2023/09/15

Дорнын философи (6-р хэсэг)

Өмнөх

  • Буддын сургаал


Ингээд гэгээрэлд хүрсэн Гаутама тэр эгшнээс хойш Будда (буюу сэрсэн хүн) хэмээн өргөмжлөгдөх болно.


Домог яриагаар бол Будаа гэгээрлийг олсон тэр үедээ “Ийм зэрэг мөрийг хэн ойлгоно гэх билээ” хэмээн бусдад заан түгээхээс татгалздаг боловч түүний дараа бодлоо дахин эргэж харснаар өөрийн олж мэдсэн бүхнээ насан туршдаа түгээн номлохоор санаа шулуудсан гэдэг. Хэрвээ “Буддизм хэзээ анх эхэлсэн бэ?” гэж асуувал тэр нь чухам тэр мөч байжээ гэж хэлж болох биз ээ.

Будда сургаалиа түгээхээр юун түрүүнд урьд хамт биеэ зовоож явсан 5 найз дээрээ очъё хэмээн сэтгэв. Тэгтэл найзууд нь түүнийг биеэ зовоохоос бууж өгөн зугтсан хэмээн үзэж, Буддаг хүрч ирсэн ч үл тоон царай өгсөнгүй. Гэвч Буддагийн итгэл дүүрэн төрх байдалд өөрийн эрхгүй автаж, үгэнд нь бага багаар чих тавьсаар эцэстээ шавь орсон гэдэг.

Буддагийн энэхүү анхлан номлосон сургаалийг Номын хүрд эргүүлэхүй хэмээн нэрлэдэг.


Түүний анхны сургаал юуг өгүүлсэн байдаг бол?

Сударт өгүүлснээр Будда анх айлдсан нь Дөрвөн үнэний сургаал болон Найман мөрийн үнэн хэмээх сургаал байж. Эдгээр нь буддизмын суурийн суурь буюу буддын сургаалын уг үндэс нь ч болдог. Тиймээс одоо тус бүрийг нь дэлгэрүүлэн харцгаая.


  • Дөрвөн үнэний сургаал


Дөрвөн үнэний сургаал дараах агуулгатай.


Зовлонгийн үнэн: Амьдрал бол зовлон

Шалтгааны үнэн: Зовлонд шалтгаан бий

Гэтэлгэхийн үнэн: Зовлонг гэтэлгэх боломжтой

Мөрийн үнэн: Зовлонгоос гэтэлгэх зам мөр бий


Зовлонгийн үнэн гэдэг нь “Амьдрал чинь өөрөө зовлон. Яаж ч тийчлээд өвдөлт, өтлөлт, үхэл үргэлж дагана. Тэр зовлонгоос хэрхэвч мултрах аргагүй. Үүнийг сайтар ойлгож ухаар” гэсэн яриа.

Шалтгааны үнэн гэдэг нь “Тэдгээр зовлонд гарцаагүй шалтгаан бий. Тэр нь шунал юм” гэх санаа. Зовлонгийн үнэнээр зовлон гээч юм оршин байдаг нь тодорхой болсон учиртай ч тэр зовлон нь оргүй хоосноос бий болдоггүй, заавал шуналаас үүддэг юм аа гэж буй хэрэг.

Гэтэлгэхийн үнэн нь “Тэр шалтгааныг үгүй хийвэл зовлон ч бас үгүй болох боломжтой шүү. Тэгээд бүхий л зовлонгоос ангид туйлын зэрэг мөр гэж байдаг юм шүү” гэсэн яриа.

Тэгээд Мөрийн үнэн гэдэг нь “Тэрхүү зовлон үгүй туйлын зэрэгт хүрч очих зам мөр (арга зам) байдаг” хэмээх үнэн.


Дээрх сургаалыг базаад хэлбэл “Амьдрал бол тэр чигээрээ зовлон бөгөөд тэдгээр нь бүгд шуналаас үүдэлтэй. Тиймээс шуналыг л үгүй хийж чадвал зовлон ч үгүй болох боломжтой. Тэгээд шуналыг үгүй хийж, туйлын зэрэгт хүрэх тодорхой арга зам гэж байдаг” гэж буй юм.


  • Найман мөрийн үнэн


Дөрвөн үнэний сургаалаар Будда “Туйлын зэрэгт хүрэх арга зам гэж бий” гэх үнэнийг дэлгэсэн бол тэр арга зам нь энэхүү “найман мөр” юм.

Найман мөр нь “Зөв амьдрахуйг хэрэгжүүлэхийн төлөөх найман аргыг” илэрхийлдэг.


“Зөв үзэл”

“Зөв ухаан”

“Зөв үг”

“Зөв үйл”

“Зөв амьдрал”

“Зөв зүтгэл”

“Зөв дурдал”

“Зөв бясалгал”



Эдгээрийг нэг бүрчлэн тайлбарлахгүй ч ерөнхийдөө л хар буруу санаа тээлгүй, хазгай муруй үг хэлэлгүй, зөв амьдраад зөв зүтгэвэл жамаараа гэгээрэлд хүрнэ шүү гэх маягийн санаа юм.


Дээрх бол Дөрвөн үнэний сургаал ба Найман мөрийн үнэн хэмээх буддын суурь гэж хэлэхүйц номлол билээ.

Гэвч шулуухан хэлэхэд ийм номлол сонсоод “Ваав, ямар гайхалтай юм мэдчихэв ээ! Маргаашнаас эхлээд би ч бас найман мөрийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх минь” гэж бодох хүн тийм олон биш л болов уу. Түүний оронд


“Зовлонгийн шалтгаан шунал гэдэг ч нээрээ л үнэн байх шүү. Гэхдээ тэрийг байхгүй болгоно гэдэг ч худлаа байлгүй дээ. Байхгүй болгодог найдвартай арга байна гэж бодсон чинь юу вэ? Зүгээр л зөв хараад, зөв яриад, зөв амьдар гэнэ үү? Шал урам хугарчихлаа байна.”


Ингэж санагдахыг түмэнтээ ойлгож байна. Буддаг сайн мэдэхгүй хүн бол “Зөөзө, сонин л юм” гэсхийгээд зөрөөд өнгөрөх дайны л яриа шиг санагдах вий.

Гэвч үнэндээ оогт тийм биш, найман мөрийн үнэн бол зүйрлэх юмгүй гайхамшигтай сургаал байхгүй юу, гээд сунжиртал тайлбарламаар байгаа хэдий ч энэ удаад бүдүүн зүрх гарган шууд алгасаад цааш нь явцгаая. Яагаад гэвэл Дөрвөн үнэний сургаал ч, Найман мөрийн үнэн ч Буддагийн цогц философийн ердөө л гарааны цэг төдий бөгөөд жинхэнэ цөм нь гэж хэлэхээр эд биш.

Харин түүнээс ч илүү, Буддагийн философийн хамгийн чухал дүгнэлт бий. Тэр бол


“Аатмаг (би) оршин байдаггүй”


хэмээх “Би үгүй”-н өчил юм.

Үүнийг “Би, би гэж цээжээ дэлдсэн эгоист сэтгэлгээ маш буруу. Энийгээ больж байж л «би» гэх наад шуналаасаа сална шүү” маягийн энгийн улиглал төдийд ойлгож болохгүй. Үүний цаана маш гүн утга бий.


  • Би үгүй


Ерөөс “Би үгүй” гэх өчил тухайн цагийн Энэтхэгтээ бол бидний төсөөлснөөс ч сенсаацтай зүйл байсан ба тэнгэр газрыг хөмрүүлэх дайны цочир үг байлаа. Яагаад гэвэл “Би үгүй” гэх нь утгаараа Упанишадын философитой зөрчилдөх учраас тэр юм.

Яжнавалкья “Би (аатман)” гэдэг юм байдаг гэсэн суурь нөхцөл дор онолоо хөгжүүлж, тэрхүү “Би (аатман)-гийн мөн чанар”-ыг мэдсэнээр эгнэшгүй туйлын зэрэгт хүрнэ гэж онцолсон. Гэтэл би (аатман) гэдэг юм угаасаа байдаггүй гээд хэлчих юм бол Яжнавалкьягийн өчил сууриараа няцаагдаж, түүний философи, үгүй ээ, эртний энэтхэг мэргэдийн өрж босгосон уламжлалт Упанишадын философи тэр чигээрээ нуран унахад хүрнэ.

Тэр утгаар нь харвал Будда “Би оршин байдаггүй” гэж хэлснээрээ Яжнавалкья тэргүүтэй эртний энэтхэг мэргэдийн Упанишадын философийг хулхи гэж зарласан гэхэд болно. Энэ бол эцэг өвгөдийнхөө сургаалд итгэж, аатманы мөн чанарыг ойлгохын төлөө байдгаараа биеэ зовоож ирсэн хүмүүсийг даанч даапаалсан үг байлаа.


Гэлээ гэхдээ Будда Упанишадын философийг юу юугүй үгүйсгэсэн гэвэл арай түргэдсэн дүгнэлт биз. Ерөөс гэж яривал Буддагийн хайн эрэлхийлсэн “гэгээрлийн зэрэг мөр (өвдөлт, өтлөлт, үхлийн зовлонг гэтэлгэх зэрэг)” гэдэг нь Упанишадын философиос гаргаж тавьсан концепц байсан учиртай.

Тийм байтал Будда яагаад Упанишадаас өөр зүйл яриад эхэлсэн юм бол?

Түүний шалтгаан бол, Упанишадад нэгэн ноцтой асуудал байсных юм.


Яжнавалкья нэгэн маш том алдаа гаргасан. Тэр нь түүний хэтэрхий суут ухаантайн гай ч байсан байж магадгүй. Эсвэл анхнаасаа Упанишад нь далд нууц судар бөгөөд зөвхөн элит түвшний сонгогдсон хүмүүс л уншина гэж тооцсоных ч байж мэднэ.

Ямартай ч тэрээр дараах зүйлийг огт бодолцолгүй орхигдуулсан байсан юм.


“Олон түмэн заавал буруу ойлгодог”


Яжнавалкья хэрхэвч барьж авах аргагүй “Би-гийн мөн чанар”-ыг аатман гэх үгээр төлөөлүүлэн тодорхойлсон авч түүнээс нь болоод олон түмэн “Би (аатман)” гэх үгэнд нь хүчтэй акцент өгч, үр дүнд нь нөгөө үг нь тэр чигээрээ “би” гэсэн ухагдахуун болон тогтож орхисон юм.


Гэтэл “объект болж чадахгүй зүйл”, “○○ мөн гэж хэлэх боломжгүй зүйл” бол БИ (аатман) гээчийн мөн чанар юм бол “Би гэдэг бол «○○ гэж хэлэх боломжгүй» тийм зүйл юм” гээд “ухагдахуун” болгож илэрхийлэх нь ч боломжгүй байх учиртай. Яагаад гэвэл “Ухагдахуун болгон илэрхийлэгдсэн би” болоод ирвэл тэр нь илт “танин мэдэхүйн объект” болон хувирч, танин мэдэгч байхаа больж орхино.

Өөрөөр хэлбэл


“Ухагдахуун байдлаар илэрхийлэгдсэн би (аатман гэдэг үгээр илэрхийлэгдсэн би)” хэзээ ч жинхэнэ би биш юм аа


гэж буй хэрэг. Гэтэл ингээд хэлэхээд олон түмэн дахиад л буруу ойлгоно.


“Аан зөв зөв. Ухагдахуун болгон илэрхийлж болдоггүй тэр нэг юм чинь би юм байна ш дээ”

“Би бол ухагдахуун болгон илэрхийлэх боломжгүй, тийм өвөрмөц шинж чанартай зүйл (объект) юм байна”


Олон түмэн яаж ч тайлбарлаад “Би бол ○○ юм” гэдэг форматаасаа сална гэж байхгүй.

Харин Яжнавалкья, наад нэг “Би бол ○○ юм” гэдэг шившлэг, өөрөөр хэлбэл уул номоороо “Аатман бол танин мэдэхүйн объект биш” байтал “Аатман бол ○○ юм” гээд заавал нэг юмтай холбож орхидог тэр бодон төөрөгдөл чинь л бүх буруугийн эхлэл болж зовлонг тариад байна гэсэн учиртай. Гэтэл тэрийг нь дахиад л “Би бол ○○ гэдэг ухагдахуун юм байна” гээд ямар ч юм нэг ухагдахуунтай холбоод хаячхаар өнөөх уламжлалт Упанишадын философио оогт ойлгоогүй хэрэг болж байгаа юм.

Эцсийн эцэст юу болсон бэ гэвэл, эртний энэтхэг хүмүүс эд баялагт хоргодохоо байсан. Байр суурь, нэр алдарт ч хоргодохоо байсан. Махан биедээ ч хоргодохгүй болсон. Гэвч түүний оронд “Аатман (барьж авах боломжгүй би)” гэдэг ухагдахуунд хоргодон зууралддаг болсон хэрэг.

Тиймээс Будда тэр гаж нөхцөл байдлыг засахын тулд Упанишадын философитой зөрчилдөхүйц зүйлийг хэлэхээс өөр арга байсангүй. Биеэ зовоохыг үгүйсгэсний адилаар Упанишадын философийг ч үгүйсгэхээс өөр арга байсангүй.


“Би (аатман)” гэх ухагдахууныг нурааж, юунаас ч болох нь ээ хоргодон зуурахыг тачаадах тэрхүү сүүлчийн ганц ташаа горьдлогыг тасар татан хаях”


Түүний төлөө Будда бүхнийг нураахгүй бол болохгүй байсан юм.

Буддагийн жинхэнэ агуу байсан нь, эртний энэтхэгийн уламжлалт номлол Упанишадын философийн өөдөөс цор ганцаар эрслэн босч, түүний бугширсан ташаа ойлголтыг залруулснаар энэтхэгийн философийн их урсгалыг зөв гольдролд нь оруулж, “аатман” гэх ухагдахууныг үгүйсгэсэн шинэ цагийн дорнын философийг төрүүлэн гаргасан явдал болой.


4 comments:

deegii said...

Сайн байна уу. Номнууд нь хаагуур зарагдаж байгаа вэ?

ТОМё БОДё said...

Голлох номын дэлгүүрүүдэд түгээсэн бгаа шүү. 75117575 руу залгаад хүргүүлж авч бас болно оо.

Anonymous said...

Sain bnu, ene nomiig hevlej gargahu?

ТОМё БОДё said...

Гаргахгүй бх аа

Post a Comment