2016/01/21

1. Протагор. Абсолют үнэн гэж хаа ч үгүй



Үнэн гэж ер нь юу юм бэ? Үл хувирах, абсолют туйлын үнэн гэж байдаг юм уу?

-      Абсолют үнэн гэж юм байдаггүй юм аа. Үнэлэмжийн хэмжүүр гэдэг чинь, хүн болгоны хувьд харилцан адилгүй юм шүү дээ.



Юу юугүй толгой эргүүлсэн яриа гараад ирэв үү? (хэхэ)

Дээрх байдлаар абсолют үнэнийг үгүйсгэж, “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэх үзлийг Харьцангуй үзэл гэж нэрлэдэг.  Үнэндээ, хүн төрөлхитөн үнэний тухай анхлан бясалгаж, хамгийн түрүүнд тулж очсон нь энэхүү Харьцангуй үзэл гэх барих барьцгүй дүгнэлт байсан нь бий.

Энэ бол “Нийтийн тооллын өмнөх (НТӨ)” гэгдэх балар эртний цаг үе байв. Тэртээх хуучин цагт, хүмүүс орчин тойрныхоо үл ойлгогдох зүйлсээ бүгдийг нь Үлгэр домгоор тайлбарлан аргацаадаг байжээ. Тэр нь юу гэвэл

-        Яагаад юм бүү мэд. Ямар ч байсан л бурхан ингэчиж.

гэх байдлаар бүхнийг ойлгодог байсан хэрэг байв. Жишээлбэл

-        Аянга яагаад цахидаг юм бэ?

гэсэн хачирхал гарч ирвэл

-    Наад ууланд чинь амьдардаг бурхан авгайгаа араар нь тавьж байгаад баригдаад, бангадуулсан байхгүй юу.

гэх маягаар тайлбарлаад ойлгочихно.

Өнөөгийн бид ийм тайлбар сонсвол

-        Юу яриад байгаа юм. Ямар хүүхэд хуурч байгаа биш дээ.

гээд шоолоод өнгөрөх биз. Харин бодит байдал дээр иймэрхүү үлгэр домгийг “Үнэн юм болов уу?” гэж эргэлзэх нь, тухайн үедээ бол тун ч боломжгүй явдал байлаа. Яагаад гэвэл аав нь ч, өвөө нь ч, тэгээд түүний өвөө нь ч бас, олон үеэрээ тууштай итгэж ирсэн зүйлийг хар багаасаа үргэлж сонсож заалгаж, түүгээр хүмүүжиж, тархиа дүүргэж хүн болчихсон юм чинь хэрхэн яаж түүндээ эргэлзэж чадах билээ? Нэг үгээр хэлбэл, тухайн цаг үед үлгэр домог гээч нь өвөг дээдсээс өвлөгдөн дамжигдаж ирсэн “нийтлэг сургаал” буюу “ердийн ойлголт” байсан хэрэг юм.

Тиймээс “Энэ үлгэр чинь худлаа юм байна” гэх явдал хэзээ ч гарах учиргүй. Үүнийг бидэн дээр орлуулж зүйрлүүлбэл “Дэлхий бол огторгуйн дунд хөвөн орших цэнхэр гариг юм” гэх ердийн ойлголтыг маань “Наадах чинь худлаа” гэж буйтай л адилхан сонсогдох биз. Энэ хэрвээ худлаа байсан юм гэвэл, бидний өвөг дээдэс, тэгээд бас бид бүхэн өдийг хүртэл юу хийж явсан хэрэг болох вэ? Тийм юм гэж байх учиргүй! Хэрхэвч байж таарахгүй!!!

Гэвч, удалгүй хүн төрөлхитөн тэрхүү “үлгэрт итгэх бат итгэл” нь нуран унах цаг үетэй золгох болно. Тэгэх болсон шалтгаан нь газар тариалан байлаа. Ан гөрөөнөөс газар тариалангийн аж ахуй тийш хийсэн шилжилт. Төдийг хүртэл ан хийж өдөр өдрийн хоолоо залгуулдаг байсан хүмүүс газар тариалангийн ачаар тогтмол их хэмжээний хүнс хураах боломжтой болов. Хүнс хангалттай байснаар олон хүүхэд төрүүлж өгсөх боломжтой болно. Ингэж хүн төрөлхитөн газар тариалангийн нөлөөгөөр тоо толгой эрс өсч, тосгоноос суурин, суурингаас хот үүсгэн хөгжин дэвжиж, тийнхүү хот улсууд (полис) бий болох хүртэл хэмжээнд хүрч очжээ.

Тэндээсээ хот улсууд нь ч бас цагийн эрхээр томорч тэлсээр, эцэстээ холын тэртээ орших бусад хот улсуудтай холилдохуйц болоод ирэв. Нэг ёсондоо, “төдийг хүртэл хэзээ ч хоорондоо уулзаж учирч байгаагүй холын хүмүүс харилцан нүүр тулж, харилцаа тогтоох болсон” гэх, хүний түүхэн дэхь цоо шинэ үзэгдэл өрнөх болжээ.

Яг тэр үеэс үлгэр домогт итгэгч хүн төрөлхитөний хувьд “туйлын хачирхалтай фактууд” анзаарагдах болов. Тэр бол “Улс болгонд үлгэр домгийнх нь агуулга харилцан өөр” гэх цочирдмоор бодит байдал байлаа.



-        Аянга чинь нөгөө, тэр уулын бурхан авгайдаа бангадуулахаар цахидаг тэ?

-      Юу? Манай улсад лав тэгж ярьдаггүй дээ. Бурхан чөтгөрийг дарах гээд аварга лантуугаар дэлсэхээр цахидаг гэдэг байх шүү.

-        Алив байз!! Манай улсынх тэгвэл бүүр шал өөр юм байна...?!?



Ийм байдлаар, газар газрын ярианууд зөрөлдөн байх дундаас, хүмүүс бага багаар нэгэн зүйлийг ойлгож эхлэх нь тэр.



-        Үгүй ээ, ер нь. Аягүй бол энэ үлгэр домгууд чинь бүгдээрээ худлаа юм биш үү?!?



Төдийг хүртэл өөрсдийн улсдаа “абсолют үнэн” гэж итгэгдэж байсан сургаал хийгээд ердийн мэдлэгүүд. Тэр нь бүхлээрээ хов хоосон зохиомол панал төдий болох нь илрэх тэр агшины гүн шокийг төсөөлөх гээд үз дээ!. Тэд үнэхээр хүнд цохилтонд оров.

Цаашлаад үлгэр домгоор ч тогтохгүй, “ариун ёс гэж юу вэ?” гэх үнэлэмжийн хэмжүүр ч, “юу гэмт хэрэг вэ?” гэх хууль дүрэм хүртэл улс болгоны хувьд харилцан өөр болохыг хүмүүс анзаарч эхлэв.

Жишээ нь, нэг улсад өшөө авах нь гайхамшигтай баатарлаг хэмээгдэн магтагдах үйл хэрэг байхад, өөр нэг улсад өс хонзондоо галзуурсан ердийн муу алуурчин гэгдэн ад үзэгдэх гэмт хэрэгт тооцогдоно. Ив ижилхэн үйлдэл атал, хаана болсноосоо хамаараад ариун явдал ч болж, эсвэл гэмт хэрэг ч болно.

Иймэрхүү ялгаа зөрүү нүдэн дээр нь өрнөхийг хараад ямар ч хүний толгойд “өөрийн улсын дотор абсолют гэгдэж байсан үнэн”-д эргэлзэх эргэлзээ төрөх нь зүй биз. Тэгээд нэг мэдэх нь ээ “Абсолют хөдлөшгүй үнэн гэж байдаггүй юм байна” гэсэн ойлголттой болцгоож, “Юу зөв, юу үнэн гэх зэрэг бол эцсийн эцэст хэн, хаана, хэзээ гэдгээс хамааран өөрчлөгдөж байдаг харьцангуй шинжтэй эд юм байна” гэх Харьцангуй үзлийн дүгнэлтэд хүрч очжээ.



Хүн бол бүх юмсын хэмжүүр



“Үлгэр домог” хэмээх абсолют үнэлэмжийн хэмжүүр нуран унасан тэрхүү цаг үед, Харьцангуй үзлийг төлөөлж Протагор (НТӨ 485 - 410) хэмээх философич төрөн гарав.

Тэрээр “Хүн бол бүх юмсын хэмжүүр” хэмээн айлдав.

Үүнийг тайлбарлавал, жишээ нь аяган доторх ус таны хувьд “хүйтэн ус” байжээ гэж бодъё. Тэр үед та “Аяган дотор хүйтэн ус байна” гэж баттай хэлж чадах уу? Үнэнийг хэлбэл, гарцаагүй таныхаар байх албагүй юм. Учир нь хойд туйлын мөсөн хунгар дунд байгаа хүн яг тэр усыг чинь “бүлээн” гэж мэдэрч ч магадгүй учраас тэр. Энэ мэтээр, ердөө усны хүйтэн халууны тухай ярихад л, тэр нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байх бөгөөд, абсолютаар усыг “халуун (эсвэл хүйтэн)” гэж дүгнэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Үүнтэй адилаар, Протагор нь “сайн, муу” мэтийн ухагдахууны тухайд ч хүн бүрийн хувьд харилцан адилгүй бөгөөд, эцэслэн дүгнэх ямар ч боломжгүй гэж үзэв. Иймэрхүү ухагдахуунууд бол хувь хүн болгон өөрийн хэмжүүрээр (үнэ цэнийн мэдрэмжээрээ) зоргоороо дүгнэж хэлдэг зүйлс тул, “Чи маш буруу юм хийж байна!!” мэтийн үг хэлэх нь, ердөө л өөрийн хэмжүүрээ бусдад тулгах гэсэн муйхар оролдлого юм гэнэ.

Тэгтэл, Протагорын энэхүү Харьцангуй үзлийн философи нь, ялангуяа тухайн үеийн улс төрчдийн дунд тун өргөн тархжээ. Учир гэвэл, Протагорын амьдарч ахуй үеийн эртний Грекэд, ил талбайд олон түмний өмнө улс төрчид нээлттэйгээр мэтгэлцэх заншил байсан ба, Протагорын Харьцангуй үзлийн философи нь тиймэрхүү талбарт өрсөлдөгчөө дарахад тун боломжийн техник болдог байв.

Үнэхээр ч, харьцангуй үзлийг ашиглаад эвтэйхэн шиг “үнэлэмжийн хэмжүүрийг” өөрчилж чадвал, ямар ч “хүйтэн ус” байлаа гээд харьцангуйгаар “халуун ус” болгож болдгийн адилаар, ямар ч “хөгийн санааг” харьцангуйгаар “гайхамшигтай санаа” болгон харагдуулж болно. Эсрэгээрээ, өрсөлдөгчийнхөө хэлсэн ямар ч “гайхамшигтай санааг” хөгийн санаа болгон шившиглэж ч болно. Жишээлбэл, “Харь буурай орныг байлдан эзэлж, хүн ардыг нь боолчлон захиръя” гэх нь ачир дээрээ хөгийн санаа мэт байвч

-     Иргэншлээс хоцрогдсон хөөрхий харанхуй бүдүүлэг харийн хүмүүсийг, өндөр соёлт өөрсдийн Грекдээ авчирч аварцгаая!!

гэх маягаар нулимс дуслуулан байж хашгирахад л туйлын “гайхамшигтай санаа” болж сонсогдож байгаа биз? Харин эсрэгээрээ өрсөлдөгч нь ингэж хэлбэл өөдөөс нь

-        Ямар хүний үнэргүй новш вэ! Тэднийг өөрийнхөө гэр бүл дээрээ тавиад үзээч. Гэр бүлдээ чи тэгж хандаж чадах уу?

гээд нулимс цувуулан хашгираад л байж боломгүй “хөгийн санаа” болгож харагдуулах жишээтэй юм.

Тухайн үеийн Грек нь ардчилсан тогтолцоот төртэй байсан тул, улс төрчид сонгуулийн эрх мэдэл бүхий ард олны өмнө өрсөлдөгчдөө мад тавиулаад шившгээ хутгаад байж тун болохгүй. Тийм ч учраас ямар ч санааг хөмрүүлж, цагааныг хар, харыг цагаан болгон харуулж болдог Протагорын Харьцангуй үзлийн философи нь мэтгэлцээний урлагийн хамгийн хүчтэй арга техник гэгдэн чухалчлагдах болов.

Тэгээд, Харьцангуй үзлийн философийг гүнзгийрүүлэн суралцъя хэмээн олон улс төрчид Протагор тийш шавалдах болж, үр дүнд нь Протагорын сургалтын төлбөр хаданд гарах нь тэр. Зарим яриагаар түүний ганц удаагийн хичээлийн орлого нь хороо цэрэг худалдан авахад хүрэлцэхүйц байсан гэдэг.

Ийм цаг үеийн дэвсгэр нөлөөлж, эртний гэгдэх тэр ертөнцөд Протагорын философи өргөн дэлгэрч, нийгмийн уур амьсгал нилэнхүйдээ “Хүн бүр харилцан адилгүй” гэсэн Харьцангуй үзэл тийш ханаран оджээ.
Яагаад ч юм, өнөөгийн хүмүүсийн баримжаагаар бодоход, эрт балрын хүмүүс гэж мухар сүсэгт баригдсан хатуу толгойтой, харин өнөөгийн хүмүүс бол бүхнийг өргөн хүрээнд харж, аливааг наанатай цаанатай (харьцангуйгаар) авч үзэх чадвартай... юм шиг гэж санагдах авч, үнэндээ энэ бол тэс эндүү баримжаа. “Үнэлэмжийн хэмжүүр бол хүн бүрийн хувьд харилцан өөр юм аа” гэх Харьцангуй үзлийн сэтгэлгээ энэ тэр бол, хүн төрөлхитөн тэртээх 2,500 жилийн өмнө хэдийнэ дайраад өнгөрчихсөн замын өртөө юм л даа.

Үргэлжлэл - 2. Сократ. Мэдэхгүйгээ мэдэж авах нь үнэнд ойртох эхний алхам юм

Философи цагаан толгой

8 comments:

Bayasum said...

философи, цөмийн физик, математик... ийм хялбар, энгийн, хөгжилтэй тайлбарлана гэдэг.. бишрээл суудын.. тэгжугаад ном гаргаасай ч гэж бас боддын.. :)

ТОМё БОДё said...

Заавал ном болгож, хэн хэндээ зардал чирэгдэл учруулах хэрэг байгаа юм болов уу?

tuvi said...

маш их баярлалаа

boldbayar said...

Уншихад хялбар, энгийн болгосон сайхан байна.

soyongegeerel said...

Энэ мэдлэгүүдээ олон хүнд хүргэнэ гэж бодож байвал ном нь дээр

Anonymous said...

Ном болж хэзээ хэвлэгдэх вэ, маш сонирхолтой байдлаар бичигдсэн байна

Anonymous said...

Pratogoras НТӨ 490-420 гэсэн байх юм. Wikipedia дээр

Anonymous said...

bayarlalaa

Post a Comment