвэл чанга л дарахгүй бол болохгүй. Тэгэнгүүт хүрээгүй байх гэж бодсон олон газраар утсанд хүрээд цэвэрхэн дуугарч өгдөггүй.
– Тоглоод үз л дээ? Одоо өөр хүн алга байна.
Бармен каунтерын цаанаас инээмсэглэн хэлэв.
– Үгүй ээ, би…
Шүичигээс асуулгүйгээр Фүжиками хайрцгаа онгойлгон гитараа гаргаж ирээд, Шүичи рүү сарвайв.
Анх удаагаа хүрч үзэх гитар. Болгоомжтой гэгч нь тэврэх аядан барив.
– Баруун гараараа драан гээд дуугаргаад үз.
Фүжикамигийн үгийг аваад баруун гараараа зургаан утсыг шударч үзэв. Дотроо “драан” гэж төсөөлсөн ч сонсогдсон нь ар араасаа цувсан марзан гэгчийн салангид чимээ цуурайтав.
– Тийм байна гээч. Бодсоноос хатуу юм байна.
– Зүүн гараараа бариад нэг үзэх үү?
Фүжиками Шүичид энэ хурууг энд, энэ хурууг энд гэхчлэн нэг нэгээр нь барих цэгүүдийг зааварчлав.
– Ингээд наадах чинь Си барилт. Аанха. За, одоо зүүн гараа хөдөлгөлгүй барьж байгаад баруун гараараа драан гээд үзээрэй.
– А, за…
Шүичи хэлснийх нь дагуу баруун гараараа шударч үзтэл ганц утас л дуугарч, бусдаас нь цэвэрхэн чимээ гарсангүй.
– Хэхэ, хэцүү юм байна, энэ чинь.
Зүүн гараа хэд хэдэн удаа атган Си барилт хийж үзээд ч явж явж олигтой юм болсонгүй. Шүичи банталтаа инээдээр булзайруулсаар гитарыг Фүжикамид буцааж өгөв.
– Гэхдээ хаялгүй нухаад л байвал хурууны өндөг ийм хатуу болчихдог юм. Тэгээд хатуурчхаар хар даа, утсанд ердөө л хүрч байгаа юм шиг мэдрэмжээр ямар ч барилтыг чаддаг болно
гэж хэлэнгээ Фүжиками сая зааж өгсөн Си барилтаа авч байгаад драан хийтэл тод чимээ цуурайтуулав. Овоо чанга атгасан юм байлгүй, Шүичигийн зүүн гарын хурууны өндөгнүүд жирвэгнэн хорсож байна. Фүжиками тэр дор нь гитараа хайрцганд нь буцаан хийлээ.
– Хурууны үзүүр хатуурч байж сая гитар тоглох боломжтой болдог юм. Бодоод үзэхээр гайхалтай байгаа биз дээ?
– Гайхалтай гэдэг нь…?
Шүичи хөмсөгнийхөө дунд үрчлээ овоолов.
– Аанха. Давтаад л байхаар бие махбод чинь гитарт зохицон өөрчлөгдөнө гэсэн үг. Ер нь зөвхөн гитар ч биш. Хүний бие махбод гэдэг чинь ямар нэг юмыг удаан хийгээд байхаар түүндээ тааруулаад хувирдаг юм. Гайхалтай биш гэж үү?
Шүичи тэрийг гайхалтай гэж бодож байсан удаагүй ч одоо бодоод үзэх нь ээ нээрээ ч гайхмаар зүйл шиг санагдаад явчхав.
– Би байна ш дээ, хүний бие махбод ямар ч юманд зохицох чадвартай байхуйцаар эхэндээ бүх хэсгээрээ зөөлхөн байдаг байх гэж боддог юм. Тэгээд ямар нэг юмыг сонирхоод, түүндээ биеэ ашиглаад байхаар шаардлагатай хэсгүүд нь хөгжиж, хатуурч явсаар тэр зүйлээ хийхэд зохицсон бие махбод болон хувираад ирнэ. Гэхдээ тэгэх явцад гарцаагүй нэг зүйл болдог.
– Тэгэх явцад гарцаагүй болдог зүйл…
Шүичи улайж хавдсан хурууны өндгөө харав.
– Яг тийм. “Өвдөлт”. Хорсож байгаа биз? Өвдөлт явагдаж байж арай гэж тэр зүйлдээ зохицсон бие махбодтой болно. Зөөлхөн байдаг нь юунд ч хувирах чадвартайн нотолгоо, тэгээд өвдөлтийг туулж байж сая нэг түүндээ мэргэшиж чадна.
– Өвдөлт гэнэ ээ…
Зүүн гарын хурууныхаа хорсолтыг мэдрэн байж Шүичи Фүжикамигийн яриаг сонсоно.
– Амьтад гутал өмсөхгүй байсан ч ууланд авирч чаддаг байхад хүн яагаад гуталгүйгээр алхаж чаддаггүй юм бэ… Энэ ч бас адилхан гэж боддог юм. Төрснөөсөө хойш үргэлж гутал, оймсонд бөөцийлүүлээд байхаар хөлний ул тийм чадваргүй болчхож байгаа юм. Нэг ёсондоо хүний хөл угаасаа эмзэг сулдаа биш, хүн л хөлөө хэт халамжилдаг гэсэн үг.
– Хэт халамжлах гэнэ ээ?
Шүичид энэ илэрхийлэл хальт марзан сонсогдсон тул бага зэрэг инээвхийлэв.
– Тийм ээ. Өвдөлтөөс зугтах гэсэндээ л дандаа гутал өмсдөг биз дээ? Гэтэл тэрийг хэрэглээд л байх юм бол түүнгүйгээр амьдрах чадваргүй бие махбодтой болно. Харин нэг зориг шулуудаад гутал хэрэглэхээ больчихвол эхэндээ өвдөөд үгээ хэлж магадгүй ч яваандаа гутал шаардахгүй хөлтэй болох л болно.
– Гутал шаардлагагүй хөл ий…
Фүжиками инээв.
– Мэдээж тийм хөлтэй болохыг хүсдэг хүн байхгүй байх л даа. Зүгээр л жишээ яриа.
– Аанха…
Шүичи ойлгосон ч юм шиг, үгүй ч юм шиг хариу дуугарав.
– Юу гэхээр хүн чинь эхэндээ сул дорой, зөөлхөн амьтан байхгүй юү. Гэхдээ хэрэглээд л байвал өвдөх нь өвдөх ч гэлээ бага багаар хүчтэй болж хатуураад, өвдөлт мэдрэхээ болиод ирэх үеэр тийм чадвартай болон хувирдаг гэж би боддог юм л даа.
– Мөн мөн…
– Тэр нь миний амьдрал ч бас адилхан. Гитараа гаргаж ирээд зохиосон аяа тоглож мөнгө олоод, түүгээрээ амьдрах гэдэг чинь цагаа тулбал тийм ч амар юм биш. Гэхдээ л аймхай, сул дорой, түгшүү зантай өөрийгөө сэтгэлийн хаттай болгохын тулд үүнээс өөр замгүй л гэж бодсон хэрэг.
– Түгшүү зантай байсан юм уу…?
– Би гэдэг хүн одоо л ийм болсноос биш, урьд нь компанийн ажилтан байсан юм.
– Тийм үү?
– Тэхх. Дэлгүүр, үйлчилгээний газруудын үүдэнд гутлын ул арчдаг дэвсгэр байдаг даа? Газруудаар явж тэрийг нь сольдог ажил хийдэг байсан юм. Мэдээж, хөгжмөөр амьдрах юм сан гэж боддог байсан л даа, даанч нэг л зориг хүрдэггүй байлаа. Уран бүтээлдээ шаардлагатай мөнгө олохын төлөө л ажиллаж байна гэж боддог хэр нь ээ яг үнэндээ цалингүй болчих вий гэхээс үхтлээ айдаг байсан юм. Айх нь бараг л өвчин шахуу.
– Үгүй, тэр чинь хэн ч тийм л биз дээ? Идэх хоолтой байж байж дараа нь элдэв юманд хүчээ сорих байлгүй дээ? Юу гэж тэрийг аймхай гэх вэ. Хүний өмнө гарч хөгжим тоглох ч гэсэн аймхай хүний хийх ажил яавч биш.
Фүжиками толгой сэгсрэв.
– Хүмүүсийн өмнө хөгжим тоглохдоо ч бас айдаг байсаан. Анхандаа гар хуруу салганаад, нэг ноот алдангуут л шууд нүд харанхуйлаад цааш нь тоглож чадахаа байчихна. Гэртээ давтахаар зүгээр байдаг хэр нь ээ гудамжинд зогсохоор л болохоо байчихна… Анх тэгж л эхэлж байлаа. Тэгээд тэр үед л саяын зүйлийг анзаарсан юм.
– Хүчтэй болохын тулд өвдөлт шаардлагатай гэдгийг үү…
– Тийм ээ. Би өөрийгөө аймхай, түгшүү юм чинь улам л хүчтэй болохгүй бол гэж боддог байлаа. Гэвч өвдөлт мэдрэхгүй бол хүчтэй болж чадахгүй. Тиймээс гудамжинд тоглох бүрдээ улам их сорилт, улам их сорилт гэж боддог болсон.
Тэгээд аажмаар хүний өмнө тоглосон ч алдах нь гайгүй болж, ахиад шинэ сорилт өөртөө хайгаад явдаг юм байна. Тэгээд нэг мэдсэн ажлаа ч больчихсон байсан. Энэ сорилтоос л өвдөлт мэдрэхээ больчихвол би жинхэнэ утгаараа хүчтэй болж, эрх чөлөөнд хүрэх юм байна гэж бодсон доо.
– Тийм бий вий. Одоо тэгээд хүчтэй болж чадсан болов уу?
Фүжиками мушилзан инээв.
– Харин л дээ. Мэдэхгүй л байна. Гэхдээ ямар ч байсан л ирээдүйд ингэчихвэл яана аа, тэгчихвэл яана аа гэж нэг их бодохоо больсон байна. Сонин юм шүү. Олон юмтай байхдаа байнга л тийм юманд шаналдаг байсан чинь одоо нэг хуучин түрээсний байранд ганц энэнтэйгээ л амь зууж байгаа хэр нь ээ тийм юм бодохоо бараг байчхаж.
– Хөөх, тийм үү?
– Мхн. Тэгээд бодохоор хүчтэй болсон юм байлгүй.
– Тэгвэл цаашдаа ч бас гудамжинд дуугаа дуулаад…, хэзээ нэгэн цагт
Фүжиками толгой сэгсрэв.
– Тэрийг мэдэх юм алга. Гэхдээ ямар ч байсан одоогийн энэ амьдрал надад хат суулгаж байгаа нь эргэлзээгүй. Тийм болохоор үүнээс цааш юу ч хийсэн чадах юм шиг л санагддаг юм. Хөгжмөө үргэлжлүүлсэн ч болно, компани байгуулсан ч болно эсвэл дэлгүүр ажиллуулсан ч болох юм шиг. Өөрийгөө хүчтэй байлгаж чадвал юуг ч хийж чадна, сүүлийн үед тэгж л санагдаад байна.
– Мөөн мөн…
– Маргаашийн орлого ч тодорхойгүй байх чинь хэцүү биш үү гэж та түрүүн асуусан шүү дээ. Хариулт нь “хэцүү”. Гэхдээ тэр хэцүүг л зорьж өнөөдрийн амьдралаар амьдарч явна. Тийм болохоор айдас байхгүй ээ.
– Хүчтэй, хаттай болохын тулд… юм байна шүү дээ.
– Тэгж хэлж болно оо. Тийм болохоор өөрийгөө дахиад жаахан сориод явах санаа байна. Гэхдээ хааяадаа ч болов зугаатай юм байхгүй бол, тийм биз дээ?
гэж хэлээд Фүжиками стаканаа барив.
– Энд ирдэг байх нь.
Шүичи ч бас хундагаа өргөв.



2 comments:

Anonymous said...

Yer n baingiin l aidastai amidarch bgan bnda, ghde nogoo talasa aidas bol davuu tal hodolgogch huch bishu?

ТОМё БОДё said...

Тийм хөдөлгөгч хүч кайфгүй дэмий байх аа. Өөр олон гоё хөдөлгөгч хүч байж болно.

Post a Comment