2019/06/24

Ад үзэгдэх зориг (2р хэсэг)


Үл мэдэх “3 дахь магнат”

Залуу: - Түрүүн та “өөр нэг философи” гэж хэллээ. Гэснээс, таны мэргэшил тань Грекийн философи гэсэн байх аа?

Философич: - Тийм тийм, 10 хэдэн настайгаасаа эхлээд Грекийн философитой хамт амьдарсаар ирлээ. Сократаас эхлээд Платон, тэгээд Аристотель гэх мэдлэгийн үлэмжүүд. Одоо ч гэсэн би Платоны бүтээлийг орчуулж сууна. Эртний Грекийн судалгаа маань энэ насанд минь дуусахгүй биз ээ.
Залуу: - Тэгвэл, өөр нэг философи гэдэг нь юу юм бэ?
Философич: - Австри гаралтай сэтгэл зүй судлаач эмч Алфред Адлерын 20-р зууны эхээр үндэслэн байгуулсан цоо шинэ сэтгэл судлалын ухаан. Өнөө үед манай улсад тэрхүү үндэслэгчийн нэрийг нь аваад “Адлерын сэтгэл судлал” гэж нэрлэж заншаад байгаа.
Залуу: - Наадах чинь харин төсөөлөөгүй юм байх чинь. Грекийн философи судлалын мэргэжилтэн сэтгэл судлал сонирхсон гэв үү?
Философич: - Бусад сэтгэл судлал ямархуу юм байдгийг би сайн мэдэхгүй. Харин Адлерын сэтгэл судлал бол Грекийн философитой илт хил залгаа үзэл санаа, бас мэдлэгийн салбар гэж боддог шүү.
Залуу: - Фрейд ч юм уу Юнгийн сэтгэл судлал гэвэл би ч бас бага сага гадарлах юм байна. Дээр нь бас сонирхолтой ч судалгааны салбар.
Философич: - Тийм ээ, Фрейд, Юнг бол манай улсад ч алдартай. Анхнаасаа бол Адлер нь Фрейдын тэргүүлдэг Венийн психоаналитикийн холбооны гол гишүүний нэг байсан юм. Гэвч онолын зөрчил үүссэний улмаас хоёр тийшээ мөр мөрөө хөөж, Адлер өөрийн онолдоо тулгуурлан “Бодгаль сэтгэл судлал” гэх салбарыг гаргаж ирсэн юм билээ.
Залуу: - Бодгаль сэтгэл судлал гэнэ ээ? Бас нэг ховор үг байна. Тэгэхээр тэгээд, тэр Адлер гэдэг хүн чинь Фрейдийн шавь юм биз дээ?
Философич: - Үгүй үгүй, шавь нь биш. Энэ дээр хүмүүс ташаа ойлгох нь их байдаг юм. Үүнийг тов тодорхой залруулахгүй бол болохгүй. Адлер бол Фрейдтэй насны хувьд ч ойролцоо болохоор эн тэнцүү байр суурь бүхий судлаачийн хувиар холбоотон байсан хүн. Энэ талаараа Фрейдийг бараг эцгээ гэж үздэг Юнгээс эрс ялгаатай. Манай улсад сэтгэл судлал гэхээр Фрейд, Юнг л гэж яриад байдаг. Гэтэл дэлхий дахинд бол Фрейд, Юнгтэй зэрэгцээд 3 том магнатын нэг гэгдэж Адлерын нэр ч бас гарцаагүй дурдагддаг юм шүү дээ.
Залуу: - Аан мөн. Наадхыг чинь харин мэдээгүй юм байна.
Философич: - Та Адлерыг мэдээгүй байх нь нэг талаар илэрхий ч байж болох юм. Адлер өөрөө ч ийм зүйл хэлсэн байдаг. “Миний нэрийг хэн ч санахгүй тийм цаг ирэхийг байг гэхгүй. Адлерын урсгал гэж оршин байсан нь ч мартагдан бүдгэрч магадгүй” гэж. Гэхдээ тэрээр тийм байсан ч хамаагүй ээ гэнэ. Адлерын урсгал оршин байсан нь мартагдана гэдэг бол, түүний үзэл санаа мэдлэгийн салбар гэдэг хайрцгаас мултран гарч хүмүүсийн нийтлэг ердийн ойлголт болохыг илэрхийлж байгаа юм.
Залуу: - Мэдлэгийн салбарын төлөөх “мэдлэгийн салбар” биш…, гэсэн үг үү?
Философич: - Яг зөв. Жишээ нь, дэлхий даяар БЕСТСЕЛЛЕР болдог Дейл Карнеги хүртэл Адлерыг “Бүх амьдралаа зарцуулж, хүн хийгээд түүний далд чадварыг судалсан агуу судлаач” гэж тэмдэглэсэн байдаг. Түүний зохиолд ч Адлерын үзэл санаа тод томруун шингэсэн байдаг. Мөн сүүлийн үед ХИТ болоод байгаа Шон Ковигийн “7 зуршил” номд ч бас Адлерын үзэл санаанд ойр агуулга орсон байгаа.
Нэг ёсондоо Адлерын сэтгэл судлал бол хүнд хэцүү шинжлэх ухаан биш, хүнийг ойлгох үнэн, мөн түүнд хүрэх цэг гэж хүлээж авч болно. Гэсэн ч цаг үеэсээ 100 жилээр түрүүлсэн гэж хүртэл хэлэгддэг Адлерын үзэл санааг өнөөдөр цаг үе бүрэн гүйцэж амжаагүй л явна.
Залуу: - Тэгэхээр багш та Грекийн философиор зогсохгүй, наад Адлерын сэтгэл судлал гээч юмныхаа өнцгөөс өөрийн онолоо тайлбарлах юм биз дээ?
Философич: - Яг тийм.
Залуу: - Ойлголоо. Бас нэг ерөнхий байр суурийн талаар тодруулах зүйл байна л даа. Та ингэхэд философич уу? Эсвэл сэтгэл судлаач уу?
Философич: - Би бол философич. Философиор амьсгалдаг хүн. Миний хувьд Адлерын сэтгэл судлал гэдэг бол Грекийн философитой нэг шугам дээр залган орших үзэл санаа, философи юм даа.
Залуу: - Мөөн, ойлгомтой. Тэгвэл шалавхан эхлэцгээе.

Яагаад “хүн өөрчлөгдөх боломжтой” вэ?

Залуу: - Өмнөх яриагаа хөнгөхөн сэргээгээд орхиё. Багш та “Хүн өөрчлөгдөх боломжтой” гэж айлдсан. Тэгээд зогсохгүй хэн бүхэн аз жаргалтай болж чадна, гэсэн.
Философич: - Тийм тийм. Ширхэг хүн үлдээлгүйгээр.
Залуу: - За тэгвэл аз жаргалын талаарх яриаг түр хойш нь тавиад, юун түрүүн “өөрчлөгдөх” тухай танаас асууя.
Хүн л бол хэн бүхэн өөрчлөгдөхийг хүсч байдаг. Би ч бас адилхан. Гудамжинд зөрсөн хэнээс ч асуусан ижилхэн л хариулт ирэх болов уу. Гэтэл яагаад бүгд тэгж “өөрчлөгдмөөр байна” гэж боддог юм бол? Үүний хариулт цор ганц. Бүгд өөрчлөгдөж чаддаггүй болоод л тэр. Хэрэвзээ амархаан өөрчлөгдөж болдогсон бол хэрэг болгож “өөрчлөгдөх юмсан” гэж хүсч шаналах байсан уу?
Хүн өөрчлөгдөхийг хичнээн ч хүсээд өөрчлөгддөггүй. Тийм ч учраас хэрхэн өөрчлөгдөх тухай номлосон элдэв янзын шинэ шашнуудын сэжиг бүхий үйл ажиллагаанд хулхидуулсан хүмүүсийн цуваа тасардаггүй. Тийм биш үү?
Философич: - Тэгвэл эсрэгээр нь асууя л даа. Та яагаад “хүн өөрчлөгдөх боломжгүй” хэмээн тэгтэл мугуйдлан өчнө вэ?
Залуу: - Яагаад гэж, энэ чинь ийм учиртай юм. Жишээ нь, миний найзууд дотор бүүр хэдэн жилийн өмнөөс өрөөндөө бүгсэн чигтээ огт цухуйдаггүй нэг залуу байдаг юм. Тэр үнэндээ гадагшаа гарахсан гэж хүсдэг. Болбол бүр ажил төрөлтэй болохсон ч гэж боддог. Одоогийн өөрийгөө “өөрчлөхсөн” гэж боддог учиртай. Найзын хувиар баттай хэлэхэд, тэр залуу бол туйлын үнэнч шударга, нийгэмд гарцаагүй хэрэгтэй хүн байгаа юм.
Даанч найз маань өрөөнөөсөө гарахаас айдаг. Ганц алхам л гадагшаа гишгэхээр зүрх нь дэлсэж, гар хөл нь чичрээд эхэлдэг. Нэг төрлийн мэдрэлийн өвчин шиг байгаа юм. Найз маань өөрчлөгдөхийг яаж ч хүсээд өөрчлөгдөж чаддаггүй.
Философич: - Та найзыгаа гадагшаа гарч чадахгүй байгаа шалтгааныг юутай холбоотой гэж боддог вэ?
Залуу: - Нарийн ширийнийг нь мэдэхгүй л дээ. Эцэг эх, гэр бүлийн орчин ч юм уу, эсвэл сургууль ажил дээрээ бусдад дээрэлхүүлснээс болоод сэтгэлийн шарх (trauma)-тай болсон ч юм уу. Эсвэл бүр эсрэгээрээ хар багаас нь хэт эрхлүүлж өсгөснөөс болсон байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ мэдэхгүй л дээ, түүний гэр бүл, өнгөрсөн үеийн талаар тааж хэлж чадах биш.
Философич: - Ямар ч байсан найзын тань өнгөрсөн амьдралд сэтгэлийн шарх ч юм уу, ямар нэгэн “шалтгаан (буюу хүчин зүйл)” болохуйц үйл явдал тохиосон. Түүний үр дагавар болж тэр залуу гадагшаа гарч чадахгүй болсон. Та тэгж хэлж байна уу?
Залуу: - Мэдээж шүү дээ. Ямар ч үр дагаварт шалтгаан (буюу хүчин зүйл) гэж юм байдаг. Энд гайхаад байх юу байна?
Философич: - Тэгвэл ингэж төсөөлье л дөө. Найз тань гадагшаа гарч чадахаа больсон шалтгаан нь, балчир насных нь гэр бүлийн орчинтой холбоотой байг. Эцэг эхдээ зодуулж хүчирхийлүүлж өссөөр, хайр халамж гэдгийг мэдэхгүй чигээрээ том хүн болчихсон. Тиймээс бусадтай харьцахаас байнга айж цэрвээд, гадагшаа ч гарч чадахаа байсан, гэе. Байж болох яриа, тийм үү?
Залуу: - Болохоор барах уу. Гүн сэтгэлийн шархтай болох биз.
Философич: - Дээр нь та “Бүхий л үр дагаварын өмнө шалтгаан бий” гэж айлдлаа. Нэг ёсондоо, өнөөдрийн би (үр дагавар) бол өнгөрсөнд тохиосон явдлуудаар (шалтгаан буюу хүчин зүйлсээр) тодорхойлогдоно. Тэгж ойлгож болох уу?
Залуу: - Мэдээж.
Философич: - За тэгвэл таны айлдсаны дагуу, бүхий л хүмүүсийн “өнөөдөр” нь “өнгөрсөн” цагийн явдлуудаар тодорхойлогддог юм гэвэл, хачирхалтай явдал болохгүй гэж үү?
Бодоод үз дээ. Эцэг эхдээ хүчирхийлүүлж өссөн хүүхэд бүр таны найзтай адилхан үр дагавар, өөрөөр хэлбэл бүгд өрөөндөө бүгэгчид болохгүй бол авцалдахгүй болно. Өнгөрсөн өнөөдрийг тодорхойлно. Шалтгаан үр дагаварыг захирна гэж үүнийг л хэлнэ биз дээ?
Залуу: - ... Үүгээрээ та юуг хэлэх гээ вэ?
Философич: - Өнгөрсөн цагийн шалтгаанд л анхаарлаа хандуулж, зөвхөн шалтгаанаар л алив бүхнийг тайлбарлах гэж зүтгэвэл яриа хар аяндаа “Детерминизм” (буюу шалтгаант чанар) дээр очоод тулна. Өөрөөр хэлбэл бидний өнөөдөр, тэгээд ирээдүй бүгд өнгөрсөн цагийн үйл явдлаар бүрэн тодорхойлогддог, өөрчлөх боломжгүй эд болно. Тийм биш үү?
Залуу: - Тэгээд өнгөрсөн ямар ч хамаагүй гэж үү?
Философич: - Ээ зүйтэй. Наадах чинь л Адлерын сэтгэл судлалын байр суурь байгаа юм.
Залуу: - Тийм байж. Ямартай ч байр суурийн ялгаа эхнээсээ тодорч байх шив. Тэгэхээр багш минь! Саяын яриагаар тань бол, миний найз ямар ч шалтгаангүйгээр гадагшаа гарч чадахаа больчихсон хэрэг үү? Таныхаар бол өнгөрсөн цагийн явдал энэ тэр огт падлийгүй байх аа? Өршөөгээрэй, наадах чинь яагаад ч байж боломгүй яриа байна. Миний найз гэртээ бүгэж буйн цаана ямар нэгэн шалтгаан байж л таараа. Байхгүй гэвэл тайлбарлах боломжгүй болно биз дээ?
Философич: - Тийм ээ, байхгүй бол тайлбарлах боломжгүй. Тэр шалтгааныг Адлерын сэтгэл судлалд өнгөрсөн цагийн “шалтгаанаас” бус, одоогийн “зорилгоос” хайдаг юм.
Залуу: - Одоогийн зорилго ий?
Философич: - Найз тань “айсандаа гарч чаддаггүй” биш, харин эсрэгээрээ “Гармаагүй байгаа учраас айх гэдэг эмоцыг өөртөө төрүүлдэг” гэж үздэг, гэсэн үг.
Залуу: - Юу?
Философич: - Нэг ёсондоо, найзад тань “гадагшаа гарахгүй” гэсэн зорилго нь эхэлж байгаад, тэр зорилгодоо хүрэхийн төлөөх арга болгож айдас мэтийн эмоцыг гаргаж тавьдаг учиртай. Адлерын сэтгэл судлалд үүнийг “Зорилгод суурилсан онол (буюу Телеологи)” гэдэг.
Залуу: - Юу гэнэ ээ?
Философич: - Тэгэхээр найз тань “Гадагшаа гарахгүй” гэсэн зорилго нь эхэнд байгаад, тэр зорилгодоо хүрэх арга болгож айдас гэх мэт эмоцоор баашилж байна аа гэсэн үг. Адлерын сэтгэл судлалд үүнийг Телеологи (буюу Зорилгод суурилсан онол) гэж нэрлэдэг.
Залуу: - За больж үз багш минь. Айж баашлах гэнэ ээ? Та тэгвэл миний найзыг өвдсөн болж жүжиглэдэг гэх гээд байна уу?
Философич: - Өвдсөн болж жүжиглэсэн биш. Найзын тань мэдэрч буй тэр айдас бол жинхэнэ мэдрэмж. Заримдаа толгой нь хагарах мэт өвдөж, байж суух аргагүй болтлоо гэдэс нь өвддөг ч байх. Гэсэн ч, тэр өвчний шинж тэмдэгүүд ч мөн адил “Гадагшаа гарахгүй” гэсэн зорилгын төлөө илэрч гарч буй зүйлс юм.
Залуу: - Байж боломгүй юм. Наадах чинь оккулт онол байна.
Философич: - Үгүй дээ. Энэ бол детерминизм ба телеологи 2-ын ялгаа. Таны өгүүлж буй яриа бүгд детерминизм дээр суурилж байна. Хүмүүс бид детерминист онолыг дагасаар байх юм бол нэг алхам ч урагшилж чадахгүй.



9 comments:

оогий said...

Үйлийн үрийн онол тэхээр детерменизм болох нь ,Ведийнхээр бол хүний тавилангийн 72% нь үйлийн үрээрээ тодорхойлогдсон байдаг. 28% нь сонголт гэнээ:Философчдын болон шашны сургаалуудын аль зөв буруу болохыг хүн амьд байхдаа мэдэхгүй нь харамсалтай

ТОМё БОДё said...

Тиймээ. миний амьдрал ийм байгаа нь үйлийн минь үр гэж боддог бол өөрийнхөө амьдралд детерминист утга оноон амьдарч байна гэсэн үг.

3apaa said...

Би бол дотроо янз бүхийн юм бодож үздэг юм. Эцэст нь ертөнц бол би гэдэгтэй санал нэгдээд байгаа. Эргэн тойрны бүх зүйл (ертөнц) миний яаж харж, мэдэрч, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлж байгаагаар бүтээгдэж байгаа. Би үхэхэд буюу тархи ажиллахаа болиход миний ертөнц бас алга болно. Тийм болохоор амьдралын утга учрыг хайх нь надад сонин биш болсон. Зүгээр л одоогоороо амьдарч, аль болох сайхан мэдрэмжүүд авахыг л хичээж байна. Сайнаар дуурсагдах, муугаар дуурсагдах нтр бол үнэндээ тархи ажиллахаа больсноос хойш огт сонин биш болно. Үхэх нь үнэн л үлдэнэ дээ.

Anonymous said...

жижкэн күүкэлдэй. чамд ингэж хэлэе

Anonymous said...

энийг орчуулсан юм болов уу, өөрөө зохиосон юм болов уу? just curious

ТОМё БОДё said...

орчуулга

Sanshiro said...

Орчуулга гэхэд анхнаасаа Монгол хэл дээр бичигдсэн юм шиг уншигддаг шүү. Бусад нийтлэлүүд нь ч ялгаагүй, уншихад бүгдээрээ амттай, өгөөжтэй, ухаарал хайрласан байдаг юм. Миний хамгийн дуртай блогуудын нэг.

ТОМё БОДё said...

Баярлалаа

Jagana said...

oh Adler ,, really? interesting. Ene nom n uuruu yamar avtor-toi nom en bol, original ner n yu ve?

Post a Comment