2022/09/22

Гар утсан тархи - III бүлэг

Өмнөх - II бүлэг

III бүлэг ー Гар утас бидний хамгийн шинэ хар тамхи


Аль болох урт хугацаанд хүний анхаарлыг татъя гэвэл яах ёстой вэ? Хүний сэтгэлзүйн сул талыг ашиглахад л болно. Ахиухан шиг допамин шахаад өгчих.

Шон Паркер (Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал асан)


Яг одоо гар утас чинь нүдний өмнө ил биш байлаа ч хаах нь байгааг барагцаалж байгаа биз? Үгүй сэн бол та ганц ч өгүүлбэрт төвлөрч чадахгүй байх учиртай. Өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг үйлдэл бол гар утас руугаа гараа сунгах. Өдөр дуусахад хамгийн сүүлд хийдэг юм гэвэл гар утсаа орны хажуудах ширээн дээрээ тавих. Бид өдөрт 2,600-с олон удаа гар утсандаа (илэх, товших зэргээр) гар хүрч, дундажаар 10 минут тутамд асаан шалгадаг. Сэрүүн байх бүх цагтаа. Үгүй ээ, зөвхөн сэрүүн байх үедээ шалгах нь хангалтгүй, 3 хүн тутмын нэг нь (18-24 насныхны тэн хагас нь) шөнө дунд хүртэл дор хаяж нэг удаа гар утсаа шалгадаг гэх.

Гар утас байхгүй бол тэр хүний ертөнц сүйрнэ. Бидний 40% нь гар утасгүй байснаас таг дуугүй болохыг илүүд үздэг (нээрээ шүү). Хаана ч бай ー гудамжинд, кафед, ресторанд, автобусанд, оройн хоолны ширээн дээр, тэр бүү хэл фитнесийн танхимд байсан ч тойруулаад харвал хэн бүхэн өөрийн гар утсаа гөлрөн ширтэж харагдана. Тэгэх нь сайн муу эсэхийг түр орхиод, ямартай ч бид гар утаснаас төдий дайны хамааралтай болжээ. Гар утасны дэлгэц хэрхэн яаж энэ ертөнцийг буулгаж авч чадав аа? Үүнийг ойлгохын тулд дахин тархи руу өнгийн харцгаая.


Допамины үүрэг


Тархин доторх дамжуулагч бодисуудаас нэгийг сонгоод ном бичье гэвэл Допаминыг санал болгох байна. Яагаад гар утас ингэтэл бүхнийг ховсдоод байгаа шалтгааныг мэдэхийг хүсэх үед ч муугүй сэдэв болно. Допаминыг урамшууллын бодис гэж нэрлэх нь түгээмэл байдаг боловч үнэндээ бол зөвхөн түүгээр хязгаарлагдахгүй. Допамины хамгийн чухал үүрэг нь биднийг цоглог болгох явдал бус харин юунд анхаарал төвлөрөхийг сонгуулах явдал байдаг. Нэг ёсондоо хүнийг хөдөлгөгч хүч гэж хэлж ч болно.

Өлсгөлөн байх үед ширээн дээр идэх юм гаргаад тавивал түүнийг харах төдийд л допамины хэмжээ ихэснэ. Өөрөөр хэлбэл ихэсдэг нь идэж байх үед биш гэсэн үг. Тэрийг идэх гэдэг сонголт хийлгэхийн тулд допамин танд шивнэнэ. “Алив, ийшээ анхаарлаа хандуул”. Допамин сэтгэл ханамжийн мэдрэмж төрүүлэхээсээ илүүгээр үйлдэл хийхийг өдөөдөг юм гэвэл сэтгэл ханамжийн мэдрэмж тэгвэл хаанаас гарч ирдэг хэрэг вэ? Түүнд “биен доторх морфин” гэгддэг Эндорфин том үүрэг гүйцэтгэдэг шиг байгаа юм. Допамин нүдний өмнөх амттаныг ид гэж чиглүүлж өгдөг бол түүнийг амттай гэж мэдрүүлдэг нь эндорфин.

Стрессийн системтэй адилаар тархины урамшууллын систем хэдэн сая жилийг дамнан хөгжиж иржээ. Аль ч системийн хувьд өнөөгийн бидний нийгэм бол үл мэдэх ертөнц. Урамшууллын системд допамин чухал үүрэг гүйцэтгэж, амьд үлдэн генээ үлдээхүйцээр хүнийг өдөөн хөдөлгөж ирж. Нэг ёсондоо хоол хүнс, бусадтай нөхөрлөх ー хүн шиг сүрэглэж амьдардаг амьтдын хувьд чухал чадвар ー мөнхүү сексээр дамжин допамины хэмжээ ихэсдэг нь хачирхам хэрэг биш. Тэгтэл гар утас ч бас допамины хэмжээг ихэсгэдэг. Тийм ч учраас чатын сонордуулга ирэхээр гар утсаа харах гэсэн өдөөлтөд бид дөрлөгддөг. Гар утас урамшууллын систем дэх суурь механизмуудаас хэд хэдийг шууд хакердсан. Энэ талаар нарийвчлан харцгаая.


Тархи хэзээд шинэ юманд дуртай


Хувьслын нүдээр харвал хүн мэдлэгт тэмүүлэх нь хачирхам хэрэг биш. Ойр тойрноо илүү сайн мэдэхийн хэрээр амьд үлдэх магадлал өндөрсөнө шүү дээ. Цаг уурын өөрчлөлт арслангийн үйлдэлд хэрхэн нөлөөлдөг вэ? Гөрөөсний анхаарал ямар нөхцөлд хамгийн их сарнидаг вэ? Эдгээрийг мэдэж байвал ан амжилттай болох магадлал ихсэж, араатны хоол болохоос сэргийлж чадна.

Эргэн тойрны орчноо ойлгох тусам амьд үлдэх магадлал өндөрсөнө ー үр дүнд нь байгаль хүнд шинэ мэдээлэл эрэлхийлэх инстинкт (байгалийн зөн) заяажээ. Энэ инстинктийн ард ямар бодис байдаг вэ? Нэгэнт тааварласан байх тийм үү? Яг зөв, допамин. Шинэ зүйл сурахад тархи допаминыг ялгаруулдаг. Зөвхөн тэр ч биш. Допамины ачаар хүн улам цааш сурахыг хүсдэг.

Тархи ердөө л шинэ мэдээлэл хүсдэг учиртай биш. Шинэ орчин болон үйл явдал гэх мэт мэдээ ч хүсэж байдаг. Тархинд шинэ зүйлд л реакци үзүүлж допамин үйлдвэрлэдэг эсүүд байдаг ба тэр нь нэгэнт мэддэг зүйлсэд, жишээ нь “өөрийн гэрийн өмнүүрх зам” мэтэд хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэгтэл танихгүй царай гэх мэт шинэ зүйл харвал тэр эсүүд гэнэт хөдөлгөөнд орно. Сэтгэл хөдлөм зүйл харах үед ч бас адилхан.

Шинэ мэдээлэл, жишээ нь шинэ орчинд тэмүүлдэг допамин ялгаруулагч эсүүд байна гэдэг бол, шинэ мэдээлэл олж авахаар тархи урамшуулагддаг болохыг илтгэж байгаа юм. Хүн шинэ юмс, үл мэдэх юмсыг эрж хаймаар байна гэсэн өдөөлтөөр бүрэн тоноглогдсон төлөвөөр төрөн гарч ирдэг. “Шинэ газар очиж үзмээр байна”, “шинэ хүмүүстэй учирмаар байна”, “шинэ зүйл хийж үзмээр байна” гэх мэт хүсэл шаардлага. Бидний өвөг дээдэс амьдарч байсан ертөнц хоол хүнс хийгээд түүхий эдээр ямагт гачигддаг байсан. Тэгвэл энэ хүсэл шаардлага шинэ боломжийг эрэлхийлэн нүүдэллүүлдэг байхаар хүнийг түлхэн хөдөлгөж ирсэн биз ээ.

Хэдэн 100,000 жилээр цаг хугацааг ухрааж, идэх юм олох гэсэн үүрдийн асуудалтай тэмцэн буй хоёр эмэгтэйг төсөөлж үзье. Нэг нь шинэ зүйл ー шинэ газар, шинэ орчин ー олж нээх гэсэн өдөөлттэй, харин нөгөөх нь тийм биш. Эхнийхэд нь хоол олох бололцоо илүү өндөр байх биз. Нүүгээд л байх юм бол хоол олдох магадлал өндөрсөөд л байна шүү дээ.

Одоо тэгвэл та бидний амьдарч буй цаг үе рүү гүйлгэн авчиръя. Тархи үндсэндээ дээр үеийнхээрээ л байгаа бөгөөд шинэ зүйл шаардах хүсэл ч хадгалаатай хэвээрээ. Гэвч тэр нь зүгээр л шинэ газар үзмээр байна гэдгээс илүү утга агуулах болсон. Тэр бол компьютер болон гар утаснаас нисэн ирдэг шинэ мэдлэг хийгээд мэдээлэлд хандсан хүсэл шаардлага. Компьютер болон гар утасны хуудас шилжих бүрт тархи допамин ялгаруулж, үр дүнд нь бид улам л товшоод баймаар санагдана. Дээр нь яг үнэндээ бол одоо уншиж байгаа хуудаснаас илүүтэйгээр дараагийн хуудсанд байдгаараа ховсдуулна. Интернет дэх вэб хуудаснуудын тавны 1 дээр нь бид дөрвөөс цөөн секунд л саатдаг. 10-с дээш минутын турш сонирхдог хуудас ердөө 4%.

Шинэ мэдээлэл олохоороо ー тэр нь шинэ сайт ч бай, мэйл эсвэл SNS ч бай ялгаагүй ー тархины урамшууллын систем бидний өвөг эцэг шинэ газар болон орчин олж нээсэнтэй адилхан реакци үзүүлнэ. Шагнал хүссэн урамшуулал эрэх үйлдэл ба мэдээлэл хүссэн мэдээлэл эрэх үйлдэл нь тархин дотор нягт холбоотой байдаг ба бодитоор энэ хоёрыг ялгаж ангилах боломжгүй тохиолдол ч бий.


“Магадгүй”-д хачин дуртай тархи


Урамшууллын системийг хүчтэй идэвхжүүлдэг нь мөнгө, хоол, секс, хүлээн зөвшөөрөгдөх, шинэ туршлагын аль нь ч бус харин тэдэнд хандах хүлээлт байдаг. Ямар нэг юм болж магадгүй гэх хүлээлтээс илүүгээр урамшууллын төвийг өндөлзүүлдэг зүйл гэж үгүй. 1930-д оны судалгаагаар халив түлхэхээр хоол гарч ирдэг туршилт хийж үзтэл хулганууд зарим үед л хоол гарч ирдэг байхаар тохируулсан халивыг түлхэх тоо нь илүү олон байсан гэдэг. Хамгийн ихээр улайран дарсан нь хоол гарах магадлал 30-70%-ийн хооронд байж.

Түүнээс 20 жилийн дараа сармагчин дээр туршилт хийж үзэв. Нэг чимээ сонсогдохоор багахан жүүс гардаг болгож. Сармагчнуудын допамины хэмжээ чимээ гарах мөчид ихсэж, тэр нь бүр ууж байх үеэсээ ч өндөр байв. Энэ туршилтаар допамин нь таашаалыг мэдрүүлдэг урамшууллын бодис бус харин юунд анхаарлаа төвлөрүүлэх ёстойг бидэнд дамжуулдаг эд болох нь тогтоогдсон юм. Чимээ сонсогдсон ч үе үе жүүс гарч ирэхгүй байх нь допамины хэмжээг улам ихэсгэдгийг ч мэдэж авав. 2 удаад нэг гэсэн давтамжтай байх үед допамин хамгийн ихээр ялгарч байжээ.

Хулгана дээр ажиглагдсан зүйл сармагчин дээр ч адилхан байсан гэж буй учиртай боловч ижил зүйлийг хүн дээр ч хэлэх боломжтой. Мөнгө хождог картыг туршилтанд оролцогчоор сугалуулж үзэж. Карт сугалах бүрт найдвартай мөнгө хожно гэдгийг мэдэх үед, найдвартай хожих эсэхийг мэдэхгүй байсан үеийн дайтай допамин ялгарсангүй. Хулгана, сармагчинтай яг адилаар допамин хамгийн их ялгарсан нь 2-т 1 гэсэн давтамж байж. Нэг ёсондоо тархины өнцгөөс харвал мөнгө хожих хүртлэх процесс нь илүү сонин бөгөөд тэр процесс гэдэг нь тодорхой бус ирээдүйд хандсан хүлээлтээс бүрдсэн байдаг аж.

Тодорхойгүй зүйлээс илүүтэй тодорхойг таашаахгүй гэж үү? Яагаад тархи тодорхойгүй үр дүн дээр илүүтэй допамин ялгаруулдаг байна аа? Үүний хариулт 100% баталгаатай биш боловч хамгийн үнэмшил төрүүлэхүйц тайлбар нь ийм юм. “Допамины хамгийн чухал даалгавар бол хүнд үйлдэл хийх мотивац төрүүлэх явдал”.


“Аягүй бол” гар утсыг санагалзуулдаг


Та элэнц өвөөгөө хааяа л жимслэдэг модны өмнө зогсож байна гээд төсөөлөөд үз. Жимс ургасан эсэхийг газраас хараад мэдэхгүй тул мод өөд авирахгүй бол болохгүй. Авирч үзтэл юу ч байхгүй бол өөр мод руу авирч хайх нь чухал. Хоосон сугалаа сугалсан ч бууж өгөлгүй явсан хүн эцэстээ өндөр илчлэгтэй жимс хэмээх бэлэг хүртэнэ. Тэгээд амьд үлдэх магадлал өндөрсөнө.

Байгалийн зохилдлогоонд урьдчилан тааварлахааргүй юмс олон бий. Хааяа л жимслэдэг мод бол түүний аятайхан жишээ. Юм хүртэж чадах эсэхийг урьдчилан мэдэхгүй. Тодорхойгүй үр дүнгээс болж допамины хэмжээ огцом өсдөг нь шинэ зүйлтэй учрахтай логикийн хувьд ижил биз. Юм олж чадах эсэхээ мэдэхгүй байлаа ч бид хайсаар байдаг. Энэ өдөөлтийн ачаар хүнсний хомсдолтой ертөнцөд амьдарч байсан элэнцүүд маань орчныхоо хязгаарлагдмал нөөцийг олж илрүүлэн ашиглаж иржээ.

Хүнд суугдсан тодорхойгүй үр дүнд хандах гажуудал. Харин өнөө үед тэндээс асуудал үүсэх болж. Жишээ нь слот машин (777 хүрд) ч юм уу казиногийн ширээнээс салж чадахгүй болно. Уртаар харвал мөрийтэй тоглоомд хожоо байхгүйг мэдэж байлаа ч гар дүрж орхино. Яахав, цэвэр зугаа цэнгэл талаасаа дур булаам л байх. Гэвч зохистой зай барьж чадалгүй мөрийнд донтох өвчин тусдаг хүмүүс гарцаагүй байдаг. Тархины урамшууллын систем тодорхойгүй үр дүнг ингэтэл урамшуулан хөхиүлдэг юм хойно мөрийтэй тоглоомны тодорхойгүй байдал ч бас тоймгүй гоё гэж санагдах нь аргагүй явдал юм болов уу. “Покер ахиад ганц явчъя, одоо яг хожно” гэж бодоцгооно.

Энэ механизмыг овжноор ашигладаг нь тоглоомын компани, казино төдийхнөөр тогтохгүй. Чат болон мэйлний сонордуулга хонх сонсмогц гар утсаа хармаар санагддаг нь ч бас үүнтэй холбоотой. Ямар нэг чухал юм ирсэн байж магадгүй. Ихэнх тохиолдолд сонордуулга хонх сонсогдох үе нь илүүтэйгээр чат болон мэйлээ унших үеэс их допамин ялгаруулна. “Чухал ч байж магадгүй” гэдгээс бид хүчтэй хүсэл шаардлага мэдэрч, “гялс хараад л болоо” гэсээр гар утсаа шүүрэн авна. Дээр нь энийгээ байнга давтана. Сэрүүн байх бүхий л хугацаандаа. 10 минут тутамд.


Урамшууллын төвийг оволзуулдаг SNS


Тоглоомын компани, гар утас үйлдвэрлэгчдээс гадна ч бас тодорхойгүй үр дүнд хандсан гажуудлыг чадварлаг ашигладаг компаниуд бий. Тэд бол сошиал медиа буюу SNS-үүд. Фэйсбүүк, Инстаграм, Снапчат таны утсыг гарт чинь атгуулж, “Ямар нэг чухал юм ирээгүй биз?”, “лайк дараагүй биз?” гэдгийг шалгах хүсэл төрүүлнэ. Тэгснээр урамшууллын систем хамгийн хүчтэй оволзож байх үеэр дижитал хүлээн зөвшөөрөгдөх хүсэл сая хангагдана. Яг үнэндээ таны амралтын зурган дээр “лайк” гарч ирдэг нь хэн нэгэн “гозойсон эрхий хуруу”-г дарсан тэр эгшинд байдаггүй. Фэйсбүүк, Инстаграм нь эрхий хуруу болон зүрхний маркийг түр зуур хадгалан саатуулах тохиолдол ч байдаг. Тэгснээр бидний урамшууллын систем хамгийн оргил цэгтээ оволзох тэр эгшнийг хүлээдэг учиртай. Өдөөлтийг бага багаар тархаан илгээснээр дижитал урамшуулалд хандах хүлээлтийн утгыг дээд утгад нь хүргэх ч боломжтой.

SNS-ийн зохион бүтээгчид хүний урамшууллын системийг нарийн судалж, тархины тодорхойгүй үр дүнд хандсан гажуудал болон ямар давтамж хамгийн үр дүнтэй зэргийг маш сайн мэдэж байгаа. Цагаас үл хамааран гар утсаа шүүрэн авмаар санагдахуйц гайхамшигт мөчийг бүтээх арга мэх тэдэнд бий. “Лайк нэмэдсэн ч байж магадгүй, шалгаад үзье” гэж бодох нь “Покер ахиад ганц явчъя, одоо яг хожно” гэдэгтэй авь адил механизм юм.

Иймэрхүү компаниудын олонх нь зан төлөв судлал ч юм уу тархи судлалын мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг. Тухайн аппликейшн аль болох үр дүнтэйгээр тархины урамшууллын системыг хатгаж, дээд зэргийн донтолтыг бий болгохын тулд шүү дээ. Мөнгө олох гэдэг утгаар нь харвал тэд бидний тархийг нэгэнт амжилттай хакердаж чаджээ.


Цахиурын хөндий гэмшлээр дүүрэн


Технологид гүнзгий мэргэшсэн байхын хэрээр түүний татах хүч хэмээс хэтэрсэн болохыг ухаарч, хязгаарласан нь дээр гэж санагддаг бололтой юм. Жастин Росенстэйн хэмээх 30-д насны америк залуу өөрийн Фэйсбүүк хэрэглээнд цагийн хязгаар тавихаар шийдэж, Снапчатаа бүр ор тас хаяжээ. Донтуулах шинжээрээ геройнтой дүйцэхүйц гээд. Гар утасны хэрэглээндээ тормоз тавихын тулд хүүхдийн гар утасны хэрэглээг хязгаарлах зориулалттай аппликейшн хүртэл суулгав.


Ямар хүн гар утсанд донтдог вэ?


Дундажлаад харвал бид өдөрт 3 цаг гар утас хэрэглэдэг. Мэдээж тэрнээс бага хүн ч бий, их нь ч бий. Тэгвэл тэр дундаас хамгийн их давтамжтай хэрэглэдэг хүмүүсийн нийтлэг шинж юу вэ? 700 орчим их сургуулийн оюутны гар утас хэрэглээний хэвшлийг нь судлаад үзтэл дараах зүйлийг ойлгосон байна. Туршилтанд оролцогчдын 1/3 нь шөнө дунд ч гар утаснаасаа гараа салгадаггүй донтсон бөгөөд тэрнээсээ болж өдөр ядардаг. “Хүнд гарын хэрэглэгчид” дотор олон байсан нь А төрөл (уур уцаартай, түрэмгий ч гэмээр шаргуу зантай, хөдөлгөөнтэй)-д ойрхон, өөрийгөө хүндлэх сэтгэлээр дутмаг боловч өрсөлдөөнд дуртай, хүчтэй стрессээр өөрийгөө дарладаг хүмүүс байж. Тайван дөлгөөн зантай, амьдралыг үзэх үзэл нь төлөвшсөн хүмүүс ー В төрлийн хүмүүс ー үндсэндээ төдийлөн гар утсанд донтоогүй байв.


Росенстэйнийн хийсэн үйлдэл яагаад сонирхол татахуйц вэ гэхээр, Фейсбүүкийн “лайк” функцийг зохион бүтээсэн хүн нь чухам энэ хүн өөрөө болохоор юм. Нэг ёсондоо “гозойсон эрхий хуруу”-ны жинхэнэ эзэн нь өөрийн бүтээсэн зүйлээ хэмээс хэтэрсэн дур булаам болжээ хэмээн мэдрэх болсон хэрэг. Нэг ярилцлагадаа харамсаж байгаа аястай үг хэлсэн байдаг.

“Бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ хамаг чадлаа дайчлах нь мэдээж хэрэг. Тэр нь төсөөлөө ч үгүй муу нөлөө түгээнэ ー тэрийг анзаарсан нь хожмын явдал байсан.”

Иймэрхүү үзэл бодол тээж буй цахиурын хөндийн мэргэжилтэн гэвэл ганцхан тэр биш. iPod, iPhone-ийн хөгжүүлэлтэнд гар бие оролцсон Аппл компанийн захиргааны ажилтан Тони Фаделл ч бас дэлгэц хүүхдүүдийг улайруулдаг тал дээр санал нэг байна. “Хүйтэн хөлс цувсан байдалтай сэрдэг юм. Бид ингэхэд юу бүтээчих нь энэ вэ гээд. Манай хүүхдүүд дэлгэцийг нь хурааж авах гэхээр бараг л өөрийнхөө нэг хэсгээ булаалгах гэж байгаа аятай царай гаргадаг. Тэгээд бөөн сүр болно. Гэхдээ аймар хүчтэй. Тэрний дараа хэд хоногтоо унжийгаад гөлийсөн байдалтай болчихдог.”


IT компанийн дарга нар хүүхдэдээ гар утас өгдөггүй


IT компанийн топууд өөрийн бүтээсэн бүтээгдэхүүндээ ээдрээтэй сэтгэгдэл тээцгээж байна. Тэдэн дотроос хамгийн том нь Аппл компанийн үүсгэн байгуулагч Стив Жобсын цуу яриа. Жобс 2010 оны эхээр Сан-францискод зохион байгуулсан бүтээгдэхүүний танилцуулга арга хэмжээндээ анх iPad-ийг танилцуулж, үзэгчдийг алмайруулсан. “Интернэттэй холбогдох онцгой бололцоог олгосон гайхамшигтай, зүйрлэшгүй зүйл” хэмээн iPad-ийг дээд зэргээр шагшин бахдуулсан.

Гэхдээ өөрийнхөө хүүхдийн хэрэглээний тухайд болгоомжтой хандаж байгаа ー гэж бол хэлээгүй л дээ. Дэндүү өндөр донтуулах шинжтэй гэдгийг анзаарч байсан хэрнээ л. Нью-Йорк Таймс сонины сэтгүүлч нэгэн ярилцлагын үеэр Жобсоос ингэж асуусан байдаг. “Танай гэрийн хана дэлгэц, iPad битүү бүрхсэн байдаг байх даа? Оройн зоогонд уригдсан зочиндоо амттан өгөхийн оронд iPad өгдөг үү?”. Хариуд нь Жобс “iPad-ийг хажуудаа ч байлгадаггүй”, тэгээд дэлгэцийн цагийг (screentime) хатуу хязгаарладаг тухайгаа ярьж. Нүд нь орой дээрээ гарсан сэтгүүлч Жобсыг “Low tech эцэг (өндөр технологийн эсрэг утга)” гэж дүгнэсэн байдаг.

Технологи бидэнд ямар нөлөө үзүүлэх талаар Стив Жобс шиг нэвт шувт харсан хүн цөөхөн. Ердөө 10-хан жилийн дотор Жобс хэд хэдээр нь бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, бидний кино, дуу, сонины нийтлэл сонирхох аргыг хувиргаж орхисон. Харилцааны хэрэглүүрийн тухайд бол ярих ч юм биш. Тийм байтал өөрийн хүүхдүүдийн хэрэглээнд болгоомжтой ханддаг гэх тэр факт судалгааны үр дүн хийгээд сонины нийтлэлээс ч илүү ихийг өгүүлнэ.

Шведэд 2 - 3 настнуудын 1/3 нь өдөр бүр таблет хэрэглэж байна. Хараахан олигтой ч хэлд ороогүй насны хүүхдүүд шүү дээ. Нөгөө талд Стив Жобсын 10-аад насны хүүхдүүд iPad хэрэглэх цагаа хатуу хянуулж байсан. Жобс бусдаас түрүүнд амьдарч байсан байгаа юм. Технологийн хөгжил төдийгүй тэндээс бидэнд үзүүлэх нөлөөний талаар ч бас.

Үнэмлэхүй нөлөө бүхий IT компанийн топууд. Тэдэн дунд Стив Жобсын жишээ л онцгой туйлширсан байсан уу гэвэл үгүй. Билл Гейтс хүүхдээ 14 нас хүртэл гар утас бариулаагүй гэж ярьдаг. Өнөөдөр Шведийн 11 настай хүүхдүүдийн 98% нь өөрийн гар утастай. Билл Гейтсийн хүүхдүүд гар утас барьдаггүй 2%-д харьяалагдаж байсан гэсэн үг. Тэр бол Гейтсийн гэр бүлийн санхүүгийн боломжийн асуудал биш гэдэг нь ойлгомжтой.


Дижитал морин тойруулганд сэнсэртэл эргүүлэхэд амархан


Ажил дээрээ нэгэн бичиг баримт боловсруулж байна гэе. Чатын сонордуулга хонх сонстож гар утсаа шүүрэн авах өдөөлтөнд автана. Ямар нэгэн чухал юм байж ч магадгүй. Арга буюу гар утсаа асаан, далимаар нь сая фэйсбүүк рүү оруулсан зураг дээр шинэ “лайк” дарагдсан эсэхийг шалавхан шалгана. Тэгтэл таны амьдардаг дүүрэгт гэмт хэрэг нэмэгдэж байгаа талаарх мэдээ шэйр хийгдсэн байна. Мэдээн дээр дарж, хэдэн мөр уншиж байтал энэ удаад спорт гутлын хямдрал гэсэн линк нүдэнд тусна. Гялс ороод харъюу гэтэл Инстаграм дээр найзын шинэ пост орлоо гэх сонордуулгад саатуулагдана. Дөнгөж сая ажиллаж байсан бичиг баримт нэгэнт холоо хаягдсан.

Энд таны тархи хэдэн 100,000 жилээр хувьсаж ирсэн тэр л янзаараа ажиллаж байгаа төдий. Чатын сонордуулга хонх шиг тодорхойгүй үр дүн допамин гэх урамшуулал хүртээнэ. Түүний гайгаар гар утсаа харах гэсэн хүчтэй хүсэл шаардлага төрнө. Тархи шинэ мэдээлэл ч хайхыг хичээнэ. Ялангуяа гэмт хэргийн тухай нийтлэл гэх мэт эмоц руу чиглэсэн аюулын тухай мэдээллийг. Аппликейшний сонордуулга нийгэмтэй холбогдож байна гэсэн мэдрэмжийг өгнө. Тархи таны яриаг бусад хүмүүс хэр сонирхож байгааг ー постонд дарагдсан “лайк”-ийг ー ч анхаарахыг оролдоно.

Уул шугамандаа амьд үлдэхийн төлөөх тактик байсан тархины механизмын гайгаар хүн дижитал өгөөшийг ээлж дараалан үмхэнэ. Тэр нь бичиг баримт боловсруулахад саад болоод байгааг тархи даанч ойшооно гэж байхгүй. Тархи бичиг баримт боловсруулахын төлөө бус эцэг өвгөдийг амьд байлгахын төлөө хувьсаж ирсэн юм чинь.

Гар утас тархийг хакерддаг механизм, тэгээд яагаад гар утаснаас зай барих нь хэцүү болох. Одоо та ойлгосон байх гэж найдаж байна. Биднийг урхидсан гар утасны татах хүчнээс хүн ямар нөлөө авч байгаа бол? Дараагийн бүлэгт энэ талаар харцгаая.


1 comment:

Anonymous said...

👍 :)

Post a Comment