2024/02/05

ЭРҮҮЛИЙН ДЭЭД (6-р хэсэг)

Өмнөх - ЭРҮҮЛИЙН ДЭЭД (5-р хэсэг)

 

II БҮЛЭГ – ҮРЭВСЭЛ БА ТҮГШҮҮР

11. Газар тариалан эхэлснээр нуруу 20 см намссан гэв үү?


Түгшүүрийн үүргийг ойлгосон бол одоо анхны эргэлзээгээ эргэж харъя. Юу гэвэл “Өнөөгийн түгшүүр дэх удамшлын үл нийцэл юу вэ?” гэх асуулт. Үүнийг тайлж ойлгохгүй л бол өнөөгийн хүмүүсийн эрүүл мэнд сайжрах найдлага үгүй.
Тэгвэл энэ асуултаа “Бид юунд тэгтлээ их айж түгшинэ вэ?” гэсэн арай өөр асуултаар сольж харъя. Тогтворгүй ажил, тамир тэнхээн доройтол, санхүүгийн асуудал, өнгөц харахад салангид мэт харагдах эдгээр түгшүүр төрүүлэгч шалтгаануудад чухам ямар нийтлэг зүйл байна вэ?

Үүний хариултыг товчхон илэрхийлбэл бүгд “хэт холын асуудлууд” юм.
Хэзээ нэгэн цагт өвчинд баригдвал яана аа…, тэгж байтал хуримтлал дуусчих вий дээ…, аягүй бол газар хөдлөөд орон гэргүй болчихгүй байгаа…
Аль ч асуудал нь маргааш тохиолдохыг ч үгүйсгэхгүй, аль эсвэл үхэн үхтэл юу ч тохиолдохгүй байж ч болно. Аль нь ч бай бушуухан арга хэмжээ авахгүй бол үхчихнэ гэхээр зүйлс биш.
Гэтэл бидний тархинд суурилагдсан “түгшүүр” гэх програм ердөө л нүдний өмнө тулгарсан аюулыг сэрэмжлүүлэх зорилготой систем. Туйлшруулаад хэлбэл ерөөсөө л үхлээс зугтахын төлөөх багаж. Хэзээ нүүрлэх нь тодорхойгүй ирээдүйн аюулын эсрэг ажилладаг нэмэлт горим түүнд байхгүй. Тиймээс бидний түгшүүр дандаа зориулалтын бусаар ачаалладаг учиртай.
Тэгээд нэгэнт замбараагүй ачааллаад ирвэл цаашдаа тэр нь байнгын үзэгдэл болж, өөрийгөө юунаас айгаад буйгаа ч ойлгохоо больж орхино. Акутагаваг үхэл тийш түлхсэн “тодорхой бус түгшүүр” гэх тэр зүйл бол хүний биеийн програмын буруу ажиллагаанаас бий болсон харш нөлөө ч бас мөн юм.

Тэгвэл түгшүүрт эзэмдүүлсэн өнөөгийн хүмүүсийн цаг хугацааны баримжаа хэзээнээс ингэтэл өөрчлөгдсөн юм бол? НТӨ 5-р зуунд Хиппократус түгших эмгэгийн талаар тэмдэглэж үлдээснийг харвал хүн төрөлхтөнд нэлээд эртнээс том өөрчлөлт гарчээ гэж үзэж болохоор байна.
Үүн дээр яриаг даруй 20,000 жилийн өмнөх хүртэл ухраая.
Чухам энэ цаг үеэр эртний хүн төрөлхтөн урьд ч байгаагүй, хожим ч тохиолдоогүй түүхэн эргэлттэй тулсан бий. Тэр бол газар тариалангийн эхлэл юм.
Ан гөрөөчин хүмүүс газар тариалан эхлүүлсэн нь 11,000 ~ 23,000 жилийн өмнөх явдал. Баруун азийн бүс нутагт буудай тариалахын хажуугаар хонь маллах болж, тэр нь аажмаар бүх дэлхийгээр тархан түгэв.
Газар тариалан эхэлснээр хүн төрөлхтний аж амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн. Өдөр өдрөө аргалж амь зуудаг байсан ан гөрөөчдийн амьдралаас ялгаатайгаар хоол хүнс тогтмол олдож, олдсон хүнсээ хурааж хадгалах ч боломжтой болсноор өлсгөлөнгийн аюул эрс буурж, өнөө үеийг хүртэл хөгжин цэцэглэж чадсан нь яриа байхгүй газар тариалангийн ач.
Гэлээ гээд газар тариалан ч бас өөр олон дайвар хор хөнөөлийг дагуулсан. Түүний нэг том жишээ гэвэл “шим тэжээлийн дутагдал”. Газар тариалангийн эхэн үед тариа, буудай зэрэг үрт ургамал голчилж байсан нь ан гөрөөчин үеийн үндсэн хоол болох мах, үндэст ургамал шиг витамин, минералаар баялаг байсангүй.
Грек, Туркээс олдсон эртний хүмүүсийн яснаас мөстлөгийн үеийн хүмүүсийн эрчүүд нь ойролцоогоор 180 см, эмэгтэйчүүд нь 167 см өндөртэй байжээ гэж тааварлаж болохоор байгаа бол НТӨ 3000 оны үеийн эрчүүд 160 см, эмэгтэйчүүд нь 152 см болтлоо давжаарсан байдаг. Массачусеттсийн Их Сургуулийн судалгаагаар ч эртний ан гөрөөчидтэй харьцуулахад тариачдын шүдний паалан 50% элэгдэлтэй, яс хугарах эрсдэл 3 дахин өндөр байсан нь илэрсэн. Эдгээр фактууд бүгд тариачдад шим тэжээлийн дутагдал ноцтой түвшинд байсныг харуулж байгаа юм.
Дээр нь нэмээд газар тариалангаас “нийгмийн давхрага” гэх дайвар үзэгдэл ч бий болов. Хоол хүнсээ хадгалах боломжтой болсноор хуримтлалын зөрүү үүсч, юмтай ба юмгүй хүмүүсийн хооронд ялгарал гарч ирэх нь тэр.
Грекийн Микенийн иргэншлийн үлдэгдлээс гарч ирсэн НТӨ 1500-д оны үеийн ул мөрийг харвал энэ үед аль хэдийнэ хүн төрөлхтөнд баян хоосны ялгаа бий болчихсон байсан нь харагддаг. Энгийн ардтай харьцуулахад хаад язгууртнуудын нуруу 7 см өндөр, хорхойтсон шүдний тоо хүртэл бараг 6 дахин бага байж. Газар тариалан гарцаа байхгүй тэгш бус нийгмийн эхлэл шалтгаан байсан учиртай.

Тийнхүү газар тариалангаас үүдэлтэй өөрчлөлт дундаас өнөөгийн хүмүүст хамгийн том ул мөр үлдээсэн нь “цаг хугацааны баримжааны өөрчлөлт” байлаа.
Газар тариаланг амжилттай авч явахын тулд урт хугацааны төлөвлөлт зайлшгүй шаардлагатай.
Намар, өвлийн эхээр үрээ цацаж, нэгэн хэвийн өвлийг тэсэж давсны эцэст арай хийн зуны эхээр ургац хураана… Бүтэн жилийн цаадахыг уншиж хөдлөх дадал төдийг хүртэлх хүн төрөлхтөнд огт байсангүй. Тиймээс хүн төрөлхтөн анх удаагаа “холын ирээдүй”-г төсөөлж төлөвлөх шаардлагатай болсон нь тэр.
Гэтэл харамсалтай нь хүний генд “холын ирээдүй”-г зохицуулах систем байхгүй тул “түгшүүр” хэмээх богино хугацааны програмаа асаан яаж ийгээд аргалахаас өөр зам байсангүй. Од гаригсын хөдөлгөөнд суурилан цаг, хуанли зэргийг бүтээсэн нь ч бас системийн дутагдлыг нөхөхийн төлөөх нээлт байсан биз ээ.


12. Африк хүмүүст ирээдүй гэх ухагдахуун байхгүй

Мэдээж бид эртний хүмүүсийн цагийн баримжааг цаг, минут хүртэл нарийвчлалтай мэдэж чадахгүй. Чулуужсан үлдэгдэл хэчнээн ширтээд баримжаа, мэдрэмжийг судлах аргагүй. “Газар тариалангаас болж ирээдүйг төлөвлөдөг болсон” гэдэг ч бас эцсийн эцэст үнэмшил төрүүлэхүйц таамаглалаас цаашгүй.
Харин үүн дээр нэг анхаарал татахуйц факт бий. Кенийн санваартан Жон Мбитигийн хэлж буйгаар бол “Африк хүмүүст ирээдүйн баримжаа байдаггүй” юм гэнэ.
Түүний 1970 онд бичсэн “Африкийн шашин ба философи” бүтээлд ийм өгүүлбэр бий.
“Африк хүмүүсийн уламжлалт үзлээр бол цаг хугацаа нь урт удаан «өнгөрсөн» ба «одоо» бүхий хоёр хэмжээст үзэгдэл бөгөөд бодит байдал дээр «ирээдүй» гэх ойлголт байдаггүй. Өрнийн хүмүүсийн хязгааргүй өнгөрсөн, одоо, тэгээд хязгааргүй ирээдүй гэсэн шулуун хэлбэрийн цагийн ухагдахуун үнэндээ африкчуудад тийм ч ойлгомжтой бус. Тэднийхээр бол ирээдүй гэж юм байдаггүй. Ирээдүйн үйл явдал огт өрнөөгүй, биеллээ олоогүй учир тийм зүйл цаг хугацааны бүрэлдэхүүн байх боломжгүй.”
Мбити нь Кембрижийн Их Сургуульд докторын цол хамгаалсан элит нэгэн бөгөөд өрнийнхний цагийн ойлголтыг сайтар мэддэг хүний хувиар “Африк хүмүүст ирээдүйн баримжаа байдаггүй” хэмээн ам гарсан нь тэр юм. Өрнө гэлгүй азиуд бидний хувьд ч төсөөлөхийн аргагүй мэдрэмж гэлтэй.
Бодоод үзвэл ан гөрөөчдөд “ирээдүй” гэх баримжаа нээрээ л гүехэн байдаг байх.
Жишээ нь Намибид амьдардаг бушманчууд өглөө бүр найдвартай ижил цагт босч, эрчүүд нь олз омог эрэн хээр талыг зорьж, эмэгтэйчүүд нь жимс түүхээр ой руу явна. Хоол эрэх хугацаа өдөрт дундажаар 4 цаг, бусад хугацаанд нь сүүдэр бараадан буу халж, хүүхдүүдтэйгээ тоглож зугаацах нь ердийн хэмнэл.
Ийм амьдралд бараг өөрчлөлт гэхээр зүйл үгүй, жилийн дараах байтугай маргаашаа төлөвлөж буй шинж харагдахгүй. Ан гөрөөчдийн цагийн баримжаа үсрээд л нэг өдөр, түүнээс цааш ижил цагийн хүрээн дотроо л эргэлддэг гэж хэлж болохоор.

2000 онд Оксфордын Их Сургуулийн хүн судлаач Хью Броди 30 жилийн турш Инуит болон уугуул америкчуудын амьдралыг судалсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн байдаг.
“Хүн судлаачийн нүдээр харвал ан гөрөөчид одоо энэ цаг мөчид бүх мэдрэлээ төвлөрүүлдэг. Тэдний үйл хөдлөлийг нүдний өмнөх идэш л шийддэг. Дараагийн боломжийг хүлээх ч юм уу урт хугацааны стратегит суурилсан шийдвэр гаргалт тэдэнд үгүй.
Нийгмийн антропологич Жеймс Вүүдбөрнийн хэлдэг тухайн мөч дэх хүсэл шаардлагаа дагадаг хүмүүс ба сэтгэл ханамжаа ирээдүй рүү хойш тавьдаг хүмүүсийн ялгаа энд л бий. Тухайн мөч дэх хүсэл шаардлагаа дагадаг ан гөрөөчдийн онцлог нь тэдний цагийн ухагдахуунтай салшгүй холбоотой юм. Одоо энэ цагт анхаарал сонирхлоо төвлөрүүлбэл тэнд өрнөж буй үзэгдэл өнгөрсөн ба ирээдүйг халхлан алга болгоно. Арай өөрөөр илэрхийлбэл ан гөрөөчид бүхнийг одоо цаг дээр авч үзсэнээр цаг хугацаанаас ангижирдаг.”
Нэг ёсондоо ан гөрөөчдийн цагийн хүрээ нь ихэнхдээ зөвхөн “ЭНД ОДОО”. Өнөөгийн бидэн шиг хэдэн жилийн цаадахыг бодон төсөөлөх нь үгүй тул ирээдүйн баримжаа гээч зүйл төрдөггүй учиртай.
Үүрдийн одоо цагт амьдарч байгаа хүн холын ирээдүйн түгшүүрт шаналахгүй. “Цаг хугацаанаас ангижрах” гэж үүнийг л хэлж буй болов уу.

13. Пигми омгийнхны “цаг бууруулах хувь хэмжээ” гайхмаар өндөр

Бид ба ан гөрөөчдийн цагийн баримжааны ялгаа практик судалгаагаар ч нотлогдсон нь бий. Лондоны Их Сургуулийн Гүл Дениз Салали профессор Конгод амьдардаг Пигми омгийнхны “цаг бууруулах хувь хэмжээ”-г туршилтаар судалсан байдаг.
Цаг бууруулах хувь хэмжээ нь зан үйлийн эдийн засгийн ухаанд хэрэглэгддэг санаа бөгөөд “Ирээдүйн үнэ цэнийг хэдий хэр бууруулж шийдвэр гаргах вэ?” гэх тэр хувь хэмжээг илэрхийлдэг.
Жишээ нь та “Одоо 10,000 иен авах, жилийн дараа 11,000 иен авахын алийг сонгох вэ?” гэсэн асуултад одоо 10,000 иен авахыг сонгожээ гэе. Үүнийг томьёонд орлуулбал “11,000 иен ÷ X = 10,000 иен” тул нэг жилийн бууралт 10% гэсэн тооцоо гарна. Та жилийн 10%-ийн ашгаас татгалзаж одоогийн 10,000 иенийг сонголоо гэсэн үг.
Өөрөөр хэлбэл таны “одоо ба ирээдүйн алийг нь илүү чухалчилж байна вэ?” гэдэг нь энэ тоогоор харагдах юм. Бууралтын хувь хэмжээ өндөр байхын хэрээр өнөөдрийн үнэ цэн өндөр. Муулж хэлбэл “ойрыг харсан”, сайнаар хэлбэл “өнөөдрөөрөө амьдарч байна” гэсэн үг болно.
Тэгтэл Лондоны Их Сургуулийн туршилтаар төсөөллийг хамаагүй давсан үр дүн гарчээ. Пигми омгийнхны цаг бууруулах хувь хэмжээ Конго улсын хот газар амьдардаг хүмүүсээс 5 дахин өндөр байсан гэнэ.
Ийм дайны зөрүү болоод ирвэл яриа нэгэнт одоо ба өнгөрсний аль нь илүү чухал вэ гэх түвшнээс халиад явчих биз (ирээдүйг багаар үнэлсэн бус ерөөс ирээдүй гэсэн ойлголтгүй юм уу гэмээр). Орчин үежсэн иргэдийн цагийн баримжаатай харьцуулахад пигмичүүд эргэлзэх зүйлгүй тууштайгаар нүдний өмнөх “одоо”-г сонгосоор байсан гэнэ.
Профессор Салали ингэж хэлсэн бий.
“Ан гөрөөчдийн ертөнцөд шаардлагатай зүйлсээ хоорондоо хуваах дүрэм рефлекс мэт мөрдөгддөг. Тийм орчин нөлцөлд том урамшууллыг хойш тавин байж хүлээх нь эсрэгээрээ эрсдэлтэй тактик болж хувирна.
Ан гөрөөчдийн нийгэмд солилцооны эдийн засаг (sharing economy), хувийн эзэмшлээ эрх тэгш дундаа хэрэглэх тогтолцооны элементүүд түгээмэл ажиглагддаг. Иймэрхүү үзэгдэл нь амьд явахад шаардлагатай нөөцийг өөрийн болгохын төлөө төрөн гарсан нийгмийн дасан зохицлын үр дүн биз ээ. Энэ мэт эрх тэгш байдлыг чухалчлах системийг хадгалсны хүчинд ан гөрөөчид орчны өөрчлөлтийг даван туулсаар иржээ.”
Ан гөрөөчдийн нийгэмд “эгалитари (эрх тэгш)” үнэлэмжийн хэмжүүр үнэмлэхүй чухал бөгөөд тийм системд амьдарч буй тохиолдолд ирээдүйн баримжаа сул байх нь амьд үлдэхэд илүү давуу байдаг учиртай. Иймэрхүү харилцан биестээ тусалдаг тогтолцоо нь ан гөрөөчдийн түгшүүрийн систем хяналтаас гарахгүй байх фактор ч бас болдог байж таараа.
Гэлээ гээд “ирээдүй” гээчийг нэгэнт мэдчихсэн өнөөгийн бид одоо гэнэт “цаг хугацаанаас ангижрах” гэж зүтгэх нь бүтэхгүй яриа биз. Өнөөгийн орчин нөхцөлд ирээдүйн түгшүүртэйгээ учраа олохын тулд чадах хүрээндээ эрт ба эдүгээ үеийн цагийн баримжааны зөрүүг зохицуулахыг оролдохоос өөр замгүй. Энэ талаарх тодорхой нарийн аргуудыг 6-р бүлэгт шилжүүлье.

Энэ хүртэл “үрэвсэл ба түгшүүр” гэх хоёр элемент өнөөгийн хүмүүсийн чадварыг хэрхэн сулруулж буй талаар харцгаалаа.
Гэхдээ энэ хоёр бол тус тусдаа салангид асуудлууд биш юм. Харилцан биесдээ нөлөөлсөн сөрөг эргүүлгийн хамааралтай.
“Тодорхой бус түгшүүр” тархинд үрэвсэл үүсгэж, түүний улмаас улам чангарсан түгшүүр дараагийн үрэвслийн галыг өрдөөд явна…
Энэ сөрөг эргүүлгийг хаа нэгтэйгээс нь таслахгүй л бол өнөөгийн хүмүүсийн чадвар уруудсаар л байх биз. Харин тэр эргүүлгийг зогсоож чадах нь өөр хэн ч бус зөвхөн та өөрөө билээ.





1 comment:

Anonymous said...

Ёстой гоё юм уншлаа, тодорхой бус түгшүүртэй учирч шаналж явсан шалтгаанаа ойлголоо кккк, хааяа анчин стэгэлтэй байх нь зөв юм байна

Post a Comment