2023/11/04

Хүсэл шуналын капитализм - Хүү бол сургаж болдоггүй эмнэг (3-р хэсэг)

Өмнөх хэсгийг ЭНДЭЭС унших


Хүү архитай төстэй


ー Дэлхийд өрнөж буй бага хүүний талаар, мөн эдийн засгийн өсөлтийн талаар ярилцлаа. Одоо тэгвэл хүүний мөн чанарын талаар асууя гэж бодож байна. Хүүний сайн тал, муу талын тухай бодлоо хуваалцахгүй юу. Таны бүтээлд хүүний үүслийн талаар бичсэн байсан шүү дээ?

Седлачек ー Хүү гэдэг үнэхээр гайхширмаар зүйл. Дэлхийн иргэншлийн аль ч хуучны бичээсүүдийг тайлж уншихад хүүний талаар хаа сайгүй гарч ирнэ. Библи, Веда (бярман шашны ариун судар), Коран (ислам шашны ариун судар), Аристотель… Яагаад ч юм хүү дандаа л сөргөөр бичигдсэн байдаг. Ихэнх шашин хүүг хориглодог. Философич Аристотель хүртэл хүү авах ёсгүй гэж бичсэн бий.

Хүү гэдэг жигтэй зүйл. Өнөөгийн нийгэмд банкны шилжүүлгээр мөнгийг гэрлийн хурдаар хүссэн газар руугаа хөдөлгөдгийг хэн бүхэн л мэднэ. Энд ойлгож ядах юм байхгүй. Харин ойлгоход хүндрэлтэй нь мөнгийг цаг хугацаагаар ч аялуулж болдог нь. Яг л “Back to The Future” дээр гардаг шиг.

Банкнаас мөнгө зээлэх үедээ хүмүүс тэр мөнгийг банкнаас гарч байна гэж боддог. Үнэндээ бол тэр мөнгө чиний ирээдүйгээс гарч байгаа юм. Жишээ нь би банкнаас 1 сая иенийн санхүүжилт авсан гэвэл тэр нь 60 настай Томас Седлачекаас 1 сая иен авч байна аа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүүний хүчээр ирээдүйгээс одоо цаг руу мөнгийг шилжүүлчхэж байгаа хэрэг. Үүнийг хүүгүйгээр хийхэд хэцүү л дээ. Хүүгүйгээр санхүүжилт өгнө гэвэл ердийн нэг буяны ажил л болно.

Хуримтлал ч, зээл ч, эсвэл төсвийн бодлого ч, мөнгөний бодлого ч үндсэндээ бол энергийг удирдаж цаг хугацаагаар аялуулж байгаа аятай зүйл. Төсвийн бодлого амжилттай хэрэгжвэл сэргэлттэй үед энерги хуримтлуулж тавиад, уналттай үедээ хураасан энергиэ ашиглаж болно.

Хүү нэг талаар архитай бага зэрэг төстэй. Архи ч бас энергийг цаг хугацаагаар шилжүүлдэг шүү дээ. Жишээ нь баасан гарагийн орой… архи уухаар гэнэт сэтгэл хөөрөөд, ердийн үед ичимхий хүн хүртэл хээв нэг хүмүүсийн өмнө дуулаад унадаг даа? Япон чинь караокэны орныг ч хэлэх үү. Жаахан уучихвал дуулахад ч урамтай болоод ирдэг.

Архины ачаар хүч ороод энергитэй болсон юм шиг санагдана биз? Гэхдээ тийм биш. Архи энерги үйлдвэрлэдэггүй. Ердөө л хагас сайны өглөөний энергийг чинь баасангийн орой руу цаг хугацаагаар шилжүүлчхэж байгаа юм. Амралтын өдрийн (weekend) нийт энерги өөрчлөгдөөгүй, зүгээр л дотроо нааш цааш шилжсэн төдий.

Эдийн засгийн эрсдлийг ч бас үүн шиг баримжаалж болно. Согтмоор байвал баасангийн орой согтсон нь дээр. Хагас сайнд ямар нэг ажилгүй бол шүү дээ. Харин бүтэн сайны орой уух тийм ч ухаалаг биш.

Архины хувьд маргааш эсвэл нөгөөдөр шартах нь бараг найдвартай. Тэгтэл мөнгө 40 жил, 50 жил гээд нэлээн холуур ч даялж мэднэ. Тийм болохоор илүү анхаарал болгоомж хэрэгтэй. Хамгийн их энерги хэрэгтэй үе иртэл аль хэдийнэ хэрэглээд шавхарчихсан байх ч юм бил үү. Төсвийн бодлого ч, мөнгөний бодлого ч аль аль нь үндсэндээ энергийг удирдах арга тул ухаалаг улс төрчид, төв банкны мэргэжилтнүүд зээлд тийм ч хөнгөн хандаад байдаггүй.


Ямар ч сайн хөрөнгө оруулалт бай, зээлсэн бол төлөх л ёстой


ー Наадах чинь л яг одоо Японд болоод байгаа үзэгдэл байна. Японы засгийн газар төрийн бонд хэлбэрээр ирээдүйгээс хэт их мөнгө оруулж ирж байна. Олон хүмүүс ирээдүйд санаа зовох болсон.

Сая хэлсэнчлэн Япон болон EU тэргүүтэй олон оронд мөнгөний хасах хүүтэй байна. Түүхэн талаас нь харсан ч маш ховор үзэгдэл. Үүнийг хэрхэн анализ хийх вэ?

Седлачек ー Хачирхалтай үзэгдэл. Эдийн засгийн ухааны олон жилийн судалгааны явцад харж ч байгаагүй, сонсож ч байгаагүй үзэгдэл. Инфляцийн талаар бичсэн сурах бичгүүдэд ч огт яригдаж байгаагүй, эсвэл хаа нэгтээ ганц нэг өгүүлбэрээр л дурьдсан төдий. Тиймээс хуучны мэдлэгүүд хэрэг болох эсэх нь эргэлзээтэй.

Энэ бол сүйрэл, гэх үү дээ, эдийн засгийн ухаанаас бий болсон догмануудад хандаж бид ямар сохор явж ирснийг илтгэх бодит жишээ. Онолын хувьд нисэх боломжгүй жижигхэн далавчтай байтал нисч чадахгүйгээ мэдэхгүй нисээд яваа үхэр зөгий аятай л байна.

Тэг хүү ч юм уу хасах хүү ашиглаад зээлийг хямд болгож буй нь минийхээр бол бага зэрэг зальжин бөгөөд аюултай үйлдэл. Учир нь төсвийн бодлого, мөнгөний бодлогод хар тамхитай төстэй шинж бий. Хар тамхи хямдарсан гээд хамаагүй хэрэглээд байж болохгүй биз дээ? Хүү тэг байхаар засгийн газар зээл авахад хялбар болно. Тиймээс засгийн газрыг зээл ав гэсэн шахалт ихсэнэ. Харин би бол NO гэж хэлнэ. Хэчнээн үнэгүй байлаа гээд хар тамхи руу гар дүрж болохгүй. Эдийн засаг зээлэнд донтож эхэлнэ. Нэг хэрэглээд эхэлчихвэл зогсохоо болино. Хар тамхи эдийн засгийн шинж чанарыг хүртэл өөрчилж орхино. Үр дүнд нь эрт орой хэзээ нэгэн цагт дампууралд тулна.

Япон бол маш том жишгээс гадуурх үзэгдэл. ДНБ-ийхээ 230%-тай тэнцэх хэмжээний өртэй явж байгаа нь бусад оронд бол төсөөлөхийн аргагүй зүйл. Япон яагаад ч юм үүнийг чадсан. Гэхдээ л хэзээ нэгэн цагт буцааж төлөх л ёстой.

Сайн хөрөнгө оруулалтын төлөө зээл авахад асуудалгүй гэх яриа байдаг л даа. Би бол үүнийг ч NO гэнэ. Баасангийн орой ямар ч зугаатай байдаг бай, тэр бүү хэл баранд ирээдүйн эхнэртэйгээ учирч, бүх юм санаснаар өрнөдөг ч бай, шарталт гарцаагүй ирэх л болно. Үүнтэй адилаар хэдий сайн хөрөнгө оруулалт, жишээ нь хурдны зам, их сургууль, өндөр технологийн судалгааны байгууламжид хөрөнгө оруулдаг ч бай зээлсэн мөнгөө төлөхгүй л бол болохгүй.

Өндөр боловсролын түвшин бүхий шилдэг эдийн засагчидтай, асар өндөр далд потенциалтай, жишээ нь Япон шиг орон хүртэл зээлээ төлөх гэж үйл лайгаа үзэж байна. Энэ чинь бидний иргэншил “тогтвортой байдал”-аа зарчихсан болоод л тэр. “Өсөлт” худалдаж авах гээд шүү дээ. Тэгээд асуудал нь юу гэхээр, өдийг хүртэл яаж ийгээд яваад ирчхэж. Бид байнга биш ч тодорхой хэмжээнд өсдөг эдийн засгийг бүтээчихсэн. Гэтэл энэ эдийн засагт огцом өсөх үе байхын хажуугаар нүд ирмэхийн зуур нураад унах үе ч байна.

Зээлээс чанх эсрэг зүйл төсөөлөөд үз дээ. Засгийн газар зээлэгч биш зээлдүүлэгч байвал сонирхолтой болно доо? Засгийн газар ба арилжааны банкуудын хоорондох хүүний механизм эсрэгээрээ эргэж, засгийн газар хүү төлөгч бус хүү авагч тал болно.

Эсвэл ийм юм төсөөлбөл ямар вэ? 2007, 2008 оны санхүүгийн хямралын үед хэрвээ төрийн өр 0 байсан бол? Хямралын нөлөөгөөр 0 байсан өр бага зэрэг л өсч, тэр хямрал ерөөсөө хямрал биш байх байсан. Тэр үеийн хямралын нөлөө яагаад тийм том байсан гэхээр, хямрал эхлэх үед аль хэдийнэ асар их өртэй байсантай холбоотой.


ー Хүү (зээл), архи хоёрыг төстэй гэж хэллээ. Тэгвэл уусан ч шартахгүй байх гоё арга байхгүй юм гэж үү?

Седлачек ー Байхгүй. Гол эмчилгээ нь хэмжээгээ тохируулах.

Биполар депрессээр тайлбарлавал, ихэнх архинд донтсон өвчтөнүүд шарталтыг (депресс) л гол асуудал гэж хардаг. Гэтэл тийм биш. Асуудал нь шарталт бус харин баасан гарагийн хэт хөөрөлттэй төлөв юм. Шартаад толгой өвдөх үед юунаас болсон, яах ёстой талаар хэчнээн бодоод нэгэнт оройтсон. Алдаа өмнөх оройдоо болоод өнгөрчихсөн.

Бид төгс удирдах боломжгүй зүйлдээ онцгой хянамгай байх хэрэгтэй. Хүү бол төгс удирдах боломжгүй жишээнүүдийн нэг. Бид жинхэнэ утгаараа хүүг бүрэн ойлгож чадаагүй. Хүүг тайлбарладаг модел, хэмжих аргууд байдаг ч тэг хүүнээс харж буйчлан хүүг бид хараахан төгс эзэмшиж сураагүй байна.

Тиймээс түүнийг ашиглахдаа маш болгоомжтой байх шаардлагатай. Засгийн газар өр бус хуримтлалаар хөрөнгө оруулалтыг бүрдүүлдэг байвал хавьгүй дээр. Хуримтлуулах хүртэл хугацаа орно, тэг хүүтэй харьцуулахад өртөг ч өндөр нь үнэн л дээ, гэхдээ л хамаагүй аюулгүй гэдэг нь илэрхий. Энэ жил хураасан мөнгөө дараа жил ашиглахад л болно.

Хүү буурах нь уул шугамандаа бол итгэлийн илрэл байх учиртай шүү дээ. Итгэлгүй хүнээс илүү итгэлтэй хүндээ бага хүүгээр мөнгө зээлдэг биз дээ? Асуудал нь тэр итгэл хөөрлийн төлөвөөс болоод амархан нөлөөнд орчхож байгаа юм. Согтуудаа хөөрлийн төлөвт ороод, зээлээч гэсэн болгонд мөнгө зээлээд байвал маргааш нь харамсах юм болно. Тэг хүү, хасах хүү ч бас төстэй аюулыг агуулж байгаа.

Би үүн дээр хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгт, тэг хүү гэсэн үргэлжлэх боломжгүй бодлого хэрэгжүүлснийхээ үр дүнг ДНБ-ий өсөлтөөр тооцож харах нь ямар ч утгагүй. Хөлдөөгчинд байгаа хүний биеийн дулааныг хэмжээд, түүний биеийн байдал хэвийн эсэхийг оношлохтой л адил зүйл.

Өөр нэг нь, төсвийн алдагдал ч бас адилхан. Төсвийн алдагдал ДНБ-ий өсөлтийн хувиас 3 дахин өндөр бол ДНБ-ий өсөлт ямар ч утгагүй үзүүлэлт. Төсвийн алдагдал ДНБ-ий 3%, тэгснээ ДНБ-ий өсөлт 1% гэвэл мөн чанартаа 1%-ийн өсөлтийг 3%-ийн өрөөр худалдаж авч байгаа л хэрэг. Тийм өсөлтөөр яах юм бэ?

Банкнаас 1 сая иен зээлж байгаад өөрийгөө саятан болсон гэж бодохтой л адил тэнэглэл. Тэрийг хэн ч ойлгоно. Гэтэл засгийн газар түүн шиг тэнэг юм хийхээр, өөрөөр хэлбэл ДНБ-ий 3%-иар зээл авч, түүгээрээ бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж ДНБ-ийг 1%-иар өсгөвөл манай ангийнхан бөөн баяр болж шампанск хүртэл буудуулна. Бид 1%-иар баян чинээлэг боллоо гээд. Гэтэл оогт тийм биш шүү дээ.

Япон ч бас адилхан. Япон Чехээс хамаагүй баян ч гэлээ өр нь бүр ч их. Тэгэхээр хэн нь жинхэнэ баян бэ? Үүнийг л анхаарах нь чухал. ДНБ мэтийн “халдашгүй ариун тоо”-г ч бас хялбархан удирдаж болдог гэсэн үг.


Хүү бол сургаж болдоггүй эмнэг


ー Сая та эртний нийгмүүдэд хүүг хориглох эсвэл муу гэж үзэх хандлага их байсан гэлээ. Гэвч нөгөө талаар хүүнд дор хаяж хоёр эффект байдаг гэж бодож байна.

Хүү авахыг хориглосон нийгэмд зээл авахын тулд итгэлцэл, энэрэлд найдахаас өөр замгүй. Гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө найрсагаар мөнгө зээлдэг хүн байлаа ч танихгүй хүнд бол зээлэхгүй. Таны хэлсэнчлэн хүүгүй бол ердийн нэг буяны үйл болох тул тийм тохиолдолд хүү байх нь учир утгатай.

Хүүг зөвшөөрвөл зээлээр санхүүжилт босгож, хөрөнгө оруулахад хялбар болж, эдийн засгийн эргэлтэд түлхэц болно. Хүүний ачаар мөнгө зээлж зээлүүлэх боломжтой болж, санхүүгийн зах зээл идэвхжинэ. Нөгөө талаар итгэл болон энэрэл, нүүр нүүрээ харалцсан арилжаа наймаанд хандах хүмүүсийн сонирхол бүдгэрнэ. Тэр утгаар нь харвал хүүнд сайн тал, муу тал аль аль нь бий юм биш үү гэж санагдах юм?

Седлачек ー Тэгэлгүй яах вэ. Хүү бол хутга, галтай л адил зүйл. Төгс удирдаж чадвал маш хэрэгцээтэй багаж. Даанч тэгэх боломжгүй.

Бид хөл доор бага зэрэг бамбалзсан үл мэдэх мужид орж ирчхээд байна. Уул шугамандаа аюулгүй бүсдээ байж байх ёстой банкууд өнөөдөр эрсдэлтэй газар зогсож байна. Аэросмитийн “Livin’ on the Edge” гэдэг дуу шиг, хавцалын ирмэг дээр удаан зогсвол хэзээ ч хөл алдаад унахыг байг гэхгүй. Банк маш хашир байж, ямагт хянуур болгоомжтой байх ёстой атал бид банкийг аюултай ирмэг рүү түлхсээр байна. Согтоод замаасаа бүр далийсан байдалтай.

Мэдээж хүү хэрэгтэй л дээ. Нийгмийн бүтэц тогтолцоо маань ч тийм болсныг хэлэх үү. Амьдралд 50 - 60 насны үед орлого хамгийн их болдог байхад гэр бүлтэй болж, хүүхэд, машин гээд хамгийн их зарлага шаарддаг нь 20-иод насны үе байдаг. Тиймээс зээл авч, ирээдүйн орлогоо цаг хугацаагаар шилжүүлэн авч ашигладаг. Асуудал хэзээ үүсдэг вэ гэхээр төлөвлөсний дагуу орлого өсөхгүй байх үед. Хүлээлтийн утга ба бодит утгын зөрүүг баримжаалахад маш хэцүү тул банк эрсдлээс хамгаалсан маш сайн модел угсрах нь чухал.

Эдийн засгийн аюулын нэг хоржоонтой нь, хүүг тохируулахдаа үндсэндээ дампуурах эрсдлийг тооцдог боловч жинхэнээсээ дампуурах үед систем бүхэлдээ сүйрчихдэг. Би математикч найз Девид Орреллынхаа зүйрлэл яриаг эшлэе. Оксфордын Их Сургуулийн профессор л доо. Ийм яриа. Капитализм болон банкууд мөргөлдөх осол л гарахгүй бол төгс ажилладаг хийлдэг дэр суурилуулсан машинтай адил. Хийлдэг дэр нь мэдээж төгс. Гэхдээ осол гараагүй үед ー

Эдийн засаг ч бас нэг анзаартал нэгэнт оройтсон байх үе бий. Хавцлын ирмэгт хэр нь ээ л хүүг хангалттай зохицуулаад байж болохоор юм шиг санаж явтал яг асуудал ундраад иртэл салбар бүхэлдээ хавцал руу хальтраад уначихна.

Хүү мэдээж шаардлагатай. Би хүүг эсэргүүцэхгүй. Гэвч хүү гэж яг юу болох, яаж удирдах ёстойг сайн мэдэхгүй. Ойлгоход ч хэцүү зүйл. Бидний эцэг өвгөд зөндөө анхааруулсан байдаг. Хүүнд болгоомжтой ханд! Сургаж болдоггүй эмнэг шүү, гээд.


ー Сонсоод байхад өсөлтийн капитализм гэдэг юм хүүтэй холбоотой ч юм шиг. 10% ч юм уу, 5%-ийн хүү тогтооно гэдэг маань тухайн бизнесээс төдий хэмжээний ашиг горилж байна гэсэн үг. Чингүүт 10%, 5%-ийн хүүг ирээдүйн үзүүлэлт (benchmark) гэж хэлж болно. Хүү тогтоовол төдий хэрээр өсөлтийн хүлээлт өндөрсөнө. Тэр утгаар нь хүүг өсөлтийн капитализмын язгуур шалтгаан гэж хэлж болохгүй юу? Хүү хүмүүсийн аливааг харах өнцгийг өөрчилдөг ч байж мэднэ.

Седлачек ー Нээрээ л тийм. Сонирхолтой өнцөг байна. Крүгман (Америкийн эдийн засагч. Чөлөөт худалдаа, даяарчлалын талаарх шинэ онолоороо Нобелийн шагнал хүртсэн) үндсэндээ ийм зүйл хэлсэн байдаг. “Хүүг нам түвшинд барьж, өрийг ихэсгэвэл” → “эдийн засгийн төлөв сэргэж” → “өрөө дарахад хялбар болно” ー

Би лав санал нийлэхгүй. Голын өгүүлбэрийг нь хасаад үз дээ! Ямар болох вэ? Утга нь өөр болж байгаа биз? “Өрийг ихэсгэвэл” → “өрөө дарахад хялбар болно” ー

Банкир хүн бол шууд толгойд нь аваарын гэрэл анивчиж гарах биз. Аюул, аюул. Кругманы хэлж буй нь бидний эдийн засаг өрөөс ямар их хамааралтай болсныг л илтгэж байна. Хэт их өр, миний хувьд өнөөгийн эдийн засаг дахь хамгийн том асуудлын нэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд өр, хэрэглээ хоёроо ихэсгэ гэж байгаа юм.


Хүн төрөлхтний “төрөлхийн нүгэл” бол хэт хэрэглээ


Седлачек ー 2008 оны санхүүгийн хямралын шалтгаан нь хэт хэрэглээ гэдэгтэй ихэнх эдийн засагчид санал нэгддэг. Өрхийн хэт хэрэглээ, банкны хэт санхүүжилт, төрийн хэт зардал.

Хэт хэрэглээг шүүмжилсэн үлгэр хуучин библийн хамгийн эхэнд гарч ирдэг. Адам, Ева хоёрыг бүтээсэн Эдэний цэцэрлэгийн тухай үлгэр. Төрөлхийн нүглийг дундад зууны сүмд яагаад ч юм бэлгийн (sexual) нүгэлтэй холбон тайлбарлаж, өнөөдөр ч хүмүүсийн ой тойнд тэгж хоногшсон байна. Гэтэл библид бэлгийн дур хүсэлтэй холбоотой бичиглэл байдаггүй. Библид гардаг ердөө ганц нүүр хэрийн бяцхан үлгэрт дахин дахин бичсэн байдаг нь “хэрэглээ” гэх үг. “Энэ жимсийг хэрэглэж болохгүй” гэх мэтээр 20-иод удаа хэрэглээ гэх үг давтагдана.

Тийм болохоор төрөлхийн нүглийг би хэрэглээтэй холбож ойлгодог. Тэд хориотой жимсийг идсэн. Гэдэс нь өлсөхдөө аргагүйн эрхэнд идсэн юм биш. Сайн мууг мэдэх гэсэн уруу таталтад ялагдсан. Шулуухандаа бол шуналдаа ялагдсан. “Хэт хэрэглээ”-ний түгээмэл үзэгдэл л дээ.

Тэдний цэцэрлэгээс хөөгдсөн шалтгааныг бодож үзье. Өнөө үед ч бас хүн төрөлхтөн оюун санааны диваажнаас өөрсдийгөө хөөсөөр байна. Яагаад вэ? Байнга улам ихийг хэрэглэх гэсэн шуналаасаа болоод л тэр. Аль балар цагийн үлгэр хэр нь ээ одоо ч хүчинтэй хэвээрээ.

“Хараал” ч бас адилхан. Бурхан Адам, Ева хоёрыг цэцэрлэгээс хөөхдөө тэднийг хараадаг. Евад “эрэлт”-ийн хараал. Бурхнаас өгсөн зүйлд сэтгэл ханаагүй учраас үүрд хүсэж шунаж явах хараал шившсэн. Шуналд удирдуулж, шуналын хавханд орсон.

Харин Адамд “нийлүүлэлт”-ийн хараал. Ажил хийх хараал. Wi-Fi, гар утас, интернет, компьютер гээд 21-р зууны технологийг гартаа оруулаад байхад л, мөн л бид яаж ч ажиллаад шуналаа дүүргэх дайны үйлдвэрлэл, нийлүүлэлт хийж чадахгүй.

Хэт хэрэглээг шийдэх бодлого хаана байна? Олон орны засгийн газрууд хэрэглээг улам ихэсгэх бодлогыг л улайран зүтгүүлж байна. Тэгээд өнөөдөр санхүүгийн хямралын өмнөхөөс ч илүү их өртэй болчихлоо. Нэг тийм, галаар гал унтраах гээд байгаа ч юм шиг.

Бидний нийгмийн хамгийн эрхэм зүйл болох “эрх чөлөө” маань урьд цагт “эд бараанаас чөлөөлөгдөх”-ийг илэрхийлдэг байсан. Гэтэл одоо тэр нь “хэрэглээний эрх чөлөө” болоод хувирчхаж. Хэрэглэхийн хэрээр хүмүүс эрх чөлөөг мэдэрч байна. Хэрэглээг нь тасалбал эрх чөлөөг мэдрэхээ байна. Тийм ч болохоороо ажиллаад л байхаас өөр замгүй. Ёстой л “Матрикс” кино шиг. Шаардлагатай ч биш ямар нэг зүйл худалдаж авахын төлөө хиймээр байгаа ч биш ажил олж хийсээр. Ерөөсөө л Эдэний цэцэрлэгийн хараал.


ー Нэг асуулт байна. Бид Индонезийн энтерпринер хүнээс бас ярилцлага авсан юм. Шинээр гарч ирж буй компанийн CEO-д капитализмын сайн, муу тийм ч сонин биш байх шиг байсан. Өнөөгийн Индонезийн эдийн засгийг өсөлтийн капитализм гэж хэлж болох байх. Тэгвэл шинэ тутам хөгжиж буй орны хувьд өсөлтийн капитализм сайн уу, муу юу? Хөгжингүй орнуудад цар хүрээний эдийн засаг нэгэнт байхгүй болсон бол хөгжиж буй оронд нөхцөл байдал өөр байна. Хэт хэрэглээний тухайд ч Индонез хараахан тэр түвшинд очоогүй болов уу. Тийм улсуудын хувьд ямар нэг анхаарах ёстой дохио бий болов уу?

Седлачек ー Миний хэлж буй зүйлс цэвэр баян чинээлэг орнуудад чиглэсэн. Хэт хэрэглээний асуудалтай, эрэлтийн дутагдлаа шийдэхийн төлөө хүчээр ч хамаагүй эрэлт үүсгэх гэж улайрч буй улсууд. Ядуу орнууд үүнд хамаарахгүй. Баян орнуудад хэлэх миний мессеж бол, глобал капитализмын карошиноос (ажлын хэт ачааллаар үхэх) сэрэмжилцгээе.


ー Тэгвэл хэт хэрэглээний асуудалд орсон орон ба хараахан тийм болоогүй орныг хэрхэн яаж ангилж зааглах вэ?

Седлачек ー Хүмүүс өлсөж, орон гэргүй болж, асарч халамжлах хүнгүй нялх хүүхдүүд байж, эмэгтэйчүүд нь гэрлэхгүй л бол амьдралаа авч явах боломжгүй тийм орныг л ядуу гэх болов уу. Ажилгүйдлын түвшин өндөр улс, баялгийн хуваарилалт тэгш бус орнуудын нөхцөл байдал хүнд, илүү их хөрөнгө мөнгө шаардаж байна. Нөгөө талд Япон, Чех, европын орнуудын тээж буй асуудал тэс өөр. Америк ахиад өөр онцлогтой, баян хоосны ялгаа нь арай дэндүү туйлширсан учир мөн өөр асуудалтай.


ー Ахиад жаахан хүүний талаар ярья. Бидний эдийн засаг, нийгэм, хүмүүсийн бодол сэтгэлгээг өөрчилсөн түүхэн эгшнүүд олон бий шүү дээ. Сая та Библи дэх үлгэрийн талаар ч дурьдлаа. Тэгвэл хүүнд хандах үзэл бодол хэзээнээс өөрчлөгдсөн юм бэ?

Седлачек ー Ээдрээтэй л дээ. Хуучин библид хүүг зөвшөөрдөггүй байсан бол шинэ библид (Шинэ гэрээ) Исүс Христийн талантын зүйрлэл яриа гардаг. Эзэн гурван туслахдаа ур чадварт нь харгалзуулж 5 талант, 3 талант, 1 талант өгч, аялалд гарахыг тушаадаг. 5 талант, 3 талант авсан туслахууд худалдаа арилжаа хийсээр авсан мөнгөө өсгөөд буцаж ирдэг бол 1 талант авсан туслах мөнгөө газар булж нуугаад, дараа нь эзэндээ буцааж өгдөг. Тэгтэл эзэн “Ядаж наадахаа банканд хадгалсан бол хүү авах байсан ш д” гэдэг. Исүс хүүг үгүйсгээгүй. Дундад зууны сүүл үед гарч ирсэн Томас Аквин ч бас хүүг тодорхой түвшинд зөвшөөрч байсан.

Гэхдээ Шекспирийн “Венецийн худалдаачин” дээр гардагчлан хүүг сөргөөр хардаг байсан. Тэр зохиол еврейн эсрэг шинжтэй. Еврей хүн болох Шейлок нэгэн худалдаачинд мөнгө зээлж, хүүнд нь гэдэснээсээ хагас килограмыг (1 понд) тайрч өгөхийг нэхдэг. Тийм харгис шаардлагыг дүрслэх байдлаар Шекспир хүү гэж юу болохыг илэрхийлэхийг зорьсон ч байж магадгүй.

Гэснээс грек хэл дээрх шинэ гэрээний эх хувьд “dept (өр)” нь “sin (нүгэл)” гэсэн утгатай. Тиймээс эзний мөргөл нь “Бидэнд өртэй хүмүүсийг бид уучилдгийн адилаар, бидний өрийг уучлан хэлтрүүл” гэсэн утгатай болно. Тийм ч учраас Шекспир өрөнд болгоомжтой ханд гэж анхааруулсан учиртай. Өр биеийг чинь хэмлэнэ шүү гээд. Өрнөөс болж цус урсаж, амиа ч алдаж мэднэ.

Өрөнд нийгмийг бүхэлд нь мөхөөх хүч бий. Цусны хариуд цус нэхэх бус мөнгөний хариуд цус нэхэж буй Шейлокийн дүр бол бидний нийгмийн сүүдэрт халхлагдсан тэр хэсгийг илэрхийлж байгаа юм. Өсдөг эдийн засгийг бий болгоход хэдий хэр өвдөлт хэрэгтэй вэ? Этикгүй хар компаниудын дор хэчнээн хүн зовж байгаа бол? Баялаг гээч гэрлийн сүүдэр дор шүү дээ.


Үргэлжлэл бий...

2 comments:

Anonymous said...

Үргэлжлэл хэзээ орох вэ?

ТОМё БОДё said...

Орсон байгаа.

Post a Comment