2016/02/15

8. Сартр. Өөрсдийн гараар хүн төрөлхитөнийг үнэнд хүргэцгээе

Өмнөх - 7. Кьергегор. Хувь хүн амиа өгөхөөс ч буцахгүй тэр зүйлийг л "Үнэн" гэнэ



Тэр бол Францийн философич Сартр (1905 – 1980) байлаа. Тэрээр тав тухтай амьдралд биеийн амрыг харалгүй, Парисын Saint-Germain гэж нэрлэгдэх залуусын дэгжин хотын кафегаар өдөр бүр хэсүүчилж, тэр хавийн гаж сонин рок панк залуучуудыг тойруулан мэтгэлцээн өрнүүлж философийн ном бичсэн шигээ явдаг, нэгэн төрлийн этгээд философич байжээ. Түүнийг залуучууд хүндэтгэн өргөмжилж ийн авгайлдаг байсан гэдэг.
-       Сен-Жермений загалмайлсан эцэг!!


Тийнхүү залуусын хайр хүндэтгэлийг нэгэн биед хураасан Сартр нь, Гегель болон Кьеркегор нарын зөрчил хэмээх асуудалд хандаж ийм санал дэвшүүлэв.
-       Тийм бол туйлын үнэнийг эрэлхийлэх түүхийн тэр өрнөлийг даруй өөрсдийн гараар урагшлуулцгаах юм биш үү? Түүний төлөө энэ насны амьдралаа зориулцгаая бус уу?!?

Нэг ёсондоо Гегелийн философийг бусдын явдал гэж үзэлгүй, өөрийн зүгээс идэвхитэйгээр оролцож, “бие хүн болж өнөөдрийг амьдарч буй утга учраа” олж нээцгээвэл яасан юм бэ, гэсэн санаа юм. Сартрийн энэхүү халуун уриалга тухайн үеийн залуучууд буюу, капитализм амжилтанд хүрч амьдрал хангалуун болох нь болсон ч, түүнээс цааш чухам юу хийж насыг барахаа мэдэхээ байсан тэдгээр залуусын сэтгэлийг тасхийтэл эзэмдэн авчээ.

Эрх чөлөөний ял

Ингэхэд Сартр гэвэл, “хүмүүс бол эрх чөлөөний ялаар шийтгүүлэгсэд юм” хэмээх үгээрээ алдартай философич боловч, ер нь яагаад “эрх чөлөөний ял” байдаг билээ? Энгийнээр бодож үзвэл эрх чөлөө гэдэг хэн бүхэн хүсч талархдаг хамгийн гайхамшигтай төлөв байх учиртай мэт. Гэтэл Сартрийн үгээр бол тийм биш юм гэнэ. Тэрээр эрх чөлөөг дараах байдлаар тайлбарлажээ.

-       Эрх чөлөө гэдэг бол, юу зөв болохыг мэдэхгүй байхад “өөрөө мэд” гээд хаягдаж орхигдсон түгшүүртэй нөхцөл байдал юм.

Жишээлбэл, хаа нэгтээ бурхан гэж байгаад, хүмүүст хандан “Үнэн гэж энэ юм шүү дээ. Чиний амьдралын зорилго бол энэ” гэхчлэн бүхнийг нэгд нэгэнгүй зааж өгдөг байсан бол бид бүхэн юунд ч шаналах шаардлага гарахгүй байсан биз. Аавынхаа гараас хөтлүүлэн алхах бяцхан жаалхүү шиг, бид бүхэн эргэлзэх явдалгүйгээр өгөгдсөн үнэнийг дагаж, түүний дагуу л амьдраад явахад болох байлаа.
Гэвч бодит байдал дээр, хүнд тийм үнэн мөн ч амьдралын утга учир ч олгогдсонгүй, бас хэн ч зааж өгсөнгүй. Тиймийн учир хүмүүс “юу хийх ёстой” болохоо өөрөө “шийдэж” амьдрахаас өөр арга байсангүй.
Гэтэл..., бид бүхэн чухам яаж “шийдэх” ёстой юм бэ? “Шийдвэр” гаргахын тулд “шийдвэрт хүрэх хэмжүүр” болохуйц ямар нэгэн юм байх шаардлагатай. Магадгүй түүнийг “үнэлэмжийн хэмжүүр” гэж нэрлэж болох. Гэтэл энэ хорвоод “үнэлэмжийн хэмжүүр” гээч юм өч дөчнөөнөөрөө бий. Шашин А ч юм уу, шашин Б ч юм уу, эсвэл филосифи А ч юм уу, философи Б гэх мэт. Тиймэрхүү юмсыг хэд л бол хэдийг олж зохиогоод байж болох биз. Тэгвэл тэдгээр тоогүй олон “үнэлэмжийн хэмжүүр” дотроос чухам алийг нь сонговол зүгээр юм бол? Хэрвээ эз нь таараад “даанч дээ гэмээр үнэлэмжийн хэмжүүр” сонгож орхивол..., түүнээс цаашхи амьдрал маань орвонгоороо дашин шог ч болоо юм билүү. Тиймээс бид тун нухацтайгаар зөв үнэлэмжийн хэмжүүр сонгохгүй бол горьгүй.
Эндээс, бид бүхэн тоогүй олон “үнэлэмжийн хэмжүүр” дотроос аль нэгийг нь сонгон шийдэхгүй бол болохгүй учиртай. Гэтэл тэр сонголтыг хийхийн төлөөх зөв хэмжүүр бас хэрэгтэй. Юу??? “Үнэлэмжийн хэмжүүрийг сонгохын төлөөх тэр хэмжүүр”. Тэгээд тэр хэмжүүрийг сонгохын тулд бас сонголт хийх хэмжүүр хэрэгтэй болж..., гэсээр эцэстээ энэ нь хязгааргүй үргэлжилсэн юм болох тул, зарчмын хувьд хэлэхэд “шийдвэрт хүрэхийн төлөөх зөв үнэлэмжийн хэмжүүр” гээч юмыг гартаа оруулж авах нь анхнаасаа ор тас боломжгүй зүйл болж таарч байгаа юм.
Нэгэнтээ тийм л юм бол яах ч аргагүй. Хүү хаа гээд аль нэгийг нь үзэмжээрээ сонгосон болоод цааш явахаас өөр замгүй. Гэвч байна шүү. Тэр сонголт чинь зөв байна гэсэн баталгаа үнэхээр хаана ч байхгүй. Тиймээс ирээдүйд яаж муугаа үзэхийг хэн ч тааж хэлшгүй. Цор ганц олдох амьдралаа талаар нэг тарааж орхихыг ч байг гэх газаргүй. Мэдээж “алийг нь ч сонгохгүй” гэсэн сонголт ч бас бий. Гэсэн ч “сонгохгүй” гэх тэр сонголт ч бас зөв байх баталгаа үгүй.
Тэгвэл тэгээд яах ёстой юм бэ гэвэл..., ер яагаад ч нэмэргүй. “Амьдралыг хэрхэн туулах ёстой вэ?” хэмээх хамгийн чухал асуудалд “ингэж ингэж амьдрах ёстой” гэсэн “зөв үнэлэмжийн хэмжүүр”-ийг бурхан ч зааж өгөхгүй, төр засаг ч, сургууль ч, ер хэн ч бидэнд зааж өгөхгүй. Тиймээс бид бүхэн үүнийг зөвхөн өөрсдөө л шийдэхгүй бол болохгүй. Алдаа эндээ бүтэлгүйтэлд чичрэн дагжсаар, зөв эсэх нь үл мэдэх ямар нэгэн зүйлийг хүссэн хүсээгүй шийдэн урагшлахаас өөр замгүй.
Тэгээд тэрхүү шийдвэр болбоос 100% “чөлөөт сонголт” байх болно. Үнэхээр юу ч сонгосон болно. Сайн сургуульд элсэн орохын тулд ээрч мууртлаа хичээлээ хийсэн ч болно, огт хичээл хийлгүй PC тоглоомон дээр рекорд энэ тэрхэнтэй ноцолдон байдаг цагаа барсан ч болно. Манаач болсон ч болно, менежер болсон ч болно. Хэд ч хаягдсан хамаагүй хүүхэн бүрийн араас гүйсэн ч болно, яршиг гэж залхуураад 2 хэмжээст зурган хүүхэнтэй заваараад хэвтэж байсан ч болно. Ер бүх юм чөлөөтэй.
Харин юу ч хийдэг байлаа гээд тэнд ямар ч баталгаа үгүй тул, 10 жилийн дараа 20 жилийн дараа өөрийн сонголтондоо мэл гайхаж суухыг байг гэх газаргүй.
-       Яагаад би ингэхэд ийм ажил хийдэг хүн болчихов оо? Яагаад хүнтэй ч суухгүй гон бие явна вэ? Миний амьдрал уртаашаа ердөө л энэ болж таарав уу? Үүнээс цааш өтлөөд, тэгээд үхэх л үлдээ юм гэж үү?... Арай өөр сонголт байсан л баймаар юм даа?!?

Гэсэн ч ийм байлаа гээд та хэнд ч гомдох эрх үгүй. Яагаад гэвэл, энэ бүхнийг та өөрөө л сонгосон шүү дээ. Тиймээс өөрийн сонголтондоо харамсдаг ч бай бүтэлгүйтдэг ч бай, түүнийхээ хариуцлагыг өөрөө л үүрэх болно.
Нэг ёсондоо хүн гэдэг, юуг нь сонгохыг мэдэхгүй ертөнцөд өөрөө ч хүсээгүй хэрнээ гэв гэнэт л падхийтэл ойчиж ирээд “Чиний амьдрал юм чинь чи өөрөө шийд” гэсэн эрх чөлөөг хүчээр тулгагдан тулгамдаж, учраа ч мэдэлгүй санаандгүй нэгийг нь сонгоод аль муугаа үзтэл “Чиний л сонголт шүү дээ” гэгдэн бүх хариуцлагад дарагдах, тийм хувь заяанд төрөгсөд юм. Сартр хүний тэрхүү нөхцөл байдлыг зааж “Хүмүүс бол эрх чөлөөний ялаар шийтгүүлэгсэд юм”, эсвэл “Хүмүүс эрх чөлөөний хараал хүрсэн” гэх үгээр илэрхийлжээ.

Түүхийн оролцоо

Гэхдээ тэрээр хүн төрөлхитөний тухай дандаа л гутранги зүйл өгүүлж явсангүй. Тэрээр харин ч “Тийм ч учраас хүмүүс түүх бүтээлцэхэд гар бие оролцох ёстой” гэж уриалжээ. Яагаад гэвэл, аль үнэлэмжийн хэмжүүр нь зөв болохыг мэдэхгүй байлаа гээд юу ч сонголгүй хий хоосон амьдралыг барснаас, алдсан ч бай хамаагүй тэр эрсдэлийг үүрээд ч болтугай аль нэгнээс нь сонгоод амьдрах нь хавьгүй дээр учраас юм.
Тиймээс Сартр нь, хүмүүс “эрх чөлөөний ял” гээч хараалыг нуруундаа үүрсэн байлаа ч, түүнээсээ нүүр буруулах явдалгүйгээр өөрөө зорьж очин “сонголт” хийж, тэнхээлгээр тэмүүлэлтэй амьдрах ёстой болохыг зааж өгч. Тэр нь нэг ёсондоо, боол хүн гинжнээсээ өөр алдах юмгүй гэдгийн адилаар, тэртээ тэргүй “эрх чөлөөний ял” үүрч яваа хойно, харин ч эсрэгээрээ алив хариуцлагыг өөртөө тохож, эрс шийдэмгий идэвхитэй амьдарцгаая гэсэн санаа юм. Тэгээд нэгэнтээ л амьдрах юм бол, түс тас аль болох том тайзан дээр..., “хүн төрөлхитөнийг төгс нийгэм, туйлын үнэн тийш хөтлөн чиглүүлэгч түүх хэмээх тэр агуу тайзан дээр” гарч үзвэл яасан юм бэ, хэмээн Сартр санал болгожээ.

Яг Сартр амьдарч асан тэр цаг үе бол, капиталист нийгэм бүрэн утгаараа дэлхийн хамгийн голлох урсгал болсон үе байв. Гэвч Гегелийнхээр бол түүх нь гарцаагүй диалектикийн хуулиар хөгжих ёстой тул, энэ чигээрээ үүрд үргэлжлэх юм биш үү хэмээн төөрөлдөх нь цөөнгүй капиталист нийгэм ч бас хэзээ нэгэн цагт үгүйсгэгдэж, улам дээд нийгмийн системээр солигдох учиртай. Тэгвэл тэр илүү дээд нийгэм гээч нь чухам юу байх бол? Тухайн үед капиталист нийгмийг даван гарах төгс нийгмийн систем гэгдэн, Марксийн Коммунист нийгэм хамгийн нөлөө бүхий нэр дэвшигч болоод байжээ.
Тиймийн учир, Сартрын уриалганд мэдрэг болсон тухайн үеийн залуус коммунист хувьсгал ч юмуу оюутны хөдөлгөөн энэ тэрд ээлж дараалан хамрагдах болов. Ингэж, хаа сайгүй дуулга өмсөж молотов шидэх зэвсэгт мөргөлдөөн мэтийн “нийгмийн тэрс үзэлтнүүд” газар авч, дэлхийн өнцөг булан бүрт өрнөх болсон юм гэнэ лээ.


Үргэлжлэл - 9. Леви-Стросс. Үнэн заавал ганц замаар урагшлах албагүй


Хялбаршуулсан философи

1 comment:

  1. Saint-Germain chin Paris-n urgun chuluu bizdee. Sartre "Cafe de Flore"-n baingiin uilchluulegch bsn gj sonsson.
    ...Burhan baigaad ch ene ni yug ch uurchilj chadahgui, tiim bolohoor chmaas uur chmg avrah hun hench bhgui. Hunii erh chuluu busad humuusiinhtei hamaaraltai tiimees hun uuruu erh chuluug husch temuulj bgaa bol busdad ch gesen adil husch temuuleh yostoi...

    ReplyDelete