2019/07/16

Ад үзэгдэх зориг (5р хэсэг)

Өмнөх - Ад үзэгдэх зориг (4р хэсэг)

Хүн ямагт “өөрчлөгдөхгүй”-г хичээдэг

Философич: - Тогтож айлд. Доошоо суучих. Энэ янзаараа явбал яриа таарахгүй нь ч аргагүй юм байна. Одоо би танд цаашдын ярианы бэлтгэл болгож Адлерын сэтгэл судлал хүнийг хэрхэн ойлгодог талаар бяцхан тайлбар хийгээд орхиё.

Залуу: - Богинохон шүү, богинохон.
Философич: - Түрүүн та “Хүний зан төлөв, төрөлх шинж өөрчлөгддөггүй” гэж айлдсан. Харин Адлерын сэтгэл судлалд зан төлөв хийгээд төрөлх шинжийг “лайфстайл (lifestyle буюу амьдрах хэв шинж)” гэх үгээр тайлбарладаг.
Залуу: - Лайфстайл?
Философич: - Тийм ээ. Амьдрал дээрх тухайн хүний бодол сэтгэлгээ болон үйл хөдлөлийн чиг хандлагыг хэлж байгаа юм.
Залуу: - Бодол сэтгэлгээ болон үйл хөдлөлийн..., чиг хандлага?
Философич: - Тухайн хүн “ертөнц”-ийг хэрхэн харж байна, мөн “өөрийгөө” хэрхэн харж байна, эдгээрт “хэрхэн утга оноосон бэ” гэдгийг цогцоор нь авч үзсэн ухагдахууныг лайфстайл гэж ойлгоорой. Өнгөц утгаараа зан чанар ч гэж ойлгож болох ч, бүр өргөн утгаараа бол тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, амьдралыг үзэх үзлийг ч агуулсан үг байгаа юм.
Залуу: - Ертөнцийг үзэх үзэл гэж юу билээ?
Философич: - Жишээ нь, “Би гутранги үзэлтэй хүн” гэж бодоод, тэрэндээ шаналдаг хүн байлаа гэе. Энэ үгийг “Би гутранги ертөнцийг үзэх үзэлтэй хүн” гэж өөрчилж үзье. Гол нь үүнийг хувийн зан чанар биш, харин өөрийн харах өнцөг буюу ертөнцийг үзэх үзэл гэдэг талаас нь тунгаах хэрэгтэй. Зан чанар гэдэг үгэнд нэг тийм “өөрчлөгдөшгүй, ийм л байдаг” гэсэн нюанс байдаг шүү дээ. Харин харах өнцөг буюу ертөнцийг үзэх үзэл гэвэл хувирах ч боломжтой болоод ирнэ.
Залуу: - Ммм. Жоохон хэцүү л юм. Лайфстайл гэдэг нь тэгэхээр “Амьдрах арга барил” гэсэнтэй ойролцоо утгатай юм болов уу?
Философич: - Тэгж илэрхийлж ч болох юм. Лавтайяа та төрөлх шинж, зан чанар мэтийг өөрийн хүсэл зоригоос үл хамааран суугдсан байдаг зүйл гэж боддог байх. Харин Адлерын сэтгэл судлалд лайфстайлыг өөрөө сонгодог зүйл гэж үздэг.
Залуу: - Өөрөө сонгодог гэнэ ээ?
Философич: - Тийм ээ. Та өөрийнхөө лайфстайлыг өөрөө сонгосон, гэсэн үг.
Залуу: - Тэгэхээр би “Аз жаргалгүй байх”-ыг сонгоод зогсохгүй, энэ адармаатай хэцүү зан аашаа ч бас өөрийн гараар сонгосон гэх нь үү?
Философич: - Мэдээж тэгсэн.
Залуу: - Өө за за. Наадах чинь бүр арай л дэндлээ. Би ухаан орсон тэр үедээ л ийм зан араншинтай болсон байсан. Сонгож авснаа санах ч гүй юм байна. Багш та ч гэсэн тийм л биз дээ? Өөрийнхөө зан чанарыг өөрөө чөлөөтэй сонгодог тийм робот шиг юм гэж байх уу?
Философич: - Мэдээж ухамсартайгаар “энэ өөрийгөө” сонгосон учир байхгүй л дээ. Анхны сонголт ухамсаргүйгээр (анзааргагүйгээр) хийгдсэн ч байж болно. Дээр нь, тухайн сонголт бүрт таны дахин дахин хэлээд байгаа гадаад хүчин зүйлүүд, тухайлбал яс үндэс, иргэншил, соёл, дээр нь гэр бүлийн орчин гэх мэт зүйлс томооор нөлөөлж байдаг. Гэсэн хэдий ч, “ийм өөрийгөө” сонгосон нь та юм.
Залуу: - Ойлгосонгүй. Яг хэзээд нь сонгосон юм бэ?
Философич: - Ойролцоогоор 10 насандаа сонгодог гэж Адлерын сэтгэл судлалд үздэг.
Залуу: - За больё. Танд 100 алхам буулт хийе, бүр 200 алхам буулт хийе. Таныхаар болог, би 10 настайдаа өөрөө ч мэдэлгүй лайфстайлаа өөрийн гараар сонгочихсон болог. Тэр тэгээд ямар хамаатай юм бэ? Зан төлөв ч гэнэ үү, төрөлх шинж ч гэнэ үү, эсвэл лайфстайл ч гэж нэрлэнэ үү хамаагүй, ямартай ч би аль хэдийнэ “ийм би” болчихсон байна. Тэгээд юу өөрчлөгдөх юм? Юу ч алга.
Философич: - Тийм биш ээ. Хэрвээ лайфстайл гээч юм төрөлхөөс заяагддаг бус, өөрөө сонгодог юм гэвэл, дахин өөрөө өөрчлөн сонгох ч боломжтой байх учиртай.
Залуу: - Өөрчлөн сонгох?
Философич: - Та өнөөдрийг хүртэл өөрийн лайфстайлаа анзаараагүй явсан ч байж болно. Бүр лайфстайл гэдэг ухагдахууныг ч мэддэггүй байсан байж болно. Мэдээж өөрийгөө яаж төрөхийг хэн ч сонгож чадахгүй. Энэ улсад төрөхөө, энэ цаг үед төрөхөө, энэ эцэг эхтэй болж төрөхөө, бүхнийг өөрөө сонгоогүй нь үнэн. Дээр нь эдгээр нь нилээдгүй том нөлөөтэй нь ч үнэн. Сэтгэл дундуур ч байж болно, бусдыг хараад “түүний оронд төрсөн бол” гэсэн бодол төрж ч болно.
Гэсэн ч тэгээд орхиж болохгүй. Асуудал өнгөрсөнд биш, одоо “энд” байна шүү дээ. Одоо та энд лайфстайлын тухай мэдчихлээ. Тийм бол үүнээс цааш яаж амьдрах нь таны хариуцлага. Өдийг хүртлэх барьж ирсэн лайфстайлтайгаа үлдэх ч, шинэ лайфстайл сонгох ч, бүгд танаас хамаарах асуудал болсон.
Залуу: - Тэгвэл, яаж өөрчилж сонго гээд байгаа юм бэ? “Чи өөрийнхөө лайфстайлыг өөрөө сонгосон юм чинь, одоо бушуухан дахиад сонго” гэж хэлэхээр л шууд өөрчлөгдчихнө гэж байхгүй биз дээ?
Философич: - Үгүй ээ, та өөрчлөгдөж чадахгүй биш. Хүн хэзээ ч ямар ч орчинд байсан өөрчлөгдөж чадна. Та өөрчлөгдөхгүй байгаа нь, өөрөө өөртөө “өөрчлөгдөхгүй” гэсэн шийдвэр гаргадгаас тань болж байгаа юм.
Залуу: - Юу?
Философич: - Хүмүүс үргэлж өөрийнхөө лайфстайлыг сонгож байдаг. Яг одоо ингээд өвдгөө нийлүүлээд ярилцан суугаа энэ агшинд ч бас сонголт хийж байгаа. Та өөрийгөө аз жаргалгүй хүн гэж айлдаж байна. Одоо бушуухан өөрчлөгдмөөр байна гэж бас айлдаж байна. Бүр өөр хүн болоод төрөл арилжих юмсан гэж хүртэл өчлөө. Гэсээр байтал өөрчлөгдөхгүй байгаа нь яагаад вэ? Тэр бол та өөрийн лайфстайлаа өөрчлөлгүй энэ хэвээр нь байлгая гэсэн хувирашгүй шийдвэртэй тань холбоотой юм.
Залуу: - Бүр логикгүй болчихлоо. Би өөрчлөгдөхийг хүсч байна. Энэ бол худал хоосон ам биш, сэтгэлээсээ хүсч буй зүйл. Тийм байтал яагаад өөрчлөгдөлгүй энэ хэвээрээ байя гэсэн шийдвэр гаргадаг билээ?
Философич: - Бага зэрэг тухгүй, эрх чөлөөгүй байлаа ч, одоогийн лайфстайл маань илүүтэй ашиглахад хялбар, энэ хэвээрээ өөрчлөхгүй байх нь амар гэж бодож байж болох юм.
Хэрэв “энэ байгаагаараа” цааш явбал, нүдний өмнө тохиолдох элдэв асуудлыг хэрхэн зохьцуулах вэ, тэгээд үр дүнд нь юу болох вэ гэдгийг туршлагаасаа баримжаалж чадна. Зүйрлүүлж хэлбэл, унаж дассан машинаа жолоодож буй мэт нөхцөл байдал юм. Их бага асуудалтай ч гэлээ дасчихсан болохоор нөхөж сэлбээд ч атугай унаад байж болно.
Эсрэгээрээ шинэ лайфстайл сонгочихвол шинэ өөрт нь юу тохиолдохыг ч мэдэхгүй, хоолойд тулсан асуудлаа яаж зохьцуулахаа ч мэдэхгүй. Ирээдүй тааварлахад хэцүү болж, дүүрэн тавгүйтэлтэй амьдралаар хэсэг явах болно. Бүр ч зовлонтой, бүр ч аз жаргалгүй амьдрал хүлээж байх ч юм билүү. Нэг ёсондоо хүн янз бүрийн гомдол шүүмжлэлтэй ч гэлээ “одоогийн өөрөөрөө байх” нь илүүтэй амар бөгөөд сэтгэл тайван байдаг юм.
Залуу: - Өөрчлөгдмөөр байгаа ч, өөрчлөгдөхөөс айдаг?
Философич: - Лайфстайлаа өөрчлөх үед, биднээс маш том “зориг” шаарддаг. Нэг талд нь өөрчлөгдсөнөөр бий болох “тавгүйтэл”. Нөгөө талд нь өөрчлөгдөхгүй байснаар дагалдах “сэтгэл дундуур байдал”. Лавтайяа та сүүлийнхийг нь сонгосон байж таараа.
Залуу: - ...Сая, ахиад л “зориг” гэдэг үг гарч ирлээ?
Философич: - Тийм ээ. Адлерын сэтгэл судлал бол хүсэл зоригийн сэтгэл судлал юм. Та аз жаргалгүй байгаа нь, өнгөрсөн болоод орчны буруу биш. Цаашлаад авьяас чадвар ч дутуугийнх биш. Танд ердөө л “зориг” дутаж байна. Хэлбээс “Аз жаргалд хүрэх зориг” дутагдаад байна.

Таны амьдрал “ЭНД, ОДОО” шийдэгдэнэ

Залуу: - Аз жаргалд хүрэх зориг...
Философич: - Ахиад сайн тайлбарлах уу?
Залуу: - Түр хүлээгээрэй. Нэг л толгой эргээд явчихлаа. Анх багш та ертөнцийг энгийн хялбар гэж айлдсан. Ертөнц ээдрээ будлиантай харагдаж байгаа нь “миний субъектив өнцөг” тэгж харагдуулаад байна гэсэн. Амьдрал ээдрээтэй хэцүү биш, “би” амьдралыг ээдрээтэй хэцүү болгон харж, тийм ч учраас аз жаргалыг төвөгтэй болгоод байна, гэж.
Тэгснээ Фрейд маягийн учир шалтгааны онол бус, телеологи онолд суурилах ёстой ч гэж бас хэлсэн, тийм үү. Өнгөрснөөс шалтгаан хайж болохгүй, сэтгэлийн шархыг үгүйсгэ, хүн өнгөрсөнд дөрлөгдөж хөдөлдөг бус ямар нэгэн зорилгын төлөө үйлддэг, гэж.
Философич: - Тэгсээн.
Залуу: - Цаашлаад, телеологийн үндсэн суурь нөхцөл болгож “хүн өөрчлөгдөх боломжтой” гэж айлдсан. Хүн үргэлж өөрийнхөө лайфстайлыг сонгож байдаг, гэж.
Философич: - Яг зөв.
Залуу: - Би өөрчлөгдөж чадахгүй яваад байгаа нь, өөр хэн ч бус би өөрөө “өөрчлөгдөхгүй” гэсэн шийдвэрийг давтан давтан гаргадаг болохоор тэр. Надад шинэ лайфстайл сонгох зориг дутдаг. Нэг ёсондоо “аз жаргалд хүрэх зориг” дутдаг. Тиймдээ ч би аз жаргалгүй яваа. Би зөв ойлгож уу?
Философич: - Зөв ойлгосон байна аа.
Залуу: - Тийм бол одоо ямар асуудал үлдсэн бэ гэхээр “Хэрхэн яаж лайфстайлаа өөрчлөх вэ?” гэсэн дэлгэрэнгүй заавар хэрэгтэй юм байна. Энэ талаар хараахан тайлбарлаж хэлээгүй байх аа?
Философич: - Тийм тийм. Танд одоо хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юу вэ? Тэр бол “Одоогийн лайфстайлаасаа татгалзах”-аар шийдэх явдал.
Жишээ нь, түрүүн та “Хэрвээ Y шиг хүн болж чадвал, аз жаргалтай ч болж чадна” гэж хэлсэн. Тэгж “Хэрвээ ингэвэл тэгвэл” гэсэн боломжууд дотроо амьдраад байвал өөрчлөгдөх боломжгүй. Яагаад гэхээр, та өөрчлөгдөхгүй гэсэн өөртөө зориулсан шалтаг болгож “Хэрвээ Y шиг болчвол” гэж хэлээд байгаа юм.
Залуу: - Өөрчлөгдөхгүй гэсэн өөртөө зориулсан шалтаг?
Философич: - Миний найзууд дунд зохиолч болно гэсэн мөрөөдөлтэй хэрнээ ерөөсөө зохиол бичиж өгдөггүй нэг залуу байдаг юм. Түүнийхээр бол ажил ихтэй завгүй болохоороо зохиол бичих цаг ч гардаггүй, тэгээд бичиж чаддаггүй, тэмцээн уралдаанд ч орж чаддаггүй гэдэг.
Гэтэл үнэхээр тийм билүү? Үнэндээ бол тэмцээнд оролцохгүй байснаараа “оролцвол ч чадна л даа” гэсэн боломжийг үлдээхийг хүсч байгаа юм. Бусдаар үнэлэгдэж шүүгдэхээс цэрвэж, юу юунаас илүүтэй хөгийн юм бичээд шалгаралгүй хасагдчих вий гэдгээс айж байгаа юм. Цаг л байвал чадна, орчин л бүрдвэл биччинэ, надад тийм авьяас бий гэсэн боломж дотроо амьдрахыг хүсч байгаа юм. Магадгүй тэр найз маань 5, 10 жилийн дараа гэхэд “Одоо ч залуу биш болж дээ” ч юм уу “Гэр бүлтэй болсон” гээд өөр шалтаг тоочоод явж байж ч мэднэ.
Залуу: - ...Түүний сэтгэлийг би голдоо ортол ойлгож байна.
Философич: - Тэмцээнд оролцоод хасагдвал хасагдана л биз. Тэгвэл алсдаа улам сайжрах ч юм билүү, эсвэл өөр замаар явах ёстойгоо ухаарч ч болно. Ямартай ч урагшаа ахиж чадна. Одоогийн лайфстайлаа өөрчлөх гэж үүнийг хэлж байгаа юм. Тэмцээнд оролцохгүй чигээрээ явбал хаашаа ч урагшлахгүй.
Залуу: - Яахав, мөрөөдөл нь замхрахгүй л юм даа...
Философич: - Гэхдээ ямар вэ дээ? Амархан асуудал (хийх ёстой зүйл) өмнөө тавьчаад “хийхгүй байх шалтгаан” өдий төдий гаргаж тоочоод суух нь зовлонтой амьдрал биш гэж үү? Зохиолч болохыг хүсдэг тэр найзын маань хувьд ёстой л “БИ” нь амьдралыг нь ээдрээтэй болгож, аз жаргалтай амьдрахад нь хүндрэл учруулж байгаа биз?
Залуу: - Ямар хатуу үг вэ? Багш таны философи дэндүү хатуу хэрцгий юм.
Философич: - Нээрээ ч драматик байж мэдэх л юм.
Залуу: - Үнэн драматик байна.
Философич: - Гэхдээ, ертөнц хийгээд өөртөө оноосон утга (лайфстайл)-аа өөрчилбөл, ертөнцтэй холбогдох холбоо, цаашлаад үйл хөдлөлөө хүртэл өөрчлөхөөс өөр аргагүй болно. Энэхүү “өөрчлөгдөхөөс өөр аргагүй” байдлыг битгий мартаарай. Та “та” чигээрээ, зүгээр л лайфстайлаа өөрчлөөд үзэхэд л болно. Хатуу байж мэдэх ч, маш энгийн шүү.
Залуу: - Тийм биш ээ. Миний хатуу гэж хэлсэн нь өөр утгаар хэлсэн юм. Багш таны яриаг сонсохоор “Сэтгэлийн шарх ч гэж байхгүй, орчин нөхцөл ч хамаагүй. Бүхий л зүйл юутай ийтэйгээ зөвхөн миний л муугийнх, аз жаргалгүй яваа нь бүгд миний л буруу” гэсэн аясаар, өдийг хүртлэх өөрийгөө харааж зүхмээр мэдрэмж төрүүлээд байна.
Философич: - Үгүй дээ, таныг буруутгасан юм биш. Харин ч Адлерын телеологи бол “Өдийг хүртлэх амьдралд юу ч тохиолдсон бай, ирээдүйн амьдралаа хэрхэн амьдрахад ямар ч нөлөө байхгүй” гэж хэлж байгаа юм. Таны амьдралыг шийдэх нь “ЭНД, ОДОО” амьдарч буй та өөрөө шийднэ, гэсэн үг.
Залуу: - Миний амьдрал энд одоо шийдэгдэнэ гэнэ ээ?
Философич: - Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн явдал гэж оршин байхгүй юм чинь.
Залуу: - Заа яах вэ. Багш минь, би таны онолыг 100% дэмжсэн учиртай биш, хүлээн зөвшөөрөхөөргүй юм, эсэргүүцмээр зүйлс зөндөө л байна. Гэхдээ зэрэгцээд бас цэгнэж үзэх үнэ цэнтэй яриа ч гэж санагдлаа. Бас Адлерын сэтгэл судлалын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн маань ч үнэн. Энэ орой ингээд өндөрлөе гэж бодож байна. Дараа 7 хоногт дахин ирэхийг минь зөвшөөрнө үү. Тэгэхгүй бол одоо яг толгой хагарах нь.
Философич: - Бололгүй яах вэ. Ганцаараа бодох цаг ч бас хэрэгтэй биз. Би энэ өрөөндөө л байж байна, хэзээ дуртай үедээ морилон ирээрэй. Зугаатай цагийг хамт өнгөрүүлсэнд талархъя. Дараа дахиж сайхан ярилцъя.
Залуу: - Төгсгөлд нь ганц үг. Өнөөдөр хэтэрхий ширүүн мэтгэлцээн болсноос болоод, зохисгүй үгс амнаас унасан байх. Түүндээ хүлцэл өчиж байна.
Философич: - Тоох хэрэггүй ээ. Платоны харилцан яриануудыг уншаад үзээрэй. Сократын шавь нар цочирдмоор хурц үг, ширүүн өнгө аясаар Сократтай харилцан ярьдаг. Уул шугамандаа мэтгэлцээн гэдэг тийм л байх ёстой юм.


28 comments:

Unknown said...

энэ цувралаа дуустал нъ гаргаарай тэсэн ядан хүлээж хүлээж уншина шүү.Нийтлэл гаргадагд чинъ үнэхээр баярладаг шүү.

Санаа said...

Хүн бол хувьдаа өнгөрсны дурсамж болон ирээдүйн итгэл найдвараас зугтаж чадахгүй байх харин тухайн 2 зүйлс болох өнгөрсөн болон ирээдүйгээс хамааралгүй зөвхөн одоогоор амьдарч байна гэсэн хаалт, хуурмаг үзэгдэл /Illusion/үүсгэвэл дээрх хүний хэлсэн шиг амьдарч болно. Учир нь хичнээн өнгөрснөөсөө хамааралгүй бодохгүй ирээдүйн, одоогийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж ярьдаг боловч хүний доод ухаанд тухайн үеийн мэдрэмж, сэрэл, бодол, дурсамж хадгалагдаж байдаг тул өөрийн мэдэлгүй тодорхой хэмжээнд хамааралтай үйлдэл хийж байдаг

ТОМё БОДё said...

Өнгөрсөн огт хамаагүй гэсэн нь, өнгөрсөн гэж огт байхгүйтэй адил гэсэн утгаар биш байх.
Өнгөрсөн өөрөө юуг ч шийдэхгүй, харин өнгөрсний талаарх таны үнэлэмж л шийднэ.
Өөрөөр хэлбэл, "Өнгөрсөн" өөрөө биш, харин "өнгөрсний талаарх таны харах өнцөг" хамаатай. Тэр утгаараа өнгөрсөн бол хамаагүй. Тэр бол зүгээр л объектив факт.

дайриймаа said...

дараагийн хэсгийг нь заавал оруулж өгөөрэй, баярлалаа

Anonymous said...

Тэх, энэ бол миний хувьд их олон зүйлийг тайлбарлаж өглөө дөө

Anonymous said...

Санаа гуай санааг ойлгосонгүй дээ

Anonymous said...

Адлерийн философи биш сэтгэл зүй, уншаад тэгээд ингэж бичвэл, өнгөрсөн чинь л чамайг тодорхойлно гэж бодож байна уу. Миний хувьд доор ухамсар падлий алга, одоо ухамсар ч падлий. Чи наад бодлоо хадгалж чадах уу?

3apaa said...

Харах өнцгөө өөрчилнө гэдэг нь хайрцагнаасаа гарч сэтгэ гэдэгтэй адилхан санаа юм болов уу. Учир нь өнгөрсний бүх алдаа, оноо өнөөдрийн чамайг бүтээсэн ба шийдвэрт чинь нөлөөлдөг. Яг л хайрцаглагдаж байгаа мэт. Тэгэхээр харах өнцөгөө өөрчилснөөр арай өөрөөр харах боломж олдож л байна гэж үзэж болох нь. Гэхдээ тэгсэн ч гэсэн санаа зовохгүй, тайван амьдарна гэдэг нь өөр бас нэг хайрцагт орохыг л хэлж байна.

Anonymous said...

Taalagdlaa, bicheed bgarai. ene 5 article-g bazaad helvel ungursun tsag bol fact, ene fact-g ali talaas ni harj ymar ireeduig zorih ni tanii songolt. Ireeduin zorilgod hurehiin tuld unuudriin life-style uurchluh zorig heregtei.

Dugnelt:
Past experience somehow effects your future. This includes taking advantage of bad past experience to turn into bright future. So the lesson here is to have a different experience (facts) as much as possible because somehow your future goal is determined and also limited by your past experience. This past experience is the result your today's lifestyle. Paradox here is your life style determines your past that shapes your future at the same time it also determines your future. So have a life style that gives you different experience until you determine your future goals. Then have a life style that helps you to reach your goal. In a nutshell, we should have lifestyle that helps us to find future goals and the next life style should be allowing us to work towards the goal. This process itself is called "happiness" and it is critical to be aware of this and enjoy the process...

Unknown said...

Эх хувь нь ямар нэртэй вэ?

Anonymous said...

Ene zaluu odoo ymar tavitargui haashaa ynziin ym be. Bodvol mongol hun l baihdaa. Ehlehdee boginohon shuu ch gej baih shig. Tanii philosophy iim tiim baina gej ch baih shig. Demjihgui eserguitsmeer ym baina ch geh shig. Taniihaar bolog ch geh shig. Yasan ydargaanii har durakaw dee. Arai uur oligtoi zaluu oloo. haha

ТОМё БОДё said...

https://www.amazon.com/Courage-Be-Disliked-Phenomenon-Happiness-ebook/dp/B078MDSV8T

Anonymous said...

ингээд өөрийгөө өөрчилөж чадахгүй байна даа элдэв юм ярьж нээх ухаантай байх хэцүү юм Тэгвэл Бурханыг ашиглан лайфстайлыг өөрчилөхөөс өөр арга үлдэсэнгүй дээ шууд сэнгэрүүлээд өөрчилнө эсвэл жил ус цагаар төрөлжүүлж ангилаад чамайг захирч өөрчилж болно сонго гэх байх даа

Galzuudleo said...

Шинэ хэрнээ өөрт ашигтай дадал зуршилуудыг бид байнга суулгаж өөрчилөгдөж бх ёстой юм шиг бгаанн. Философичийн ярьж бгаатай 100 хувь санал нийлж бна. Өнгөрснөөс үлдсэн таатай таагүй дурсамж (ул мөр) гэгч зүйлээс болж амьдрах хэв маягтаа сэтгэл дундуур хүмүүс маш их бдаг. Гэвч бид өнгөрсөнд амьдарч чадахгүй бас ирээдүйд ч амьдарч чадахгүй тэгхээр одоо цагтаа сэтгэл хангалуун амьдралыг сонгох боломжтой гсн үг. Одоо цагтаа сэтгэл хангалуун амьдарч чаддаггүй шалтгаан нь бид нарын багаас суусан зуршил болох гомдоллох, шалтгааныг бусдаас хайх, хэт их зүйлийг хүсэх ба түүндээ хүрч чадаагүйгээс болсон сэтгэл гутрал гэх мэт зүйлс нөлөөлж бдаг. Өөрийн бодлоо товчхон бичихэд ийм бна... баярлалаа

Anonymous said...

Тиймэл юм даа санал нэг байна

Anonymous said...

Лайфстайл-аас болож хувь хүн улс нийгэм ёс заншил хил хязгаар хөгжил дэвшил мөхөл дайн байлдаан болдог юм биш үү Монгол хүний лайфстайлыг одооч өөрчилөхөөр Янз бүрийн улс төр шашинаар дамжуулан үйл ажиллагаа явагдаж л байгаа биш үү Энэ тэгээд юу сайн юу нь муу юм бэ гэдэгт л байх шиг

Unknown said...

urgeljleliig oruulj ogoorei

ТОМё БОДё said...

Үргэлжлэл нь удахгүй ном болж гарна аа.

Зочин said...

Сайхан нийтлэл байна. Баярлалаа. Залуугийн амидрал ЭНД, ОДОО шийдэгдэнэ гэдэг нь маргаашийн хувьд "өнгөрснөөс шалтгаалсан" хэрэг болох уу?

ТОМё БОДё said...

Номыг цааш нь уншвал, өнгөрсөнд бас маргаашдаа ч шаналхгүйгээр зөвхөн өнөөдрөө харж амьдрах тухай гардаг. Ном 1 сараас хэвлэлтээс гарах байх. Тэндээс асуултынхаа хариуг сонирхоорой.

бб said...

Сонсохоор бичлэг байна уу?

Grace said...

Сайн байна уу? Энэ номныхоо зохиогчийн эрхийг авсан уу? Хэзээ хэвлэгдэж гарах вэ? Би бас энэ номыг орчуулаад зохиогчийн эрхийг нь олж авахаар хөөцөлдөж байсан юм.

ТОМё БОДё said...

Зохиогчийн эрх авсан. одоо сарын дотор худалдаанд гарах байх.

ТОМё БОДё said...

сайн ойлгосонгүй ээ.

Grace said...

Аан за. Би хувиараа орчуулж дуусгаад зохиолчруу нь саяхан имейл бичээд хариу хүлээж байсан юм. Амжилт хүсье. Энэ гоё ном олон хүнд хүрэх болтугай.

ТОМё БОДё said...

Таны орчуулгыг сонирхож болох уу?

tuguldur said...

Гоё ном?? Хэд хэдэн таалагдсан санаа байсаан. Гэхдээ номыг ерөнхийд нь хараад үзэх юм бол дараах хэлбэр маш олон тааралдана.

:::::::::::
Философич: А гэдэг чинь худлаа байхгүй юу.
Залуу: A гэдэг чинь B шүү дээ. /Яаг A, B хоёр адил тэнцүү зүйл үү, гээд бодоод үзвэл эргэлзээтэй/ Хэрэв та A-г худал гэж байгаа юм бол B ч гэсэн худал болчихно. Та бол C юмаа, D юмаа. /C, D гэдэг нь болохоор ямар нэгэн олон нийтэд таалагддаггүй үзэл ч юм уу, хараалын үг. Тэгэхдээ яагаад А-г худлаа гэж хэлэхээр C, D болчихож байгаа юм ёстой бүү мэд/
Философич: Хохохо. А гэдэг чинь худлаа. Дээр нь нэмээд Ё ч гэсэн худлаа.
Залуу: Аййййн?? Тийм зүйл гэж байж болно гэж үү дээ? А гэдэг худлаа гэдгийг ойлголоо, санал нийлж байна. Гэхдээ Ё-г худлаа гэдгийг бол яасан ч ойлгохгүй юм байна аа.
:::::::::::

Залуу нь болохоор логик дэс дараалал, гаргалгаа гэж хэзээ ч сонсож байгаагүй хүн бололтой гэж бодмоор нэгээс нөгөө рүү аймар сонин сонин үсрээд л яваад байна. Уншихад зовлонтой. Философич нь болохоор ямар ч үндэслэлгүй, гэв гэнэт "А гэдэг чинь худлаа" гэж хэлэх төдий. Тэгээд түүнийгээ яагаад тийм болж байгаа юм бэ, ямар гаргалгаа хийж тийм дүгнэлтэнд хүрсэн юм бэ, гэдгээ огт дурдахгүй. Яаг тайлбарлах ёстой газраа "Нэмээд Ё гэдэг чинь ч бас худлаа" гэж хэлнэ. - Энэ үзэгдлийн тухай сэтгэл судлалаас ч юм уу, логик-с өгсөн нэр байдаг эсэхийг мэдэхгүй байна. /Байдаг, тэрийг нь мэддэг хүн байвал коммент үлдээгээрэй/ Ямар үзэгдэл вэ гэхээр "БлаБла" гээд нэг өгүүлбэр хэлнэ. Тэр өгүүлбэр нь болохоор нэг л тийм, толгойд шууд бууж өгөхгүй, "хар ухаанаар" бодох юм бол буруу, худлаа өгүүлбэр байг. Тэгвэл тэр нь яагаад, ямар оюун дүгнэлтээр гарч ирсэн юм бэ гэдгийг тайлбарлахгүй, харин бүр ч худлаа, бүр ч ердийн сэтгэлгээнээс зөрсөн "БлаБлаБлаБла" гэж хэлнэ. Тэгэхээр нь нөгөө хэлэлцэж байгаа хүн маань болохоор сүүлийн том худлааг хүлээн зөвшөөрөхгүй ч эхний худлааг нь үнэн гээд зөвшөөрчихнө. Харьцуулж үзээд үүний дэргэд түрүүнийх нь арай дээр юм даа гэж байгаа юм шиг. Гэхдээ байна шүү, гэхдээ зай аваад бодоод үзэх юм бол БлаБла ч тэр БлаБлаБлаБла ч тэр аль аль нь л худлаа. Энэ аргыг мань Философич номын турш тасралтгүй хэрэглэж байгааг хараарай. Үндэслэл гаргалгаагаа хийхгүй зүгээр л энэ тактикаар мэтгэлцээнээ үргэлжлүүлээд байгаа философич, тэрийг нь анзаарах байтугай өөрөө ямар ч логик дэс дараа баримтлахгүй байгаа залуу 2-н..........
Уншихад үнэхээр зовлонтой.
Хоёр орчуулагч маань адил зүйл ажиглаагүй юу?

dashmunx said...

Nomoo digital helbert oruulj buyan bolooch.

Post a Comment