2017/06/21

Золиосны амийг сонгож болох уу?

Профессор Майкл Сандел лекцийн танхимын индэр дээр гарч ирэн, оюутнууд алга ташсаар хичээл эхлэв.


Сандел:
Энэ лекцээр бид бүхэн “Шударга ёс”-ны тухай хэлэлцэх болно. Юуны өмнө лекцээ ийм ярианаас эхэлье.
Чи 100км/цагийн галзуу хурдаар вагон жолоодож явжээ гэе. Тэгтэл зам дээр 5 замчин ажиллаж байхыг гэнэт анзаараад вагоныг зогсоох гэтэл, тормоз нь ажилладаггүй. Чи ч газар дээрээ сэтгэлээр унаад өглөө. Яагаад гэвэл, энэ чигээрээ очоод тэр 5-ыг дайрвал 5-уулаа газар дээрээ үхэх нь тодорхой. Энэ удаад үүнийг гарцаагүй зүйл гэж үзье (чигээрээ явах л юм бол найдвартай бүгдийг нь дайрч ална). Чи юу ч чадахгүйтэйгээ нэгэнт эвлэрээд арга тасраад байтал, гэв гэнэт 5 замчдын наагуур зам салаалж байгааг олж анзаарав. Гэвч салаалсан зам дээр ч бас 1 замчин ажиллаж байна. Тормоз ажиллахгүй ч хүрд ажиллах тул, хүрдийг мушгиад салаа зам руу орвол 1 хүн алах нь алах ч, 5 хүний амийг аварч чадна.
Үүн дээр эхний асуулт!. Аль нь зөв үйлдэл вэ? Чи байсан бол яах байсан бэ?

Юу ч гэсэн санал хурааж үзье. Хүрдээ мушгиад эргэнэ гэсэн хүмүүс гараа өргөөрэй (ихэнх нь өргөв).
Одоо тэгвэл эргэлгүй чигээрээ явна гэсэн хүмүүс гараа өргөөрэй (цөөхөн хүн өргөв).
Чигээрээ явна гэсэн хүмүүс гараа өргөсөн чигтээ байж байгаарай. Хэдхээн хүн өргөлөө. Дийлэнх нь замаас эргэх юм байна.
За тэгвэл яагаад тэгэх нь зөв гэж бодно вэ? Үндэслэлийг (reason буюу эсвэл шалтгааныг) нь сонсоцгооё.
Олонхоос эхэлье. Яагаад чигээрээ явалгүй эргэнэ гэж? Ямар учраас вэ?
За босоод хариулаарай.

Анн:
Ганц хүн алаад өнгөрөх боломжтой газар 5-ын 5 хүн алах нь зөв биш учраас.

Сандел:
Ганцыг алчихад болчих газар 5-ыг алах нь зөв биш учраас...

Нээрээ л тийм дээ (Бүгд хахаха).
Өөр бодолтой хүн байна уу? Бүгдээрээ энэ үндэслэлийг дэмжиж байна уу?

Том:
9/11-ний террортой адилхан. Вашингтон руу чиглэж явсан онгоцны зорчигчид “Газар дээр амь үрэгдэх хүмүүсээс цөөн тоотойгоороо бид нар амь үрэгдсэн нь дээр” гэж үзсэн учраас тэд бол баатрууд мөн.

Сандел:
Вагон дээрх нөхцөл байдал 9/11-ний террортой адилхан гэж байна. Эмгэнэлтэй ч гэлээ, 5 хүний амийг аврах боломж байгаа бол 1 хүн алсан нь дээр. Ихэнх нь энэ саналыг дэмжиж байна уу тэ?
За тэгвэл, цөөнхийг саналыг сонсоцгооё. Хүрдээ эргүүлэхгүй гэсэн үндэслэл (reason буюу эсвэл шалтгаан) юу вэ?

Жим:
Энэ бол их хядлага болон нацизмыг зөвтгөх сэтгэлзүйтэй адилхан зүйл. Ямар нэгэн үндэстнийг үлдээхийн төлөө цөөнх үндэстнийг мөхөөдөг.

Сандел:
Тэгэхээр чи үс өрвийж дотор огимоор аймшигт их хядлагаас зайлсхийхийн төлөө, чив чигээрээ дайрч очоод 5 хүнийг алах юм биз дээ? (Бүгд хахаха)

Жим:
Бараг л... Тийм... (хахаха)

Сандел:
Нээрээ ална гэж үү?

Жим:
Тийм ээ.

Сандел:
За яах вэ. Өөр?
Саяын хариулт зориг шаардсан хариулт байлаа шүү.

За тэгвэл, саяын вагоны арай өөр нэг тохиолдлын тухай бодож үзье.
Энэ удаад ч бас 5 хүнийг аврах боломжтой бол ганц хүн үхэх нь аргагүй явдал гэсэн зарчим дээрээ бүгд зогссоор байх эсэхийг харцгаая.
Тэгэхээр, энэ удаад чи вагоны жолооч биш, хөндлөнгийн ажиглагч байна. Вагоны зам дээгүүр тавьсан гүүрэн дээрээс доошоо харж байтал, вагон ирж явна гэнэ. Вагоны зам дээр 5 замчин ажиллаж байна. Тормоз ажилладаггүй. Энэ эрчээрээ бол вагон шууд тэр 5 хүнийг дайрч, 5-уулаа газар дээрээ үхэх нь. Гэхдээ энэ удаад чи жолооч биш. Юу ч хийж чадахгүй гар мухардан халаглаж байтал, өөрийнхөө хажууд..., гүүрний хашлага дээр гараад зогсчихсон..., нэгэн мундаг тарган залуу байхыг олж анзаарав (Бүгд хахаха).
Хэрвээ чи тэр тарган нөхрийг түлхээд унагачихвал (хахаха) ..., ирж яваа вагоны өмнүүр унана. Тэр залуу үхэх боловч, 5 хүнийг аварч чадна.
За тэгэхээр, тэр залууг түлхэж унагана гэсэн хүмүүс гараа өргөөрэй (Бүгд хахаха).
Тэгвэл түлхэж унагахгүй гэсэн хүмүүс гараа өргө дөө? (ихэнх нь өргөв). Ихэнх нь унагахгүй юм шив дээ?
Тэгэхээр үүн дээр асуулт!. Нөгөө “1 хүнийг золиослоод ч болтугай 5 хүний амийг аврах нь зөв” гэсэн зарчим маань юу болсон бэ? Дөнгөж саяхан бүгдээрээ дэмжээд байсан тэр зарчим яасан бэ? Хоёр тохиолдол дээр хоёуланд нь олонх болсон хүмүүсийн саналыг сонсмоор байна. Яаж энэ хоёрын ялгааг тайлбарлах вэ?

Жак:
2 дахь тохиолдол дээр, хүнийг түлхэж унагах гэсэн идэвхитэй үйлдлийг сонгохгүй бол болохгүй. Би түлхэж унагахгүй л бол тухайн нөхцөл байдалтай ямар ч хамааралгүй байсан учиртай хүнийг, би түлхэж унагах гэсэн сонголт хийсний гайгаар, хамааралгүй хүнийг нөхцөл байдал руу хутгасан явдал болно. Эхний тохиолдолд жолооч, 5 хүн, 1 хүн гэсэн 3 этгээдээс бүрдсэн нөхцөл байдал байсан бол, сүүлийнх дээрх тэр тарган хүн бол нөхцөл байдлаас гадуурх хүн гэж бодож байна.

Сандел:
Гэхдээ, салаа зам дээр байсан 1 хүн ч бас тарган хүнтэй адилаар өөрийнхөө амийг золиослохыг өөрөө сонгосон учиртай биш биз дээ?

Жак:
Тиймээ, үнэн. Гэхдээ л зам дээр байсан.

Сандел:
Нөгөөх нь болохоор гүүрэн дээр байсан! (Бүгд хахаха)
Дараа ахиад саналаа хэлээрэй.
Энэ бол гэхдээ хэцүү асуулт. Чиний хариулт харин ч сайн байлаа.

Саяын хоёр тохиолдол дээр олонх харилцан зөрчилтэй хариултыг сонгосон шалтгааныг тайлбарлах хүн байна уу?

Андрю:
Эхний тохиолдолд 1 хүн алах уу, 5 хүн алах уу гэдгээ сонгохгүй бол болохгүй учиртай бөгөөд, сонголтын үр дүнд хүн үхэх хэдий ч, үхлийн шалтгаан нь вагон болохоос бус би биш. Нэгэнт тормоз эвдэрсэн, агшин зуурын дотор ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол болохүй нөхцөл байдал. Харин тарган хүнийг түлхэж унагана гэдэг бол аллага мөн. Түлхэж унагах уу, үгүй юу гэдэг нь миний сонголт болохоос, вагон давхиж яваа нь миний сонголт биш. Тиймээс нөхцөл байдал өөр байна.

Сандел:
Энэ саналын тухайд эсрэг байр суурьтай хүн байна уу?
Сайн хариулт мөн ч гэсэн, үнэхээр зөв гэж бодож байна уу?

Мэри:
Буруу гэж бодож байна. Аль ч тохиолдолд хэн үхэхийг шийдэж байгаагаараа ижилхэн. Жолоо эргүүлээд нэг хүн алах нь ч өөрийн хийе гэж хийсэн үйлдэл, тарган хүнийг түлхэж унагах ч бас өөрөө л хийе гэж хийсэн үйлдэл. Аль аль нь өөрийн сонголт гэдэг дээр ялгаа байхгүй.

Сандел:
Няцаалт байна уу?

Андрю:
Наадах чинь бол арай өөр зүйл гэж бодож байна. Яалт ч үгүй бодитоор вагоны зам руу хүн түлхэж унагаад ална гэдэг бол, өөрөө шууд үйлдсэн аллага мөн.

Сандел:
Өөрийн гараар түлхсэн юм чинь, тиймээ?

Андрю:
Тиймээ. Жолоо барьж явтал тэр нь хүнийг үхэлд хүргэсэн гэдэг бол арай өөр асуудал. Жоохон болгоомжгүй явдал гэх үү дээ (хахаха).

Сандел:
Үнэхээр гоё хэллээ.
Андрю! Тэгвэл ахиад нэг асуулт асууя.
Гүүрэн дээр тарган хүн хажууд зогсож байгаа хүртэл ижилхэн. Гэхдээ өөрийн гараар түлхэж унагаах шаардлагагүй болгож өөрчилье. Тарган залуу нүхний таган дээр зогсож байгаа бөгөөд, чи хажуудаа байгаа хүрдийг эргүүлэхэд л нүх онгойж тэр залуу унана гэе л дээ (Бүгд хахаха. Алга ташив). Чи хүрд эргүүлэх үү?

Андрю:
Үгүй үгүй. Наадах чинь бүр ч хийж болохгүй зүйл гэж бодож байна.

Сандел:
Тийм гэж үү?

Андрю:
Санаандгүй хүрдэнд гар хүртэл эргэчихлээ, гэдэг ч юм уу, тэгвэл юу юм гэхээс... (Бүгд хахаха).
Эсвэл вагон нь нүх онгойлгодог бариул руу чиглээд давхиж явна гэвэл ойлгож болох юм.

Сандел:
Сайн байна. Ямартай ч хүрд эргүүлэхэд хүндрэлтэй юм байна, тийм үү? Эхний тохиолдолд ямар ч хүндрэлгүйгээр хүрд эргүүлж байсантай харьцуулбал...?

Андрю:
Эхний тохиолдолд бол анхнаасаа л нөхцөл байдлын оролцогч байсан бол, сүүлийнх дээр хөндлөнгийн ажиглагч байсан. Тарган залууг түлхэж унагаснаар сая нөхцөл байдлын оролцогч болох учиртай.

Сандел:
Тийм байж.
Тэгвэл энэ тохиодлыг түр зуур хойш нь тавиад, өөр сценари бодож үзье.
Энэ удаад чи яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч байжээ гэе. Тэгтэл 6 өвчтөн чам дээр иржээ. Тэд аймшигтай төмөр замын осолд өртсөн байж (Бүгд хахаха).
Түүн дотор 5 өвчтөн нь дунд түвшний гэмтэлтэй, нэг нь хүнд гэмтэлтэй байна. Хүнд өвчтөнг цаг алдалгүй бүтэн өдрийн турш тасралтгүй эмчилбэл аврагдах боломжтой боловч, тэр тохиолдолд нөгөө 5 нь үхчихнэ. Эсрэгээрээ дунд гэмтэлтэй 5-д тусламж үзүүлбэл 5-уулаа аврагдах боловч, тэр хооронд хүнд гэмтэлтэй нь үхчихнэ. Эмч хүний хувиар 5 хүний амийг аврах нь гараа өргө? (ихэнх нь өргөв).
За тэгвэл 1 хүнийг аврах нь гараа өргө? (хэдхээн хүн өргөв).
Нэгийг аврах хүн тун цөөхөн байх шив. Тоотой хэдэн хүн л байна. Бодвол адилхан үндэслэлээр байлгүй? 1 амины эсрэг 5 амь.

За тэгвэл, өөр эмчийн тохиолдол бодож үзье.
Энэ удаад та эрхтэн шилжүүлэн суулгадаг мэргэжилтэн бөгөөд, амьд явахын тулд эрхтэн шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлагатай 5 өвчтөнтэй байжээ гэе. 5 өвчтөнд тус бүр зүрх, элэг, уушги, бөөр, нойр булчирхай хэрэгтэй. Танд эрхтэн нийлүүлэх донор байдаггүй. Нүдэн дээр чинь 5 өвчтөн үхлээ хүлээгээд хэвтэж байна...
Тэр үед чи хажуугийн өрөөнд нэгэн цоо эрүүл хүн үзлэгт орохоор ирснийг гэнэт санав! (Бүгд хахаха).
Тэр ..., тэр хүн яг одоо хэсэгхээн дугхийж байна (Бүгд хахаха).
Сэмээрхэн явж ороод, 5 эрхтнийг нь сугалаад авчихвал, тэр хүн үхэх ч, 5 хүн аврагдана.
“Би байсан бол тэгнэ” гэх хүн гарах болов уу? (хэхэхэ)
Тэгнэ гэсэн хүн байвал гараа өргө дөө? (ганц хүн өргөв).

Сам:
Би тэгнэ.

Сандел:
Үнэхээр тэгнэ гэж үү?
Тэгэхгүй гэсэн хүмүүс гараа өргө дөө? Бараг бүгд үү? (ихэнх нь гараа өргөв).
За тэгвэл тэгнэ гэсэн хүний саналыг сонсъё.

Сам:
Тиймээ, би гэхдээ арай өөр боломжинд найдаж үзмээр байна. Эрхтэн шилжүүлэх шаардлагатай 5 хүнээс хамгийн эхэнд нас барсан хүний эрхтнүүдийг ашиглаад, үлдсэн 4 хүнийг аварна (Бүгд хахаха).

Сандел:
Наадах чинь супер санаа байна. Яриа байхгүй гайхалтай.
Гэхдээ ганц том проблем байна: Миний бэлдсэн философийн асуудлыг сууриар нь нураагаад хаячихлаа (Бүгд хахаха).

За тэгэхээр, энэ хүртлэх мэтгэлцээнээс түр хөндийрөөд, мэтгэлцээний өрнөлийн чиг хандлагын хувьд илэрхий болж ирсэн хэдэн зүйлийг эмхэтгэж харцгаая. Энэ хүртлэх хэлэлцүүлэг дундаас ёс суртахууны зарчмууд захаасаа төрхөө цухуйлгаад ирлээ. Тэдгээр ёс суртахууны зарчмуудыг эхлээд харцгаая. Хэлэлцүүлгээс гарч ирсэн эхний ёс суртахууны зарчим бол “Юуг хийх нь зөв бөгөөд ёс суртахуунлаг вэ гэдэг нь, хийсэн үйлдлийн үр дүнгээр тодорхойлогдох” явдал байсан. Өөрөөр хэлбэл, үр дагавар нь сайн бол зөв гэсэн үг. 1 хүн үхсэн ч бай, 5 хүнийг аварч чадсан л бол зөв. Үүнийг Үр дагаварт суурилсан ёс суртахууны тайлбар (consequential moral reasoning) гэдэг.
Үр дагаварт суурилагсад (consequentialist) үйлдлийн үр дагавараас ёс суртахууныг асуудаг. Өөрөөр хэлбэл, таны хийсэн үйлдлийн үр дүнд бий болох ертөнцийн төлөв байдлаас ёс суртахууныг хайна. Гэвч, ахиад жаахан гүнзгийрүүлэн тунгааж хартал, өөр тохиолдлууд дээр үр дагаварт суурилсан ёс суртахууны тайлбарыг төдийлөн дэмжихгүй хүмүүс олноор гарч ирсэн. Ихэнх хүмүүс гүүрнээс тарган залууг түлхэн унагаж, ямар ч гэмгүй өвчтөнөөс эрхтнийг нь сугалж авахаас эвгүйцлийг мэдэрсэн. Эвгүйцсэн шалтгаан нь, үйлдлийн үр дүнгээс үл хамаараад, тухайн үйлдлийн мөн чанартай холбоотой байсан шүү дээ. Жишээ нь, хэдий 5 хүнийг аврахын төлөө байлаа ч, ямар ч гэмгүй хүнийг алахыг хөтөлбөргүйгээр (буюу ямар ч нөхцөлгүйгээр үг дуугүй) буруу гэж үзсэн. Ямар ч байсан, жишээ болгон гаргасан ярианы хоёр дахь тохиолдол дээр хөтөлбөргүйгээр буруу гэж үзсэн.
Энэ бол ёс суртахууны талаар тунгаах үед, хөтөлбөргүй ёс суртахууны зарчмын тухай үзэл санаа ч бас байж болохыг харуулж байна. Тиймэрхүү үзэл санаа нь үр дагавараас үл хамааран, нэгэн төрлийн абсолют ёс суртахуунлаг шаардлага, үүрэг, эсвэл эрх дундаас ёс суртахууныг асуудаг. Цаашдын лекцүүдээр үр дагаварт суурилсан ёс суртахууны зарчим болон хөтөлбөргүй ёс суртахууны зарчмуудыг хооронд нь харьцуулан харна. Үр дагаварт суурилсан ёс суртахууны зарчмын онолууд дотор хамгийн нөлөө бүхий үзэл санааны жишээ гэвэл, 18-р зууны Английн улс төрийн философич Жереми Бентамын гаргаж ирсэн Утилитаризм (Utilitarianism) юм.
Нөгөөтэйгүүр хөтөлбөргүй ёс суртахууны онолын хамгийн чухал төлөөлөгч гэвэл 18-р зууны Германы философич Имануэль Кант. Энэ лекцээр дээрх хоёр ялгаатай ёс суртахууны онолын логикоос суралцаж, тус бүрт нь үнэлэлт өгөхтэй зэрэгцээд, бусад онолын урсгалуудыг ч бас харах болно.

Миний лекцэн дээр олон тооны алдартай бүтээлүүдийг уншиж судална. Аристотель, Жон Лок, Имануэль Кант, Жон Стюарт Милл нарын бүтээлүүд. Номыг зүгээр л уншаад өнгөрөхгүй. Орчин үеийн улс төр болон хуулийн салбаруудаас урган гарах элдэв философийн асуудлын талаарх хэлэлцүүлгүүд ч бас өрнөнө. Эрх тэгш болон эрх тэгш бусын тухай, цөөнхийг дэмжих арга хэмжээ, үг хэлэх эрх чөлөө болон гүтгэн доромжлох тухай, ижил хүйстнүүдийн гэрлэлт, цэрэг татлага гэх мэт олон сэдвийг хамруулан хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлнэ.

Яагаад?

Хуучны сонгодог бүтээлүүдийг зүгээр л дахин сэргээхийн төлөө төдий бус, философийн төлөө, бид бүхний өдөр тутмын болон улс төрийн амьдралд тохиолдох философийн элдэв асуудлыг ил гаргахын төлөө юм. Тиймээс эдгээр номыг уншиж, асуудлууд хэлэлцэж, ном хийгээд асуудлууд хэрхэн яаж харилцан биесээ тайлбарлаж, биесээ тодорхой болгож буйг харцгаах болно.
Зугаатай сонсогдож магадгүй ч, энд нэгэн анхааруулга хийгээд орхиё. Юу гэвэл, эдгээр номуудыг өөрийн оюуны царааг тэлэх дасгал сургуулилт, өөрийгөө илүү гүнзгий танихын төлөөх хичээл байдлаар уншихад нэг төрлийн эрсдэл тэнд бий. Эрсдэл гэдэгт хувь хүний эрсдэл болон улс төрийн эрсдэл хоёулаа байх боловч, үүнийг улс төрийн филосифиор суралцаж буй оюутан бол бүгдээрээ мэдэж байгаа гэж бодож байна. Яагаад эрсдэл үүсдэг вэ гэхээр, философи гэдэг мэдлэгийн салбар бол бид бүхнийг бид бүхний нэгэнт мэддэг зүйлтэй нүүрэлдүүлснээр биднийг сургаж, бас биднийг төөрөгдүүлдэг болохоор тэр.
Хоржоонтой нь гэвэл, энэ лекцийн хэцүү нь “та нарт, та нарын аль хэдийнэ мэддэг зүйлсийн тухай заадаг”-т байгаа юм. Тэр бол чиний хэзээ ч эргэлзэж сэжиглэх тухай төсөөлж ч байгаагүй туйлын ижил дасал болсон танил дотно зүйлсийг чинь огт мэдэхгүй өөр зүйл болгон хувиргаж орхих тохиолдол ч бий. Өнөөдрийн лекцийн эхэнд хэлэлцсэн яриа бол чухам тэрний нэг жишээ. Тоглоом шоглоом, ноцтой чухал, аль алинаас нь хольж тохируулахыг зорьсон хийсвэр жишээ боловч, философийн ном хэрхэн бидэнд хэрэг болох вэ гэдэг ч бас үүнтэй ижилхэн. Философи биднийг ижил дасал зүйлсээс маань чирэн хөндийрүүлдэг. Шинэ мэдээлэл гаргаж тавих байдлаар бус, шинэ харах өнцгийг дэвшүүлэн гаргах байдлаар чирэн хөндийрүүлдэг.
Гэвч, үүн дээр ч бас эрдэл гарч ирнэ. Ижил дасал зүйлс маань нэгэнт танихгүй этгээд зүйлс болоод хувирчихвал, буцаад хэзээ ч хэвэндээ орж чадахгүй. Танин мэдэхүй гэдэг бол байнга өөрийн цэвэр ариун байдлаа гээж явдаг мэт зүйл юм. Түгшүүртэй айдастай санагдаж магадгүй ч, бид нар бүгдээрээ тийм мэдрэмж тээсээр өдийг хүртэл танин мэдэхүйн аялал хийж ирсэн.
Энэ удаагийн лекцийг хэцүү, гэхдээ сонирхолтой болгож өгөх зүйл, тэр бол ёс суртахуун хийгээд улс төрийн философи бол нэгэн үргэлжилсэн зохиол үлгэр бөгөөд, энэ үлгэр биднийг хааш нь дагуулж хөтлөхийг мэдэхгүй ч, энэ үлгэр бол чиний өөрийн чинь тухай үлгэр гэдгийг ойлгож буй явдал юм. Энэ бол хувь хүн талын эрсдэл нь.
Тэгвэл улс төрийн эрсдэл нь юу вэ? Иймэрхүү лекцийн эхэнд “ном уншиж, асуудлыг хэлэлцсэнээр та бүхэн илүү сайн, илүү хариуцлагатай иргэн болж төлөвшиж чадна гэдгийг амлая” гээд хэлчих нь нэг арга байж болох юм. Үүний ачаар та бүхэн нийгэмд чиглэсэн элдэв улс төрийн бодлогын урьтач нөхцлийг илүү нухацтай судалдаг болж, өөрийн улс төрийн шийдвэрээ зүлгэн сайжруулж, олон нийтийн ажилд илүү оновчтойгоор идэвхийлэн оролцох чадвартай болж болно.
Гэвч, иймэрхүү амлалт нь хэсэгчилсэн байдлаар биелэлээ олох нь олонтаа бөгөөд, тэс өөр үр дүнд хүргэх явдал ч элбэг байдаг. Улс төрийн философи ихэнх тохиолдолд тийм үүрэг гүйцэтгэж байгаагүй юм. Улс төрийн философи та бүхнийг сайн иргэн болгоно гэхээсээ илүү, муу иргэн болгох аюулыг агуулж байдаг. Үгүйдээ л сайн иргэн болох явцын дундаас түрхэн зуур муу иргэн болж хувирах магадлал бий. Яагаад гэвэл, философи гээч зүйл бол хүнийг нийгмээс зай барин хөндийрүүлж, сул дорой болгож орхидог үйл явц учраас тэр.
Сократын цаг үед ч бас тийм л байсан. “Горгиас” гэдэг зохиолд Сократын найз Калликлес түүнийг философио хая гэж сэнхрүүлэхийг оролддог. Калликлес Сократад хандаж ингэж хэлнэ:
“Амьдралын зүй ёсны цаг үед нь зохистой хэмжээгээр философиос суралцах юм бол, философи гэдэг хөөрхөөн тоглоом юм. Харин зохистой хэмжээг хэтрүүлэн шунах юм бол сүйрнэ. Миний хэлэх үгийг сонс.”
Калликлес цааш нь:
“Мэтгэлцэхээ больё. Бүтээлч амьдралын үр дүнгээс суралц. Сонсголонтой үгэн тоглоомоор цэцэрхсэн хүнийг бус, сайхан амьдралтай сайн үнэлэмжтэй, өөр бусад олон хишгийг өөртөө шингээсэн хүнийг үлгэр дуурайллаа болго.”
Шулуухандаа бол Калликлес Сократад хандаж “Философидохоо болиод, бодит амьдралыг хар. Бизнесийн сургуульд яв.” гэж хэлсэн учиртай (Бүгд хахаха).
Калликлесийн хэлж буй нь нээрээ л тийм. Философи бид бүхний ердийн мэдлэг хийгээд нийгмээр дагаж мөрддөг ёс зүй, яагаад ч юм “тийм” хэмээн итгэж явсан бүхэнд эргэлзээ төрүүлдэг мэдлэгийн салбар. Энэ бол хувь хүний хувьд ч улс төрийн хувьд ч эрсдэлтэй зүйл. Тэгээд тэдгээр эсрдлүүдтэй нүүр тулах үед түгээмэл хэрэглэгддэг шалтаг, тэр бол “Бүхнийг үгүйсгэх үзэл” (Skepticism) байдаг. Жишээлж хэлбэл “Бид бүхэн өдий төдий сценари зарчим гарган мэтгэлцэн хэлэлцлээ гээд юу ч шийдэж чадсангүй. Аристотель, Лок, Кант хүртэл энэ олон жилийн турш шийдэж чадаагүй юмыг, энэ танхимд цугласан бид нар ганц семистрын лекцээр шийдчинэ гэж байхгүй нь тодорхой. Ер нь бол хүн тус бүр өөр өөртөө хувийн зарчимтай байхад л хангалттай, түүнээс цааш мэтгэлцэх шаардлагагүй. Мэтгэлцээд ч нэмэргүй.” гэсэн яриа.
Энэ бол бүхнийг үгүйсгэгчдийн хэлдэг шалтаг. Харин үүний эсрэг би дараах байдлаар хариулахыг хүсч байна:
“Нээрээ ч эдгээр асуудлууд олон жилийн туршид яригдаж ирсэн. Гэвч, тэрхүү дахин дахин яригдаж хэлэлцэгдэж ирсэн гэдэг чухам тэр факт өөрөө, эдгээр асуудлыг шийдэх нь хэдий ямар ч боломжгүй байлаа ч, мэтгэлцээнийг зогсоох боломжгүй болохыг илэрхийлж байна. Яагаад зогсоох боломжгүй вэ гэвэл, бид бүхэн өдөр тутамдаа эдгээр асуудлуудад хариулангаа амьдарч явдаг болохоор тэр юм. Тиймээс үгүйсгэгчдийн ятгалгад автаж, бууж өгч, ёс суртахууны талаар хичээнгүйлэн тунгаахаа болилоо гээд юуг ч шийдсэн болохгүй.”
Кант энэхүү үгүйсгэх үзлийн тухайд ингэж өгүүлсэн байдаг:
“Үгүйсгэл бол хүний оюун бодлын амрах өрөө юм. Тэр бол хувийн бодол дотроо бардамнан тэнүүчилж болох газар. Гэхдээ үүрд тэндээ үлдэх газар бол биш. Зүгээр л үгүйсгэлтэй санал нийллээ гээд, оюун бодлын түгшүүр зовнилыг хэрхэвч анагааж чадахгүй.” (өөрөөр хэлбэл, аливааг зөвхөн үгүйсгэснээр зөв хариултанд хүрсэн юм шиг тийм тайвшрал чамд төрөхгүй).
Би харилцан яриа болон мэтгэлцээнээр дамжуулж нэгэн төрлийн эсрдэл хийгээд төөрөгдөл, түүний аюул бас боломжийг харуулахыг зорих болно. “Энэ цуврал лекцийн зорилго бол оюун бодлын түгшүүр зовнилыг сэрээн босгож, тэр түгшүүр биднийг хааш нь дагуулж явахыг харах явдал юм” гэсэн үгээр энэ удаагийн хичээлээ өндөрлөе.

Баярлалаа. (Бүгд алга ташив.)

Тайлбар:
Ийм лекц сонсох завшаан барагтай бол олдохгүй л болов уу.

Философийн эхлэл цэг дээр Сократ гэж хүн байдаг. Тэр хүн харилцан яриа, асуулт хариултын хэлбэрээр философиддог байсан гэдэг. Харин профессор Майкл Сандел чухамхүү өнөө цагийн Сократ гэж дуу алдам хэлбэрээр лекцээ тавьж байна.

Ийм олон хүн цуглуулж байгаад, оюутнуудын санаа бодлыг уралдуулсан харилцан яриа хэлбэрээр лекц тавина гэдэг, зарим хүний хувьд бараг цочирдмоор санагдаа биз.

Энэ удаад гаргаж тавьсан ёс суртахууны дилемма жишээнүүд маш тодорхой тавилтай байгаа нь гарцаагүй анхаарал татна. Ялангуяа төмөр замын жишээ туйлын сэтгэлд хоногшим гэж санагдах боловч, түүгээрээ хүний амь нас гэж чухам юу болохыг шууд тулган асуусан мэтгэлцээнийг үүсгэж байна.

Хүний хувьд явж явж “Хэрхэн амьдрах ёстой вэ?” гэдэг асуудал хамгийн чухал тул, тэрээр “амь нас” гэсэн сэдвийг тойруулсан цочирдмоор жишээнүүд гаргаж, түүгээрээ философилог сэтгэлгээний суурь, цаашлаад шударга ёсны сэтгэлгээний суурийг онолдохыг зорьж байна гэж санагдана.

Профессор Санделын лекцийн гарчиг нь өөрөө “Шударга ёс” боловч, яагаад тэрээр ийм жишээнүүд гарган тавьж байна вэ гэхээр, хүний амь насны талаар тунгаан бодох нь чухамхүү шударга ёсны талаар гүнзгийрүүлэн ухаж тунгаахад маш тохиромжтой жишээ болохоор тэр болов уу.

Лекцийн төгсгөлд философийн утга учрыг тайлбарласан.

Ердийн үед бид бүхэнд хэвийн гэж санагддаг зүйлсээ дахин эргэцүүлэх байдлаар ертөнцийг харах өнцгөө өөрчилдөг тухай ярьсан. Мөн түүнтэй зэрэгцээд философид юу нь дүгнэлт болон бодит байдлын талаарх утга учрыг илэрхийлж байгаа нь ойлгомжгүй гэх тохиолдол олон байдаг ч, профессор Сандел аль болох практик утга агуулсан мэтгэлцээн өрнүүлье гэсэн хатуу эрмэлзэлтэй байгаа болохоор үгүйсгэгчдийн талаар шүүмжлэлтэй хандсан болов уу.

Лекцийг сонсогчийн (уншигчийн) хувиар зүгээр л эхнээс нь дуустал гүйлгэж харах болон, лекцэнд оролцогчийн хувиар идэвхтэй хандах хоёрт чанарын ялгаа байх үндэстэй. Зүйрлүүлж хэлбэл, дэлгүүрийн лангуун дээрх хувцсыг гүйлгэж хараад өнгөрөхтэй харьцуулахад, хувцас нэг бүрийг өмсөж сонирхоод явсан нь илүү гүнзгий сэтгэгдэл тээж үлдэх биз. Үүнтэй адилаар, та ч бас цаашдын лекцийг уншихдаа профессор Санделийн асуулт мэтгэлцээнд өөрийн байр сууриа нягтлангаа ахиулан уншвал илүү үр дүнтэй байх болов уу, гэж санагдана.

12 comments:

  1. Ёстой сонирхолтой байлаа. Дараагын лекцийг хүлээж байя. Би лав хөөрхий 1 хүнийг дайрах байхаа. Харин тэр бүдүүн залууг тайван орхино.
    Амьд үлдэхийн төлөөх “аллага” байхаа.

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээр тэгнэ тэгэхгүй гээд зогсохгүй, яагаад гэдэг үндэслэлээ гүйцэт гаргаж хариулах хэрэгтэй.

      Delete
    2. 5хүнийг алахдаа би вагонаар дайрч ална эсвэл нөгөө зам дээр зогсож буй 1 хүнийг бас л вагоноор дайрч ална. Алж буй арга зам нь ижилхэн гэх юм уудаа ямар ч байсан би алж байна.
      5x > 1x
      x = вагоноор хүн дайрч алахад шаналах шанлалын коефицент.
      Тэгэхээр цөөхнийг алж олныг аврахыг би бодож байна.

      Харин нөгөө сонголт нь би хэнийг ч алахгүй зүгээр гэрч нь болоод хараад зогсож болно. Эсвэл нэг хүнийг би түлхэж унагах шаардлагтай.
      5z < 1y
      z = хүн үхэхийг хараад шаналах шанлалын коефицент
      y = Хүн түлхэж алахахад шаналах шанлалын коефицент

      Энэ нь тэр 5хүнийг би авраагүй нь алсан мэт боловч би угын алаагүй.

      Бүүр хэтрүүлэгтэй бичвэл надад ийм сонголт байлаа нэг бол 5хүн хутгалж алах эсвэл 1 хүн хутгалж алах энэ тохиолдолд би 1 хүнийг л ална.

      Дараагын сонголт нь 1хүнийг би тамлаж алах эсвэл надаас шаал өөр хүн 1товчлуур дараад америкт байгаа (хол байгаа) 5хүнийг алах.

      Энэ тэхдээ би хэт алах талыг нь биччихшиг боллоо тэр нь л надад хүнд тусаад байна. Авралыг сайн бодвол би тэр залууг түлхэж унагаахаар шийдэж бас болох л юм.

      Delete
    3. би бол 5 хүнийг дайрах байсан. Учир нь гэвэл энэ тоон доо байгаа юм шиг хирнээ шударга ёсны үүднээс ярьвал ууг нь үхэх сонголт нь анхнаасаа тэр 5 хүн л байсан харин анхны сонголтыг өөрчлөх нь өөртөө сайхан харагдахын тулд давтагдашгүй нүдэндээ давхраа хийлгэхтэй адилхан.

      Delete
    4. 5 хүн үхэх сонголттой байсан гэдэг нь, тэд вагон явах зам дээр байсан учраас тэгж хэлж байна уу? Вагоны явах маршрут анхнаасаа эргэлтээр эргэх ёстой байсан бол та маршрутын дагуу хүрдээ эргүүлэх байсан уу? тэр тохиолдолд аль нь үхэх нь сонголттой болох вэ?

      Delete
    5. мэдээж маршрутын дагуу хүрдээ эргүүлнэ. чиглэлийн дагуу хэн зам дээр байна тэр хүн нь үхэх болж байна. Миний маршрутын дагуу зам дээр ажилтан байна гэдэг нь тэр хүний л тавилан юмдаа. Харин өөр замруу эргүүлэх нь миний хувьд ёс зүйн хувьд нийцэхгүй байна.

      Delete
    6. маршрутынхаа дагуу явах нь тийм чухал юм гэж үү? маршрутын дагуу яваад 5 хүн алахаар байсан ч хамаагүй юу? Маршрутын дагуу явах нь л ёс суртахууны хувьд хамгийн зөв сонголт гэдгийн үндэслэл нь юу вэ?

      Delete
  2. Баярлалаа, үнэхээр сонирхолтой байна

    ReplyDelete
  3. bayrlalaa ushuu olon ym hiigeerei
    amjilt

    ReplyDelete
  4. Та энэ цуврал лекцийг орчуулж тавивал Монголчуудын соёлд зүйрлэшгүй их тус нэмэр болно гэж мөхөс би мунхагланам. Сандел гуай энэ лекцүүдээ бас ном болгож гаргасан байгаа. Ирээдүйд таныг тэр номыг орчуулан гаргаж Монголчууддаа дэлхийн сор болсон эрдэмтний бүтээлийг хүргэнэ гэж итгэж байна.

    ReplyDelete
  5. Anonymous25/6/17 13:53

    Bayarlalaa. Tanii blogiig odoo l uzej bna, ene heden jil haana nuudgaad bsn treasure blog ve?. Ogloonoos hoish buh postuudiig chini unshaad marathon hiij bna hehe. Iim goy2 medeelluud niitlesend uneheer ih bayarlalaa. Tsaashdaa bas zondoo niitlel oruulna gej naidaj bna! :)

    ReplyDelete