2020/11/12

Мөрөөдөл биелдэг ЗАА!н (5-р хэсэг)

Өмнөх - Мөрөөдөл биелдэг ЗАА!н (4-р хэсэг)


4.

Өнөөдрийн өдрийн хоолон дээр Ганешагийн даалгаврыг санаад бага зэрэг үлдээж үзэв. Тэгтэл ердийн үед үдээс хойш нойрмоглох нь элбэг байдаг ч, энэ удаад тэгсэнгүй.

Энүүхэндээ гэж хэлэхэд, нойр хүрэхээрээ би компанийн жорлонд сэмээрхэн дугхийгээд авах үе ч байдаг юм. Тэглээ гээд ядаргаа гарахаас илүүтэй, дараагаар нь бүр хогийн мэдрэмжинд хямрах нь олонтаа. Унтаж болохгүй гэж бодсоор байж унтаад өгсөн өөрийгөө зэмлэх новшийн мэдрэмж. Тэр талаас нь харсан ч хоёр хуруу зайтай идэх нь нойрмоглохоос сэргийлээд зогсохгүй, ажлын мотивацыг ч өсгөх үр дүнтэй байж мэдэх юм. Энэ удаад Ганешагийн даалгаварт тэрүүхэндээ талархах сэтгэл төрөв.

ー Би ирлээ.

Гэрийнхээ хаалгаар орж ирээд, гутлаа тайлах зуураа “Өнөөдөр чинь нэг л нам гүм байх чинь” гэж бодов. Уул нь байнга л “Ямар оройтдог юм?” гэхчлэн үглэсээр угтдаг Ганешагийн чимээ алга.

Алив? Юу вэ энэ?

Үүдний коридорын шалан дээр нэгэн дугтуй хэвтэж харагдана. Тэрийг шалнаас авсан тэр агшинд нуруугаар минь хүйт даан арзасхийгээд явчив. Дугтуйн нүүрэн дээр ганц үг бичээтэй байна.


Гэрээслэл


Сандран байж дугтуйг нээлээ, дотор нь хуудас захиа байна.


Ганеша байна.

Гэнэт ийм зүйл болсонд уучлаарай. Сандаргах гэсэндээ биш шүү. Гэхдээ таныг ажилдаа явсны хойно, нөгөө явдал огт толгойноос гарахгүй байсан тул арга буюу хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн болохоо ийм хэлбэрээр эсэргүүцэн илэрхийлэхээр шийдлээ. Миний хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа асуудал бол, та ч бас анзаарсан болов уу гэж тааварлаж буй мөнөөх хиамны асуудал юм. “Өргөл барьц” гэдэг үг та мэдэх үү? Дахин сануулж тодотгоход, өргөл барьц гэдэг бол хүмүүсээс бурхдад зориулан өргөн барьдаг идээний дээж юм. Зөвхөн идэх юм ч биш үнэт эдлэл, заримдаа бүр амьд өргөл болгож амьтан хүртэл гаргаж тавих ч явдал байдаг. Энэ бол хүн ба бурхан хоёрын хоорондын харилцаанд хамгийн ихээр эрхэмлэгдэж ирсэн уламжлал, үүнийг “өргөл барьц” гэдэг. Миний бие өөрийн өнгөрснийг эргэн харахад ч, асар ихээр дээдлэгдэн өргөл барьц авч байсан бодит түүх бий тул, тэр талаас нь авч үзсэн ч өнөө өглөөний өндгөн дээр хиам байгаагүй тэр явдал миний бүх насны түүхэн дэхь хар толбо болж үлдлээ. “Маш том доромжлол” гэж санагдлаа. Гэхдээ миний бие өмнө нь ийм зүйлтэй учирч байгаагүй болохоор өөрийн шийдвэртээ бүрэн итгэж чадаагүй тул тухайн үед түүнийгээ илэрхийлж чадалгүй, таныг ажилдаа явахыг хүлээн байж бусад бурхадтай асууж ярилцлаа. Үр дүнд нь бусад бурхдад машид ихээр шоолууллаа. “Чамайг арай л хийжээ” гэж хэлүүллээ. Таны мэддэгчлэн бурхан гэдэг бол сурталчилгааны бизнес. Хэрхэн яаж өөрийгөө том болгож харагдуулах вэ? Хэрхэн яаж масст талархагдах вэ? Үүгээр бурхны үнэ цэн хэмжигддэг. Нэг ёсондоо та Ганеша гэдэг сурталчилгааны самбар руу шавхай цацчихлаа. Нэгэнт ингэж доромжлуулсан хойно, одоо надад амиа хорлон эсэргүүцэхээс өөр зам үлдсэнгүй.


Ганеша


А…, Арай ч дээ, тийм амархан уу?

Ам маань ангайсан чигтээ гацчих шиг болов. Очиж очиж ердөө л шарсан өндгөн дээр хиам тавиагүйн төлөө амиа хорлочхож байгаа хэрэг үү?!

Гэхдээ би зэрэгцээд Ганешагийн ёроолгүй мэт хоолонд шунагийг ч бас санав. Хоолноос болж хараалгах хамгийн аймар гэдэг. Нэг л муу совин татсан би яаран том өрөө рүү орлоо.

Ааааааа...

Гэнэтхэн нүдэнд харагдсан тэр дүр зургаас болж өөрийн эрхгүй сөгдөж орхив.

Таазанд бэхэлсэн ганц олсонд Ганеша хүзүүгээрээ дүүжлэгдэн унжина. Бие нь сув сул санжигнаж, хүзүү нь хугарч муруйсан байна.

Дүүжлэгдсэн Ганешаг хэсэгхэн харзнаад би хэлэв.

За одоо болсоон. Буугаар ир ээ.

*


Чи бас тэгж байгаад сүрхий юм гээч. Яаж миний дархан жүжиглэлтийг анзаарав аа?

Шаржгинатал шарагдсан хиамыг амтархан зажлах зуур Ганеша асуув.

Тэгэлгүй дээ. Та чинь угаасаа агаарт хөвдөг биз дээ?

Тэгсэн Ганеша гоморхсон царайгаар

Муухай цэвдэг гэдэг нь

гэж бувтнаснаа шарсан хиамыг бүгдийг нь ганц долоолтоор хөнтөрч орхив.

Тэгснээ том гэгч хэхрээд, бүдүүн гэдсээ илэнгээ асууж байна.

Ингэхэд чиний сарын орлого чинь хэд билээ?
Айн? Юу?

Төсөөлөө ч үгүй Ганешагийн асуултанд цочсондоо хоолой минь зуураад явчив.

Цалин хэдийг авдаг юм бэ, гэж байна.
Миний цалинг асууж яах гээв?
Маяглаад байлгүй хэлчээч дээ!
Гүй ээ, бас хувийн нууц гэж юм байна шдээ.
Юуны чинь хувийн нууц? Чам шиг юманд ямар юмных нь хувийн нууц байдаг юм.

Ганешагийн ширүүн давшилтанд шахагдсан би хэрхэвч их гэж хэлэхээргүй цалингийн хэмжээгээ арга буюу хэлэв. Тэгтэл Ганеша

Ердөө юу?

Түүний хэлсэн ганц үгэнд гэнэт гэдэн хөдөлсөн би дуугаа өндөрсгөн байж хариулав.

Миний цалин угаасаа л ийм за юу. Тэгээд ч дундаж цалингаас арай өндөр юм шүү!

Тэгтэл Ганеша хамраараа инээж ирээд хэлж байна.

За нээрээ ч тийм юм даа. Өглөөний цайны хиаман дээр горойдог хүний цалин иймэрхүү л байж таарна.
За олон юм ярьж байж уур хүргэв!
Хүүе, өрвөлзөөд ирэх нь үү? Ердөө л хиам биз дээ?

Ганеша “Ёоо ёо, би ч баллаж тавих юмаа” гэж боргисноо “Энийг нээрээ бичээд авъя байз” гээд нэг дэвтэр гаргаад ирэв. Нэг л танил дэвтэр. Гэх үү дээ, миний дэвтэр байна. Тэгсэн, нүүрэн дээр нь хэзээдээ ч юм “Ганешагийн мэргэн үгс” гэж бичээд, хэзээ язааны өөрийн болгоод авчиж. Энэ одоо энүүгээр яах гээ юм бол оо?!

Ганеша сүр сар хэдэн үсэг сараачмагц “За боллоо” гэсээр дэвтрийг хааж, хм гэж хоолойгоо зассанаа нухацтай царай гарган хэлж байна.

Сонсож бай. Хиам орлого 2т маш нягт хамаарал байдаг гээ.
Айн?

Гайхан гэлжийх намайг Ганеша тоосон шинжгүй цааш нь үргэлжлүүлэв.

Ер нь бол за юу, орлого гэдэг юм чинь хэдий хэр бусдын хүслийг хангаж байна, тэр хэмжээгээрээ тоо болж гарч ирдэг юм байхгүй юу. Өлслөө, нойр хүрлээ, зугаацмаар байна, сэтгэлээ сэргээхсэн…, хүнд тиймэрхүү хүслүүд байдаг даа. Тэр хүслийг нь тааламжтайгаар хангаж өгөөд, хариуд нь мөнгө аваад байгааг чинь өнөөгийн нийгэмд “бизнес” гээд байгаа юм шдээ.

Тэр ч бодвол тийм л байх. Бид нар мөнгө зардаг нь өөрийнхөө хүслийг л хангахын тулд байдаг.

Тэгэхээр ер нь бол ингэж хэлж болж байгаа биз? “Бизнесийн авьяастай хүн гэж бусдын хүслийг хангахдаа сайн хүнийг хэлнэ ээ” гэж. Хүмүүст ямар хүсэл байна, юу мөрөөдөж байна, тэрийг нь олж харж чаддаг хүн, олон нийт юу хүсээд байгааг мэддэг хүн бизнес эхлүүлбэл амжилт олно. Даргынхаа юу хүсээд байгааг мэддэг хүн тэр хэрээр хурдан тушаал дэвшинэ. Тийм биз?
Тэр, яахав тийм л юм
Гэхдээ байна шүү

Тэгснээ Ганеша хөмсгөө зангируулж ирээд над руу ширүүн харснаа хэлэв.

Чи Ганешагийн хүслийг олж харж чадаагүй. Энэ миний “хиамны дуршил”-ыг оогт анзаарч чадаагүй биз дээ!? Чи байна аа, минийхээр бол чиний амжилтанд хүрч чадахгүй яваа шалтгаан чинь бүгдээрээ өндгөн дээр ганц хиам тавьчиж чадаагүй тэр фактанд бүтнээрээ орчихсон байна.

Ганешагийн ярихыг сонсоод байсан чинь сүүлдээ бүр уур хүрээд ирэв. Ядаргаатай юм бэ энэ одоо! Түрүүнээс хойш л хиам хиам гээд үхчих гээд байх чинь. Хүний хүсэл ч гэх шиг, бизнес ч гэх шиг хаа хамаагүй юм тойруулж ирээд, яс юман дээрээ өглөө хиам өгөөгүйд шаралхахдаа л хүнийг элдвээр хэлж хариугаа авч байгаа төдий биз дээ? (энэ мууг үүнээс илүү давраавал бүр барьж идэх юм байна л даа) гэж бодсон би Ганеша руу дуугаа өндөрсгөн хэлэв.

Тэгж л их хиам идмээр байсан юм бол зүгээр хэлчихгүй яасан юм? Өглөө хиам идмээр байна л гэнэ биз. Тэрий чинь бэлдээд л өгнө шд, ядах юу байсан юм. Өөрөө хэлээгүй юмыг чинь би яаж мэдэх юм? Над руу буруугаа чихэхгүй шүү!

Тэгтэл Ганеша яагаад ч юм тайван гэгч царайгаар “Чи ч ёстой гарцаагүй мал юм аа” гээд инээвхийлэн хэлж байна.

Чи Хенри Форд бацаан гэж мэдэх үү? Арай мэдэхгүй гэж хэлэхгүй байлгүй дээ, аан? Машин гээч юмыг өсгөж бойжуулсан эцэг гээд байгаа шүү дээ, Форд чинь одоо. 
Мэдэж байна. Фордоо ч мэдэхтэйгээ.

Үнэндээ бол дам ярианы түвшнээс халихгүй мэдлэгтэй ч, би аль байдгаараа мэддэг царайлан гүрийв. Тэрхүү миний банталтыг анзаарсандаа ч юм уу, Ганеша малийтал инээсээр яриагаа үргэлжлүүлэв.

Форд ч аргагүй мундаг бацаан байсаан. Фордын бүтээсэн Т модел бүх дэлхийгээр 15 сая ширхэг үйлдвэрлэгдсэн гээд бод доо. Тэгээд тэр Форд ингэж хэлсэн байдаг юм. “Хэрвээ би үйлчлүүлэгчдээсээ юу хүсэж байна гээд асуусан бол тэд илүү хурдан давхидаг морь л гэх байсан байх”. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байна уу?

Ганешагийн намалдгий нь нээгээд өгмөөр санагдаад бүр нэг хэлэх үгээ олж ядах миний амнаас гарсан нь “Юу…, нөгөө…” гэсэн тасалдсан үгс л байв.

Ганеша “Зайлуул, чи ч ойлгохгүй нь аргагүй л дээ” гээд тавлангуй өнгөөр хэлснээ

Аан гэж бай! Хүний хүслийг хангахын тулд байна аа, хүмүүсээс “Та юу хүсэж байна?” гээд тойроод асуугаад байвал болчихдог юм биш за юу. Аягүй бол хүмүүс ингэж ч хариулж магадгүй. “Юу хүсэж байгаагаа мэдэхгүй” гэж. Гэвч байна шүү, тэгсэн ч гэсэн хүн бүрт ямар нэгэн хүсэл заавал байдаг юм.

Ганеша цааш нь

Хүн чинь байна шдээ, учиргүй тэгж “Энийг хүсэж байна” гэж ирээд зааж өгөөд байдаггүй юм. Хүний юу хүсэж байгааг өөрөө бодож, тааварлаж, санал болгохгүй л бол бүтэхгүй. Хүний хүслийг хангана гэдэг чинь тийм л хэцүү ажил байхгүй юу. Тэрийг Форд бацаан хэнээс ч илүү ойлгодог байсан юм. Хүнд илүү хурдан, бас тав тухтай явмаар байна гэдэг хүсэл байдаг. Гэхдээ тухайн үеийн хүмүүс “Морь улам хурдан давхидаг болоосой” гэхээс хэтэрч сэтгэж чаддаггүй байж. Харин Форд бацаан хүмүүсийн хүслийг хангахын тулд, илүү хурдан илүү хол давхихын тулд морь биш техник хөлөглөхгүй л бол болохгүй гэдгийг олж харсан байгаа юм. Тийм ч болохоор Форд морь биш Т модел үйлдвэрлэсэн юм даа.

Тэгснээ Ганеша дээрэнгүй аясаар цааш хэлэв.

Би хиам идмээр байлаа ч “Хиам идье” гэж хэлнэ гэж санавал том эндүүрэл шүү. Угаасаа би өглөө шарсан өндөг гарах үед л хиам санаанд орсон юм чинь. Тийм юм болохоос өмнө амдаж миний хиамны хүслийг тааварлаад, намайг хэлэхээс өмнө хиам бэлдсэн байх, тийм л зорилт өөртөө тавихгүй бол горьгүй дээ хө. Тэрийг чадаж байж сая нэг юм амжилтын шатаар нэг гишгүүр ахисан болно гэж мэд!

Ёооё, за юув дээ бүр. Түрүүнээс хойш л хиамны өшөөгөө авах гээд ядчих чинь.

Ганеша фүфүн гээд сурмаг гэгч нь хамраа дуугаргаад хэлэв.

За хө дараагийн даалгавар тэгэхээр энэ шүү. “Хүний хүслийг амдаж таах”. Мөн биз? Ямар ч л байсан хэнтэй ч уулзахдаа “Энэ хүн юу хүсэж байгаа бол?” гээд бодон бодон харилцаад нэг үз. Тэгээд хүсэж байгаа зүйл, шаардаад байгаа юмыг нь аль чадахаараа биелүүлэх гээд хичээдэг юм шдээ, ойлгосон биз?

Ганешад хандах уур дээд цэгтээ тулсан би (хэн тийм даалгавар хийдэг юм, гай л байна) гэж бодсоор өөр зүг рүү ширвээж орхив. Тэгтэл хэлэх гэснээ хэлсэндээ дотор нь уужирсан юм болов уу, Ганеша уриалгахан гэгч нь “Алив хө, шалавхан шиг” гэсээр надад нүүрээрээ ойртож ирээд

Яг энэ мөчид би юу хүсэж байна? Миний ямар хүсэл боргилж байна, таах гээд үз дээ?

Би эхэндээ тоохгүй байсан ч, Ганеша дэндүү шургуу шалах тул дуртай дүргүй хариулсан болов.

Юу л байв гэж, хайлмаг л биз.

Тэгсэн Ганеша

Зүйтэй!!!

Амаа хагас ангайсан чигтээ мэлэрсэн царайгаар хариулж байна.

Яаж вэ? яаж мэдэв ээ? Дөнгөж сая, хооллоод дууссаны дараах миний амттан идэх дуршлыг яаж олж харав аа?

Ганешагийн ааш гэнэт хувирсанд би өөрийн эрхгүй тулгамдав.

Гүй ээ, юу ч гэх юм, санаандгүй л…
Миний сургаалыг чи ийм хурдан ойлгочлоо гэж үү дээ? Юу вэ энэ түргэн шингээлт!? Энэ эрчээрээ явбал жилийн тэрбумын орлого энүүхэнд юм биш үү?
За арай ч тийм амархан...

Гэсэн ч Ганеша миний үгийг таслан байж орилов.

За алив, шалавхан! Мартаагүй дээрээ гялс амттан барьж ирээд амжилтын мэдрэмжээ ой ухаандаа лав гэгч сийлээд ав. Алив хөдлөөрэй.

Нэг анзаартал би хайлмаг халбага бариад Ганешагийн зүг гүйж явна.

Амттай гэгч нь хайлмаг гүзээлэх Ганешаг харж зогстол “Намайг сургах нэрийдлээр, явж явж би л Ганешад ашиглуулаад байна уу даа...”, ийм нэг эргэлзээ толгойд минь наалдаад ер ховхорч өгөхгүй байлаа.


Ганешагийн даалгавар:

Хүний хүслийг амдаж таах


Үргэлжлэл бий....

3 comments:

Симони Адам said...

karentinaar eniigee duusgaval bayarlanashuu

boldko said...

gaihaltai

Tumen said...

Яаая гоё болж байна шүү, Ганнээ шаа, Ганнээ шаа, Ганнээ шаа

Post a Comment