Гэхдээ нэг нөхцөлтэй.
– Таны огт үзээгүй, танихгүй, ер нь хэзээ ч уулзахгүй нэг хүн (тэр хүн ч бас таныг мэдэхгүй) бас байгаа. Та тэр хүнтэй энэ мөнгийг хувааж авах юм. Та хэдийг авна, тэр хүн үлдсэнийг нь авна.
Мэдээж, тэр мэдэхгүй нөхөрт огт юу ч үлдээлгүй, бүгдий нь өөртөө авсан ч болно. Таныг ямар шийдвэр гаргасаныг хожим хойно хэнд ч дэлгэхгүй.
Ийм нэг сэтгэлзүйн туршилтыг бүх дэлхий даяар хийж үзсэн байна. Үүнд дэлхийн тэргүүлэх хотуудаас авахуулаад, буурай орны ядуу тосгоны иргэд гээд, ер байж болох бүхий л нөхцөл байдалд байгаа хүмүүсийг хамруулахыг хичээжээ.
Тэгтэл уг туршилтын үр дүн тунчиг анхаарал татам зүйл байсан нь
– Ялгаатай нөхцөлд байгаа зүсэн зүйлийн хүмүүсийн шийдвэр, хоорондоо харьцангуйгаар төстэй болох нь ажиглагдав.
Олон хүмүүс дунд, бүх мөнгийг өөртөө авах нэгэн байхад, бүгдий нь үл таних хүнд үлдээх нэгэн байсан нь ч ойлгомжтой. Гэсэн ч, дундажлаад үзвэл, дор хаяж 20%–аас дээш (100,000 төгрөгийн 20,000–аас дээш) хэсгийг үл таних хүнд үлдээх шийдвэр гаргацгаасан байна.
Эндээс хэлж болох зүйл гэвэл
– Хүн төрөлхитөнд Хуваалцах буюу Хамтач зан гэдэг мөн чанар байгалиас өгөгддөг байх нь
гэсэн дүгнэлт болно.
Хамтач зан гээчийг, ёс суртахууны зохицуулалт гэхээсээ илүүтэйгээр "байгалийн шалгаралд тэнцэж үлдэхийн төлөөх зайлшгүй чадвар" гэдэг талаас нь эрдэмтэд анхаарал тавьж байна. Учир нь цор ганцаараа бол дэндүү сул дорой хүн гэдэг амьтан өдийг хүртэл хөгжиж ирсэний цаана, Хамтач зан хэмээх механизмын гүйцэтгэсэн үүрэг онцгой байсан байж тун магадгүйд байгаа юм.
Гэхдээ харилцан туслалцах замаар амьдралаа залгуулж ирсэн нь зөвхөн хүн биш л дээ. Шимпанзе ч гэсэн тэгдэг. Эрдэмтэн Мацүзавагийн шимпанзегийн хамтрах чадварыг шалгасан нэгэн туршилтыг энд толилуулъя.
Хоёр шимпанзег тус тусад нь шилэн хоргонд хийсэн байна. Хоргоны гадна талд амтат жүүс тавьсан байх агаад, зүүн хоргон дотор байгаа шимпанзе Пүчигийн гар жүүсэнд хүрэхэд үл ялиг дутна. Баруун талын хоргон дахь шимпанзе Маригийн хажууд нэгэн саваа мод байна. Пүчи жүүсийг авахаар хэсэг сарвалзсаны эцэст, хажуугийн хоргон дахь савааг олж харан, Маригаас савааг авч өгөхийг хүсэв. Мари ч хүссэн ёсоор нь савааг өгч, түүгээр Пүчи жүүсийг татаж ойртуулсаар арайхийн гартаа оруулав. Тэгсэнээ гүд гүд хийтэл нь ганцаараа ууж орхих нь тэр.Энэ хүртэл ч яахав, асуудал эндээс эхэлж байгаа юм.
Пүчи, Маригийн савааны тусламжтайгаар жүүсийг авч чадсан боловч, Марид хариу болгож "баярлалаа" ч гэж хэлсэнгүй. Тэгвэл, дахиж Пүчи Маригаас саваа хүсэх үед, Мари түүнд туслах болов уу?
Гайхалтай нь, Мари дахиад л савааг Пүчид өгөв. Хариуд нь дусал жүүс ч авахгүйгээ мэдсээр байж шүү.
Гэхдээ энд нэг анхаарах ёстой зүйл гэвэл, Пүчиг хүсэхээс нааш Мари түүнд туслая гэж огт бодохгүй байгаа явдал юм. "Өгөөч!" гэж гуйвал элдэв асуудалгүй өгөх боловч, гуйхгүй бол харин ч нэг "падгүй" гэсэн харцаар ширтэнэ.
Тэгэхээр дээрхи туршилтаас харахад, шимпанзегийн хамтач зан нь нэлээд идэвхигүй (сайн дурын санаачлага байхгүй) хэлбэртэй байх нь. Харин түүний дэргэд хүний хамтач зан гээч нь зарим үед бүр "Ядаргаатай юм бэ" гэтэл бусдын асуудалд хушуу дүрэн байж туслахаар улайрдаг.
За тэгвэл, бүр болхи амьтадын хамтач занг сонирхож үзье. Тухайлбал, Physarum гэдэг нян байна. Модны ялзмаг дээр үрждэг, зунгааралдсан ганц эст амьтан. Тэдэнд хүн, сармагчин мэтийн дээд төрөлт амьтадад байдаг шиг уураг тархи гэж байхгүй. Гэсэн ч тэд хамтардаг. Гэхдээ зөвхөн байдал бишдсэн үед. Ойр хавьд огт тэжээлгүй болж, юу юугүй үхэж мөхөхийн ирмэгт ирэхээрээ, тэд өөрийн эрхгүй хамтрахад хүрдэг байна.
Өлсөж үхэхдээ тулахаараа, тархай бутархай Physarum нянгууд нэг дор цугларч нэгэн цул болон, тэндээсээ антенна шиг хэлбэр үүсгэн дээшээ сунаж давхаралдсаар, үзүүрт нь өндгөн эсээ хийж байгаад хол газар шидэж, шинэ тэжээл эрдэг байна. Өөрөөр хэлбэл, ердийн үед тус тусдаа байснаа, цагаа тулахаар дараа үеийнхээ төлөө амиа золин байж хамтардаг гэсэн үг.
Амьтад энгийн байх тусмаа генээ өвлүүлж, үр удмаа үлдээх зорилгоо гүнзгий ухамсарладаг бололтой.
Харин 2 өөр төрлийн Physarum–ийг хооронд нь холивол, ялгаатай ген бүхий нянгууд огтхон ч хамтрахгүй.
Эндээс нян, шимпанзе, хүн гэсэн амьтадын хамтач зангийн төвшинг харьцуулж болж байна.
Хамгийн болхи амьтан болох нян нь, үхэлтэй нүүр тулахаас нааш хамтрая гэхгүй. Хамтрахдаа тулсан ч өөр генийн амьтантай бол үхсэн ч хамтрахгүй.
Шимпанзе болохоор, хамтарвал хамтарчихна. Гэхдээ бусдын бодлыг урьдчилж уншаад, сэтгэл гарган туслах хүртэлээ бол биш. Харин өөр төрлийн амьтад тусламж хүсвэл, эв нь таарвал хамтарч л орхино.
Тэдний дэргэд хүн бол туйлын онцлогтойгоор хамтрагч. Тэрээр өөртөө бүгдий нь авч болох мөнгийг ч хар элгийн хүнтэй хуваалцаж, бусдад туслахын төлөө "Боль тэгэх үү" гэтэл нь чаргууцалдан нялуурна. Мэдээж түүнд өөр төрлийн ген энэ тэр бол огтхон ч асуудал биш. Тиймдээ ч бидний зарим нь муур нохойтой хүртэл нялуурдаг.
– Тэгвэл үнэхээр хүн гэдэг амьтан, хамтач зангийнхаа ачаар өдийг хүртэл амьдарч ирсэн юм уу?
Хүн шиг чадал тэнхээгүй үлбэгэр амьтан нь, зэрлэг байгалиас аль эрт арчигдсан ч гайхах зүйлгүй биз. Гэсэн ч тэд цэцэглэн хөгжиж чадсан. Тэр нь, бие биедээ харилцан туслалцаж ирсэний ач юм гэж үү?
Эртний хүн судлаач эрдэмтэн Karen Rosenberg-ийн үзэж буйгаар бол, хүний таазны ясны хэлбэрийн өөрчлөлт нь, хүмүүсийг хамтач болгох зам руу түлхжээ.
Хүний аарцагны яс, шимпанзегийнхтэй харьцуулахад хамаагүй нарийхан. Учир нь хүн хойд хөл дээрээ явдаг болсон учир, таазны ясны хэлбэр өөрчлөгдөж жижгэрсэн юм гэнэ.
Жижигхэн тааз бүхий хүний хувьд, төрөлт гэдэг хэцүүхэн явдал болов. Нялх хүүхэд төрөхдөө аарцагны ясан дундуур гулсаж гардаг учиртай боловч, хэтэрхий нарийхан зайгаар гарч ирэхийн тулд, түүнд зайлшгүй тусламж хэрэгтэй болсон хэрэг. Дээр нь нэмээд, нэгэнт аарцагны ясаар багтаж гарахааргүй том толгойтой болж орхивол туслаж дэмжүүлээд ч бүтэхгүй явдал болох тул, аль болох бага дээрээ эрт төрөхөөс өөр аргагүйд хүрчээ.
Ийм шалтгаанаар хүний хүүхэд эрт төрдөг болж, хангалттай тэнхэрээгүйн учир, өсөж томрохдоо ч бусдын тусламжийг хүртэхээс өөр замгүй хувь тавьлантай болсон аж.
Харин эцэг эхчүүд тодорхой хэмжээнд торничихоод байхад нь ч анхаарлаа үл орхин, хүүхдүүдээсээ урьтаж санаа тавих хандлагатай болж, тэр дадал нь хуримтлагдсаар "нялуун" болсон хэрэг юм.
Хүн хоёр хөл дээрээ явах замыг сонгосоноор, өөрөө өөрийнхөө үр төлийг арчаагүй болгож орхисон нь сонин. Гэсэн ч, арчаагүй үр төлийн ачаар, харилцан туслалцах нөхцөлд өөрийн эрхгүй орж, энэ эргүүлэг нь лавширсаар өнөөгийн соёл иргэншилт хүмүүн болжээ гэж хэлж болмоор. Тэгэхээр эцсийн дүнг нь цэгнэж үзвээс, арчаагүй үр төл нь нийлбэр дүнгээрээ эерэг нөлөө үзүүлсэн болж таарах нь.
Хүн төрөлхитөн анх бий болсон нь одоогоос 200,000 жилийн өмнө гэх боловч, ойролцоогоор 70,000 жилийн өмнө "мөхлийн аюултай" тулгарч байсан гэдэг.
Тухайн үеийн хүмүүс Африкийн хээр талд амьдарч байсан бөгөөд, тоо толгой нь 20,000 хавьцаа байж. Гэтэл бүх дэлхийг хамарсан цаг уурын огцом өөрчлөлт гарч, хэдхэн мянган хүн болтолоо хорогдсон байна.
Тэрхүү цаг уурын өөрчлөлт нь, одоогийн Индонез дахь Суматра арлын Тоба галт уулын дэлбэрэлтээс эхтэй. Аварга дэлбэрэлтээс цацарсан үнс нь, ердөө 10-аадхан өдрийн дотор дэлхийн агаар мандалыг бүрхэж, нарны гэрлийг халхалж орхих нь тэр. Гэрлээ алдсан дэлхий нь эгшин зуур царцаж, түүний агаарын дулаан нь тэр дороо 12 хэмээр буурсан байна. Энэ бол асар ноцтой өөрчлөлт юм.
Өнөөгийн бидний халаглаад байгаа "Дэлхийн дулаарал" гэдэг асуудал маань, сүүлийн 100 жилийн дотор дэлхийн агаарын температур дундажаар 0.74 хэмээр өссөнтэй холбоотойгоор босч ирсэн яриа юм (Гэхдээ тогтмол хурдтайгаар бус, хурдатгалтайгаар өсч байгаа учраас мэдээж асуудал мөн нь мөн).
Дээрхи огцом хүйтрэлийг тэсэлгүй, хүмүүс таширалдан үхэж байсан нь мэдээж биз. Харин амьтай байгаа хэсэг нь яах учраа олохгүй хандсан зүгтээ нүүдэллэж гарчээ. Хоёр хөл дээрээ явж, идэвхитэйгээр харилцан туслалцаж суралцсан хүмүүс, ийм хүнд үед улам нягтарсанаас зайлахгүй. Хэрэв тэд улам бүр хомсдож байгаа идэш тэжээлийн төлөөх тэмцэлдээнээ ширүүсгэсэн бол, хүмүүний түүх тэгэс гээд төгсөх байсан биз.
Аварга дэлбэрэлтийн дараах хүмүүсийн хоорондын харилцаа нь, Африкийн эх газар дээр бүс нутаг дамнан тэлсэнийг, obsidian хэмээх галт уулын гаралтай чулуунуудын тархалтаас ажиглаж болно. Уг чулуу нь тухайн үедээ зэвсэг техникийн чухал түүхий эд байсан бөгөөд, түүний найрлагыг судалж үзсэнээр тухайн чулууг олборлосон газрыг тодорхойлж болдог.
Судалгаагаар, дэлбэрэлтээс өмнө ердөө 10км талбайгаас хол тархаагүй байсан Сонати нутгийн obsidian нь, дэлбэрэлтийн дараа 70км хүртлэх талбайд тархсан байдалтайгаар илэрсэн байна.
Тархан суурьшсан хүмүүс шинэ газар болгонд шинэ хүмүүстэй нүүр учирч, тэр бүртээ шинэ бэрхшээлүүдтэй тулгарч байсан болов уу.
Гэсэн ч тэд хэмлэлдэн байлдсаар дуусах мунхагууд биш тул, гарцаа байхгүй эв зүйгээ ололцон хамтран амьдарсан байх учиртай.
Өнөөгийн хүмүүс бидэнд "Бусдын нүүрийг унших" гэдэг онцгой чадвар бий.
Төрөөд удаагүй нялх хүүхдийн хувьд ч, хүний царай гэдэг нь тусгай мэдрэмж байдаг. Ердийн нэг овоолоотой ногоо ч бай, тэр нь хүний царайрхуу харагдах юм бол, түүнд тусгай реакц үзүүлдэг.
Нүднээс орж ирэх мэдээлэл нь, мэдээж тархин дахь дүрс боловсруулах хэсэгт очиж боловсрогддог. Гэтэл зөвхөн царайны мэдээллийг боловсруулах зориулалттай Amygdala (Бүйлсэн тархи?) гэх тусгай хэсэг байдаг бөгөөд, тийшээ хүний царайны хэсгийг дамжуулдаг юм байна. Бодит амьдрал дээр, дүрс боловсруулах хэсэг нь бүрэн ажиллагаагүй болж таг сохорсон ч, хүний царайны хувьралыг (мишээж байна, уурлаж байна гэх мэт) мэдэрдэг тохиолдол байдаг. Яг ийм, нүд хэвийн ажиллах боловч, тархины дүрс боловсруулах хэсэг доголдож, зөвхөн хүний царайг мэдрэх явдалыг Blindsight ч гэж нэрлэдэг.
Amygdala нь дээр нь бас мэдэрсэн царайны хувиралдаа хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд, ялангуяа айдас гээчиийг туйлын эмзэгээр хүлээж авдаг байна.
Бусдын царай ширүүн дориун болж ирэхэд, Amygdala нь хэт реакц үзүүлж, хүнийг аваарын төлөвт оруулж орхидог. Эсрэгээрээ бусдын инээмсэглэлийг харвал, аваарын дохиогоо буулган тайвширна. Жоохон хүүхдийн өөдөөс ширүүн харахад л айж уйлдаг нь ийм учиртай байх нь.
Эндээс харахад инээмсэглэл гэдэг нь хүний хувьд чухал ач холбогдол бүхий хэрэгсэл гэдэг нь илэрхий болж ирнэ. Үүнийг бид огт мэддэггүй ч биш л дээ. Яагаад ч юм, инээвэл залуужина гэх зэргээр ярилцаж, инээд гээчийн цаана ямар нэгэн далдын увьдас байгаа гэдэгт итгэдэг.
Харин үүнийг бодит амьдрал дээр бүтээлчээр хэрэгжүүлж үзсэн жишээ гэвэл Ирак руу нэвтэрсэн Америкийн тусгай салаанд тохиолдсон явдал юм.
Тэр салаа нь Иракт байлдааны ажиллагаа бус "ярилцах" зорилготойгоор Иракийн шашны удирдлагуудтай уулзах даалгавартай байж. Гэвч Иракчууд тэдэнд итгэсэнгүй. Зэвсэг агссан Америк цэргийг харсан хэн бүхэн, гартаа таарсанаа барьж аван яахаас ч буцахгүй цоо ширтэнэ. Жирийн Ирак иргэнтэй Америк цэргүүд хэл нэвтрэлцэхгүй. Тийм ч учраас айдсыг мэдэрсэн нь харин ч Америк цэргүүд байсан биз.
Ингээд тэдэнд өгсөн даргын тушаал болбоос
– Everybody smile!!!
Америк цэргүүдйиг бусдаас илүү энхрий ялдам инээсэн гэж тун бодомгүй. Юунаас ч илүү хал үзэж хашир суусан эрсийн хувьд, өдөржин малийна гэдэг яавч зугаатай байгаагүй л болов уу. Гэсэн ч тэдний тактик байндаа тусч, Ирак иргэдийн аваарын дохио аандаа буун зөөлөрчээ. Ийнхүү сөрвүү байдлыг огцом хувиргаж, арайхийн ярилцах тийшээ байдлыг эргүүлж чадсан байна.
"Инээ" гэсэн онч мэргэн тушаалыг буулгасан тэрхүү удирдагч нь 89 ч оронд алба гүйцэтгэж, "инээмсэглэлээр хаана ч ойлголцож болдогийг" туршлагаараа мэдэрсэн нэгэн байсан гэдэг.
Хойд хөлөөрөө явах, инээх зэрэг шинэ нээлтүүд, хүний түүхийг гайхалтай замналаар өрнүүлжээ гэлтэй.
Хойд хөлөөрөө явдаг болсоны улмаас үр төлөө доройтуулж, үр төлөө доройтуулсаны улмаас харилцан туслалцахад хүрч. Тэгээд инээмсэглэл гэдэг хялбархан дохиогоор, хамтрах үгүйгээ хүртэл ойлголцдог болж...
Хэрэвзээ хүн нь, ердөө л генээ хамгаалахын төлөө, эсвэл зүгээр л үхлээс амь мултрахын төлөө төдийхөнөөр хамтардаг байсан гэвэл, хүн чанар бүхий хүмүүн (хүн төрөлхитөн) болж төлөвшихгүй ч байсан байж мэднэ.
Хэрэвзээ хүн чанар бүхий хүмүүн болж чадаагүй бол, тэрхүү өчүүхэн дорой хүн гээч амьтан ямар нэгэн агуу хүчний өмнө хялбархан сөхрөх байсанаас зайлахгүй. Тийм биш байлаа ч, лав л 200,000 жилээр урт удаан оршин тогтнож, одоогийн өндөрлөгт хүрэх байсан нь юу л бол.
Энэ өнцөгөөс харвал, хүн нь оюун ухааны ачаар өдийг хүртэл амьдарч иржээ гэж бодох нь эртэдсэн дүгнэлт гэмээр санагдана.
Хүн эзэн нь болсон энэ нийгэмд, үнэхээр ч толгой сайтай хүн бол ганцаараа ч бай хангалттай амьдарч дөнгөх л байх. Гэхдээ л, хичнээн ухаантай байлаа гээд, цор ганцаар цасан талын голд амьд үлдэж чадна гэж үү?
– Үгүй л болов уу. Хүн гэдэг, харилцан биесээ түшихгүйгээр цаашид оршин байх нэгэнт боломжгүй болсон юм.
Арай ч хэтрүүлэг байлгүй гэж та бодно уу? Тэгвэл дайны дараа (1952 он) Америкт хийгдсэн нэгэн илтгэлийн тухай сонирхуулая.
Уг судалгаа нь, дайнд өнчирсөн хүүхдүүдийг асрамжлах газруудад хийгдсэн бөгөөд, нийт 91 хүүхдийг хамруулж үзтэл, тэдний 3 хүүхэд тутмын нэг нь (37%) 2 нас хүртэлээ амьдарч чадалгүй үхэж байхыг ажигласан байна.
Тэр олон хүүхдийн үхлийн шалтгаан нь ингэхэд юу байв? Хоол тэжээл, суурь хэрэглээ хангалттай бүрдсэн байсан шүү дээ. Өөр тэгээд юу дутсан юм бол?
Үүнийг лавшруулан судалсаны эцэст хүрсэн дүгнэлт гэвэл "lack of all connect". Өөрөөр хэлбэл, ядаж хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой байгаа гэсэн мэдрэмжээр дутагдсан явдал юм. Тэдгээр газруудад хүүхдүүдтэй харилцан ярилцах арга хэмжээ бараг байгаагүй бөгөөд, хүүхдүүд хэзээд ганцаардмал байдалд байсан гэнэ.
Хүн чанар бүхий хүмүүн болохын тулд зайлшгүй хэрэгцээт зүйл нь нэгэнт талх будаа төдийхөнөөр хязгаарлагдахгүй болсон бололтой.
Хүн чанар бүхий хүмүүний сэтгэл зүй нь, ганцаардал гэгчийг нэгэнт тэсвэрлэх тэнхэлгүй болсон юм. Ганцаараа амь зуух ямар ч завшаан олгоогүй хүний түүх, түүнийг тийм болгож орхио уу гэлтэй.
Үүнээс үүдээд "үл тоогдох" гэдэг гунигтай бодол, төсөөлсөнөөс хавьгүй зовиуртайгаар хүний сэтгэлийг шархлуулдаг харгис эд болох нь хялбархан төсөөлөгдөх болов уу.
Хэрвээ хүнийг хүн чанар бүхий хүмүүн болгодог тэр амин сүнс нь, "дорой хүүхдийг бойжуулах"–аас эхэлдэг болж таарвал, бид бүхэн хүмүүжил гэдэг ухагдахуунаа улам анхааралтайгаар эргэцүүлэхээс өөр аргагүй. Учир нь энэ бол, ердөө хүүхэд төдийгүй бүх хүн төрөлхитөний цаашдын дэвшилд ч шууд нөлөөлөхүйц чухал фактор юм.
Бүр өргөнөөр харах аваас, "дорой" гэдэг ангилалд зөвхөн хүүхдүүд багтах уу гэвэл үгүй. Өнөөгийн хөнжингүй нийгэмд тоогүй олон сул доройтонууд байна бус уу? Бие махбод болон сэтгэл санааны хувьд дорой нэгэн байхад, эдийн засаг хийгээд эрх чөлөөгөөр дорой нэгэн ч байна...
Ингээд бодохоор, хүчтэнүүд л амьд үлддэг эрх чөлөө гээч нь, үнэхээр эрх чөлөө мөн гэж үү?
Дорой болгоноо цааш түлхсээр урагш ахих нь, үмхий гээд бөгсөө тайрсантай ижил эмгэнэл болчихгүй биз?
Хүн чанар бүхий хүмүүний зэрэгт хүрсэн бид "байгалийн шалгарал л бүхнийг зохицуулдаг" гэж онолдох боловч, таних тэмдэг болсон ХҮН ЧАНАР-аа л гээж орхивол, тэгээд тэр байгалийн шалгарал гээчид нь хэдий удаан тэсдэг юм бол?
Юутай ч, харилцан туслалцах хүний үйлдэл нь, ёс суртахуун төдийхөнөөр тайлбарлагдах явцуу ухагдахуун биш байх нь.
"Хүн гэж юу юм бэ?" гэдэг асуулт л эхний бөгөөд эцсийнх байсаар дуусч мэдэх нь ээ.
2 comments:
sainuu? ooriin chin bichsen zuil unshihad oilgomjtoi hyalbar bogood sonirholtoi sanagddag. Blog-oo iluu goe bolgooroi, amjilt husie.
баярлалаа
Post a Comment