- "БИ" хаана байдаг юм бол?...
- ...Миний биен дотор уу?...
- ...Эсвэл энэ, хуурмаг мэдрэмж үү?...
"Биенийхээ гадна гарах", өөрөөр хэлбэл өөрийнхөө биенээс гарч, өөрийгөө хөндлөнгөөс харж буй мэт мэдрэмжийг юу гэж тайлбарлавал зохих вэ?
Өнөөг хүртэл төсөөлж ч байгаагүй хүний нууцыг тайлах ажиллагаа нэгэнт эхлээд байгаа бололтой. Шведийн мэдрэл судлалын эрдэмтэн Henrik Ehrsson-ий лабориторит "Биенийхээ гадна гарах" туршилтыг ялаа алахын дайтай гарын дор хийдэг гэнэ. Түүний зорилго бол "Хүн өөрийгөө (буюу "БИ"-г) биен дотроо мэдэрдэг тэр хувийн ухамсарын механизмыг тайлах" явдал юм.
- Би өөрөөсөө 2 - 3 метрын зайд хөндийрсөн байгаагаар мэдэрсэн
гэж туршилтанд орсон нэгэн хүн ярьж байна.
- Тэгтэл хутга яг миний бие рүү чиглэх вий гээд өөрийн эрхгүй бултахыг хичээсэн. Өөрийнхөө биений гадна байгаа мөртлөө шүү.
Хажуу дахь компьютер дээр түүнд агшин зуурын айдас төрсөнийг илтгэх огцом долгиолсон график зурагдсан байв. Туршилтанд оролцогчийн хуруунд залгасан мэдрэгч, арьснаас нь ялгарах хөлсийг мэдэрсэн хэрэг. Туршилтын үеэр мэдэрсэн мэдрэмж төдий чинээ бодит байжээ.
Энд онцолж хэлэхэд, туршилтанд оролцогч бол огтхон ч увидастай сүнслэг нэгэн бус, энгийн нэг хүн юм. Тийм энгийн хүн хүртэл "Биенийхээ гадна гарах" гэсэн ид шидийн зүйл мэдэрч чадсан нь далдын хүч биш, ердөө л нэг тусгай шил, видео камер, хоёр саваа, тэгээд ганц хутганы үзүүлбэр юм.
Туршилтанд оролцогчын нүдэнд шил суурьлуулсан бөгөөд, тэр шил нь видео камерийн дүрсийг түүнд үзүүлнэ. Харин видео камер туршилтанд оролцогчын чанх ард суурьлагдсан тул, тэрээр үргэлж өөрийгөө хойноос нь харна гэсэн үг. "Өөрийн биенээсээ мултарсаны" дараах түүний байрлах цэг тэнд байх болно.
Ингээд хуурмаг мэдрэмж үүсгэхээр Ehrsson хоёр гартаа саваа бариад, нэгээр нь туршигдагчийн цээжийг тогшиж, түүнтэй яг зэрэг камерийг бас хөнгөхөн тогшино. Мэдээж туршигдагч цээжийг нь тогших савааг мэдрэнэ. Харин нүдний өмнөх шилнээс харагдах дүрсэнд "өөрийнх нь ар төрх" харагдаж байгаа тул цээжийг нь тогших савааг бус, зөвхөн камерны өмнөх савааг л анзаарна.
- Хөөх, өөрийгөө араас нь ажиглаж байгаа "энэ надад" мэдрэмж байна шүү. Лав л энэ савааг мэдэрлээ...
Энэ хачин мэдрэмжээр, жинхэнэ БИ, миний харж байгаа тэр биений ар талд байгаа болохыг тод гэгч нь мэдэрч эхлэнэ. Яалт ч үгүй өөрийнхөө ар талд "биенийхээ гадна гарсан" байгаа мэт мэдрэмж...
- 10 секундын дотор л, би бодитоор өөрийнхөө гадна гарч, хэдэн метрийн ард хөвж байгаа юм шиг санагдсан.
Ehrsson үүнээс гадна "өөр хүнтэй биеэ солих", "3 дахь гартай болох", "хүүхэлдэй шиг жижигхэн, эсвэл аварга том болох" зэрэг өөр олон хуурмаг мэдрэмжүүдийг үүсгэж чадсан байна.
- Бусад мэдрэл судлаачид бидний ажлыг нэлээн сэжиглэнгүй хардаг юм
хэмээн Ehrsson маадгар инээнэ.
"Өөрийнхөө биеийг эзэмшиж байгаа гэх мэдрэмж" бидний сэтгэлд туйлын бат бөх суусан байдаг. Тиймдээ ч үүнийг дахин сайтар тунгаая гэх хүн барагтай бол байдаггүй. Өнөөг хүртлэх эрдэмтэд ч, философичид ч энэ талаар огтхон ч эргэлзэж байгаагүй.
Урьдын философич Декарт
- Энэ ертөнцөд найдвартай итгэж болох зүйл бий гэвэл, тэр нь "миний гар бол миний гар юм" гэдэг л байх.
гэж хэлсэн удаатай.
Харин Ehrsson харах мэдрэхүй, хүртэх мэдрэхүй хоёрыг 10 секунд мэхлэх төдийд л тэр бат итгэлийг хөнгөхөөн нураачихна. Нүдний өмнөх хаймаран бороохойг "миний гар" гэж бодуулах зэрэг бол хурууны үзүүрийн л ажил.
Ehrsson-ий үгээр бол
- Хувийн ухамсар (Би ямар нэгэн зүйл бодож байна гэх мэдрэмж) гээчийг хүнд төрөлхөөс суугдсан хэзээ ч хувирашгүй зүйл гэж ойлгодог боловч, үнэндээ огтхон ч тийм биш юм. Хувийн ухамсар нүд ирмэхийн зуур л өөрчлөгддөг.
Урьдын Декарт
- Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна
гэж хэлсэн. Өөртөө эргэлзсэн Декарт, эргэлзэн буй хэн нэгэн тэнд байгаа учраас л, өөрийгөө оршин байна гэж хэлсэн.
Гэвч эсрэгээрээ
- Тэгж бодож байгаа учраас л, өөрөө өөрийгөө хязгаарлаж байгаа хэрэг биш гэж үү?
(Эргэлзэн буй хэн нэгэн байхгүй ч юм билүү???)
Өөрийнхөө мэдрэхүйнүүдэд бүхнийг даатгаж орхивол, эцэстээ өөрийгөө хаана байгааг ч мэдэхээ болино. "Биенийхээ гадна гарах" Ehrsson-ий туршилт үүнийг л хэлээд байх шиг.
Ehrsson оюутан байхаасаа л "өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харах юмсан" гэж боддог байж. Анагаахын уйтгартай лекцүүдийг сонсож суухдаа
- Миний ой ухаан яг одоо хаахна байгаа бол доо?...
гэсэншүү юм бодон гиеүрнэ. Тэгж явсаар эмчээ хаяад "хуурмаг мэдрэмж" гээчийн тухай илүүтэй сонирхох болов.
Жишээ нь суут Аристотель
- Долоовор хуруу, дунд хуруу хоёроо солбиж байгаад хамартаа хүрвэл 2 хамартай юм шиг мэдрэмж төрнө
гэсэн хуурмаг мэдрэмжийг нээсэн байдаг. Ehrsson туршаад үзтэл нээрээ л тэгж санагдав. "Хуурмаг мэдрэмж" гэхээр гол төлөв "хуурмаг дүрс" (хуурмаг үзэгдэл) - ийг заах явдал бий. Нүд гэдэг эрхтэн дэндүү хялбархан хууртагддаг тул, түүнийг шоглох элдэв зураг дүрсний талаарх судалдаа нэлээд өргөн дэлгэр тархжээ. Харин биеийн хуурмаг мэдрэмжний талаар бол тийм ч олон судалгаа байхгүй. Тиймээс Ehrsson "Биеэ эзэмшиж байна гэх мэдрэмжийг амархан хуурах боломжтой юу?" гэдэг сэдвээр нарийн судалгаа хийхийг зорьсон байна.
Түүний анхны мэхлэлт болох "Биенийхээ гадна гарах" гэдэг хуурмаг мэдрэмжийг гайхалтайгаар мэдрүүлсэн нь 2007 он. Туршигдагчаар "Би өөрийнхөө биений гадна талд байна" гэж амжилттайгаар хэлүүлж чадав.
Дараа жил нь туршигдагчид "Энэ манекен хүүхэлдэй бол миний бие мөн" гэж итгүүлэх туршилт амжилтанд хүрэв.
2011 онд туршигдагч өөрийгөө "бяцхан Барби хүүхэлдэйн биен дотор байгаагаа" хүлээн зөвшөөрөв. Америкийн үндэсний эрүүл мэндийн инститүцийн (National Institutes of Health) мэдрэл судлаач Mark Hallet өөрийн биеэр туршилтанд орж үзээд хэлээ залгив.
- Энэ хуурмаг мэдрэмж бол үнэхээр чанга эд байна. Итгэхийн аргагүй хурдан мэдрэгдлээ.
Гэвч эцсийн эцэст Ehrsson-ий туршилтууд хуурмаг мэдрэмж юм уу? Эсвэл "өөрийнхөө биеийг эзэмшиж байна" гэдэг тэр хөдлөшгүй илэрхий ойлголт үнэндээ хуурамч байсан хэрэг үү? Түүний судалгаа гүнзгийрэх тусам өнөөг хүртэл хөндөгдөж байгаагүй хөндлөн ойлголтууд хэврэгшиж байх шиг.
Эртний Хятадын гүн ухаантан Чжуан Цзы, өөрийгөө эрвээхэй болон нисч байна гэж зүүдэлсэн гэдэг. Зүүдэндээ эрвээхэй болон дүүлж байсан Чжуан, өөрийгөө үнэндээ Чжуан юм гэж төсөөлсөн ч үгүй. Харин сэрсэн хойноо тэрээр өөрийгөө өөрөө болохыг анзаарч, хэсэг төөрөлдөн бодлогоширчээ.
- Би үнэхээр Чжуан юм болов уу? Эсвэл би үнэндээ эрвээхэй бөгөөд, яг одоо Чжуан болж байна гэж зүүдэлж байна уу??
Аль нь бодит, аль нь хуурмаг болохыг ялгаж чадалгүй хямарсан Чжуан хожим нь энэ яриагаа ингэж багцалсан гэдэг.
- Эрвээхэй болон Чжуан хоёрын хэлбэрт илэрхий ялгаа бий боловч, эдлэн захирах энэ БИ эгнэгт үл хувирах буйза.
(Эрвээхэйн дүрд орсон ч бай, Чжуаны дүрд орсон ч бай, би бол хэзээд БИ л байх болно)
Ehrsson хүмүүст "эрвээхэйний зүүд" үзүүлж чадна. Эрвээхэйний зүүд үзсэн бүхэн уймран эргэлзэнэ.
- Эрвээхэй чинь БИ юм уу?
- Эсвэл БИ чинь зүүд юм уу?
БИ хэмээх эзэн бие, тохиолдолоор яг одоо энэ махан биенд түр зуур орогнон байгаа хэрэг үү? Тийм бол тэр БИ гэгч ер нь юу вэ?
Тархи судлалын сурах бичгээс харвал, хүн өөрийн биеийн байрлалыг арьс болон булчингаас ирэх сигнал (мэдрэмж) - аар дамжуулж мэдэрч байдаг гэнэ. Тархи огтхон ч амрах явдалгүйгээр бүх мэдрэхүйгээс ирэх мэдээллүүдийг боловсруулж, хувийн ухамсарыг бий болгож байдаг. Тийм ч учраас тэдгээр мэдрэхүйнүүдийн "дотор тал", өөрөөр хэлбэл биен дотроо өөрийгөө байгаа гэж бодоход хүрдэг.
Харин тэр байнга ирж байдаг тогтсон сигналуудыг хооронд нь хутгаж орхивол өөрийгөө хаана байгаагаа ч мэдэхээ болино. Зарим нь өөрийн биеэсээ хэдэн метрийн ард хөвж, зарим нь бүр чихмэл тоглоомон дотор явж байх жишээтэй.
Сонирхолтой нь иймэрхүү мэдрэмжүүдэд хууртдаггүй хүмүүс гэж бас байдаг гэнэ. Бүжигчид болон гимнастикчид гэх мэт "харах мэдрэхүйндээ найдалгүй өөрийн байрлалаа тодорхойлж сурсан" тэдгээр хүмүүс юм. Үүнийг Ehrsson-ий үгээр тайлбарлавал
- Харах болон хүртэх мэдрэхүй хоорондоо нягт холбогдсон үед л хуурмаг мэдрэмжинд автдаг байх.
Харин тэр хоёр мэдрэхүйг юу тэгж холбоод байгаа нь хараахан нууц хэвээр. Зарим нь түүнийг "олон мэдрэхүйт нейрон" буюу олон мэдрэхүйгээс ирсэн мэдээлэл боловсруулалтанд оролцдог мэдрэлийн эстэй холбож үзэх нь бий.
Ehrsson-ий "өөрийгөө эзэмшиж байна гэх хуурмаг мэдрэмж" зарим нэг далдын авъяастай хүмүүсийг бухимдуулна.
- Миний мэдрэмж бол огтхон ч хоосон хуурмаг мэдрэмж биш шүү.
Гэвч нөгөөтэйгүүр түүний ажил гайхамшигт ирээдүйн үрийг өөртөө агуулна. Жишээлбэл ирээдүйд "хүмүүс, робот гэх мэт тэс өөр биетийг өөрийн биеийн адилаар удирдан залуурдаж чаддаг болж болно".
Дээрхи хуурмаг мэдрэмжийг ашиглавал Аватар киноны аватар бодитоор биеллээ олохыг ч байг гэх газаргүй. Харин тэр үед аватар болох робот биетийн хэмжээ нь ямар ч байж болно. Эмч нар бичил роботын биенд хувилж, өвчтөнийхөө биен дотор гүйлдэж, эсрэгээрээ инженерүүд аварга том роботын биенд хувилж атомын цахилгаан станцыг угсарч буулгаж чаддаг болно.
Ийм ирээдүйн тухай бодол Ehrsson-ий царайнд өөрийн эрхгүй баясал төрүүлнэ. Түүний таамаглалаар бол хүн болон багаж хоёрын хооронд 0.1 секундын дотор сигнал солилцож чадвал "биеийн хуурмаг мэдрэмж" төгс үүсэх боломжтой. Тэр үе ирэх цагт, БИ нэгэнт би биш болно. Тэнд Аватарын ертөнц биеллээ олох болно.
- Тархи төрөл бүрийн мэдрэхүйгээс ирсэн мэдээллийг хэрхэн нэгтгэдэг юм болоо?
Ehrsson түүний механизмыг тайлах гээд тун завгүй.
- Жишээлбэл тэр нь мөн чанартаа зүгээр л статистик байж мэдэх юм. Тархи өөрийнхөө гарыг гарцаагүй энд байгаа гэж бодох бус, "ойролцоогоор энд байх магадлал өндөр" гэсэн баримжаагаар тооцдог байж магадгүй.
Тийм бүдүүн баараг тооцон дунд хуурмаг мэдрэмж үүсэх завсар зай байж л таарна.
- Тэр тохиолдолд тархийг мэхлээд "тэр бие ч, энэ бие ч адилхан миний бие мөн" гэж бодогдуулж чадаж бас мэдэх юм.
Хэрэв энэ боломжтой бол "БИ" хоёр хуваагдаж, хоёр биен дотор зэрэг оршин байх төлөв ч хий хоосон зүйл биш болно. Тэр үед "өөрийнхөө биеийг эзэмшиж байгаа" гэдэг мэдрэмж төдийгүй, "БИ бол цор ганц" гэдэг мэдрэмж хүртэл хуурмаг болж таарнаа гэсэн үг.
Ehrsson-ий яриаг сонсох тусам, өөрөө өөрийгөө улам сэжиглэнэ.
Ингэхэд үнэхээр БИ гэж байдаг юм уу? Тэр нь тэгээд БИ бөгөөд, бас давхар БИ биш ч юм шиг. Яг ингээд одоо бодож буй БИ үнэндээ хуурмаг ертөнцийн хоосон иргэн биш байгаа?
Эсвэл Ehrsson бидэнд БИ гээчийн тодорхойлолтыг улам өргөтгөж өгч байна уу?
Өнөөг хүртлэх бидний хувийн ухамсар, өөрийнхөө махан биен дотор л хязгаарлагддаг байлаа шүү дээ. Харин Ehrsson тэнд хязгаар байхгүй болохыг давтан давтан баталж байна. Хувийн ухамсар гээч тэрхүү давчуу өрөөнөөс мултран гарах газрын зураг тэнд бүтээгдэж байгаа ч юм билүү.
Жинхэнэ БИ тэнд, дуртай киноныхоо ертөнцөд, дуртай дүрийнхээ дэргэд жинхэнээсээ явж байх ч юм билүү. Хичнээн түүнийг хуурмаг мэдрэмж гээд, хэрхэн хуурмаг гэж ам гарч чадах билээ?
Чжуаны эрвээхэй хаашаа ниссэн бол?
Үл мэдэх БИ тэнд байна уу?
Эрвээхэй хаана очихыг хэн ч үл мэднэ.
Үгүй ээ, үнэхээр ЭРВЭЭХЭЙ ч үл мэднэ.
Би сэтгэж байна, тэгсэн ч БИ оршихгүй болж таарав уу?
Тэр ч бас хуурмаг мэдрэмж байх нь ээ?...
2 comments:
Сонирхолтой. Тун сонирхолтой.
Би-г хайгаад олохгүй л байгаа юм даа, олвол хэлээрэй
Post a Comment