2014/10/05

Шидэт хүн

-      Оно гуай, та чинь аль 4, 5 жилийн өмнө үхчихсэн баймаар юм. Яагаад амьд явна вэ?

Эмчийн тийн асуух нь ч арга байсангүй.

Зөвхөн “анагаахын үзүүлэлт” харах юм бол, Оно гуай өдийд үхсэн байхад ер гайхах юм байсангүй. Гэсэн ч тэрээр амьд явна. 82 настай Оно Харуко гуай энх тунх амьдарсаар явна.


Нэг удаа зүрх зогсолт цаг хэртэй үргэлжилжээ. Түүнийг буцаад ухаан орох үед оршуулгын бэлтгэл хэдийнэ эхэлсэн байсан гэдэг.

Сүүл үедээ орсон хорт хавдар, зүрхний шигдээс, бүтэн биеийн саажилт, нүд сохролт… Түүнийг дайрсан хүнд өвчнүүдийг нэрлээд явбал дотор харанхуйлмаар. Тийм зовлон шаналалтай ээлж дараалан учирсан хэрнээ, бүгдийх нь ард гарч чадсан гэхээр, хүний ухааныг нэгэнт давжээ гэж хэлэхээс аргагүй.

Түүнд анхны хүнд өвчин илэрсэн нь сүүл үедээ орсон хөхний хорт хавдар байсан ба, шууд л амьд явах хугацаа 1 сар гэж оношлогдож байж (51 настайдаа).

Онош тавигдах үед нэгэнт хором ч хойшлуулах аргагүй байсан тул, тэр дороо эмнэлэгт хэвтэж, хагалгаанд оржээ. Бүгд үзлэгт орсон тэр өдөртөө өрнөв.

Азаар хагалгаа амжилттай болжээ. Тэгтэл хагалгааг гардаж хийсэн эмч эгээ л сүнс нь зайлсан мэт төрхтэй Оно гуайн амрах өрөөнд орж ирэв. Учир нь түүний хагалгааны үеэр бараг л огт цус гараагүй юм гэнэ. Хагалгааны хувцсанд үсэрсэн цус гэвэл жижигхэн толбо 3 хэртэй. Хагалгааны үеэр гарсан бүх цус нь л тэр. Тийм хүнд хагалгаа хийсэн байтал шүү.

-      Оно гуай, та ямар нэгэн шүтлэгтэй юу?

-      Тиймээ, би Христ шүтлэгтэй.

Ямар гээч бурхны адислал гэдэг нь энэ билээ.

Түүний эцэг эх ч мөн гүн шүтлэгт хүмүүс байсан гэх бөгөөд, аав нь бас эмч хүн байжээ.

-      Шүтлэггүй хүн үхэж байхыг харахаар, өрөвдөөд нүдээ эгцэлж ч чаддаггүй юм.

гэж аав нь хэлдэг байжээ.

Нядалгааны газар ажилладаг байсан нэг хүн үхэхдээ “Үхэр мөргөлөө, үхэр мөргөлөө!!” гэж амь тэмцэн бачуурч байсан гэдэг. Түүнд өвчин намдаах тариа хийгээд ч нэмрийг олоогүй.

-      Үхэж байгаа шүтлэггүй хүний зовлонд эм үйлчилдэггүй юм. Хэдий биенд нь үйлчилсэн ч, сэтгэлд нь үйлчилдэггүй юм.
хэмээн аав нь ярьсан удаатай.

Оно гуай 66 настай байхад нь судасны үрэвслээс болоод бүтэн бие нь саажиж орхив.

Гэсэн ч хөдөлдөггүй гараа яаж ийн хөдөлгөсөөр зураг зурж эхэлжээ. Гэвч тийм амар байсангүй. 2 сар ноцолдож байж арай гэж ганц шулуун зурав. Гурвалжин зурахын тулд ахиад 2 сар зарцуулж. Дугуй дүрс зэрэг бол бүр тоймгүй хэцүү...

Тэгэвч, хагас жил өнгөрөхөд нэгэн тарлан цэцэг зурж дуусгажээ. Хажууд нь бас өөрийн үгээ шигтгэсэн харагдана. “Зовлон учирсан явдал бол, миний төлөөх сайн зүйл юм”.

Хэрэг болгож зурж сурсны баяр хөөр намжаагүй байтал түүнээс гэрэл холдон арилах нь тэр. Нүд нь таг сохорчээ.

Алхаж чадахгүй саажсан биен дээрээ нэмээд харж ч чадахгүй. Ердөө л орон дээр гулдайн хэвтэх өдөр хоногууд үргэлжилсээр…

Тийм өдрүүдийн дунд гэнэтхэн нэгэн гэгээлэг мэдээ өрөөгөөр цуурайтах нь, Киотогийн эмнэлэгт нэгэн сайн эмч байдаг юм гэнэ.

Шалавхан Киото руу шилжин хэвтэж хагалгаанд ортол, амжилттай болох магадлал 0.5% гэх туйлын хүнд хагалгаа амжилттай өндөрлөв. Цаашлаад, хэдий амжилттай болсон ч гэрэл мэдрэх төдийхөн л хараа орно гэгдэж байсан түүний хараа одоо баруун зүүн хоёулаа 1.5 болтлоо сайжраад байна.

Ийнхүү таг сохор 5 сар дуусгавар болж, одоо тэрээр бусдын адил гэрлээр бялхаж явна.

Оно гуай өөрөөсөө асууна
-      Одоо үхсэн ч яахав гэж үү? Эсвэл амьдармаар байна уу?

Бурхан түүнд зовлон ирэх бүрт давж гарах хүч бэлэглэж ирсэн.

Урт удаан өвчний түүхээ эргэн дурссан Оно гуайд гэнэтхэн нэгэн бодол зурсхийв.

-      Өвчин над дээр ирдэг бус, би өөрөө үүсгээд байна.

Түүнээсээ хойш биеэ засаж, бас хоолоо засаж, “бүхнийг бурхны таалалд даатгах болжээ”.

Одоо түүний баруун гар битүү хавагнан саажсан буй. Хэрвээ гараа тайрахад хүрсэн ч, түүний дотор амгалан гэнэ. Учир нь “бурхнаас авсан гараа буцааж өгч байгаа юм аа” гэнэ.

Өөрөө өөртөө хүлэгдэх нь зовлонг улам хүндрүүлж, давж гарах ч боломжгүй болгодог юм шүү дээ гэж тэрээр өгүүлнэ.

Өчнөөн олон хүнд өвчнүүдийг даван туулсаар ирсэн Оно гуайг хүмүүс “Шидэт хүн” гэж дуудна.

Түүнийхээр бол “хязгаарлагдмал” өөртөө хорогдохоо больсон учраас л “хязгааргүй” бурхан ид шидээ ивээсэн учиртай аж.

Бурхан эцэг шаналж буй охиндоо хандан “чамайг танихгүй” гэж хэрхэвч хэлэхгүй гэдэгт Оно гуай итгэдэг.

-      Би бол, би боловч бас би биш юм.

Бусад оршин байгаа учраас л би гээчийг анзаарч чадна.

Өвчин байдаг учраас л эрүүлийг мэдэрнэ.

Бид бүхэн үргэлжид “2 туйлын хооронд” холбирон хөдөлж байдаг юм шүү дээ.

Буддын их хөлгөний алдарт Зүрхэн судраас тольдвол “Дүрс бол хоосон. Хоосон бол дүрс” гэж бууна.

Тусдаа гэж бодон төөрөгдөх нь хүний дур зорго боловч, “мөн чанартаа нэг юм” хэмээн гэгээрсэн хүмүүс ам нийлүүлнэ.

-      Үхэж төрөх хэмээвээс, “үхэх” ба “төрөх” хоёр урсгал хэмээн сэтгэх авч, түүний мөн чанар нь “ердөө ганц үйл” болохыг мэдвэл зохилтой.
Зэн буддын их багш Сүзүки Дайсэцү.



2 comments:

Анандгэрэл said...

Гайхалтай яа.

Unknown said...

Бодит түүх сайхан шүү,
Хүний итгэсэн чигтээ зүтгэсэн тэмүүлэл өөрийг нь ч авардаг байж ч болох юм.
Христ эхлэлтэй Буддист төгсгөлтэй бичжээ. :-)
Арай өөр оюуны түвшинд ...“ердөө ганц үйл”...байх нь

Post a Comment