Чехийн эдийн засагч Томаш Седлачекийн NHK телевизэд өгсөн ярилцлагаас.
24 наснаасаа ерөнхийлөгчийн зөвлөх
ー Юуны өмнө таны өөрийн эдийн засагчийн карьерын талаар сонирхох гэсэн юм. Маш залуугаасаа Чехийн ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх хийж эхэлсэн юм байна шүү дээ?
Седлачек ー Тэгсэн тэгсэн. Миний анхны ажил. 23 байна уу, 24 настай оюутан байлаа. Анх над руу утсаар холбогдоход нь аяллын компанийн ажилтайгаа андуураад татгалзчихсан юм. Мэдээж эелдгээр л дээ. Тэгсэн чинь их сургуулийн деканаас дуудлага ирээд, “Түүнд татгалзаж болохгүй, Хавэлтай ядаж уулзаад, яриаг нь ч болов сонсоод ир!” гэдэг юм байна. Тэгээд бүр гайхаад, ерөнхийлөгч Хавэл уу? гэж байж сая нэг анзаарч билээ.
Ерөнхийлөгчийн дэргэдэх ажил үнэхээр гайхамшигтай туршлага болсон. Цонхоор нь Прага хот бүхлээрээ харагддаг оффист сууж, уулзъя л гэвэл хэн рүү ч хамаагүй утас цохиж чаддаг байлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх байна гээд хэлэхээр урьд нь уулзах юм сан гэж бодож явсан эдийн засагч ч юм уу, нэртэй цуутай ямар ч хүн баяртай хүлээж авна.
Бодвол, ардчилал руу дөнгөж шилжээд байгаа улсын (Хилэн хувьсгалын дараа 1993 онд Чехословак улс Чех ба Словаки улс болон задарсан) хүн болохоор тэгдэг байсан байх. Энгийнээр бодвол асар туршлагатай хижээл насны эдийн засагчийн хийдэг ажил шүү дээ. Харин тухайн үед ерөнхийлөгч коммунист боловсрол эзэмшээгүй залуу хүн хүсэж байсан юм билээ.
ー Гэхдээ та Прагын Карлын Их Сургуулиас гаралтай биз дээ?
Седлачек ー Тийм ээ. Гэхдээ би 4 наснаасаа 10 хүртлээ Финландын Хельсинкид, 15 наснаасаа 20 хүртлээ Данид амьдарч байсан. Аав маань Чехийн агаарын компанид ажилладаг байсан юм л даа. Бага байхдаа дэлхийг тойрон нисдэг байлаа.
Чехэд балчир залуу хүнийг “эрүүнээсээ сүү дуслуулсан” гэж хэлдэг юм. 3 сарын туршилтын хугацаа дуусах үеэр ахлах зөвлөхөөс асуусан юм. “Яагаад намайг сонгосон юм бол оо? Би чинь эрүүнээсээ сүү дуслуулсан амьтан шүү дээ?” гээд. Тэгсэн чинь ингэж хариулдаг юм: “Тэгэлгүй яах вэ. Гэхдээ наад сүү чинь шинээрээ байгаа”.
ー Хөгжилтэй юм. Зөвлөх хийж байхдаа та ерөнхийлөгчид ямар зөвлөгөө өгдөг байсан бэ?
Седлачек ー Жишээ нь, Чехийн төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн сонголт дээр ажиллаж байлаа. Евро, Европын холбоо гэх мэт том сэдвүүдийн талаар ч саналаа хэлдэг байсан. Чехийн төрийн банкны тэргүүнтэй ерөнхийлөгч уулзахын өмнө эхлээд би уулзаж, хоёр талын байр суурийг цэгцэлнэ. Ерөнхийлөгчид эдийн засгийн нөхцөл байдлын товч танилцуулга заавар өгөх ч бас миний ажил. Ерөнхийлөгч Хавел философич төрлийн хүн байсан болохоор эдийн засгийг философилогоор тайлбарлаж ярих завшаан байнга гарна.
Хуучны эдийн засгийн моделуудыг эргэцүүлж, төрөл бүрийн салбаруудыг холбох нь
ー Үнэхээр онцгой карьертай юм байна. Ингэхэд таны мэргэжлийн байр суурь, үзэл бодол хэрхэн төлөвшсөн бэ? Их сургуульд стандарт эдийн засгийн ухаан заалгасан байх. Гэтэл бүтээлүүд тань ердийн эдийн засгийн сурах бичгүүдээс тэс өөр байдаг.
Седлачек ー “Сайн, муугийн эдийн засгийн ухаан (Economics of Good and Evil)” номондоо би өдийг хүртэлх эдийн засгийн ухааныг орлохуйц өөр өнцгийг гаргаж тавихыг оролдсон. Би өөрөө философи, нийгэм судлал, сэтгэл судлал, шашин судлал, домог судлал зэрэг салбаруудад маш дуртай болохоор тиймэрхүү өнцгөөс тоо, график ашиглалгүйгээр эдийн засгийг хүүрнэсэн байгаа. Чех хэл дээрх эх ном маань гэхэд -308-р нүүрнээс 0 нүүр хүртэл дугаарлагдсан байдаг. Бага зэргийн метафор гэх үү дээ.
Агуулга нь Гилгамешийн туульсаар (Месопотамия иргэншлийн төлөөлөл болсон утга зохиол бөгөөд дэлхийн хамгийн эртний домог гэгддэг) эхэлж, дараа нь библийн тухай өгүүлнэ. Өрнийн соёлын өв л дөө. Тэгээд Аристотель, Платон зэрэг Грекийн философичид, сэтгэгдчийг хөндөөд, цаашаагаа дундад зуун гээд явж өгнө.
Миний хувьд эдийн засгийн модел заавал математиклаг байх албагүй. “Жон Аннад хайртай” гэхийг ч бас модел гэж хэлж болно. Мэдээж математикаар илэрхийлж ч болно л доо.
Миний үндсэн арга барил бол сүүлийн үеийн эдийн засгийн статистикуудыг бага зэрэг эргэлзсэн хандлагаар нухацтай шинжилж, хуучны эдийн засгийн моделуудыг сайтар эргэцүүлэх. Ердийн эдийн засгийн ухаанд сүүлийн үеийн моделуудыг хэт чухалчилж, хуучны моделуудыг огт тоодоггүй. Би бол яг эсрэгээр нь хийдэг юм.
Төрөл бүрийн салбаруудыг хооронд нь холбож харах ч бас миний нэг арга. Сэргэн мандалтын үед хүн төрөлхтний мэдлэг нэг хүний тархинд багтахааргүй болсныг ойлгосон. Хорвоогийн бүх номыг унших боломжгүй юм байна аа гээд. Ингээд мэдлэгийг төрөлжүүлэн салгах процесс эхэлсэн нь сэргэн мандалтын хөдөлгөөний нэг чухал элемент. Төрөлжүүлэлт хэдийгээр маш амжилттай явсан ч тэдгээр салангид хэлтэрхийнүүдийг нийлүүлж эмхэтгэж чадахаа байсан. Эдийн засгийн ухаан гэхэд сэтгэл судлал, улс төр, хуультай холбоотойг хэн ч зөвшөөрдөг хэр нь ээ тэдгээрийг нэгтгэх хүн гарахгүй байна.
ー Гайхмаар өргөн сонирхлын хүрээтэй юм байна. Таны номыг олон салбарт судалгаа хийж явсан настай профессор хүн бичсэн гэж сонсвол гайхахааргүй санагдсан. Энэ их өргөн мэдлэгт суралцаж, бүхэлд нь нэгтгэж харах чадварыг хэрхэн яаж олж авсан юм бол?
Седлачек ー Дуртай юмаа хийж байгаа болохоор надад ямар ч зовлон байгаагүй ээ. Ерөнхийлөгчийн зөвлөхийн дараа сангийн яаманд, дараа нь Чехийн том банканд алба хашиж байхдаа өдөр нь инфляци, ДНБ, ажилгүйдлийн түвшин гэх мэт эдийн засгийн ердийн үзүүлэлтийн талаар ярилцаж, оройд нь гартаа вино барьсан шигээ философи, шашин, сэтгэл судлал уншдаг байлаа. Үүнийгээ би “Эдийн засагчийн үдэш” гэж нэрлэнэ. Тэгэнгүүт энэ бүх салбаруудыг эдийн засагтай хэрхэн уялдуулж болох бол гээд бөөн бодол толгойд хөвөөд ирнэ. Энэ эдийн засагтай зөрчилдөх үү, эсвэл нийцэх үү, гэдэг ч юм уу. Тэндээс “Энийг лекцэнд ашиглаж болох юм байна” гэсэн санаанууд зөндөө олддог юм.
Телевизийн ярилцлагад ч бас эдийн засгийг энгийн хүн ч төвөггүй ойлгохоор тайлбарлах шаардлага гардаг биз дээ? Тэр үед мөн л бусад салбарын мэдлэгүүд хэрэг болно. Жишээ нь, эдийн засгийн мөчлөгийг тайлбарлахдаа би “Эдийн засаг депресст (depression) орсон гэж ярих нь буруу” гэдэг юм. “Depression” нь эдийн засгийн ухаанд царцалтыг хэлдэг бол сэтгэл судлалд сэтгэл гутралыг хэлдэг. Тиймээс би “Эдийн засаг депресст орсон гэж оношилох нь буруу, үнэндээ бол биполар депресс (сэтгэл санаа хоёр тийшээ хэт савлах өвчин)” гэж тайлбарладаг юм. Тэгж тайлбарлавал эдийн засаг ч бас биполар депресст өвчтөн шиг жаахан сэргэлтэд оодрохоороо хэтрээд хөөсрөл үүсч, жаахан царцалтад гутрахаараа хэтрээд уналт болох явдал гардаг гээд ярихаар хэнд ч төсөөлөхөд хялбар байгаа биз дээ?
Сэтгэл судлал, мэдрэл судлалд сэтгэл аль нэг туйл руугаа савлах нь аюултай үзэгдэл бөгөөд аль алийг нь эмчлэх шаардлагатай гэж үздэг. Эдийн засгийн асуудал дээр ч энэ өнцөг хэрэг болно. Жишээ нь, царцалтын үеэр бүх нийтээрээ эдийн засгаа сэргээцгээе гэж ярьдаг. Харин би “Тийм ээ, зөв. Гэхдээ царцалттай үед сэргээе гэж байгаа бол сэргэсэн үед нь тормоз гишгих хэрэгтэй” гэж тайлбарладаг. Эдийн засгийг зөвхөн сэргээх нь хангалтгүй, түүний савлах хүрээг аль болох бага барих шаардлагатай. Гэх мэтээр олон салбаруудыг холбож ярих дуртай.
Киног ч бас эдийн засгийн тайлбарт ашиглана. “Matix”, “Inception” гэдэг ч юм уу. “Бөгжний эзэн” дээр гардаг Мордор, элфийн хөндийн ДНБ-ийг харьцуулж байснаа санаж байна. Элфийн хөндийд ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Дээр үеэс өвлөж авсан сэлмээ хойч үедээ дамжуулахаас өөр юмгүй шахуу. ДНБ нь бараг л 0% гэмээр. Нөгөө талд Мордорын ДНБ-ий өсөлт бараг 30-50% байх. Аж үйлдвэржилт өрнөж, дайнд бэлдэж байгаа болохоор шүү дээ. Тэгээд би асуудаг юм. Хаана нь амьдармаар байна даа? гээд. ДНБ-ий өсөлт төдийгөөр эдийн засгийг өгүүлэх нь хангалтгүй гэсэн санаагаа тайлбарлаж байгаа нь тэр л дээ.
Шинэ харах өнцгөөр хуучны ойлголтуудыг хөндөх нь
Седлачек ー Нийгэм хуучны ягшмал ойлголтуудад баригдаж, хүн болгон тогтсон хатуу үзэлтэй байдаг шүү дээ. Би цоо шинэ харах өнцөг дэвшүүлэх замаар тэрийг нь хөндөхийг оролддог юм.
Жишээ нь, би 2008 оны санхүүгийн хямралыг ч бас олонхоос өөр өнцгөөс хардаг. 2008 оны хямрал бол өөрөө өөртөө далласан зүйл. Орос, Хятад ч юм уу, эсвэл харь гаригаас довтолсон юм биш. Өөрийнхөө энергийг л шавхчихсан хэрэг.
Энийг тайлбарлахад саяын биполар депрессийн зүйрлэл илүү ойлгомжтой байх. Би 2008 оны хямралыг хэт сэргэлтээс үүссэн хямрал гэж хардаг. Хямралын голомт болсон Америкийн тоонуудыг харвал 2007 онд зээлийн хямрал (credit crunch) нүүрлэсэн байсан. Credit гэдэг үгийн үүсэл нь латин хэлний “credo” бөгөөд “итгэл үнэмшил, итгэл найдвар” гэсэн утгатай тул үүнийг итгэлийн хямрал ч гэж хэлж болно. Эдийн засгийн сурах бичгүүдэд бичигдсэн зүйлсэд одоо нэгэнт итгэхийн аргагүй болсон. Бодит байдлаас хэт хөндийрсөн байна.
Эдийн засгийн илтгэцүүр талаасаа Америкийн ДНБ түүхэнд ховор тохиолдохоор урт хугацаанд, дээр нь асар хурдтайгаар өссөөр байсан. Ажилгүйдэл ч бага, инфляци ч яг тохирсон түвшинд, өрсөлдөх чадвар улам өндөрсөж, инновациуд таазгүй мэт сүндэрлэж, Стив Жобс ч эрүүл саруул, Цахиурын хөндий ёстой л бужигнуулж байсан. Эдийн засаг нь бүртийх ч үүлгүй гэмээр төлөв… Тэгээд, чухам яг тэр үе дээрээ эдийн засгийн гол нуруу нь хуга явсан.
Уналтаас болж нурсан юм биш. ДНБ нь саарсан ч юм биш. Би энэ үзэгдлийг “Full throttle дампуурал” гэж нэрлэдэг. Америк зүгээр л хамаг хурдаараа давхиж очоод хана мөргөчихсөн. Энэ л миний “Хэт сэргэлттэй үедээ тормоз дар” гэдгийн шалтгаан. Ялангуяа барууны чинээлэг орнуудад сэргэлттэй үедээ хямрах нь их байдаг юм.
ー Тэгэхээр хурдаа хасах нь чухал гэсэн үг юм байна шүү дээ?
Седлачек ー Тэгэлгүй яах вэ. Улам хурдалмаар байвал хурдаа хасах шаардлага ч бас гарна.
Хуучны ойлголт гэснээс, ийм нэг сонирхолтой яриа байдаг. “Хөдөлмөр эрхлэлт, хүү ба мөнгөний ерөнхий онол” номд гардаг Кейнсийн “Миссийн тэмцээн”-ий зүйрлэл. Мэдээж та мэдэх байх.
Кейнс хувьцааны зах зээл ба амьдралын үнэ цэнийг “Миссийн тэмцээн”-тэй бага зэрэг төстэй гэдэг. Гэхдээ тэр тэмцээнд миссүүд нь биш шүүгчид нь хоорондоо өрсөлдөнө. Түрүүлсэн эмэгтэйд саналаа өгсөн шүүгч ялна.
Хоёулаа шүүгч гээд бодъё. Та жишээ нь хэнд саналаа өгөх вэ? Би уг нь өндөр хамартай эмэгтэйд дуртай л даа, гэхдээ би өндөр хамартай эмэгтэйд саналаа өгөхгүй. Азид ямар байдгийг мэдэхгүй юм, өрнөдөд бол хэтэрхий өндөр хамартай эмэгтэйг тийм ч таашаадаггүй.
Тэгвэл одоо яах вэ? Ялахыг хүсвэл өөрийнхөө дуртай эмэгтэйг хайх бус бусад шүүгчид юунд дуртайг тааварлах хэрэгтэй. Бусад шүүгчид ч бас миний юунд дуртайг тааварлана. Нэг тийм төгсөшгүй тоглоом байгаа биз? Би бол нийгмийнхээ тогтсон ойлголтуудад суурилсан “хөөрхөн”-ий хэмжүүрээр саналаа өгнө.
Кейнсын энэ зүйрлэлд мааш, бүр маш их далд илэрхийллүүд явдаг. Нэгдүгээрт, хувьцааны зах зээлийн мөн чанарыг маш урнаар илэрхийлж байгаа юм. Санал өгөхдөө өөрт таалагдсан компани биш бусдад таалагдахуйц компанийг сонгоно. Дараагаар нь, бодит амьдрал дээр ямар үзэгдэл элбэг гардаг вэ гэхээр, хэний ч сонирхохгүй эмэгтэй түрүүлчихдэг.
Гуравдугаарт, би “тогтсон (хэвшмэл) ойлголт”-од тулгуурлаж буй явдал. Хамгийн ашигтай тактик бол эмэгтэйчүүдийг биш шүүгчдийг ажиглах. Шүүгчид мишээж байвал дажгүй хүүхэн, ярвайж байвал тиймхэн хүүхэн.
Нэмээд бас бидний “хөөрхөн” гэж үзэж буй тэр зүйл дээр хөөсрөл үүсдэг. Түрүүлсэн бүсгүйг хөөрхөн гэж харж чадахгүй байгаа хүн өөртөө итгэлгүй болж эхэлнэ. “Юу вэ? Би тийм гаж сонирхолтой юм байх даа?” гээд. Тэгээд эцэст нь, тогтсон хэвшмэл ойлголт гээч юм үе дамнан тасралтгүй цуурайтсаар байх боломжтой.
Тиймээс жишээ нь цаг солигдож, бүгд өндөр хамартай эмэгтэй сонирхдог боллоо ч тэрийг нь гаргаж ирэх ямар нэг зохицуулалтын механизм байхгүй. Өндөр хамар гэдэг шинэ хэвшмэл ойлголт хүмүүст суухаас нааш бид одоо үйлчилж байгаа тогтсон ойлголт дотроо сэтгэж, “Энэ л хөөрхөн бололтой” гэсэн хүндээ л саналаа өгсөөр байна.
Нэг ёсондоо “Эдийн засаг бүхэлдээ, үнэ цэнийн хэмжүүр бүхэлдээ, хөдөлмөрийн систем бүхэлдээ яаж ч гажсан бай хамаагүй, үнэхээр сайн компани бол ялаад л гараад ирнэ” гэж бодох нь эндүүрэл. Гажсан системээс гажсан үр дүн л гарна.
ー Санхүүгийн зах зээлийн цар хүрээ, нөлөөг бодоод үзвэл Кейнсийн зүйрлэл их гүнзгий юм байна. 2008 оны хямралаар ч бас “Миссийн тэмцээн” шиг юм болсон байж мэдэх юм. Олон хөрөнгө оруулагчид орон сууцны зээлд хөрөнгө оруулсан нь бүгд аюулгүй гэж харж байснаас болсон байх?
Седлачек ー Яг тийм. SPC (хөрөнгө босгох зорилгоор үүсгэн байгуулдаг компани) компаниуд найдваргүй муу зээлүүдэд хөрөнгөө хийж, систем өөрөө зохицуулаад ажиллаж л таараа гэж бүгд бодсоор байтал тийм юм болоогүй. Харахад математиклаг анализад суурилдаг юм шиг салбарууд цагаа тулахаар ямар их догма, идеологи, хэвшмэл ойлголтод баригдсан байдаг нь харагдаж байгаа биз?
ー Тэгэхээр “Миссийн тэмцээн”-ий ярианаас авч болох сургамж гэвэл шүүгчдийг биш эмэгтэйчүүдийг анхааралтай харах хэрэгтэй гэсэн үг байх нь ээ?
Седлачек ー Тийм тийм. Би байшинтай байжээ гэж бодъё. Үнэ цэнийг нь яаж хэмжих вэ? Мэдээж зах зээлээс асууна. Гэтэл зах зээл нь байхгүй зүйлийн тухайд зах зээл нь байхгүйгээс хойш үнэ нь ч тодорхойгүй. Ямар андлалаар наймаа хийлтэй биш.
Амьдрал дээр олон янзын үнэ цэн бий. Мөнгөөр үнэлэх боломжтой зүйл ч бий. Жишээ нь хүрэм, зөөврийн компьютер, гар утас гэх мэт. Муу юм биш л дээ. Миний байшин миний хувьд асар үнэ цэнтэй, мөнгөөр ч үнэлэх боломжтой.
Гэтэл түүнтэй зэрэгцээд амьдрал дээр яагаад ч мөнгөөр үнэлэх боломжгүй үнэ цэн ч байдаг. Гоо сайхан, хайр, андлал, намуухан орчин…, аль нь ч маш эрхэм үнэ цэнтэй зүйл боловч мөнгөөр үнэлэх аргагүй. Андлалын үнийг тоонд хувиргавал марзан л юм болох байх.
Юу хэлэх гээд байна гэхээр, математик хэдий өө сэвгүй төгс бөгөөд сайтар хөгжүүлсэн зэвсэг мөн байлаа ч түүний хариулт хэзээд өрөөсөн хөл дээрээ догонцсон зүйл л байдаг. Учир нь тоогоор агуулах боломжгүй үнэ цэн ч бас байдаг болохоор тэр. Чухал гэдгийг нь мэдэж байгаа ч тоогоор илэрхийлэх гэхээр нэг л болдоггүй зүйлс. Тоо чухал уу гэвэл чухал. Гэвч тоо дангаараа бидний бодож буй зүйлсийг бүрэн илэрхийлж чадахгүй гэдгийг мартаж болохгүй.
Үргэлжлэлийг ЭНДЭЭС унших
No comments:
Post a Comment