2016/02/04

6. Гегель. Үнэнд хүрэх цорын ганц арга бол тэмцэл

Өмнөх - 5. Кант. Ертөнцийн үнэн төрхийг мэдэх боломжгүй


Кантын ачаар хүн төрөлхитөн “хүний хувь дахь үнэн” гэж байдаг болохыг ойлгов. Гэвч, үнэн хэрэгтээ Кант нь тийм үнэн оршин байх боломжтойг баталсан төдийд, хэрхэн яаж тэр үнэнд хүрч болох хүртэл нь хэлж өгсөнгүй. Тэр нь ёстой л “гарц байна гэдгийг мэдсэн ч, хэрхэн тэр гарцанд хүрэхийг мэдэхгүй”-тэй адил нөхцөл болов. Тэгвэл хэрхэн яаж хүн төрөлхитөн гарцанд (үнэнд) хүрч очих вэ?
Тийм цаг үед, “ингэвэл үнэнд хүрч чадна” хэмээн үнэнд хүрэх аргыг тодорхой заан үзүүлэх нэгэн философич гарч ирсэн нь, орчин үеийн философийг гүйцээн боловсруулсан хэмээн үнэлэгддэг агуу философич Гегель (1770 - 1831) байлаа.
Гегель нь, үнэн гэдэг бол нэг өдөр нэг цоорсон нөхөр гарч ирээд “Хохохо, би үнэнийг ойлгочихлоо!” гээд гэв гэнэт олчихдог өнгөцхөн эд бус, Диалектик хэмээх хуулиар “олон хүний гар дамжин, урт удаан цаг хугацааг зарцуулж алгуур алгуураар хэлбэржин бүрэлддэг зүйл” болохыг онцлов.
Тэгвэл тэр Диалектик гэдэг нь юу вэ? Хялбаршуулан тайлбарлавал “Харилцан эсрэгцэх үзэл санаанууд мөргөлдөн тэмцэлдэх байдлаар, аливаа юмсыг өрнүүлэн хөгжүүлэх арга хэлбэр” юм. Жишээлж хэлбэл, нэг хүн “Тэнд дугуй юм байна” гэж хэлжээ гэе. Түүний хувьд үнэхээр “дугуй юм харагдаж буй” нь илэрхий болсон явдал юм хойно, түүнийг нь маргашгүй үнэн гэж итгэмээр. Тэгтэл гэнэт “Юу вэ? Дөрвөлжин л байна шд” гэсээр өөр нэг нөхөр гараад иржээ гэе. Мэдээж дугуй харж буй эхний хүн маань “Битгий солиор, яаж ч харсан дугуй л байгаа биз дээ? Гарцаа байхгүй энэ бол үнэн за юу!!” гэсээр ширүүн эсэргүйцэх нь дамжиггүй боловч, нөгөө нөхрийн хувьд ч бас тэр нь адилхан байх болно. “Харин хэлээд байна шдээ, дөрвөлжин байна аа гээд байхад. Юун дугуй, минийх үнэн за юу” гээд тас хөндөлсөж таарна. Тэгвэл ийм үед яах ёстой вэ?
 “За яахав дээ, хүн болгон адилгүй юм чинь, өөр өөрсдийнхөөрөө л ойлгоход болно шдээ” гээд гал унтраасан үг хэлээд байдлыг намжааж болох хэдий ч, үнэн хэрэгтээ тэгэх нь юуны ч шийдэл болохгүй. Тэрний оронд харин ч эсэргүйцлээс эмээлгүй, харилцан өөрсдийн санаагаа тууштай зүтгүүлэн тэмцэлдвэл сайн. Яагаад вээ гэвэл, тэгсний ачаар төдийг хүртэл олж анзаараагүй шинэ үнэнд хүрэх явдал бий учраас тэр юм.

-       Харин тэгээд яачаа вээ?
-       Алив, байз!!! Үгүй ээ энэ чинь…, Өө, цилиндр байсан байна шдээ.
-     Тийм байна уу? Тэгвэл аргагүй юм байна шдээ. Тэгээд л дугуй ч болж харагдаад, дөрвөлжин ч болж харагдаад байж л дээ.

Иймэрхүү байдлаар мэтгэлцэн тэмцэлдсэнээр зөрчилдөөнийг арилгасан цоо шинэ үнэнд хүрэх нь бий. Гегель нь ийм “зөрчилдөөн дундаас шинэ гарц олон хөгжих арга хэлбэрийг” диалектик гэдэг үгээр илэрхийлжээ.

Диалектик тэмцэл

Тэгэхээр энд чухал нь гэвэл, энэхүү диалектикийн үр дүнд олдох шинэ үнэн нь, эхний хоёр үнэний хоорондох зөрчлийг арилгасан гэдэг утгаараа илүүтэй дээд түвшний үнэн гэж үзэж болно. Мэдээж “Юу вэ? Цилиндр биш л байна шд” хэмээн, нөгөө дээд түвшний үнэнийг нь үгүйсгэх хөндлөн нөхөр бас гарч ирж ч болно. Гэсэн ч тийм үед мөн л дээрхийн адилаар мэтгэлцээн өрнүүлчих хэрэгтэй. Тэгснээр тэр зөрчлийг арилгах улам дээд түвшний үнэнд хүрэх болно.
Гээд үзвэл, энэхүү диалектикийн аргыг давтан давтан үргэлжлүүлбээс, эцэстээ “хамгийн дээд үнэн”, “туйлын үнэн”, “жинхэнэ үнэнд” хүрч очиж таарна. Энэ процессийг товчлон эмхэтгэвэл нэг иймэрхүү процесс байх юм.

1.     Хэн нэг нь үнэний тухай өгүүлнэ.
2.   Өөр хэн нэг нь тэр үнэнийг үгүйсгэж, эсрэг үнэнийг гаргаж ирнэ.
3.     Зүйтэй. Тийм бол тэмцэл
4.     Хоёр талын сэтгэлд хүрэхүйц “дээд үнэн” төрөн гарна.
5.    Өөр хэн нэг нь тэр дээд үнэнийг үгүйсгэж, эсрэг дээд үнэнийг гаргаж ирнэ.
6.     Зүйтэй. Тийм бол тэмцэл
7.   Ахиад хоёр талын сэтгэлд хүрэхүйц “дээдийн дээд үнэн” төрөн гарна.
8.   Хэн нэг нь “эсрэг дээдийн дээд үнэнийг” дэвшүүлж, тэндээс “дээдийн дээдийн дээд үнэн”…
9.    Ингэж явсаар хэзээ нэгэн цагт “дээд × (хязгааргүй) үнэн”, өөрөөр хэлбэл “туйлын үнэнд” хүрнэ.

Мятрашгүй тэмцлийн чанадад хүрч очих хязгаар. Гегель нь диалектик (буюу тэмцэл) л хүн төрөлхитөнийг үнэн тийш хөтлөн авч авах цорын ганц арга хэмээн тунгаажээ.
Цаашлаад Гегель өөрийн диалектикийн хуулийг түүх дээр авч үзэв. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхитөний түүх ч бас үнэний эрэлтэй адилаар, диалектик хэмээх тэмцлээр урагшлан давшиж, эцсийн дүндээ жинхэнэ эрх чөлөөг цогцлоох “төсөөллийн төгс нийгмийг” бүтээн байгуулах болов уу гэж санажээ. Тэгээд тэрхүү төгс төгөлдрийн туйлд хүрэх явдал бол хүн төрөлхитөн хийгээд түүх оршихын учир утга юм хэмээн зарлан тунхагласан юм.
Гегель амьдарч асан яг тухайн цаг үе бол, хаант засгаас ардын засаг тийш шилжилтийн цаг үе байлаа. Үнэхээр ч, Гегелийг оюутан байх үед Францын хувьсгал өрнөсөн байдаг. Ард олон эрх чөлөө хийгээд эрх тэгш байдлыг шаардан босч, хаант засгийг түлхэн унагаад ардын төрийг зарлан тунхагласан түүхэн үйл явдал. Тиймээс тухайн үеийн хүмүүс тэрхүү хувьсгалын ялалтанд автан бардаж “Түүх урагшлахын хэрээр нийгэм улам сайжран дээшилдэг” хэмээн итгэл дүүрэн хэлэх тийм цаг үе байлаа. Иймэрхүү цаг үеийн дэвсгэр ч нөлөөлж, Гегелийн философи нь нижгэнэсэн алга ташилтаар олон түмний дунд түгэн тархсан авай.


Үргэлжлэл - 7. Кьергегор. Хувь хүн амиа өргөхөөс ч буцахгүй тэр зүйлийг л "Үнэн" гэнэ

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment