2014/12/28

Капитализмын давуу тал

Та гудамжаар алхаж явахдаа иймэрхүү юм бодож байсан уу?
-   Энд л нэг хоолны газар нээчихвэл найдвартай цөм хийнэ дээ!?!

Өдөр бүр тогтсон нэг замаар явдаг хувь хүн л олж харж чадахуйц зүйл гэж бий. Өдрийн цайгаар албан байгууллагуудаас бөөн ажилчид гарч ирээд, хаа холын дэлгүүр хүртэл уралдаж бэлэн хоолыг нь түйвээгээд байвал, хэний ч толгойд ийм санаа орж ирэх нь лав биз. Тэгвэл ийм үед яах ёстой вэ?

Яах юу байхав, ойлгомжтой биз дээ? Азаа л үз. Зээл ав, газар түрээслэ, гуанзаа нээ. Нэг л өдөр гэнэт баяжаад хүссэнээрээ амьдрах битүүхэн хүсэлтэй залуу эр энэхүү гэнэтийн санаанд амьдралаараа дэнчин тавихаар сэтгэл шулуудна. Тэрээр цалингаас цалингийн хооронд амь залгах тогтсон ажлаа хаяад, өрийн дарамтыг үүрэн байж нэгэн гуанз нээж үзнэ.

Тэгтэл... бөөн амжилт. Түүний мэргэн санаа нээрээ л байндаа тусчээ. Тэгээд олсон ашгаараа хоёр дахь, гурав дахь гуанзаа нээж бизнесээ тэлнэ. Тэгсээр, нэг мэдэхнээ өөрөө ч тэр гуанзандаа ажиллаад байх шаардлагагүй болно. Бусдыг хөлсөлж, өөрөө хуруугаа хөдөлгөх төдийд л бөөн бөөн орлого олдог болоод ирнэ. Цагийн ажилчдад сарын хэдэн цаас атгуулаад, өөрөө бол сарын 10 сая, үгүй ээ бүр түүнээс ч их орлого олон, тансагийн дээдээр тухлан амьдарна.

Гэдэг бол юутай сайхан байхав... Даанч бодит амьдрал тийм ч санасны зоргоор болсонгүй...
Үнэндээ тэрээр гуанз нээгээд үзтэл, яагаад ч юм хүмүүс төдийлөн орж ирэлгүй, бэлдсэн жаахан материал нь хогийн сав мялаасаар, эцэстээ ердөө л баахан өрөнд унаад үлдэх нь тэр. “Заавал баяжина. Би чадна” гэсэн түүний хүсэл тэмүүлэл хатуу байсныг хэлэх үү, ялагдлын өвдөлт түүнд ямар чангаар тусаа бол. Тэгээд, түүнээс цаашхи өрөнд баригдсан хяслант өдөр хоногууд. Хэр удаан тэвчиж, хэзээ амиа хорлоод бууж өгөхийг хэн ч таашгүй. Гэлээ ч, энэ ч гэсэн бас л нэг амьдрал юм. Амьдралд ялсан нь бүхнийг авч, ялагдсан нь бүхнээ өгдөг нь жам. Үүнийг яаж ч мушгиад, яаж ч тийчлээд... аргална гэж үү? Энэ бол капитализмд байх л асуудал юм...

Гэхдээ энд тов тодорхой хэлж болох нэг зүйл бий. Тэр бол, түүний гуанз дампуурсан гэдэг бол, тэр газар гуанз байх хэрэггүй байжээ гэсэн үг. Харин эсрэгээрээ дампуураагүй бол, тэнд гуанз байх хэрэгтэй байжээ гэсэг үг болно. Өөрөөр хэлбэл, орчиндоо зохицсон нь л амьд үлдэнэ. Тэр утгаараа одоо хотод ашигтай ажиллаж байгаа хоолны газрууд бол бүгдээрээ хэрэгтэй болоод л байгаа гэдгийн баталгаа юм.

Нэг ёсондоо, хувь хүмүүсийн хүсэл санаачлагаар бий болсон дэлгүүр хоршоо, жижиг том компаниуд жилийн жилд л энд тэнд булцайтал гарч ирсэнээ бэлцийтэл дампуурч унацгаадаг нь, мөн чанартаа бол тэнд орчиндоо хамгийн зохицсон нь амьд үлдэх Оптимизаци (буюу оновчлол) явагдаж буйн илрэл юм.

Хүмүүсийн амь амьдрал дээр тогтох оптимизацийн үр дүнд хамгийн зохистой, “Аа, энд яг ийм юм байгаасай гэж хүсч байсан юм” маягийн оновчтой хуваарилалтаар хот хөгжин хувьсна. Нэг үгээр хэлбэл, капитализм дахь систем нь өөртөө хамгийн оновчтойг эрэлхийлэх механизмыг агуулж байдаг.

Харин энэ бүхэн коммунист нийгэмд байсан бол яах бол? Бүх дэлгүүр хоршоод бүгдээрээ төрийнх тул, хэн ч капитализм шиг амь амьдралаараа дэнчин тавьж үхэн хатан мэрийгээд байхгүй нь тодорхой. Тэгээд ч ер нь мэрийдэг ч бай, эс мэрийдэг ч бай авах цалин нь өөрчлөгдөх биш. Тиймээс төрийн албан хаагчидын төвшинд тэгэс хийгээд хэдэн дэлгүүрийн байрлал зааж өгсөн болоод л орхино. Тэр нь мэдээж бодит амьдралд төдийлөн оновчгүй тааруухан хот болон тогтоно.

Нэг тийм, “Ийм газар ийм юм байгуулж байх ч гэж дээ” гэмээр газрууд хаа сайгүй тааралдана. Хэрэв тэр нь капиталист нийгэмд байсан бол дороо дампуурч, илүү тохиромжтой газар дэлгүүр нээж ашиг олох гэсэн хүн гарч ирэх нь гарцаагүй боловч, коммунист нийгэмдээ бол улсын дэлгүүр дампуурна гэсэн ном байхгүй. Тэр чигтээ байгаад л байна. Ингэж, дэлхийд сансар судлалын технологиор тэргүүрлэгч супер гүрэнд, иргэд нь ердөө ганц талх авахын тулд хахир өвлийн хүйтнээр хэдэн километр алхаж өдөржингөө дугаарладаг гажиг амьдралаар амьдарч байсан юм.

Эцэстээ ЗХУ-ын коммунист нам өөрсдийн оновчгүй засаглалаа хүлээн зөвшөөрч дампуурлаа зарлан, 1991 онд олон жижиг улс болон бутран унасан. Коммунизмын магтан дуулсан “Төсөөллийн төгс эрх тэгш нийгэм” гээч нь даанч төсөөллөөс хэтэрч чадаагүй. Улмаар коммунист төрийн дампуурлын үр дүнд “Капитализм бүтэхгүй тул коммунизм л ирээдүйтэй болов уу” гэх Марксын философи нэгэнт үнэмшилтэй сонсогдохоо больжээ.

Мөн Марксын зөгнөсөн капитализмын сүйрэл ч бас, хэд хэдэн удаа болонгоо алдсан ч болоогүй. Эдийн засгийн хямрал хүндрэлийг олонтаа амссан хэдий ч, капиталист эдийн засаг нуран уначилгүй өнөөг хүртэл үргэлжилсээр буй. Мэдээж хэрэг, магадгүй дараагийн их хямралыг тэсч чадалгүй сөхрөхийг байг гэхгүй, эсвэл магад үүрд сүйрэхгүй үргэлжилж ч болно. Нэг ёсондоо капитализмын сүйрэл хүртэл Марксын зөгнөл хүлээлгийн өрөөнд хэвтэнэ ээ гэсэн үг.

Дүгнэж хэлбэл, “Коммунизм бол капитализмаас илүү” гэх баталгаа байхгүй атал, “Капитализм явцгүй ээ, тиймээс коммунизмыг сонго” гэж санал болгох нь хэрхэвч зөв зүйтэй зөвлөгөө гэж хэлэх боломжгүй юм. Тэгээд ч, коммунизмыг сонгох юм бол ингэж ингэж дампуураад төгсдөг болохыг түүх нэгэнт батлаад үзүүлчихлээ.

Мэдээж хэрэг, коммунизм нурж уналаа гээд, тэр нь капитализм дахь асуудлын шийдэл болохгүй нь тодорхой. Марксын заан хэлсэн капитализмын асуудлууд одоо ч хэвээрээ байж л байгаа. Ер нь ч тэгээд, коммунизм шаардлага хангалгүй лацдуулж, капитализмыг орлох илүү дэвшилтэт систем хараахан олдоогүй байгаа хойно, нэг хэсэгтээ л бид нар капитализм гэх энэ систем дотор л амьдарч таарах болов уу.


Гэвч нөгөөтэйгүүр, тийм ч учраас өнөөгийн бид бүхэн Марксын зааж үзүүлсэн капитализмын дутагдлыг тээршээлгүй нягтлан шалгаж, цаашид хэрхэн амьдрах ёстой, төр хэрхэх ёстой, энэ бүхний тухай нямбайлан тунгаахгүй бол болохгүй учиртай биз ээ.

4 comments:

  1. Комунизмын давуу тал гэж бас хоёр дахь анги нь гарна гэж найдаж байна.

    Капитализмыг би ингэж ойлгодог, улсын нийт хөрөнгийн 90 гаран хувь нь нийт хүмүүсийнхээ 10 хүрэхгүй хувьд ноогддог, нийт өр нь нийт авлагаасаа давдаг, хэдхэн архаг баячуудын атганд төмсгөө мэдүүлсэн сүрэг хүмүүсийн нийгэм гэж. Онц эрэлттэй цайны газрын байршлыг аль аль нийгэм нь шууд тооцож чадна. Харин тэр байршлыг нэг нь төр, нөгөө нь синдикат эзэмшдгээрээ л энэ хоёр нийгэм ялгаатай. Харин энд синдикат гэдэг нь төрөө ч зараад идчихэж чадах сэдэл хийгээд хүчин чадал бүхий бүлэглэл юм. Харин онц бус эрэлттэй цайны газарт капитализм тэгш хандаж чадах авч эрэлтээр хомсдоно. Эрэлт элбэг нүх сүв олж чадлаа ч түүгээр үйлчлүүлэх ёстой тархинуудын бүх ашигтай талбайг өнөөх л синдикатууд медиа хэрэгслээрээ дамжуулан хуу хамсан байдаг. Ихэнх тохиолдолд хамгийн ихдээ одоо олж байгаа цалингаасаа давахтай үгүйтэй орлогыг олж болох тийм л орон зайнууд хоосон үлддэг, хамгийн ихдээ шүү. Эрсдэл талаас нь үнэлвэл тэр нь хоосон орон зай биш, хаягдсан орон зай л гэсэн үг. Харин зарим нэг өндөр ургасан өвснүүдийг хяргахын тулд тэдгээр хэнд ч хэрэггүй нүх сүвнээс тэнгэр багандан ургаж чадсан америк мөрөөдлийн биелэлүүдээр тархи угааж, жаахан мөнгөн хуримтлалтай болоод ирэх цагтаа түүнийгээ эргүүлж өгдөг "утопист"-уудыг бий болгодог. Үнэндээ тэнгэр багандсан тэдгээр амжилт нь хэн нэг утопистоос бус сендикатуудын утаснаас зүүгдсэн күүкла төдий л байдаг. Одоо Америкаас авхуулаад Монголд хүртэл энгийн харц ард иргэд нь эдлэе л гэвэл эдлэж болохоор юм шиг эрх чөлөө, хичээж зүтгэвэл хүрж болохоор юм шиг хөрөнгө хоёрт сэтгэл нь дулаацаж, хөл доорх дундрашгүй өрөө хамар доорх дуусашгүй хөдөлмөрөөрөө дарах чөтгөрийн цикл дотор үеийн үед амьдарсаар л байна.

    Капитализмын бэлэг тэмдэг болсон доллар нь ердөө л бэлэг тэмдэг төдий цаас. Үүний ард хязгааргүй өрөнд орсон Америк улс, мөн Америкаас хязгааргүй авлагтай болсон бусад улсууд түүний ая талыг нь харан оршиж байна. Энэ нь капитализм анх үүсэхдээ л оршихуйгаа үгүй хийж, өнөөдөр зөвхөн симбол доор нь амь зогоогч хэдэн синдикатууд, мөн тун удахгүй энэ тогтолцоо нурах нь ойлгомжтой болсон ч үүний дараа яахаа мэдэхгүй байгаа ард иргэд хоёр л балансаа алдаад хоёулаа үхчихэлгүйхэн шиг амь зууж байгаа хэрэг.

    Зул жаргахынхаа өмнө бадамладаг шиг Америк улс сүүлийнхээ мөчид хамаг нүүр, хүчээ шавхан байж эцсийн аргаа хэрэглэж байна. Арга ядсан энэ арга нь түүхэн цаг хугацааны хувьд төдийлөн удаан тэсэхгүй ч мөхөс мануусын амьдралтай харьцуулахад мөнх мэт үргэлжлэх болов уу.

    ReplyDelete
    Replies
    1. Энийг нэг номын хэсгээс авч тавьсан юм. Номыг нь бүтнээр нь "Хялбаршуулсан философи" булангаас сонирхоорой.

      Delete
  2. Ингээд харахаар капитализм ч мөн нуран унах нь тодорхой юм шиг. Гэтэл энэ байшингаа нураачихаад өөр ямар байшин барихаа мэдэхгүй байгаа дэлхий нийт шинэ санаа олтол эндээ байх л байх. Эсвэл коммунизм капитализмыг өөр бусадтай нь нийлүүдээд хувьсахгүй шинэчилэл хийж ч болох юм

    ReplyDelete