2023/09/13

Дорнын философи (5-р хэсэг)

Өмнөх

  • “Туршлага”-аар ойлгох нь


Энэхүү могойн яриа дараах зүйлийг илэрхийлж буй юм.


“Мэдлэг төдийд мэдэх нь хангалтгүй. Бодитоор туршаад «Нээрээ тийм байна» гэснээр сая «жинхэнээсээ мэдсэн»-д тооцогдох болно.”


Үүнийг Яжнавалкьягийн философийн тухайд ч ижлээр хэлэх боломжтой.


“Би (аатман) хэрхэвч танин мэдэхүйн объект болохгүй”


хэмээх Яжнавалкьягийн үгийг сонсоод, түүний утгыг ойлгож, “мэдлэг” хэлбэрээр цээжилсэн гэх хэр нь ээ бодит байдал дээр би нь эгнэшгүй зэрэгт хүрсэн юмгүй нөгөө л урьдын зовлонгоо тээсээр амьдарч явна гэвэл, тэнд ямар утга байх билээ.


Гэтэл эндээс ахиад өөр нэгэн асуудал босч ирнэ.

Юу гэвэл


“Мэдлэг төдийд мэдсэн хүн” ба “Туршлагаар жинхэнээсээ мэдсэн (гэгээрсэн) хүн” хоёр мөн чанарын хувьд тэнгэр газар шиг ялгаатайгаас үл хамааран, тэдний амнаас гарах үгс ялгах юмгүй ижилхэн.


Жишээ нь саяын могойн зүйрлэл яриан дээр гэхэд л хоёр тал (“мэдлэг төдий хүн” ба “гэгээрсэн хүн”) ижил дүгнэлт өгүүлнэ.


“Тэгэлгүй яах вэ, тэнд могой байхгүй”


Тэгээд бас хоёр талын логик гаргалгаа ч адилхан.

Ав адилхан яриа юм хойно сонсогч тэднийг яагаад ч ялгаж салгаж чадахгүй. Хэн нь “мэдлэг төдий мэдлэгтэн”, хэн нь “жинхэнээсээ мэдэгч (гэгээрсэн)” юм бол? Аягүй бол хоёулаа “Мэдлэг төдий ам фигурүүд” биш байх ч юм бил үү. Ярианы агуулгад ялгаа байхгүйгээс хойш үг яриагаар нь таних ямар ч аргагүй.

Ялгаж таньж магадгүй цорын ганц арга гэвэл тэр нь үгээр бус “үйл хэргээр”, өөрөөр хэлбэл “өдөр тутмын аж байдал”-аас нь л байж болох байх.

Жишээ нь, могойны зүйрлэл ярианд “Могой тэнд байхгүй ээ, тэр чинь зүгээр л олс байхгүй юу” гэж аман дээрээ хэлдэг хэр нь ээ замын цаад руу зүглэхээрээ ондос ондос хийгээд унавал “Аан, энэ чинь амнаас цаашгүй хоосон нөхөр байна, яг жинхэнээсээ ойлгоогүй бололтой” гээд таньж чадах учиртай. Нэг ёсондоо бодит үйл хөдлөлөөс нь “Үнэхээр ойлгосон эсэх, гэгээрсэн эсэх”-ийг ажиглаж мэдэх боломжтой гэсэн үг юм.


За тэгэхээр, тухайн үед Яжнавалкьягийн философи БҮҮМ болж байсан тул ямар нэг мундаг даяанч хуврагт (философич) шавь орох төдийд л онолын нарийн ширийнийг нь яаж л бол яаж заалгуулах боломжтой байлаа.

Тиймээс аатман ийм тийм, танин мэдэгч ингэдэг тэгдэг гэхчлэн Яжнавалкьягийн философийг хүүрнэх чадвартай хүмүүс захаар нэг хөглөрч байсан биз. Тэр бүү хэл Яжнавалкьятай ижил “Эгнэшгүй зэрэг”-т хүрсэн гэж өөрийгөө цоллох хүмүүс ч байсан нь дамжиггүй.

Гэтэл байна шүү. Сая өгүүлсэнчлэн “Ийм ийм шалтгаанаар аатман чинь юутай ч эгнэшгүй байхгүй юу” гэж хэлэх хүнийг “ам төдий мэдлэгтэн үү?”, аль эсвэл “жинхэнэ гэгээрэгч үү?” гэдгийг ярианаас нь мэдэж чадахгүй. Тухайн хүн зүй зохистойгоор Упанишадаас эшлэж, тэрхүү зэрэг мөрийг тайлбарлан хүүрнэж байна гэвэл сонсогч үнэндээ яагаад ч ялгаж танихгүй.

Гэвч үнэндээ түүнийг ялгаж таних арга цор ганц бий. Тэр ч бас сая өгүүлсэнчлэн, яриагаар нь бус бодит үйл хөдлөлөөр нь шүүх юм.


Жишээ нь, таны өмнө нэг даяанч хувраг хүрч ирээд ингэж хэлж.


“Би аатманы мөн чанарт гэгээрсэн. Эгнэшгүй зэрэгт хүрсэн.”


Одоо түүнийг хоосон ам уу, жинхэнэ гэгээрэгч үү гэдгийг яаж ялгах вэ? Ердөө ч амархан.


“Хөөх тийм үү. Ямар мундаг юм бэ. Заа байз…, тэгвэл юу ч гэсэн би таныг 100 удаа алгадчих уу?”


гэж хэлээд үхтэл нь балбаад өгөх хэрэгтэй. Өшиглөөд, балбаад, газартай тэгшлээд өг. “Аатман (би) бол субъект бөгөөд юунд ч хүрэхгүй, гэмтээх аргагүй оршихуй” гэх философийг ойлгож, үнэнээсээ гэгээрсэн юм гэвэл ямар ч өвдөлтийг тэвчиж чадах учиртай.


Тиймээс хэрвээ зодуулж, балбуулсандаа нөгөөх хувраг чинь “Ёо ёо, өвдөж байна! Болиоч ээ, гуйж байна” гээд нус нулимс болон аврал эрвэл түүний хэлсэн худал болж таарна.


“Яасан бэ? Юу болов? Гэгээрсэн гээд байгаагүй бил үү? (хаха)”


Байж боломгүй марзан яриа гэж санагдаж магадгүй л дээ. Гэхдээ л эсрэгээр нь хэлбэл үүнээс өөр ямар ч арга байхгүй юм.

Эгнэшгүй зэрэг, нэг ёсны “ямар ч зовлонг гэтэлгэх туйлын зэрэг”-ийн талаар аливаа хүн юу ч ярилаа гээд түүнийг нь “Тэгээд юу гэж? Тэгсэн ч гэсэн таныг гэгээрсэн гэж яаж үнэмших юм?” гээд эргэлзэх боломжтой юм хойно, нэгэнт тэгж хэлсэн хүнд “аймшигт тамын мэдрэмж амсуулж, тэгээд ч хэвийн байж чадах эсэх”-ийг нь сонжихоос өөр замгүй. Бодит үйлдлээр баталж үзүүлэхийг шаардахаас өөр аргагүй.


Мэдээж бас өөртөө хандсан эргэлзээн дээр ч үүнийг хэрэгжүүлж болно. Жишээ нь та даяанч хувраг байгаад, ийм эргэлзээ төржээ гэе.


“Би философид суралцаж, Упанишадын гүн ухааныг ойлгож авсан. Гэхдээ би жинхэнээсээ ойлгож чадсан болов уу? «Би эгнэшгүй» гэж хэлж чадахуйц эртний энэтхэгийн тэр зэрэг мөрөнд хүрсэн болов уу?”


Энэ эргэлзээгээ тайлъя гэвэл ганц л арга бий. Тэр бол биеэ зовоох. Биеэ зовоож үзээд, тэвчиж чадахгүй бол хараахан түүхийгээрээ байна аа гэж дүгнэж болно. Эсрэгээрээ ямар ч галзуу тамлалтыг ажрах ч үгүй даван гарч чадахаар болсон байвал өөрийгөө туйлын зэрэгт хүрчээ гэдгээ мэднэ. “Хэдий хэмжээний тамлалыг тэсэх вэ?” гэдгээр Яжнавалкьягийн “эгнэшгүй зэрэг”-т хэр дөхсөн болохоо шинжиж болно оо гэсэн үг. Тиймээс өөрийгөө тамлаж, өөртөө хатуужил суулгах нь маш чухал даалгавар юм.

Ийнхүү эртний Энэтхэгт тамлалтыг тэсвэрлэх нь “Кино ба үзэгч нь тусдаа зүйлс хэмээх үнэнд гэгээрч, эгнэшгүй зэрэгт хүрсэн”-ийг гэрчлэх нотолгоо болно хэмээн үздэг байжээ.


Тийм шалтгааны улмаар Гаутама ч бас тухайн цагийнхаа моодыг хөөж, биеэ зовоож гарсан байна. Тэр тамлалт нь хэмээс хэтэрч, хэрцгий галзуугийн туйлд хүрсэн гэдэг. Биеэ аль болох хатуу ширүүнээр зовоох тусмаа сайн. Хоёрын хооронд тэсэж тэвчихээр дайны зовоолт ямар ч хэрэггүй. Яаж ч бодоод тэсвэрийн хязгаарыг давсан тийм өвдөлт, тарчлаан. Тийм зүйлийн ард гарч байж сая “Эгнэшгүй зэрэг”-т хүрчээ гээд өөрийгөө үнэлж чадах учиртай.

Гаутама тэрхүү зовлонт амьдралыг 6 жилийн турш үргэлжлүүлэв. Тэгээд үр дүнд нь яг л үгчилсэн утгаараа арьс, яс болсон гэдэг.


Гэтэл тэгж их биеэ зовоосоор атал Гаутама гэгээрэлд хүрч эс чадав. Тэгж байх зуур тэрээр гэнэтхэн анзаарах нь тэр. Ийм зүйл хийх нь ямар ч үр дүнгүй юм байна. Харин ч бүр эсрэг нөлөөтэй.


“Биеэ зовооход ямар ч утга учир үгүй. Үгүй ээ, тэр ч бүү хэл биеэ зовоосны гайгаар улам бүр гэгээрлээс алсарч байна.”


Ийн сэтгэсэн Гаутама бие зовоохоо больж, түүнээс хойш дундад мөрд орсон гэдэг.



  • Дундад мөр


Гаутама биеэ зовоохоо больж, “Дундад мөр”-д орсон тухай домог тун ч алдартай боловч энэхүү “дундад мөр” гээч нь чухам юу юм бол? Үүн дээр анхаарууштай нь, түүний хэлэх “дундад мөр” гэдэг нь нэг ёсны “алтан дундажийг барих” гэсэн амьдралын хар ухаан төдий зүйл ерөөсөө биш юм.

Угаас тэгтэл биеэ зовоон байж үхлийн эрмэгээс эргэн ирээд хүрч очсон Гаутамагийн “дундад мөр” гээч нь ердөө л “Хамаагүй идэж болохгүй шүү, гэхдээ идмээр байвал идээрэй. Гол нь баланс шүү, манайхаан!” гэх төдий яриа байсан гэвэл түүн шиг маазрал гэж юу байх вэ. Тийм дайны ухаарлыг хүүхэд ч бодоод олчихно. Тэгж 6 жилээр биеэ зовоолгүй эртхэн анзаарахгүй дээ л гэмээр санагдах байлгүй.


Үгүй дээ, “дундад мөр” гэдэг бол тийм зүйл биш. “Дундад мөр” гэдэг бол “«Гэгээрэл» ба «биеэ зовоох» нь ямар ч учир шалтгааны холбоогүй. Тэр ч бүү хэл харин ч биеэ зовоосноор улам хор болох гэмтэй” хэмээх түүний өөрийн гүнзгий эргэцүүлэл байсан юм.


Яагаад биеэ зовоох нь “гэгээрлийн” эсрэг үр нөлөөтэй гэж? Тэр бол биеэ зовоох нь “өөртөө буруугаар автах” нөлөөтэй болохоор тэр юм.

Эргэн санана уу. Ерөөс Яжнавалкьягийн өгүүлсэн “туйлын зэрэг” гэдэг нь “кино ба үзэгч нь тусдаа зүйлс бөгөөд ямар ч кино гардаг бай үзэгчид юуны ч нөлөөгүй” гэх үнэнийг анзаарснаар сая хүрч очдог үнэн байсан. Тэгээд тийм ч учраас “Тийм бол ямар ч аймшгийн кино үзээд хээв нэг байж чадах ёстой биз дээ?” гэсэн гаргалгаанаас биеэ зовоох санаа төрсөн учиртай.

Гэтэл нэг анзаарах нь ээ хавийн хүмүүс биеэ зовоохыг өөрийг нь, өөрөөр хэлбэл ямар аймар кино (биеэ зовоох туршлага) үзсэнээрээ уралддаг болон хувирчихсан байв.


“Хэхэхэ… Айн гээ! Би гурван өдөр унтаагүй гээд бод доо! Ямар вэ дээ?”

“Гайгүй байна аа. Би өнөөдөр тав дахь өдөр дээрээ явж байна.”

“Пээ… тийм үү? Лаг юм бэ? Чи ч тэгвэл гэгээрэлд дөхөж байгаа юм байна даа.”


Иймэрхүү зүйл ярьж байгаа хүмүүс “Би-гийн мөн чанарыг ойлгож, өөртөө буруугаар автахаа болих” гэсэн үндсэн зорилгоосоо далийсан байгаа нь хэнд ч тодорхой. Тэдний хийж буй нь биеэ зовоож бусдадаа гайхуулдаг ердийн нэг мааз өрсөлдөөн төдий.

Үнэхээр ч эртний энэтхэг хүмүүс “Хэр зэрэг өөрийгөө зовоож, тэсэж ард нь гарсан бэ?” гэдгээр “гэгээрэлд дөхсөн” барометр хийж, түүгээрээ хоорондоо өрсөлддөг байлаа. Тэгээд хэрвээ өөр хэний ч тэсэж тэвчиж дийлэхээргүй аймшигт тамлалын ард гарч чадвал бөөн алга ташилт. Тэрүүгээр нэг “Таныг биширч байна. Шавиа болгож аваач!” гэлцэн хөлөнд нь мөргөж, ариун хүн мэтээр дээш зална, гэсэн нэг марзан уламжлал тогтсон байсан гэдэг.

Энэ бол илэрхий буруу замаар будаа тээсэн хэрэг юм.

Яжнавалкьягийн философийг үнэхээр ойлгосон хүн “аймшигт тамлалыг тэсэж, бусдад магтуулж буй кино” үзлээ гээд тэр нь үзэгчид огтхон ч падгүй гэдгийг ухаарах л байсан.

Гэтэл тухайн үеийн хүмүүс “тамлалтын ард гарч бусдад магтуулж буй кино” үзвэл үзэгч ч бас ямар нэгэн амжилт гаргасан хэрэг болно гэлцэн ташаарч орхиж. Тэр нь ёстой л үзэгч кинондоо уусаад орчихсон тэр нөхцөл байдал мөнөөсөө мөн байлаа. “Өөртөө буруугаар автан” буйгаа залруулах нь зорилго атал харин ч эсрэгээрээ зорьж очоод улам автаж орхисон гэлтэй.

Дээр нь биеэ зовоохын хэрээр биеэ тоолт, бахархал нь улам оволзохыг яалтай.


“Харав уу, намайг! Би ийм аймар тамлалтыг ч тэсэж чадах юм чинь!”


Мөн биеэ зовоосноор ухаан санаа нь балартаж, элдэв янзын гэрэл, бурхдын төрх гэх мэт учир битүүлэг жигтэй зүйлсийг ч үзэж мэдрэх магадлал өндөрсөнө. Чингүүт улам өндөрлөгт хүрсэн мэдрэмж төрж, эргээд тэр өндөрлөгийн мэдрэмждээ автаж орхино.


“Ариун гэрэлд тэврүүлж, бурхад намайг адислахаар ирсэн! Ер нь л овоо дээгүүр зэрэг мөрөнд хүрсэн бололтой шүү. Хичээж чармайж ч үзээгүй эгэл амьтдаас нэгэнт өөр болжээ би. Гарцаагүй туйлын зэрэгт дөхсөн байж таараа.”


Даанч эртний энэтхэг мэргэдийн хүрч очсон “зэрэг мөр” гээч нь тиймхэн түвшний зүйл байсангүй.


“Гэрэл харсан. Бурхантай учирсан.”


Тэгээд юу гэж? Тийм юманд огтоос үнэ цэн байхгүй. Тэр гэрэл нь, бурхан нь жинхэнэ хуурамч аль нь ч бай бүгдээрээ “танин мэдэгдэгч” зүйлс, “танин мэдэхүйн объект”-оос цаашгүй зүйлс. Тийм юмсыг орхиод, “би” гэдэг бол тэдгээр танин мэдэхүйн объектуудтай ямар ч холбоогүй, тэдгээр зүйлс “би”-д өчүүхэн төдий ч хүрч чадахгүй гэдгийг утгаар нь ойлгох нь илүү чухал.

Тиймээс үнэндээ өвдөлтөд хямарч, уйлж хайлж, “Болъё оо” гээд бууж өгсөн ч огтоос хамаагүй юм. Тэр бол ердөө л бие махбодын хариу үйлдэл.

Бие махбодод өвдөлт тохиовол тэндээс зугтахыг оролдох биз. Тэгэх нь түүний ажил. Бие махбод өлсвөл хоол нэхэх биз. Тэгэх нь түүний ажил.

Хэрвээ утгаар нь “Би бол бие махбод биш” гэдгийг ухаарсан гэвэл өлсөхийг тэвчих нь Яжнавалкьягийн зэрэг мөртэй ямар ч холбоогүй гэдгийг ухаарах учиртай. Бие махбод зовлонг даан байдгаараа тэвчинэ үү, тэсэж чадалгүй уйлж орилно уу, аль нь ч бай “би” бол ердөө л түүнийг үзэгч төдий. Бие махбод хэмээх физик төхөөрөмж ямар ч реакци гаргадаг бай тэр нь “би”-д нөлөөлөх нь үгүй (тийм байтал “өлсөхийг тэвчиж чадсан” мэтийн зүйлсээр барометр хийх хүн байвал тэр нь яг эсрэг утгаараа “бие махбоддоо автсан” болж таарна).


Дүгнээд хэлбэл Яжнавалкьягийн зэрэг мөрөнд хүрэх ба биеэ зовоохын хооронд ямар ч учир шалтгааны холбоо байхгүй юм. Холбоогүйгээр барахгүй харин ч бүр эсрэг үр нөлөөтэй. Тиймийн учир “Дундад мөр (туйлшраагүй төлөв)” л чухам гэгээрэлд хүрэх хамгийн зохистой зам юм.


Яжнавалкья тэргүүтэй Упанишадын мэргэдийн дэлгэн харуулсан, бүхий л зовлонг гэтэлгэх эгнэшгүй туйлын зэрэг. Гэвч тэр нь олон түмний буруу ойлголтын уршгаар “биеэ зовоох уралдаан” болон завхарч орхиж. Харин Гаутама тэр “хадуурал”-ыг “Аяд!” хэмээн анхааруулсан учиртай.

Тэрээр биеэ зовоохыг няцааж “Дундад мөр л гэгээрэл тийш хөтөлнө” хэмээн тунхаглаж, энэтхэгийн философид агуу том хувьсгал өрдөнө. Упанишадын философийн ташаа уламжлалыг залруулж, энэтхэгийн философийн түүхийг зөв замд нь буцаан оруулсан нь тэр байлаа.


  • Гэгээрэл


Ийнхүү биеэ зовоохоо больсон Гаутама түүний дараа юу болсон бэ? Тэрээр “Би-гийн мөн чанар”-ыг мэдэх гэсэн анхны зорилгодоо эргэн төвлөрч, модон дор суугаад бясалгаж гарав. Өнөөх алдарт бодь модныхоо дор шүү дээ.

Түүний сэтгэлд нэгэнт “Тамлалтыг тэсээд, заавал ард нь гарна даа” гэсэн бодол үлдсэнгүй. Зүгээр л чив чимээгүй суусаар.

Тэр үед түүний тархины мухраас үй олон дэмий бодлууд эргэлдэн төрж байсан гэдэг. Гэгээрчихвэл ямар гоё вэ ч юм уу, орхиод явсан ар гэр минь юу болж байгаа бол ч юм уу, дээр тааралдсан хүүхэн энэ тэр гээд юу эс толгойг нь эргүүлсэн бол. Гэсэн ч ямар ч дэмий бодол төрлөө гээд тэдгээр нь ердөө л “танин мэдэхүйн объектууд” төдий. Ямар ч танин мэдэхүйн объект гарч ирлээ гээд үзэгч болох БИ-д юуны ч хамаа байхгүй. Тиймээс тэр мэт дэмий бодлуудыг огтоос тоох хэрэггүй.

Гаутама ямар ч бодол төрсөн зүгээр л үл тоон суусаар байв. Нэг ёсондоо ямар ч кино гардаг бай үзэгчийн суудлаас хөдлөлгүй, үзэгч хэвээрээ байсаар.

Хэсэг тэгж суутал хэзээдээ ч юм кино (элдэв бодлууд) замхран арилж, Гаутама анир чимээгүйн дунд байх юм гэнэ.


ー Тэгээд, тийнхүү гайхамшиг тохиох нь тэр.


Гаутама тэр анир чимээгүйн дунд “Би-гийн мөн чанар”-ыг, тэгээд бас “туйлын үнэн”-ийг олж таних нь тэр.

Тийнхүү Гаутама эртний энэтхэг мэргэдийн үе дамжуулан ярьж ирсэн “Эгнэшгүй зэрэг”-т хүрч, бүхий л зовлонгоос ангижрав аа.



Үргэлжлэл


No comments:

Post a Comment