Эхлэл
Нэгэн улсад хаан ба үйлчлэгч байж гэнэ ээ. Хаан үргэлж амттаны дээдийг иддэг бол үйлчлэгч тийм байсангүй. Идээ будаа элбэг дэлбэг үед үйлчлэгчид үлдэгдэл ч болов ноогдох авч хүнс ховордоод ирэхээр хаан бүгдийг ганцаараа идчихнэ. Тиймээс үйлчлэгч голж шилэх ч эрхгүй, юу олдсоноо идэхээс өөр арга байсангүй.
Хаан сүрлэг орд харшид амьдарна. Хааяадаа аялалд гарах ч тэр үедээ мөн л тэгшхэн замаар тав тухтай явна. Харин үйлчлэгч тийм байсангүй. Хаан анааш үзмээр байна гэвэл үйлчлэгч халуун бөгчим африкт очиж, арслантай тулалдан байж анааш барьж ирэх ёстой. Оцон шувуу тэжээмээр байна гэвэл хүйтэн цэвдэг өмнөд туйл руу явахаас өөр сонголтгүй.
Хаан үргэлж амар жимэр, ая таваараа амьдарна. Харин үйлчлэгч тийм байсангүй. Улсын хөрөнгийг хамгаалахын тулд эдийн засагт суралцаж, гадаад улсуудтай харилцахын тулд харь хэлийг ч цээжилнэ.
Эргэцүүлж бодвол хүн төрөлхтөн энэхүү үйлчлэгчтэй бага зэрэг төстэй. Харин шимпанзе, горилла зэрэг хүн дүрст мичнүүд хаантай нь илүү төстэй гэмээр. Хүн дүрст мичнүүд ой мод гэх харшид амьдардаг. Ой модонд хоол хүнс элбэг, махчин амьтдад бариулах аюул ч бага. Гэтэл эхэн үеийн хүн төрөлхтөн тархай модтой хангай хээр газраар амьдарч байв. Хөвч шугуйтай харьцуулахад идэх юм ч ховор, махчин араатны нүдэнд ч ил. Тийм газар амьд үлдэхийн тулд голж шилэх тухай санах ч хэрэггүйн дээр олон зүйлийг аргачилж сүвэгчлэх шаардлагатай. Тэгвэл яагаад хүн төрөлхтөн ой модноос холдож, тийм онцгүй газрыг сонгосон юм бол?
Үгүй дээ, энэ улсын үйлчлэгч ч бас хүссэндээ үйлчлэгч болсон юм биш. Үнэндээ хаан болмоор л байсан. Даанч хаанаас хүч чадлаар дорой, зодолдвол яагаад ч дийлэхгүй. Тэгээд л уйлж унжсаар үйлчлэгч болсон хэрэг.
Бодвол хүн төрөлхтөн ч бас ой модондоо байгаад л байхыг хүссэн л байх. Даанч африкт хуурайшилт түрж, ой модод хорогдож, тухайн үедээ сул дорой, модонд авирахдаа маруухан байсан хүн төрөлхтний өвөг бусад мичнүүдэд хөөгдөө юм байлгүй. Тэгээд хээрээр тэнүүчилсэн бидний өвгийн ихэнх нь үхэж үрэгдсэнээс зайлахгүй. Яаж ч тийчлээд тачир ойтой хээр газар гэдэг тэр чигээрээ аюул юм хойно.
Гэвч тэдэн дундаас зарим нэг нь амьд үлдэж чаджээ. Юуг ч гололгүй идэж, хаана ч амьдрах чадвартай хэсэг нь арай чүү амь торгоон үлдэв. Бидний өвөг эцэг сул дорой ч гэлээ, үгүй ээ, харин ч сул дорой байсныхаа хүчинд хүн дүрст мичнүүдэд байхгүй онцлог шинжийг хувьсгасаар амьд үлдэж чадсан байна. Тэгээд тэдний үр удам болж бидний Хомо сапиенс төрөн гарсан юм. Энэ ном бол тэрхүү өвөг эцгүүдийн маань тухай түүх билээ.
Нэмээд ганц үг хавчуулахад, энэ ном тун ч азтай мэндэлсэн. Юу гэвэл энэ ном төрөн гарсан яг энэ цаг үе. Сүүлийн хэдэн жилд цацраг идэвхит нүүрстөрөгчийн тусламжтайгаар малтмалын насжилтыг өндөр нарийвчлалтай хэмждэг технологиуд хөгжиж, дээж бэлдэж боловсруулах дамжлага ч нарийссанаар малтмалуудын насны хэмжилт асар ихээр засварлагдах болсон. Ийм засварууд ердөө л олдвор нэг бүрийн насыг нарийвчилж тогтоогоод зогсохгүй бид ба неандерталчуудын хамаарал гэх мэт хүний түүхэн дэх чухал сэдвүүдийг ч дахин эргэж харахад хүргэсээр байна. Ийм цаг үед мэндэлсний ачаар энэ ном сүүлийн үеийн шинэ үр дүнгүүдийг ч өөртөө шингээж чадсан билээ.
За ингээд хамтдаа өвөг дээдсийнхээ баатарлаг түүхийн аянд гарцгаая.
No comments:
Post a Comment