- Чөлөөт сонголт гэж юу вэ?
Хэрэв үүнийг ердөө л
- Юу хүссэнээ хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр өөрөө зорьж очоод сонгох явдал
гэж ойлгодог бол та маш том эндүүрч байна.
Үнэхээр л чөлөөт сонголт гэж тэрийг хэлдэг бол "Чөлөөт сонголт" гэж огт байдаггүй зүйл гэхэд болно.
Бидэнд юу хүссэнээ өөрийн дураар сонгох "чөлөөт сонголтын эрх" байдаггүй болохыг танд дараах туршилтаар үзүүлье.
Таны өмнө өөлөхийн аргагүй авь адилхан хоёр аяга, хоёулаа танаас ив ижилхэн зайд байна. Та өөрийнхөө дураар, зөвхөн өөрийнхөө хүсэл зоргоор, ямар ч шалтгаанаар бай хамаагүй, алийг нь ч байсан болно, гэхдээ яг аль нэгийг нь чөлөөтэй сонгоно уу.
- Та алийг нь сонгох бол?
(Болбол жинхнээсээ өмнөө аяга тавьж байгаад туршаад үзээрэй)
Магадгүй та тохиолдлоор, онцын олон таван юм бодолгүй, зүгээр л, яагаад ч юм "барууныг нь сонгожээ" гэж бодъё.
- Та яагаад барууныг нь сонгосон юм бэ?
Танд ямар нэгэн логиктой хариулт байна уу?
- Зүгээр л барууныг нь сонгомоор санагдаад...
- Аль нь ч байсан адилхан шүү дээ. Тэгээд л барууныг нь...
- Яагаад барууныг сонгосноо сайн мэдэхгүй байна. Санамсаргүй л...
Өөрөөр хэлбэл
- Чухам яагаад барууныг сонгосон болохоо, та өөрөө ч мэдэхгүй. Зүгээр л тэрхэн үед хаанаас ч юм гэнэт тийм бодол гарч ирээд, бараг л өөрийн мэдэлгүй барууныг нь сонгочихсон. Тийм биз?
- Хэрэв тийм бол танд ямар юмных нь чөлөөт сонголтын эрх байх вэ. Та өөрөө зорьж очоод сонгоогүй л юм байна шүү дээ?
гэсэн үг болно биз? Та өөрөө ч мэдэлгүй сонгочихлоо шүү дээ. Нэг ёсондоо, энэ сонголт бол таны хүсэл зоргоос гарсан чөлөөт сонголт биш, гадны ямар нэгэн далдын хүч, эсвэл юу ч юм гэнэт танд нөлөөлөөд, эсвэл удирдаад таныг ийм сонголт хийлгүүлчихжээ. Та гуай ингэхэд мөрөн дээрээ бөндөгөртэй, өөрийн гэсэн ухаантай, амьд хүн мөн үү???
Эсвэл та харагддаггүй утсанд өлгөөтэй утсан хүүхэлдэй юм уу? Тэгээд яагаад ч юм, баруун гарын чинь утас татагдаад, та өөрийн мэдэлгүй баруун гараа өргөчихсөн хэрэг байх нь л дээ?
Тэгтэл та юу юугүй сандарч ирээд
- Үгүй юу гэж дээ. Би чинь угийн баруун хүн (солгойгийн эсрэг) байхгүй юу. Тэгээд барууныг нь сонгосон юм.
гэх маягийн, тов хийсэн логиктой сонголт хийсэн болохоо тайлбарлажээ гэж бодъё.
Гэсэн ч, тийм шалтгаанаар сонголт хийсэн бол, тэр ч бас сонин биш гэж үү?
Таны үйл хөдлөл үргэлж ямар нэгэн дүрмэнд захирагдаж байдаг, цаанаа логик гаргалгаатай юм бол хэн таныг чөлөөт сонголт хийх чадвартай гэж хэлэх юм бэ?
Та зүгээр л нэг програмчлагдсан робот шиг
- Ингэвэл ингэнэ, тэгвэл тэгнэ. Ийм юм болбол ингэж ингэж тооцоолоод, ийм ийм сонголт хийнэ
гэсэн, ирээдүйд юу хийх нь үргэлж шийдэгдээстэй, бүрэн рефлексжсэн нөхөр юм биш үү?
- Аяга харахаараа барууныг нь сонгоно. Баруун болохоороо.
- Очерт зогсохоороо урдах хүндээ наалдана. Урдуур дайруулахгүй гэж.
- Сонин уншихаараа хөмсгөө зангидана. Цус харвахгүй гэж.
Ингэж хэлэхээр магадгүй та эсэргүүцэж болох юм
- Үгүй яалаа гэж, тийм юм байхгүй. Миний сонголт хийх логик бол, өөрийн хүсэл зоргоороо өөрөө бодож олсон "миний ухаан" байхгүй юу
Тэгвэл тийм л өөрийн гэсэн хүсэл зорготой юм бол яагаад энэ удаа тэрүүгээрээ сонголт хийлгүй, логикоор сонголт хийчихсэн юм бэ? Бас л санамсаргүй л... гэх үү?
Эцсийн эцэст та яагаад ингэж сонгох болсон цаад механизмаа бүрэн ойлгож байгаа бол, тэгвэл тэр бол огтхон ч чөлөөт сонголт биш, ердөө л логик програмчлал бүхий робот шиг үйлдэл гэсэн үг.
Тэгэхээр жинхэнэ чөлөөт сонголт байхын тулд цаанаа ямар механизмаар яагаад ийм сонголт хийсэн нь тодорхойгүй байх гэдэг нөхцөл зайлшгүй байх ёстой болно.
Гэвч цаад шалтгаан нь тодорхойгүй бол өөрөө ч мэдэлгүй сонгосон болох тул, огтоос таны хүсэл зоргоор хийгдсэн чөлөөт сонголт биш болж, та бас л чөлөөт сонголт хийх чадваргүй ээ гэсэн үг болно.
Бидний хүсэл зорго гээч юм маань, бидний тооцож анзаарахын аргагүй далдаас бий болдог зүйл бөгөөд, тооцож анзаарахын аргагүй далдаас бий болдог байхгүй бол болохгүй юм. Тэгэхгүй л бол, механик роботын хүсэл зорго болоод хувирчихна.
Тэгэхээр явж явж Бидэнд ямар ч өөрийн хүсэл зоргоороо зорьж очоод хийдэг чөлөөт сонголтын эрх байхгүй юм аа.
No comments:
Post a Comment