Өнгөрсөнд
захирагдахгүй амьдрах нь
Философич: - Юу нь нихилист байна гэж?
Залуу: - Бодоод
үз л дээ. Та нэг талаараа хүний эмоц гээч юмыг үгүйсгэж байна. Эмоц мэт бол ердөө л багаж, зорилгодоо
хүрэхийн төлөөх хэрэгсэл гэлээ. Гэвч, багш минь аан гээч! Хүний эмоцыг
үгүйсгэнэ гэдэг бол, хүний байгаллаг шинжийг давхар үгүйсгэсэнтэй утга агаар
нэг! Хүмүүс бид эмоцтой учраас л, уур бухимдал баяр хөөрөн дунд савлан
амьдардаг учраас л хүнээрээ байдаг юм! Хэрвээ эмоцыг үгүйсгэчих юм бол, хүмүүс
яг л хийц муутай робот техник болж хувирна. Үүнийг нихилизм гэхгүй өөр юу гэх
билээ?
Философич: - Би эмоц байдаг гэдгийг
үгүйсгэсэн юм биш ээ. Хэн бүхэнд эмоц байдаг. Тэр бол ойлгомжтой. Гэвч,
хэрэвзээ “хүн бол эмоцыг эсэргүүцэх чадалгүй оршихуй” гэж айлдаж байгаа бол,
түүнийг би шийдвэртэйгээр үгүйсгэнэ. Бид эмоцод захирагдан хөдөлдөг амьтад биш.
Тэгээд энэхүү “Хүн эмоцод захирагддаггүй” гэх үзлээс харсан ч, цаашлаад “хүн
өнгөрсөнд захирагддаггүй” гэх үзлээс харсан ч, Адлерын сэтгэл судлал нь
нихилизмын чанх эсрэг туйл болохуйц үзэл санаа, мөнхүү философи ч бас мөн
юм.
Залуу: - Эмоцод
захирагдахгүй, өнгөрсөнд ч захирагдахгүй гэнэ ээ?
Философич: - Жишээлбэл, нэгэн хүний өнгөрсөн
амьдралд эцэг эхийн салалт гэсэн үйл явдал байжээ гэе. Энэ бол худгийн ус 18
хэм гэдэгтэй авь адилхан объектив яриа байгаа биз? Нөгөөтэйгүүр, тэр явдлыг
хүйтэн гэж мэдрэх үү, халуун гэж мэдрэх үү? Энэ бол “өнөөдрийн” яриа буюу
субъектив яриа юм. Өнгөрсөнд юу ч тохиолдлоо гээд, түүнд ямар учир утга оноох вэ
гэдгээр өнөөдрийн байр байдал шийдэгддэг учиртай.
Залуу: - Тэгэхээр
асуудал нь “Юу тохиолдсонд” бус, “Яаж хүлээж авсанд” байна гэж үү?
Философич: - Яг наадах чинь. Бид цаг
хугацааны машинаар өнгөрсөнд очиж чадахгүй, цагийн зүүг ч буцааж чадахгүй.
Хэрвээ та учир шалтгааны онол дотроо амьдраад байвал өнгөрсөнд хүлүүлсэн
чигээрээ хэзээ ч аз жаргалтай болж чадахгүй.
Залуу: - Харин
тийм ээ. Өнгөрснийг өөрчилж чадахгүй болохоор л амьдрал гэдэг зовлон болоод
байна.
Философич: - Зүгээр ч зовлон биш. Өнгөрсөн
бүхнийг шийдэж, өнгөрснийг өөрчлөх боломжгүй юм бол, өнөөдрийг амьдрах бид
бүхэнд амьдралынхаа төлөө хийж чадах үр дүнтэй алхам юу ч байхгүй болж хувирна.
Тэгээд үр дүнд нь юу болно гэж бодно? Амьдралд цөхөрч, амьдралаас залхсан
нихилизм ч юм уу песимизм (гутранги үзэл) руу хальтран орно. Сэтгэлийн шарх (trauma)
мэтийн юм ярьдаг Фрейд маягийн учир шалтгааны онол бол, дүрээ хувиргасан
детерминизм бөгөөд, нихилизм руу орох хаалга байгаа юм. Та энэ мэт үзлийг
хүлээн зөвшөөрнө гэж үү?
Залуу: - Тэрийг
ч бас зөвшөөрмөөргүй л байна. Гэхдээ л хичнээн зөвшөөрөхгүй байя гээд,
өнгөрсний хүч гэдэг агуу шүү дээ!
Философич: - Боломжийг эрж хайх хэрэгтэй.
Хэрвээ хүнийг өөрчлөгдөж чаддаг оршихуй гэж харвал, детерминизмд суурилсан
ертөнцийг үзэх үзэл яагаад ч боломжгүй болно. Өөрийн эрхгүй телеологид
суурилсан ертөнцийг үзэх үзэл дээр зогсохоос өөр аргагүй.
Залуу: - Яадаг
ч бай “Хүн өөрчлөгдөж чадна” гэдэг дээр суурилж сэтгэ, гэж айлдаж байна
уу?
Философич: - Мэдээж шүү дээ. Бидний чөлөөт
хүсэл зоригийг үгүйсгэж, хүнийг робот аятай авч үздэг нь харин ч Фрейд маягийн
учир шалтгааны онол гэдгийг ойлгох хэрэгтэй.
Залуу
философичийн номын өрөөг тойруулан харав. Хана дүүрэн ном ярайж, бяцхан модон
ширээн дээр бэхтэй үзэг, дэргэд нь дундаа орсон бичвэр бололтой юм тавиатай харагдана.
Хүн өнгөрсөн цагийн хүчин зүйлсэд дөрлөгдөн хөдөлдөг бус, өөрийн сонгосон зорилгоо
даган урагшилдаг. Энэ бол философичийн байр суурь. Түүний номлох телеологи нь
стандарт сэтгэл судлалын номлох учир шалтгааны онолыг сууриар нь үгүйсгэсэн
санаа бөгөөд, залуугийн хувьд яагаад ч хүлээж авах арга байсангүй. За байз,
хаанаас нь сэжиж довтолдог хэрэг вэ. Залуу урт гэгч санаа алдан бодлогошров.
Сократ ба
Адлер
Залуу: - Ойлголоо.
Тэгвэл өөр нэг найзынхаа тухай ярья. Миний найзууд дунд үргэлж өөдрөг бодолтой,
анх уулзсан ямар ч хүнтэй уриалгахан харьцаж чаддаг Y гэдэг залуу байдаг юм.
Бүгдийн хайрыг татсан, ойр тойрныхноо эгшин зуур инээлгэж чаддаг, ёстой л наран
цэцэг шиг залуу. Гэтэл тэрний дэргэд би бол хүнтэй харьцахдаа ч муу, баахан
комплекс дутагдал дотроо тээсэн азгүй амьтан. Тэгэхээр багш минь, Адлерын
телеологиор бол “хүн өөрчлөгдөж чадна” гэдэг байх аа?
Философич: - Тэгэлгүй яах вэ, би ч та ч хэн
бүхэн чадна.
Залуу: - Тэгвэл
та намайг Y шиг хүн болж чадна гэж бодож байна уу? Мэдээж би Y шиг болох юмсан
гэж сэтгэлээсээ хүсч байна.
Философич: - Одоохондоо гэж өчихөд, бараг л
бүтэхгүй болов уу.
Залуу: - Аа
хаха. Ингэж нэг буулт хийдэг байжээ. Та өөрийн үзлээсээ татгалзаж байх шив?
Философич: - Үгүй ээ, тийм биш. Харамсалтай
нь та Адлерын сэтгэл судлалыг бараг юу ч ойлгоогүй байна. Өөрчлөгдөхийн
эхний алхам бол мэдэх байдаг.
Залуу: - За тэгвэл
тэр Адлерын сэтгэл судлалыг чинь л ойлгочихвол, би хүртэл Y шиг болж болох нь
ээ?
Философич: - Яагаад тэгтэл хариултад яарна
вэ? Хариулт гэдэг чинь хэн нэгнээр заалгуулаад авчдаг эд биш, өөрийн
толгойгоороо эрж олох ёстой зүйл. Бусдаас авсан хариулт бол ердөө л
эмчилгээний жор төдий, ямар ч үнэ цэнгүй байдаг юм.
Жишээ нь, Сократ өөрийн гараар бичсэн ганц ч ном
үлдээгээгүй. Тэрээр Афины иргэдтэй, ялангуяа залуучуудтай гудамжинд уйгагүй
мэтгэлцэж, тэндээс гарсан философийг нь ном болгон хойчийн бидэнд үлдээсэн нь
түүний шавь Платон байсан. Мөнхүү Адлер ч бас бичиж туурвих талын ажлыг
төдийлөн сонирхолгүй, Вена хотын кафегаар хүмүүстэй ярилцаж, бяцхан хэлэлцүүлэг
өрнүүлж явах дуртай байсан гэдэг. Огтоос хөлөө ачин сандал дээр суусан их
мэдэгч байгаагүй.
Залуу: - Сократ
ч, Адлер ч хоёулаа харилцан яриагаар дамжуулан бусдын толгойд ухаарал төрүүлсэн,
гэж үү?
Философич: - Яг тийм. Таныг шаналган буй олон
олон эргэлзээ бүгд энэ ярианы явцад тайлагдан арилах биз. Тэгснээр та
өөрчлөгдөөд явах учиртай. Миний үгийн ачаар бус, таны өөрийн ухаарлаар. Би
харилцан яриагаар дамжуулан хариулт тийш хөтөлнө, тэр чухал процессийг битгий
бусниулаасай гэж хүсэх байна.
Залуу: - Нэг ёсондоо,
Сократ болон Адлер нарын өрнүүлж байсан тэр яриаг энд хоёулаа өрнүүлье гэж
байгаа байх нь ээ?
Философич: - Тийм ээ. Танд хангалтгүй байна
уу?
Залуу: - Юуных
нь хангалтгүй байх вэ, харин ч хүсч байна! Таныг өөрийн үзлээсээ буцтал, эсвэл
би бөхийтөл, хэзээ хүртэл ч хамаагүй үргэлжлүүлэхийг хүсч байна.
Та “энэ
хэвээрээ” байхад хангалттай гэж үү?
Философич: - За тэгвэл яриандаа буцаж оръё.
Та Y залуу шиг илүү өөдрөг хүн болмоор байгаа юм байна, тийм үү?
Залуу: - Даанч
багш та бүтэхгүй гэж айлдсан. Ер нь ч тийм л байх. Таны амыг таглах гэж л
асуусан болохоос, тийм хүн болтлоо төрөл арилжих боломжгүй гэдгийг мэдэлгүй ч
яах вэ.
Философич: - Яагаад тэгж бодно вэ?
Залуу: - Маш
амархан. Энэ бол зан төлвийн ялгаа. Бүр хэлбэл төрөлх шинжийн ялгаа.
Философич: - Тийм үү, хэхэ.
Залуу: - Жишээ
нь багш та ийм их номон дунд амьдарч байна. Шинэ ном уншиж, шинэ мэдлэг шингээж
байна. Нэг ёсондоо мэдлэгүүд тань овоорсоор байна. Унших тусам л мэдлэгийн
хэмжээ тань ихсээд явна. Шинэ үнэлэмжийн хэмжүүртэй болж, өөртөө та өөрчлөгдсөн
юм шиг санагддаг биз.
Гэвч байна шүү, багш минь. Харамсалтай нь ямар ч их
мэдлэг овоолсон байлаа гээд, түүний суурь болох төрөлх шинж хийгээд зан төлөв
өөрчлөгдөхгүй шүү дээ! Суурь нь далий бол ямар ч их мэдлэг хураагаад нэмэр
болохгүй. Нөгөө овоолго чинь нурж унаад, нэг анзаарах нь ээ нөгөө хуучин өөр
дээрээ буцаад л бууна. Адлерын үзэл санаа ч бас адилхан. Би түүний талаар
хичнээн ч судалж мэдлээ гээд, миний зан төлөв хүртлээ өөрчлөгдөхгүй. Мэдлэг бол
мэдлэг гэдэг утгаараа овоорч өрөгдсөөр, яваандаа нураад л хаягдана!.
Философич: - Тэгвэл ингэж асууя. Ерөөсөө та
яагаад Y шиг болох юмсан гэж бодох болов? Y ч юм уу, хэн ч юм, ямартай ч та өөр
хүн болохыг хүсээд байх шиг байна. Түүний “зорилго” нь юу юм бол?
Залуу: - Ахиад
л “зорилго” уу? Сая хэлсэн шүү дээ, би Y найздаа дуртай, хэрвээ түүн шиг болж
чадвал өөрөө ч жаргана гэж боддог болохоор тэр.
Философич: - Түүн шиг болж чадвал аз жаргал
ирнэ. Гэдэг маань, та одоо аз жаргалгүй байна гэсэн үг байх нь ээ?
Залуу: - Тийм л
бололтой.
Философич: - Тэгвэл та яг одоо аз жаргалыг
мэдэрч чадахгүй байгаа юм байна. Яагаад гэвэл та өөртөө дургүй. Тэгээд өөртөө дуртай
болж өөрийгөө хайрладаг болохын төлөөх арга зам болгож “өөр хүн болох”-ыг хүсч
байна. Y шиг болоод, одоогийн өөрөөсөө салахыг хүсч байна. Зөв үү?
Залуу: - Тийм
гэж хэлж болно оо. Хүлээн зөвшөөрье. Би өөртөө дургүй!. Тийм ээ, одоо ингээд
үеэ өнгөрөөсөн философийн лекц танаас сонсож суугаа энэ өөртөө, үүнээс өөр юу ч
чадахгүй азгүй өөртөө туйлаас дургүй!
Философич: - Зүгээр ээ. Өөртөө дуртай юу гэж
асуухад бахдалтай гэгч нь “Тийм, дуртай” гэж хэлж чадах хүн тийм ч олон
байдаггүй юм.
Залуу: - Багш
та тэгвэл ямар вэ? Өөртөө дуртай юу?
Философич: - Ямар ч байсан өөр хүн болмоор
байна гэх хүртлээ боддоггүй. Өөрийгөө “энэ би” гэдгээр нь хүлээн зөвшөөрдөг.
Залуу: - Өөрийгөө
“энэ би” гэдгээр нь гэв үү?
Философич: - Аан гэж бай. Хичнээн Y шиг
болмоор байлаа гээд, Y болоод хувирчихна гэж хэзээ ч байхгүй. Та бол Y биш. Та
бол “та”-гаараа байхад л болно.
Гэхдээ энэ та “энэ хэвээрээ” л байхад болоо юу гэвэл тийм
биш. Хэрвээ аз жаргалыг мэдэрч чадахгүй яваа бол энэ хэвээрээ байхад
хангалтгүй нь ойлгомжтой. Зогсолтгүй алхам алхамаар урагшаа тэмүүлэхгүй бол
болохгүй.
Залуу: - Хатуу
ч гэлээ наадах тань бол үнээн. Би энэ хэвээрээ яваад сайн юманд хүрэхгүй нь
тодорхой. Урагшаа тэмүүлэхгүй л бол горьгүй.
Философич: - Дахиад нэг Адлерын үгнээс иш
татъя. “Хамгийн чухал нь танд юу оногдсонд бус, харин оногдсон юмаа хэрхэн
ашиглахад оршино” гэж Адлер хэлсэн байдаг. Та Y шиг ч юм уу, эсвэл өөр хэн
нэгэн шиг болохыг хүсээд байгаа нь, далдуурхандаа “юу оногдсон”-д л хамаг
анхаарлаа чиглүүлээд байгаа болохоор тэр юм. Тийм бус “оногдсон юм”-аа хэрхэн
ашиглах вэ гэдэгтээ анхаарах хэрэгтэй.
Аз
жаргалгүй байгаа нь таны өөрийн л сонголт
Залуу: - За
больж үз. Жинхэнэ утопи яриа.
Философич: - Яагаад утопи гэж?
Залуу: - Яагаад
юу байх вэ дээ. Баян чинээлэг буянтай хүний хүүхэд болж төрсөн хүн байхад, ядуу
тарчиг мулгуу хүний хүүхэд болж төрсөн хүн ч гэж байдаг. Энийг чинь л эрээн
бараантай хорвоо гэдэг биз дээ? Хэдийгээр ийм юм ярьмааргүй байгаа ч, үнэндээ
энэ хорвоо чинь бүх хүнд ижил тэгш биш, яс үндэс, удам судар, иргэншил гээд бүх
юмны ялгаа зөрүү хэн бүхний өмнө ив ил байсаар л байна. “Юу оногдсон”-д
анхаарлаа хандуулах нь мэдээжийн явдал. Багш минь, таны яриа бол цаасан дээрх
хоосон онол, бодит ертөнцөд даанч бууж ирэхгүй байна!
Философич: - Бодит ертөнцөд бууж ирэхгүй байгаа
нь та л байна даа. Зөвхөн “Юу оногдсон”-оо л хараад байвал бодит ертөнц
өөрчлөгдөх үү? Бид нар тийм хольж сольж болдог техник биш. Бидэнд холио солио
биш шинэчлэл шаардлагатай.
Залуу: - Надад
бол наад хоёр чинь ялгаагүй нэг л утгатай сонсогдож байна. Багш та гол асуудал
дээр хоосон үгээр тоглож бултаад байна. Танд шулуухан хэлье. Төрөлхийн азгүй
хүн гэж байдаг юм. Эхлээд та үүнийг хүлээн зөвшөөрчих.
Философич: - Хүлээн зөвшөөрөхгүй ээ.
Залуу: - Яагаад?
Философич: - Жишээ нь, одоо та аз жаргалыг
мэдэрч чадахгүй байх шиг байна. Амьдралыг хэцүү гэж шаналж, өөр хүн болж төрөл
арилжихыг мөрөөдөж байна. Гэвч, одоогийн та аз жаргалгүй байгаа нь, та өөрөө
“аз жаргалгүй байхыг сонгосон” болохоор тэр юм. Тэрнээс азгүй одонд
төрчихсөн юм огт биш.
Залуу: - Аз
жаргалгүй байхыг өөрөө сонгосон гэв үү? Энийгээ та тэгээд итгэ гэж байгаа юм
уу?
Философич: - Энэ тийм гэнэтийн солиотой яриа
биш ээ. Эртний Грекийн цаг үеэс яригдаж ирсэн зүйл. Та “Хэн ч мууг хүсдэггүй”
гэдэг үг мэдэх үү? Энэ бол олны дунд Сократын парадокс гэж нэрлэгдэж
заншсан асуудал байгаа юм.
Залуу: - Мууг
хүсдэг хүн уул овоо шиг олон байгаа биз дээ? Наад зах нь л гэхэд хулгайч, алуурчид,
цаашлаад улс төрчид, төрийн байгууллагын новшнууд гээд үй олноороо л байна шд.
Харин ч эсрэгээрээ мууг хүсдэггүй цэвэр ариун хүнийг эрж олох нь хэцүү болсон
юм биш үү?
Философич: - Тийм ээ, нээрээ ч муу үйлдэл уул
овоо шиг их байна. Гэсэн ч, ямар ч гэмт хэрэгтэн байсан, цэвэр муу сэтгэлээр
мууг хийе гэж гэмт хэрэг үйлддэггүй учиртай. Бүх гэмт хэрэгтнүүдэд гэмт хэрэг
үйлдэх болсон өөрийн “зүй ёсны шалтгаан” гэж байдаг. Жишээ нь, мөнгөний шунал
атаархалд хөтлөгдөн хүн алжээ гэж бодъё. Энэ ч бас тухайн хүний дотор “зүй ёсны
шалтгаан” байсан болоод л хийгдсэн үйлдэл. Өөр үгээр хэлбэл “сайн”-ыг үйлдсэн
гэсэн үг. Мэдээж ёс суртахууны хувьд сайн гэсэн үг биш, “өөрт сайн” гэдэг утгаар
хэлж буй “сайн” юм.
Залуу: - Өөрт
сайн гэнэ ээ?
Философич: - Грек хэлний сайн (agathon) гэдэг
үгэнд ёс суртахуунлаг утга байдаггүй. Зүгээр л “өөрт сайн (эсвэл өөрт тустай)”
гэсэн утгатай. Эсрэгээрээ муу (kakon) гэдэг үг нь “өөрт муу (эсвэл өөрт тусгүй)”
гэсэн утгатай. Энэ ертөнцөд ёс бус зүйл, гэмт хэрэг гээд есөн шидийн муу үйл өрнөж
байдаг. Гэсэн ч, шууд утгаараа “муу буюу өөрт тусгүй” зүйл хүсдэг хүн гэж
нэгээхэн ч үгүй.
Залуу: - ...Наадах
чинь надтай ямар хамаатай билээ?
Философич: - Таны амьдралын аль нэг шатанд “Аз
жаргалгүй байх” гэдэг сонголт хийгдсэн байна. Тэр нь та азгүйдлын одонд төрсөн
болохоор ч биш, аз жаргалгүй нөхцөл байдалд унасан болохоор ч биш юм. Харин “Аз
жаргалгүй байх”-ыг та өөрөө “сайн” гэж үзсэн, гэсэн үг.
Залуу: - Яагаад?
Яах гэж?
Философич: - Таны хувь дахь тэр “зүй ёсны
шалтгаан” нь юу байсан юм бол? Яагаад өөрөө “Аз жаргалгүй байх”-ыг сонгосон юм
бол? Үүний цаад нарийн учрыг би ч мэдэхгүй. Магадгүй, энэ ярианы явцад тодорхой
болж ирэх биз.
Залуу: - Багш
та надаар тавлаж байх шив? Хүлээн зөвшөөрнө гэж бодоо юу? Ийм философийг яагаад
ч хүлээн зөвшөөрөхгүй!
Залуу өөрийн
эрхгүй суудлаасаа үсрэн босч, философичийг зэвүүцэн ширтэв. Миний аз жаргалгүй
амьдрал, миний өөрийн сонгосон зүйл гэнэ ээ? Тэр нь миний хувьд “сайн” гэв үү? Ингэж
хүнийг даапаалж болох уу? Ер нь яахаараа намайг ингэтэл хорон үгээр иднэ вэ? Би
юу хийсэн гэж энэ вэ? Яадаг ч бай үүнийг зүгээр өнгөрөөхгүй. Хөлөндөө сөгдүүлж
байж л сална. Залуугийн царай харсаар байтал мэнчийтэл хөхрөөд явчив.
Үргэлжлэл - Ад үзэгдэх зориг (5р хэсэг)
5 comments:
Ta nomnoos orchuulj oruilj bn uu. Zohioj bichij baigaamuu. Nom orchuulj bgaa bol neriig ni helj uguuch. Orchuulahiig tani huleej tesehgui ni hehe
magagged@gmail.com holbogdooroi ho :))
Энийг бүгдээр уншиж санаа бодолоо солилцох нь хамгаас сайхан гэж бодож байна Ганцаар орчуулж уншшад би бол яах ч биллээ дээ Дээр хэлсэн Харамсалтай нь ямар ч их мэдлэг овоолсон байлаа гээд, түүний суурь болох төрөлх шинж хийгээд зан төлөв өөрчлөгдөхгүй шүү дээ! Суурь нь далий бол ямар ч их мэдлэг хураагаад нэмэр болохгүй. Нөгөө овоолго чинь нурж унаад, нэг анзаарах нь ээ нөгөө хуучин өөр дээрээ буцаад л бууна гэсэн бодох хэрэгтэй юм шиг Хүнд өөрийн төрлөх өгөгдөл өндөр хүч чадалтай бие сайхан дуу хоолой ...заяасан болгон хаан болдогүй Нэг намхан бие хаа муутай чалчаа нөхөр харин хаан болсон байдаг Энийг бол ерөнхийдөө ойлголоо зарлаад байх нь хашаа юм дээ харин нь..
suuria tegshlehiin tuld hun surch meddeg baih??
Адлерийн хэлсэнээс хамгийн амттай нь алдарших хүсэлгүй, бодол нь энгийн байгаасай гэсэн нь их таалагдлаа. Дэйл Канренги бүүр яг стандарт яг тийм байх ёстой гэдийг бүгд ойлгодог болжээ. Адлерийн сэтгэл зүй тийм л байх юм. Хичнээн их үнэ цэнэтэй.
Post a Comment