2018/03/19

Их хөлгөний буддизм (1-р хэсэг)

Японы нэрт буддизм судлаач Сасаки Шизука профессорын ганцаарчилсан лекцээс.

  • Өмнөтгөл
Нэгэн удаа миний ажилладаг Ханазоно Их Сургуулийн лекцэнд маань суусан 30 эргэм насны эрэгтэй оюутан залуу, хичээлийн дараа өрөөнд маань орж ирээд ингэж асуусан юм:
- Яагаад Японы буддизмд ийм олон янзын шашны урсгалууд байдаг юм бэ?
Тэрэнд нь би “Тус бүрт нь тахин шүтдэг судар нь өөр болохоор тэр юм аа” гэж хариултал, буцаагаад ингэж асууж байна:
- Яагаад тийм олон янзын судрууд байдаг юм бэ?
Тэгэхээр нь би “Япон дахь судрууд Хятадаас орж ирсэн боловч, тэдгээрийн ихэнх нь Энэтхэгт бүтээгдсэн байдаг. Энэтхэгт төрөл бүрийн судрууд бүтээгдэж, тэдгээр нь Хятад руу дамжигдаж, бас Япон руу ч дамжигдаж ирсэн болохоор, Хятадад ч Японд ч олон шашны урсгалууд үүссэн юм аа.” гэж хариултал:
- Тэгвэл яагаад Энэтхэгт тийм олон янзын судрууд бүтээгдсэн юм бэ?
гэсээр асуулт ер дуусах шинж алга.
“Заа даа. Энэ ч эхлээд бүр Шагжамүнийн сургаалаас авхуулаад, буддизмын үүслийг бүхэлд нь тайлбарлаж өгсөн нь дээр юм шиг байна даа” гэсэн бодол төрж, түүнээс хойш сард 1 удаа зөвхөн түүнд зориулж ганцаарчилсан лекц (семинар) хийхээр болов.
Миний хувьд ийм ганцаарчилсан семинар анх удаагаа хийж үзсэндээ ч үү хавьгүй сонирхолтой, бас үр дүнтэй санагдсан юм. Ердийн их сургуулийн лекц дээр бол хэдэн 10 хүний өмнө зөвхөн би яриад таардаг талтай бол, 1:1-ээр нүүр тулаад ярихаар, миний тайлбарын дутууг хөндсөн асуултууд ундарч, яриа тун ч өрнөлтэй болно. Бидний яриа Шагжамүнийн сургаалаас эхлээд, төрөл бүрийн их хөлгөний сургаалуудын цөм санааг нэгбүрчлэн тайлбарлан ярилцсан хэлбэртэй, төдийлөн тааралдаад байдаггүй ховор агуулгатай болж өрнөсөн тул, буддизм хэмээх шашинд сонирхолтой хэн нэгэнд ч болтугай хэрэг болох болов уу гэж сэтгэн, ийнхүү чадан ядан бичвэр болгон сийрүүлсэн билээ.


1.  Шагжамүнийн буддизмаас Их хөлгөний буддизм тийш



  • Их хөлгөний буддизм бол Буддагийн шууд сургаал биш?
Багш:
Юуны өмнө, нэгэнт буддизм сонирхож байгаа хүн байна, “Их хөлгөний буддизм” гэх үгийг эрхбиш мэддэг байлгүй?

Сурагч:
Тийм ээ. Буддизмд бага хөлгөний буддизм ба их хөлгөний буддизм гэсэн хоёр төрөл байдаг. Японд дэлгэрсэн нь их хөлгөний буддизм гэдгийг бол мэдэх юм байна. Ямар ч байсан, бага хөлгөний буддизм гэдэг нь “Цөөхөн л хүн сууж багтдаг уналга”, их хөлгөн нь “Бүх хүн сууж болдог уналга” гэсэн утгатай гэдэг билүү?

Багш:
Ерөнхий санаа нь буруу биш ч, жаахан тодруулга хийгээд өгье. Бага хөлгөний буддизм өнөө үед ч Шри-Ланка, Тайланд, Камбож, Мянмар, Лаос зэрэг орнуудаар шүтэгдэж байгаа. Харин их хөлгөний буддизм нь нөгөөхөөсөө 500-аад жилийн хожим үүссэн шинэ шашин бөгөөд, Хятад болон Солонгосын хойг, Япон зэрэг зүүн азийн орнуудаар тархсан байдаг. Энэ хоёрын хоорон дахь хамгийн том ялгаа нь, бага хөлгөний буддизмд даяанчлал гэсэн тусгай сахилыг хичээнгүйлэн мөрдсөн хүн л гэгээрэлд хүрэх боломжтой гэж сургадаг бол, их хөлгөний буддизмд хар хүн ч (даяан хийлгүй гэртээ байгаа хүн) бас гэгээрэлд дөхөх боломжтой, гэж сургадагт байгаа юм. Дээр нь тэр гэгээрэл нь бага хөлгөний гэгээрлээс ч хамаагүй дээд гэгээрэл гэдэг.

Энэ бага хөлгөний буддизм гэдэг нэр бол их хөлгөнийхнөөс доромжилж оноосон нэр тул, өнөө үед Дээд сургаалтны буддизм гэдэг. Дээд сургаалтны буддизм болон түүний эх сурвалж болсон эрт цагийн жинхэнэ буддизм хоёрт ялгаа зөрүү их бий тул, үүнээс цааш Шагжамүнийн цаг үеийн оргиналь буддизмыг “Шагжамүнийн буддизм” гэж нэрлээд явъя.

Сурагч:
Их хөлгөний буддизм болон шагжамүнийн буддизм хоёрын хооронд, үүссэн цаг үе хийгээд гэгээрэлд хандах хандлага зэрэг нь ялгаатай болохыг ойлголоо. Гэхдээ их хөлгөний буддизм ч бас Шагжамүнийн бүтээсэн зүйл биз дээ? Тийм бол суурь болох сургаал нь ижилхэн гэж ойлгож болох уу?

Багш:
Наадах чинь л жоохон асуудалтай. Лам нарын дунд “Урсгал, сургаал бүрт их бага ялгаа байвч, зорьж буй оргил нь нэг” гэж айлдах нь бий боловч, шагжамүнийн буддизм болон бидний шүтдэг их хөлгөний буддизмын хооронд, үнэндээ сургаалын агуулга нь эрс ялгаатай байдаг. Анх байсан шагжамүнийн буддизмд хожмын хүмүүс элдэв өөрчлөлт оруулсаар, оргиналь сургаалаас ялгаатай хэлбэрээр Хятад, Япон руу дамжигдан ирсэн нь их хөлгөний буддизм юмаа гээд ойлгоход болно.

Сурагч:
Хөөх тийм гэж үү? Тэгэхээр саяын таны яриагаар бол “Их хөлгөний буддизм бол Шагжамүнийн зөв сургаал биш, хулхи эд” юм байна гэж сонсогдлоо. Хэрэв тийм бол хэрэг болгож их хөлгөний буддизмд суралцахын хэрэг гэж байна уу?

Багш:
Тэгж бүү ташаа ойлго. Би аль нь зөв, аль нь буруу тухай онолдох санаа агуулаагүй, их хөлгөний буддизмыг үгүйсгэх ч гээгүй юм шүү. Аль ч сургаалд хүмүүсийг зовлонгоос нь аврах хүч оршдог нь маргашгүй үнэн. Хэрэвзээ их хөлгөний буддизм нь шагжамүнийн буддизмын сургаалыг мушгин гуйвуулсан төдий мөчид зүйл байсансан бол, өнөө үе хүртэл урт удаан шүтэгдэн тахигдах учир байхгүй биз. Аль хэзээний мартагдаад мөхсөн байх учиртай.

Сурагч:
Тэгэхээр их хөлгөний буддизм өдийг хүртэл бидний үед дамжигдан ирж шүтэгдэж байгаа нь, төдий дайны учир шалтгаантай гэсэн үг байх нь ээ?

Багш:
Тэгэлгүй яах вэ. Гэхдээ түүхэн талаас нь харвал “Их хөлгөний буддизм бол Шагжамүнийн уул сургаалаас ялгаа бүхий тусдаа шашин” гэдгийг л юун түрүүнд тогтоогоод авчих. Үүн дээрээ суурилаад “Их хөлгөний буддизм гэж ямар учиртай зүйл хийгээд, өнөөгийн бидэнд юу гэж сургахыг зорьдог юм бэ?” гэдэг талаар тунгаан ярилцъя.

Хэдий их хөлгөний буддизм нь шагжамүнийн буддизмаас ялгаатай ч гэсэн, түүнд суралцах нь цаанаа том утга учрыг агуулна. Шагжамүнийн буддизм болон их хөлгөний буддизмын ялгааг суралцаж, яагаад ийм ялгаа бүхий сургаалууд төрөн гарсан болохыг таньж мэдсэнээр “Их хөлгөний буддизмын оршин буй үнэ цэнэ” илүүтэй тодорхой болж харагдах учиртай. Миний энэ байр суурийг ойлгож хүлээж авсны үндсэн дээр, цаашдын ярианд минь анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.


  • Өөрийгөө авралын тулгуур хэмээн тунгаасан “Шагжамүнийн буддизм”
Багш:
За тэгвэл их хөлгөний буддизм ба шагжамүнийн буддизмын сургаалд тодорхой ямар ялгаа байдаг талаар нарийвчлан харъя. Юуны өмнө Шагжамүнийн оргиналь сургаалын тухай тайлбарлая.

Сая өгүүлсэнчлэн, шагжамүнийн буддизмд даяанч хуврагыг хамгаас чухалчилдаг. Энэ нь “Даяан хийж өдөр шөнөгүй бясалгалд мэрийж, зовлонгийн үндэс болсон нисванисыг (нисванис буюу хүний бие сэтгэлийг зовоодог уур, шунал, атаархал тэргүүтэй элдэв сэтгэлийн үйлүүд) арилгахгүй л бол хүн жинхэнэ амар амгаланд хүрч хэзээ ч чадахгүй.” хэмээн Шагжамүни сургасантай холбоотой. Үүн дээр хэлэх даяан гэдэг нь, эд хөрөнгө гэр бүлээ орхиод лам хуврагын чуулган буюу “санга”-д элсэж, өглөөнөөс орой болтол бясалгал хийж, хүнд хэцүү даяанч амьдралаар амьдрахыг хэлдэг. Сангад аж ахуй эрхлэхийг (ажил хөдөлмөр хийхийг) ор тас хориглодог бөгөөд, амьд явахад шаардлагатай зүйлсийг зөвхөн жирийн хүмүүсийн өглөгт түшиглэн амьдардаг.

Сурагч:
Ажил хийхгүй гэхээр сайхан л сонсогдож байна. Гэхдээ бас одоогийнхоо аж амьдралаа шууд хаяна гэдэг хэцүү л байх. Ингэхэд, тэр хүнд хэцүү даяанч амьдралынх нь цаана хүлээж байгаа “жинхэнэ амар амгалан” гэдэг нь тийм гайхамшигтай гоё зүйл үү?

Багш:
Шагжамүнийн хэлэх “Жинхэнэ амар амгалан” гэдэг нь гэгээрэлд хүрч нирван болохыг хэлж байгаа юм. Нирван гэдэг нь, өөрийн сэтгэлийн нисванисыг бүгдийг тасдан арилгах явдал бөгөөд, мөн түүний үр дүнд энэ хорвоод дахин эргэж төрөхгүй болохыг илэрхийлж байгаа юм.
Буддизмд, энэ ертөнцөд “тэнгэр, хүн, адгуус, бирд, там” гэсэн 5 төрөл (хожмын үед асур төрөл гэж нэмэгдээд 6 болсон) байдаг бөгөөд, бүхий л амьтай амьтад эдгээр 5 (эсвэл 6) төрөл дунд үүрд эргэлдэн төрж үхэхийг ээлжилдэг, гэж үздэг. Сайн үйл хийвэл илүү дээд төрөл рүү, муу үйл хийвэл муу төрөл рүү шилжин төрдөг бөгөөд, энэхүү үүрд үргэлжлэх үхэх төрөхийн гинжин хүрдийг “Сансрын хүрд” гэдэг. Нирван гэдэг нь буддын замаар замнаж сансрын хүрдийг зогсоон “Дахин төрөхгүй ертөнцөд очих”-ыг илэрхийлж буй юм.

Сурагч:
Адгуус, там руу нь уначихвал хэцүү л байх. Гэхдээ буцаад хүн болон төрж болдог юм бол аятайхан л санагдаж байна. Сансрын хүрд гэдэг нь тийм үүрдийн амь насыг амладаг эд юм бол уул нь муугүй л юм биш үү?

Багш:
Сансрын хүрдийг чиний адилаар эерэгээр хүлээж авах хүн байдаг боловч, буддизмд бол тэгж үздэггүй. Шагжамүни “Амьдрах гэдэг бол зовох явдал юм.” гэж тунгаасан болохоор, сансрын хүрд нь үүрд үргэлжлэх зовлон гэсэн утгатай болж байгаа юм. Тийм ч учраас дахин төрөхгүй ертөнцөд очих нь хамгийн дээд амар амгалан гэж үзсэн учиртай.

Сурагч:
Тэгвэл сансрын хүрдийг зогсоож нирван болохын тулд, бодитоор яг ямар даяан хийх шаардлагатай юм бол?

Багш:
Бид бүхнийг сансрын хүрдээр эргэлдүүлээд байдаг зүйл бол “үйл”-ийн инерги юм. Тэрхүү үйлийн инергийг бүтээж байдаг нь нисванис учир, өөрийн хүчээр нисванисыг устган арилгах нь даяанчлалын үндсэн зорилго болно. Үүний тулд оюун санаагаа төвлөрүүлэх сургуулилтаар сэтгэлийнхээ төлвийг зөв анзаарч, нисванисаа нэг нэгээр нь бүрэн дараад явах ёстой. Төдийг хүртлэх жирийн амьдралаас холдож, зөвхөн бясалгал хийхэд тохирсон амьдрал, өөрөөр хэлбэл даяанч амьдралаар амьдрах нь зайлшгүй шаардлагатай болж ирдэг.

Нэг ёсондоо шагжамүнийн буддизмын хамгийн том онцлог нь, ямар нэгэн гадны хүчээс аврал эрэх бус “зөвхөн өөрийнхөө хүчээр урагшлах” явдалд бий юм. Авралын тулгуур нь зөвхөн би өөрөө. Үүнийг сайтар толгойдоо тогтоогоод аваарай.


  • Гадны ер бусын хүчийг авралын тулгуур хэмээн тунгаасан “Их хөлгөний буддизм”
Багш:
Одоо тэгвэл их хөлгөний буддизм юу гэж сургадаг талаар харцгаая. Их хөлгөний буддизм ч бас дахин эргэж төрөхгүй нирван болохыг зорилго гэж үздэгээрээ шагжамүнийн буддизмтай адилхан. Гэвч, түүнд хүрэх арга зам нь ялгаатай. Шагжамүнийн буддизм нь өөрийгөө чандалснаар нисванисаа дарж авна гэж тунгаасан бол, их хөлгөний буддизмд гадна талд биднийг аврах чадалтай агуу дээд хэн нэгэн эсвэл ер бусын хүч оршин байдаг гэж үзээд, өөрийн хүчийг бус “гадны хүч”-ийг авралын тулгуур гэж үздэг.

Тэгэнгүүт, хатуу чанга даяан хийж бясалгахаас илүүтэй, ер бусын оршихуйтай сайтар холбоо тогтоогоод авах нь хавьгүй чухал болоод ирнэ. Мөн, гадны хүчинд түшиглэн гэгээрэлд хүрч болдог юм гэвэл, мэдээж хэрэг өөрийгөө чандлахын төлөөх механизм болсон хуваргын чуулганы (буюу санга) ач холбогдол ч бас буураад ирнэ. Үүний улмаар их хөлгөний буддизмд “гэртээ байгаа хар хүн ч бас гэгээрлийн замаар явах боломжтой” гэсэн санаа бага багаар хэлбэржин тодорч ирсэн байдаг.

Сурагч:
Таны яриаг сонсохоор, их хөлгөний буддизмд далдын хүч гээч юм оршин байдаг бол, шагжамүнийн буддизмд далдын хүч гэхээр юм бараг огт байхгүй болж таараад байна л даа. Би бол шашин гэдэг юмыг их ч бай бага ч бай тодорхой хэмжээнд хүний оюуныг давсан ямар нэгэн ер бусын далдын хүчийг сууриа болгодог гэж ойлгодог...

Багш:
Гайхаж магадгүй ч, үнэндээ бол Буддагийн уул үзэл сургаал нь, сансрын хүрд ч юм уу үйлийн инерги гэх мэтийг эс тооцвол туйлын рационаллаг, оноллог шинжтэй бөгөөд, дээд далдын хүч болон ер бусын аврагч маягийн зүйлсийг огт оршин байдаггүй гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шагжамүнийн буддизмын чухам онолддог сургаал нь ердөө л “зовлон бий болдог механизм хийгээд түүнээс эгнэгт ангижран салах арга зам” гэж үзэж болно. Тэр утгаар нь харвал далдын нууцлаг шинж бүхий их хөлгөний буддизм нь шагжамүнийн буддизмын дэргэд хамаагүй шашин шиг шашин мөн гэж хэлж ч болох юм.

Сурагч:
Ер бусын хүчинд найдаад гэгээрчихдэг гэж байгаа ч, огт юу ч хийх хэрэггүй гэсэн үг арай биш байлгүй. Их хөлгөний буддизм биднийг тэгээд юу хийх ёстой гэж сургадаг юм бол?

Багш:
Тэр талаар дараа бүр нарийвчлан тайлбарлаж өгье. Ерөнхийдөө бол ганц үгээр хэлбэл төрөл бүрийн бурхдыг тахин шүтэж, эсвэл маани судар уншингаа ердийн аж амьдралаа хүн шиг амьдраад, буян хураагаад явахад л хангалттай гэж үздэг. Тийм ч учраас их хөлгөний буддизмд, гэртээ байгаа хар хүн ч гэсэн гэгээрлийн замд орох боломжтой байдаг.

Сурагч:
Наадах чинь харин амархан юм биш үү. Бараг би ч чадчих юм шиг санагдаад явчлаа. Ингэхэд шагжамүнийн буддизмд даяан хийхийг үндсэн зарчим гэж үзсэн ч гэсэн, яагаад хар хүн ч бясалгал хийж болно гэж бодоогүй юм бол оо?

Багш:
Мэдээж шагжамүнийн буддизмд ч бас хар хүн гэж байсан. Их хөлгөний буддизмд ч бай, шагжамүнийн буддизмд ч бай энгийн хар хүмүүс лам хуврагад газар, байр, хоол хүнсний өргөл барьц өгч лам хуврагыг даган сүслэх үүрэг рольтой гэдгээрээ адилхан. Гэхдээ тэгж дагаж сүслэхийн цаад утга учир нь энэ хоёрт өөрөөр буудаг.
Их хөлгөний буддизмд болохоор, энгийн хар хүний өдөр тутамдаа хураах буян нь гэгээрэлд хүрэх инерги болж хуримтлагдана гэж үздэг бол, шагжамүнийн буддизмд хар хүний үйлдсэн буян энэ хорвоогийн явдалд л тустай гэж үздэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр, буян хурааснаар хойд насандаа илүү дээд төрөлд төрөх ч юм уу, эсвэл баян болно, үзэсгэлэнтэй болно гэх мэт энэ хорвоогийн бодит ашиг болж буцаж ирнэ ээ гэсэн үг.

Нэг ёсондоо, их хөлгөний буддизмд бүх сүсэгтнүүд (буюу лам хар бүгд) “гэгээрэл” гэх нэг зорилго тийш зүглэдэг бол, шагжамүнийн буддизмд болохоор хар хүн болон даяанч лам хоёрын зорьж буй зорилго нь зэрэглэлээрээ ялгаатай гэж үздэг учиртай (нэг нь гэгээрлийг зорьдог, нөгөө нь энэ хорвоогийн бодит ашиг хардаг).


  • Буддагийн амьдрал болон буддизм үүссэн процесс

Сурагч:
Шагжамүнийн буддизм болон их хөлгөний буддизмууд өөр зүйл гэдгийг ойлголоо. Гэхдээ их хөлгөний буддизм суурь болсон шагжамүнийн буддизмаасаа тэс өөр юм бол, яагаад тийм зүйл бий болчихсон юм бэ гэдэг нь нэг л ойлгомжгүй санагдаад байна.

Багш:
Харин тийм ээ. Үл ялиг ялгаа байсан бол яая гэхсэн. Гэтэл авралын тулгуур болох зүйл нь шаал өөр мөртлөө адилхан буддизм гэдэг нэрээр зэрэгцэн оршиж байгаа нь үнэхээр онисого гэлтэй.

Тэгэхээр одоо “Их хөлгөний буддизм яагаад үүссэн юм бэ?” гэдэг талаар тайлбарлаж өгье. Гэхдээ түүний өмнө Буддагийн амьдрал болон буддизм үүсэн бий болсон процессийн талаар товчхон давтаад орхиё. Буддизм сонирхдог хүн юм хойно эрхбиш мэддэг байх л даа. Гэхдээ их хөлгөний буддизмын үүсэлтэй ч бас гүнзгий холбоотой түүх учраас, давтлага гэж бодоод сонсоорой.

Буддизмыг үндэслэгч нь Бурхан Будда гэдгийг мэднэ шүү дээ. Бурхан Буддагийн жинхэнэ нэрийг Гаутама Сиддарта гэдэг байсан ба одоогоос 2,500 гаруй жилийн өмнө Энэтхэгийн хойд нутгийн (одоогийн Непал) Шагжа омгийн ханхүү болон төрсөн гэдэг. Бага насандаа өчүүхэн ч дутагдал гачигдалгүй өсөж торнисон боловч, том болохын хэрээр “хүн гэдэг чинь өтлөх өвдөх үхэхийн дуусашгүй зовлонд дайруулан амьдардаг амьтан” болохыг таньж, 29 насандаа шинэ амьдрал эрэлхийлэн даяанчилна.
Анхандаа байдгаараа хоол ундаа сойж, биеэ зовоосноор сэтгэлийн зовлонгоо гэтэлгэх гэж оролдсон боловч, яваандаа биеийн зовлон асуудлыг шийдэхгүй болохыг ухаарна. Ингээд чиглэлээ өөрчилж “сэтгэл”-ийн даяанчлал тийш зүглэн, бодь модны дор бясалгасаар 35 насандаа тийнхүү гэгээрэлд хүрнэ. Түүний хойно, 80 наслах хүртлээ шавь нарынхаа хамтаар ийш тийш аялан төрөл бүрийн сургаал айлдаж явсан ба, тэр үеийн “сургаал”-ууд нь өнөөгийн буддизмын суурь нь болж өгсөн юм.

Сурагч:
Ингэхэд бурхан Будда амьд байхдаа өөрийн сургаал номлолоо эмхэтгэсэн ном судар ч юм уу бичиж үлдээсэн юм болов уу?

Багш:
Тухайн цаг үед бичиг үсэг тэмдэглэж үлдээдэг соёл дэлгэрээгүй байсан тул, Буддагийн үгс түүнийг нь сонссон хүмүүсийн ой санамжинд л үлдэж хоцорсон гэдэг. Тиймээс Будда нас бараад хүмүүс ой санамжаа алдчих юм бол, тэгээд л тэр бүхэн үүрд энэ хорвоогоос мартагдан арилж орхино. Үүнээс айсан шавь нар нь ой санамжиндаа үлдэж хоцорсон Буддагийн сургаалыг бүгдээр харилцан дамжуулж, хойч үедээ үлдээе гэж сэтгэж. Домогт гардагаар бол Ананд гэх шавь нь сургаал номыг хамгийн сайн тогтоосон байсан тул, Буддаг нас барсны дараа тэрхүү Ананд цуглан ирсэн 500 гаруй шавь нарын өмнө гарч зогсоод өөрийн сонссон бүхнээ амаараа өгүүлж, түүнийг нь бусад нь цээжилсэн гэдэг.

Түүний хойно, шавь нар нь Энэтхэгийн газар бүр тийш таран одож, хойч үедээ ам дамжуулан сургаалыг түгээж. Явсаар хэдэн 100 жил өнгөрч, үсэг бичгийн соёл Энэтхэгт дэлгэрэн тогтохтой зэрэгцээд, Буддагийн сургаалыг үсэгт буулган тэмдэглэх болсон байна. Тэр нь өнөөгийн бидний мэдэх “судар”-ын эхлэл юм.


  • Буддизм дэлгэрэн түгсэн шалтгаан


Сурагч:
Тэр үеийн Энэтхэгт буддизмаас өөр шашин байсан юм болов уу?

Багш:
Буддагийн цаг үеийн Энэтхэг оронд Барамон хэмээх шашин ноёрхож, олон хүмүүс түүнд сүслэн шүтдэг байж. Өнөөгийн Хиндү шашны суурь болсон шашин л даа. Гэвч, Будда нас барсны дараахан, тэрхүү Барамон шашны төв болсон Энэтхэг нутаг даяар буддизм үлэмж түгэн дэлгэрсэн байдаг.

Сурагч:
Буддизм тэгэхээр тухайн үедээ жижигхэн алтернатив шашин байсан байж, гэнэт тэгж хуучин шашныг түлхэн гарч ирсэн гэхээр, ямар нэгэн л юм болж дээ? Буддизм Энэтхэгт огцом түгсэн шалтгаан нь юу байсан юм бол?

Багш:
Будда Шагжамүни нас барснаас хойш 100 – 200 жилийн хойно НТӨ 3-р зууны дунд үед Энэтхэг тивийг нэгтгэн зангидсан Мауря гүрний 3 дахь үеийн хаан Ашока буддын шашинтай болсон явдлыг, буддизм Энэтхэг даяар дэлгэрсэн хамгийн гол шалтгаан гэж үздэг.

Сурагч:
Ашока хаан буддын шашныг төрийн шашин болгоод, ард түмнээ хүчээр буддизмд оруулсан гэсэн үг үү?

Багш
Хэрэв тэгсэн бол уул нь их л ойлгомжтой байх байлаа. Гэтэл үнэндээ Ашока хаан буддын шашныг төрийн шашин ч болгоогүй, ард түмнээ хүчээр буддын шашинд ч оруулаагүй бололтой байдаг. Ашока хаан амьд сэрүүн байхдаа хэлсэн үгнүүдийг сийлж бичсэн “Ашока хааны зарлиг бичиг” гэх чулуунууд Энэтхэгийн газар бүрээс олддог. Түүн дотор Ашока хаан өөрийгөө буддын шашинтан болохоо илэрхийлсэн бичиг байдаг боловч, мөн зэрэгцээд Барамон шашин хийгээд бусад шашнуудыг ч бас оролцуулаад “Бүх шашны сүсэгтнүүдийг хамгаал” гэх утгатай бичээсүүд ч байдаг. Ямар ч байсан “Зөвхөн буддын шашныг шүт” гэсэн бичиг лав олдоогүй.

Тийм болохоор буддизм бүх Энэтхэгээр тархсаны шалтгааныг зөвхөн Ашока хаанаар тайлбарлах нь учир дутагдалтай байгаа юм. Цаашлаад буддизм нь Энэтхэгээр тогтолгүй, Хятад болон Япон гэх мэт бусад соёлын ай сав руу ч огцом таран дэлгэрсэн гээд бодохоор, өөр ямар нэгэн шалтгаан байсан гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Сурагч:
Тэрийг тэгж хүндрүүлж бодох шаардлага байна уу? Зүгээр л буддизмын сургаал номлол нь түмэн олонд ихэд таашаагдсан болоод л түгсэн байж болно биз дээ?

Багш:
Мэдээж шагжамүнийн буддизм бол рационаллагийн дээр оноллог шинжтэй, зовлон шаналалаас үнэн сэтгэлээсээ ангижрахыг хүссэн хүмүүст үнэхээр итгэл үнэмшил төрүүлэхүйц авралын гарц гэж харагдсан нь лавтай биз. Гэвч шагжамүнийн буддизм бол даяанчлалыг сууриа болгодог болохоор, гэгээрэлд хүрэхийн тулд сангад элсэж тусгай даяанчлал хийхгүй л бол болохгүй. Гэтэл жирийн хүмүүсийн хувьд тэр бүр даяанчлаад байх нь хэрхэвч амар явдал биш юм болохоор, буддизм тэр хэлбэрээрээ огцом дэлгэрнэ гэхэд хэтэрхий босго өндөртэй болчхоод байгаа юм.

Сурагч:
Тэгвэл багш та буддизмыг Энэтхэгт огцом дэлгэрсэн жинхэнэ шалтгааныг юу гэж боддог вэ?

Багш:
Анх үүссэн буддизмын сургаал номлол тухайн үед ямар нэгэн шалтгаанаар хувьсан салаалж, янз бүрийн орчин нөхцөлд амьдрах хүмүүсийн байр байдалд тохируулан сонгох боломжтой “олон сонголт бүхий шашин” болж өөрчлөгдсөн, тэр нь буддизмыг огцом дэлгэрэх хамгийн том шалтгаан байсан болов уу гэж бодоод байгаа юм.

Сурагч:
Мөн мөн. Нэг ёсондоо анхандаа маш чанд хатуу сургаал номлолтой байж байгаад, бага багаар тэр нь зөөлөрч, сүүлдээ ямар ч хүн дагаж шүтэж болохоор хэлбэртэй болжээ гэсэн үг байх нь ээ?

Багш:
Үгүй ээ, наадхаас чинь арай өөр. Саяын чиний хэлснээр бол анхны буддизмын сургаалын амсар хүрээ нь бага багаар томорч сулраад явсан маягийн юм болчих гээд байна. Миний анхаарлыг татаж байгаа нь тийм бус, “салаалалт” буюу сонголт ихэссэн явдал. Нэг шашны номлолд янз бүрийн мөчир салаа ургаж, тэдгээр нь харилцан биесээ үл үгүйсгэсэн байдлаар буддизм гэх нэг нэрэн дор зэрэгцэн орших болсон нь, буддизм дэлхийд түгэн дэлгэрсэн хамгийн том шалтгаан болов уу гэж үзэж байгаа юм.

Америкт өнөө үед 3 сая гаруй буддын шашинтан байдаг гэдэг. Өрнөдөд буддизм дэлгэрсэн процессийг сөхөн харвал, саяын миний хэлсэн санаа илүү ойлгомжтой санагдах байх. Анх 1950-д оны сүүл хавиар Зэн буддизм Америкт маш эрч хүчтэй түгэн дэлгэрсэн байдаг. Удаагаар нь Төвөдийн буддизм (7-р зууны үед Хятадаас дамжин дэлгэрсэн Их хөлгөний буддизмын урсгал) дэлгэрч, өнөө үед Теравада буюу дээд сургаалтны буддизм БҮҮМ болон дэлгэрч байна.

Ингэж хэлэхээр олон хүмүүс, буддизмд сонирхолтой цөөн тооны хэсэг хүмүүс эхлээд Зэн буддизмыг, дараа нь Төвөдийн буддизмыг, одоо Теравада буддизмыг ээлж дараалан шүтсэн юм байна гэж ойлгох гээд байдаг. Үнэндээ бол тийм биш, дээрх 3 урсгалын буддизм нь өөр өөр бүлэг хүмүүсийн сэтгэлийг татсан учраас л буддын шашинтнуудын тоо огцом тэлж ирээд байгаа юм.

Сурагч:
Буддын шашинд орсон өрнийн хүмүүс өөрсдйин уугуул шашин Христээ хаяад буддизмд шилжиж ороод байдаг юм уу?

Багш:
Наадах чинь бас сонирхолтой нь, заавал өмнөх шашнаа хаядаг учиртай биш байдаг. Урьдын адилаар Христ шүтлэгтэй хэвээрээ хэрнээ буддист амьдралын хэв маягийг ердийн амьдралдаа баримталдаг хүмүүс ч олон бий. Нэг ёсондоо, тийм хэв маягийг ч зөвшөөрдөг олон төрлийн сургаал буддизмд байдаг гэсэн үг юм.

Сурагч:
Тэгэхээр, өнөөгийн буддизм төрөл бүрийн шашны урсгалд хуваагдаад, сүсэгтнүүдийнхээ нөхцөл байдал, байр сууринд харгалзан чөлөөтэйгээр сонгох боломжтой хэлбэрийн болсон юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ багш таны хэлэх гээд байгаа нь, ийм салаалалт аль Ашока хааны үед бий болоод эхэлчихсэн байсан гэх гээд байна уу?

Багш:
Яг тийм. Мэдээж өнөөдрийнх шиг олон салаалаагүй байсан байлаа ч, Ашока хааны үед аль хэдийнэ буддизм салаалаад эхэлчихсэн байжээ гэж үзэхээр байгаа юм. Үүний үндэслэл болгон гаргаж тавих зүйл гэвэл, их хөлгөний буддизм үүсэхээс нэлээд өмнө, Ашока хааны үед бий болсон болов уу гэгддэг Авидармын буддизм гээч ухагдахуун юм.

Үргэлжлэл - Их хөлгөний буддизм (2р хэсэг)

16 comments:

Unknown said...

баярлалаа

Unknown said...

Та жаахан судлаж үзмээр юм. энэ хэний яриа болохыг мэдэхгүй байна. Гэхдээ шууд ингэж өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй шдээ. Их хөлгөн бага хөлгөн гэдэг чинь тусдаа урсгал биш. Их хөлгөн дотроо бага хөлгөн өөрөө байдаг юм. Тэгээд ч их хөлгөн бага хөлгөныг доромжилдоогүй юм шүү.

Unknown said...

Baga holgon ih holgon 2-g tailbarlasan hamgiin tom yalgaa gj bichsen hesgees ehleed l hagas dutuu gedeg ni haragdaj Bna. Ih holgonii ursgaliig Shagja burkhanaas yalgaj uzeh um bol tuunii nomloson nomuudiig shuud uguisgehtei adil ih unal Bna daa. Burkhan min ����

ТОМё БОДё said...

Их хөлгөний буддизм гэдэг нь Махаяана, бага хөлгөний буддизм гэдэг нь Хинаяана гэдэг үгсийн буулгалт. Эд бол буддизм гэх нэг категорит харьяалагддаг хэдий ч агуулгын хувьд ялгаатай бие даасан изм гэж хэлэхүйц үзэл санаанууд. Хинаяана гэдэг нь дорд, доод, өчүүхэн уналга гэх утгатай санскрит үг бөгөөд Махаяаначуудаас оноож өгсөн хоч төдий нэршил. Үүнийг та аль ч хэлний ямар ч эх сурвалжаас төвөггүй олж мэдэх боломжтой.

ТОМё БОДё said...

Энэ лекц бол буддын сүсэгтнүүдэд гэхээсээ илүү, буддизмыг судлагдахуун талаас нь сонирхогчдод зориулсан хичээл байгаа юм. Буддын сүсэгтний хувиар та ийм ойлголт мэдлэгтэй, түүндээ гүн бат итгэдэг байх нь огтхон ч буруу зүйлгүй л дээ. Учир нь буддын ном судрууд бүгд "буддагийн өөрийн айлдсан сургаал" гэсэн нэрэн дор бичигдсэн байдаг. Сүсэгтэн хүнд тэрийг эргэлзэж нягтлах санаа төрөхгүй нь ойлгомжтой. Харин судлаачид бол ном судруудыг хэн хэзээ хаана бичив, яагаад ингэж бичив, тухайн цаг үеийн дэвсгэр нь ямар байв гэхчлэнгээр түүхэн талаас нь судалдаг. Ийм судалгаа сүсэгтнүүдийн хувьд тийм ч тааламжтай санагдахгүй байж болох юм. Ухаандаа Христийн сүсэгтэн хүн дээр Христ судлаач хүн явж очоод Есүс гэдэг хувь хүний талаарх судалгаа ч юм уу, Библийг хэн хэзээ бичсэн тухай яриад унавал таатай хүлээж авахгүй л болов уу. Учир нь Христ сүсэгтэн хүн Есүсийг бурхны хүү, Библийг бурхны бидэнтэй хийсэн гэрээ гэдэгт итгэдэг.

Unknown said...

будда сунжраад 'бурхан' болсон гээд бдаг юм, будда сунжирлаа сунжирлаа гэхэд будда л баймаар юм, зарим нь 'богд' гэх, брахман нь 'бурхан' болсоон гэсэн таамаглал бас бий, "Бурхан Халдун" уул гээд бж бдаг. "Бурхан минь" гэсэн дуудлагыг "будда минь" гэдгээр орлуулах гэхлээр 1л буухгvй бгаам, 'будда' блсон гээд бгаа хvн чинь бидэнтэй яг адилхан хvн, ами дvйсэн vедээ хvнээс аврал хайх гэж юу бхав дээ. "Бурхан" зээлдмэл vv, vгvй юу

Unknown said...

Релижин -г зээлдмэл 'шасана' -гаар монголчлох гэхлээр бас л асуудалтай.
Исvc (Есvc) Христ -ийг судлаачид Хэн гэж vздэг хэрэг вэ?

Anonymous said...

Шагжамүүнийн буддизм гэж бага хөлгөнийг хэлээд байна уу, эсвэл Буддагийн анхны сургаалуудыг хэлээд байна уу?

ТОМё БОДё said...

Тийм ээ, анхдагч хэлбэрийн буддизмыг Шагжамүнийн буддизм гэж байгаа.

Anonymous said...

'Дармапада номын хураангуй' цувралд болохоор бага хөлгөнийг хэлээд байх шиг бичигдсэн байх юм. Би буруу ойлгоод байна уу?

Anonymous said...

",..Буддагийн бүтээсэн анхдагч буддизмыг Шагжамүнийн буддизм хэмээн тэмдэглэхээр тогтъё." гэсэн мөртлөө бага хөлгөн гэж ойлгогдоод байгаа нь миний мунхагийнх бололтой.

ТОМё БОДё said...

Одоогийн буддын урсгалууд дотроос Бага хөлгөний буддизм анхдагч буддизмд хамгийн ойр юм гэсэн (үзэл санаа, сургаал, философи талаараа). Мэдээж 2,000 жил улирсан болохоор авь адилхан бол биш байх. Гэхдээ, Шагжамүнийн буддизмыг Бага хөлгөний буддизм гэж төсөөлөөд уншсан ч тэгтлээ буруудахгүй болов уу.

Unknown said...

За энэ буруу бичсэн байна аа. Уучлаарай. Бурханы шашин чинь их бага дунд гэж хуваагдаад тэр нь дотроо ихийн их, ихийн дунд, ихийн бага гээд тус бүр хуваагдаж нийтдээ 9 болдог юм нарийн ярьвал. Дээр нь ингэж хуваадаг нь хүн бүрийг сонирхол ондоо шүү дэ. Зарим хүн шууд гэрэс гарч тойн болж хамаг зүйдээ орхиж чадкү. Тийм хүмүүст нь зориулж бага төрөлхийтэн, гэрээс гарч тойн бологсод нь ир төрөлхийтэн ч юм уу хүмүүсийн хүсэл сонирхлоор нь өөрөө ангилж сургаалаа айлдсан юм шү дэ. Их хөлгөний шашинг бурхагы шашнаас ангид тусдаа гажсан мэтээр тайлбарлах нь асар буруу. Хар хүнээрээ байж багаад бурхагы сургаал мөрдөж явж болно. Тэр нь бага төрөлхтний ном. Тэгж явсаар байтал аяндаа дэс ахиж гүнзгийрэн их төрөлхтний мөр рүү орно. Шат бүхэн нь дээд шат руугаа орох тулгуур нь болдог. Хоорондоо хэзээ ч харшлахгүй. 1 р ангиасаа яваад 10 төгсдөг биз дэ тэр лугаа адил дотроо ангиудад хуваасан л төдий шүү дэ. Бүгд Бурхагы сургаал. Гажсан юм огт байхгүй. Бүшд нэг юм. Шат бүрийг харшлуулахгүй онох эрдэм гэж байдаг юм. Тэр тусдаа сэдэв. Тэрийг мэдсэн байхад бүх түшинг ялгааг мэддэг болно

ТОМё БОДё said...

"Бодь мөрийн зэрэг"-т гардаг шарын шашны реформтой андуураад байгаа бололтой. Энд гарч байгаа их хөлгөн, бага хөлгөн гэдэг нь буддын шашны Махаяана, Хинаяана урсгалыг хэлж байгаа.

Unknown said...

Буруу бодож байвал залруулж өгнө үү. Би хувьдаа буддагийн айлдсан сургаалийг хүмүүсийн ялгаатай байдлаар нь 3 ангилж сургасан гэж ойлгосон. Бага, дунд, их төрөлхийтөн гэж. Бага болбол лам хувраг бололгүйгээр хар хүний амьдралаар амьдарч хүсэл шуналаа чадахийн хэрээр хязгаарлаж гэгээрэлд алхам алхамаар ойртох, дунд төрөлхийтөн хүний амьдралын аж явдлыг орхиж гэгээрлийн төлөө бүхнээ зориулж бясалгах, их төрөлхийтөн тэгэж бясалгахын дээр бусдыг энэрч нийгүүлсэх. 1. Тревада буву Хинаяна, 2. Махаяна дотроо тревада-г агуулна. 3. Важраяна дотроо Махаяна, Тревада-г агуулна. Гэтэл дээр бичсэн зүйл миний үзэлтэй зөрчилдөөд байна. Үүний учрыг тайлбарлаж өгнө үү?

Одгэрэл said...

1-т Бурхаы шашин маш олон урсгал чиглэлүүд байдаг гэсэн байна. Үгүй юм аа. Үндсэн 4 урсгал л байгаа. Тэр 4 урсгал нь Богд Зонхава гэдэг нэг хүнээс л гаралтай учир хоорондоо харшлахгүй. Тэр хүн нь шинээр ном зохиочоогүй юм аа. Богд Зонхавагийн гаргасан алдарт БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ гэдэг ном нь зүгээр л Бурхан багшин сургаалийг системчилж өгснөөрөө л ялгаатай. 2-рт Богд Зонхава гэдэг хүн нь Бурхан багшаас лүндэнтэй Бурхан багш хожим ийм хүн гарч ирж миний номыг цэгцлэх болно гэж хэлсэн байдаг. Тэр лүндэнгээр болсон бөгөөд Бурхан багштай урд насны барилдагатай нэгэн билээ. Чухам ямар барилдагатайг сударт дэлгэрэнгүй түүх нь байдаг. 2-рт одоогийн Бурханы шашин Бурхан багшийн айлдсан сургаал биш юм гэсэн байх юм. Энэ бас маш буруу. Бурхан багшийн айлдсан сургаалийг ГАНЖУУР гээд. Түүнд цэг төдий засвар оруулах хориотой эх сударийг хэлдэг. Тэр нь Монголд байгаа. Бурхан багшийн хожимын шавьнарынх нь айлдсан сургаал номыг тусад нь ДАНЖУУР гэж ялгаж зааглаж өгсөн байдаг юм аа. Хольж солиод л тийм хуумгай ханддаг замбраагүй юм гэж юу байхав дэ. Алтаар судараа бичиж барлаж ирсэн тийм нямбай нандин ард түмэн шүү дэ. Гэгээнтэн Нагаржунай бол дэлхийн суут 60 сэтгэгч номонд орсон байдаг. Энэ хүн бол Богд Зонхавагийн өмнөх төрөл юм шүү дэ. Богд зонхава төрөл тутамдаа нэг урсгалыг чиглүүлж гаргасан байдаг. Бурханы шашин яагаал урсгалуудад хуваагдсан талаа ярьж өгий. Учир юу хэмээвэс зайлшгүй тэгэх шаардлага байсан. Тэр утгаараа хожим миний сургаалийг цэгцлэх хүн гарч ирнэ гэж лүндэгнэсэн биз. 1-рт хүн бүрийн хүсэл сонирхол зорил эцсийн зогсоод өөр. Тэр утгаараа энэ насны аз жаргал зөв замаар зөв амьдарч зовлонгүй энэ насны амвралыг чухалчилсэн хүмүүст зориулсан нэг сургаал. Энэ болоод дараа төрөлдөө зовлонгүй сайхан амьрахын хүссэн хүмүүст зориулж бас нэг сургаал. Бүүр цаашлаад орчлон тэр чигээрээ зовлонгийн далай энэ далайгаас эгнэгт дахин төрөл авахгүйгээр хагацах нэгэнд зориулж бас нэг сургаал айлдсан нь ИХ, ДУНД, БАГА төрөлхтний ном гэж ангилсан юм аа. Түүнээс бус хоорондоо зөрчилдөх нэгээхэн ч зүл байхгүй бөгөөд гажуудсан ч зүйл байхгүй. Мэдээж хэрэг ихнэнх хүмүүс эхнэр хүхэд гэр бүлээ орхиод хорвоогийн зовлонгоос хагацахын тулд бүхнээ золиослоод гэрээс гарч чадахгүй шү дэ. Тэр хүмүүст зориулсан амьдралд нь хэрэгтэй энгийн ойлгомжтой номнууд бий. Бүүр гэрээс гараад эгнэгт хагацы гэсэн хүмүүст бүүр гүнзгий түвшний ном заавар зөвлөгөө байдаг. Тэр нь мэдээж энгийн хүмүүс хэрэггүй шүү дэ. Энгийн амьдралаар амьдраад зөв амьдраад зөв замналаар явах сонирхолтой хүмүүс нь зөвхөн тэр хүрээнийхээ номоо судлаад явах нь цаг хэмнэнэ биз. 2-рт Хурдан үр дүнг амсах уу удаан үр дүнг амсах уу гэдэг талаас нь 4 урсгал буй. Хурдан үр дүнд хүрээс хурдан хорвоогийн зовлонгоос энэ насандаа гэтлэе гэсэн нь шалгуур өндөр бөгөөд эрсдалтэй. Удаан замаар яаралгүй явж байгаад амгаланд хүръе гэсэн хүмүүст нь зориулсан ном нь бол удаан хугацааных бөгөөд эрсдэлгүй зам мөр юм. Түүгээрээ л ялгаатай. Эцэст нь дүгнэхэд дээрх бүх урсгалууд хоорогдоо зөрчилдөхгүй бөгөөд хувь хүний л сонголт байгаад байгаа юм шүү дэ. Шарын шашин гэж яриад байгаа энэ урсгал бол Бурхан багшийн айлдсан цэвэр ном. Хэн ч шинээр зохиогоогүй. Энэ зүгээр л өмнөх хэлсэнчлэн систем юм. хувь хүний л сонголт. Бодлогыг хөөж бодсоор хувьсагчуудыг олдог шиг Бурханы шашны бүх сургаал хоорондоо логик учир шалтгаантай холбоотой нэг нь нөгөөгөө дэмжиж гинжин хэлхээтэй явдаг тул Бурханы айлдсан сургаал мөн үү биш үү гэдэгийг шалгах маш амархан. Ерөөсөө л логик шалгуурт нь шүүж үзээд л хөөсөөр Брхан багшийн айлдсан Жишээлбэл Дармапада ч юм уу номтой харьцуулчихдаг. Тэгээд таарч байвал яах аргагүй Бурханы сургаал мөн байна аа гэж баталдаг. Үүнийг Бурханы шашны Номлохуй ухаан аймаг савд авч үздэг. Бурхан багш 84000 номын цогц айлдсан байдаг гэж үздэг. Энэ бүх номнууд хоорондоо нэг нь нөгөөгөө батлах зарчимаар үүссэн байдаг бөгөөд хоорондоо харшлахгүй гэсэн үг. Яг л БИТКОЙН шиг. БЛОКЧАЙН гинжин холбоосоор өрөгдөж суурьлаж бүтсэн байдаг бөгөөд тэр утгаараа шинжлэх ухаан ч шашин гэж үздэг.

Post a Comment