2016/02/12

7. Кьергегор. Хувь хүн амиа өргөхөөс ч буцахгүй тэр зүйлийг л "Үнэн" гэнэ

Өмнөх - 6. Гегель. Үнэнд хүрэх цорын ганц арга бол тэмцэл



“Хүн төрөлхитөний түүх диалектикийн хуулиар шинэ шинэ бэрхшээлүүдийг давсаар, эцэстээ туйлын үнэнд хүрэх болно” хэмээх, хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн Гегелийн философи олон хүний сэтгэлийг булаан дэмжигдэв.
Гэвч Гегель өөрийн философио дагах аваас, ямар ч мундаг санаа диалектикийн хуулиар хөгжих учиртай юм хойно, Гегелийн өөрийнх нь философи ч бас хэн нэгэнд үгүйсгэгдэхгүй бол болохгүй. Тэгээд, тэр үгүйсгэлээс нь улам дээд философи төрөн гарахгүй бол болохгүй.
Тэгээд үнэхээр ч, бодит байдал дээр Гегелийн философийг үгүйсгэгч төрөн гарсан нь Кьеркегор (1813 – 1855) байлаа.
Кьеркегор тухайн үедээ хамгийн ихээр ХИТ болоод байсан Гегелийн философийг
-       Одоо, энд амьдарч буй хувь хүнийг үл тоосон, хүнлиг шинжгүй философи
хэмээн шүүмжилж, хүчтэй дургүйцсэн гэдэг. Нээрээ л тийм биш гэж үү? Эцсийн эцэст Гегелийн философи “хүн төрөлхитөн хэзээ нэгэн цагт үнэнд хүрэх болно оо!” гэж л хэлж байгаа болохоос, үнэндээ “хэзээ, хэн, ямар үнэнд хүрэх гээд байгаа юм?” гэх хамгийн анхаарлын төв дэхь асуудлын тухайд огт юу ч хэлээгүй. Тиймээс тэр хэлээд байгаа туйлын үнэнд хүрч очих нь зуун жилийн дараа ч юм уу, мянган жилийн дараа ч юм уу, бүү мэд. Хэрвээ туйлын үнэнд хүрч очих нь тийм холын ирээдүйн явдал юм гэвэл,... өнөөдөр, энэ цаг үед амьдран буй бидэнд ер нь ямар хамаа байна аа?!?
Ийм байдлаар Кьеркегор нь Гегелийн философийг “хувь хүний хувьд ямар ч хэрэггүй” агаарын яриа хэмээн буруушаажээ. Үнэхээр ч, 1000 жилийн дараах хаанахын ч юм хэн нэгний гараар олдох эсэх нь ч тодорхойгүй тэр үнэний тухай ярилаа гээд, чухам ямар утга тэнд байх билээ. Кьеркегор тиймэрхүү “хэзээ нэгэн цагт олдож магадгүй” маягийн хоосон төсөөллийн өнгө аястай, өөрт падгүй мэт үнэнг хэрхэвч “үнэн” байх учиргүй хэмээн үзэв. Тэрээр үнэн гээчийн тухайд ийн өгүүлсэн байдаг:
-       Миний хувьд үнэн гэж бодогдохуйц үнэн. Би түүний төлөө амьдарч, түүний төлөө үхэж чадахуйц үнэн. Чухам тийм үнэнийг эрж олох явдал л хамгийн чухал юм.

Өөрөөр хэлбэл, “хүн төрөлхитөний хувьд” ч юм уу, “хэзээ ч ямар ч үед биелэх хөдлөшгүй туйлын” ч юм уу, тиймэрхүү газраас хөндийрсөн агаарын үнэнүүд бол даанч падлийгүй. Харин тэрний дэргэд “МИНИЙ ҮНЭН”, “НАДЫН ҮНЭН”, “МАНИЙ ҮНЭН”, энэ л цорын ганц чухал нь юм. Яг өнөөдөр, бодитоор амьдарч буй хувь хүн үнэн сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх тэр зүйл. Түүнийг олохын төлөө амиа ч өгөхөд харамсахгүй гэж бодогдохуйц тийм зүйл. Тэрийг л чухамхүү “үнэн” гэж хэлэх ёстой бус уу? Кьеркегор энэ талаас нь үнэнийг дахин томьёолсон нь энэ байв.
Тэгэхээр Гегель нь “Илүү дээд үнэнд хүрэхийн төлөө өнөөдрийг зориулъя” маягийн философич байсан бол, Кьеркегор нь “Өнөөдөр л үнэнийг олж чадвал маргааш хэрэггүй” гэсэн, чанх эсрэг тэсрэг философич байсан хэрэг юм.
Ингээд Кьеркегор гарч ирснээр Гегелийн философи үгүйсгэгдэж, тэндээс зөрчил үүсэх нь тэр. Энэ зөрчлийг хэрхэн арилгавал зохилтой вэ?
Тэдний алинд нь ч хангалттай үндэслэл бий. Гегелийн “Хүн төрөлхитөн тэмцлийн үр дүнд туйлын үнэн, төгс төгөлдөр нийгэм тийш хөгжин дэвших болно” гэх философи нь туйлаас сэтгэл булаам ойлгомжтой яриа бол, нөгөөтэйгүүр “Тийм хэзээ хүрч очих нь тодорхой бус ирээдүйн яриа ярих нь, өнөөдрийг амьдрах бидэнд ямар ч хүртээлгүй” хэмээн эсэргүйцэх Кьеркегорийн сэтгэлийг ч бас ойлгохгүй байх аргагүй. Яг ийм цаг үед дээрхи хоёрын зөрчлийг арилгах үзлийг санал болгогч нэгэн эр гарч ирнэ. Тэрээр хүмүүст хандаж ийм утга бүхий нэгэн уриалга гаргав аа.
-       Зүгээр л хүлээгээд суувал уйтгартай шүү дээ!!!


Үргэлжлэл - 8. Сартр. Өөрсдийн гараар хүн төрөлхитөнийг үнэнд хүргэцгээе

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment