2015/08/17

Санаа бүтээх техник


  • Өмнөх үг
Энэхүү бяцхан номондоо James Webb Young нарийн ширийн онол зарчимуудаас илүүтэй үнэ цэнэ бүхий чухал зүйлийг бид бүхэнд зааж өгчээ. Ширхэг харилцаа болгоны мах яс төдийхөнийг бус, түүний амин сүнс нь гэж хэлж болохуйц санаа (idea буюу шинэ санаа) гээчийн тухай энд өгүүлэх болно. Хэдий эрдэмтэд шалихгүй зардлаар хүний бие махбодыг угсарч чадах ч, түүндээ амь шившиж үл чадна. Young-ийн энд бичсэн буй нь бүхий л бүтээл туурвилын амь нь болох санаа юм. Чухам санаа л зар сурталчилгаанд утга учир оноож, амь шившиж өгдөг. Зар сурталчилгаа бүтээгчид өөрийн ур чадварыг бүрэн дайчлахын төлөөнөө үүнээс илүү чухал зүйл гэж үгүй билээ.

Туурвин бүтээх процесс дахь сэтгэлийн үйл ажиллагааг дүрслэн тэмдэглэх Young бол бидний дундах суут сэтгэн бодогчидын цувааг залгах эрхэм гарцаагүй мөн гэж санагдана. Бертран Рассел, Альберт Эйнштейн зэрэг суут эрдэмтэд дээрх сэдвийн талаар түүнтэй бараг ижил утгатай номлол хэлсэн нь, Young-ийн агууг илтгэх хөдлөшгүй нотолгоо мөн биз. Мэдлэг хэдийгээр сайн бүтээлч сэтгэлгээний суурь мөн боловч, мэдлэг ганцаараа хангалтгүй. Мэдлэг эхлээд сайн гэгч нь тархинд боловсроод, эцэстээ шинэлэг сэлгэмэлийн сэдэл төрүүлэхүйц хэлбэрээр сэтгэлд урган гарч ирсэнээр л сая утга учрыг олно, гэдэг дээр тэдний санал нийлдэг. Эйнштейн үүнийг Intuition буюу зөн совин гэж нэрлээд, зөн совин л шинэ ойлголтонд хүрэх цорын ганц зам мөн гэж хэлсэн байдаг.
Толгойд харвасан алив санаа үнэ цэнэтэй эсэхийг юу ч эс баталгаажуулна. Үүнийг хамгийн түрүүнд хэлсэн хүн нь Young болов уу. Санааны сайн муу гэдэг бол, түүнийг бодож олсон таны генийн санг хүртэл хамруулаад, ер таны бүхий л шинж чанар, зан араншин, ур чадвараар шийдэгдэнэ. Гэвч, Young-ийн уг номоороо туйлын энгийн тодорхой эмхэтгэн толилуулах аргачилалыг баримтлан санаа олоход шамдвал, та өөрийн ур чадвар хийгээд шинж чанараа дээд хэмжээнд нь тултал дайчилж чадах буй за.
Young-ийн ачаар бид бүхэн дээрх асуудлын цөмийг анзаарч чадна. Олон жилийн турш зар сурталчилгааны үйл ажиллагаа явуулж ирсэний үр дүнд, оновчтой бөгөөд сэтгэл хөдөлгөм санаа олох явдал л чухам харилцааг амжилтанд хүргэх түлхүүр болохыг тэрээр бие сэтгэлээрээ мэдэрчээ. Түүнээ бид бүхэнд тунгалагаар ойлгуулаад зогсохгүй, тэр зорилго тийш хүрэх замыг хүртэл номлож үлдээснийг энд сийрүүлэн хүргэхийг зоръё.

  • Оршил
Энэхүү бяцхан эссе бол, анх Чикагогийн их сургуулийн бизнесийн ангид зар сурталчилгаагаар мэргэжин суралцах мастер оюутнуудын лекц болж, хожим нь зар сурталгааны салбарт ажиллах албан хаагчидын цуглаан дээр хоёр гурвантаа илтгэл болон яригдсан зүйл билээ.
Энэ сэдэв бол уул шугамандаа мэргэжлийн сэтгэл судлаачдын барьж авах ёстой ажил боловч, миний бие сэтгэл судлаач биш. Тиймээс миний энэ эссе нь, хүмүүсийн санаа гэж нэрлэх тэр зүйлийг олдог ажлаар амьдралаа залгуулахаас өөр чадваргүй нэгэн хүний хувийн туршлага төдийхөнөөс илүү үнэ цэнэ хүрэхгүй биз.
Би анх энэхүү эссег эмхэтгэх болсон нь, тэр нэгэн ням гаригийн бага үдэд, маргаашийн хичээл дээр ямар лекц тавихаа бодон гиеүрсэнээр эхэлсэн билээ. Аз болоход тухайн үед энэ асуудлын талаар иш татан лавлах ном материал ширхэг үгүй, тэр зүгийн бүтээл туурвилын талаар дуулж сонсож байсан ой санамж ч байсангүй. Энэ ном маань гарсны дараа олон салбарын өөр өөр туршлага бүхий уншигчдаас ижил сэдвийн талаар бичигдсэн хэдэн тооны бүтээлийн тухай мэдээлэл олж авсан. Мөн энд тэмдэглэж үлдээх дайны үнэ цэнэ бүхий бүтээл ч бас сүүлийн үед хэдэнтээ хэвлэгдэн гараад буй. Энэ удаагийн хэвлэлийн сүүлийн хуудаснаа онцгойлон гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн 3 номыг тэмдэглэж үлдээлээ.

  • Эргэцүүлэл эхэлсэн түүх
Миний бие Чикагогийн нэгэн зар сурталчилгааны агентлагт алба хашиж байсан сүүлийн жилийн нэгэн өдөр, нэгэн алдартай сэтгүүлийн зар сургалчилгааны хэлтсийн дарга гэх хүнээс утасны дуудлага авав.
- Чухал ажлаар тантай уулзах хүсэлт байна, боломжтой юу?
гэх юм. Удаа ч үгүй тэр хүн амьсгаадсаар миний ажлын өрөөнд хүрээд ирлээ.
Тэрээр ингэж ярив.
- Бид өнөөдөр зар сурталчилгааны хэлтсийнхээ бүрэн хэмжээний хурлыг нээж, түүгээрээ хэрхэн яаж зар сурталчилгааны борлуулалтаа улам тэлэх талаар хэлэлцэж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр бид амжилтанд хүрсэн гадны бусад хэвлэлүүд болон борлуулалтын ажилтнуудын талаар анализ хийхийг оролдсон. Тэр дунд ялангуяа American Weekly сэтгүүлийн ажилтан Kobler-ийн амжилт хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Яагаад Kobler өдий дайны амжилт гаргаж чадав аа гэдгийг олон талаас нь судалсны үр дүнд, шалтгаан нь цор ганц юм байна гэдэг дүгнэлтэнд бид хүрсэн юм. Kobler бол зар сурталчилгааны дэвсгэр зай зардаг бус, санаа зардаг юм байна, гэж.
Тэрээр хөөрсөн байдалтайгаар цааш нь яриагаа үргэлжлүүлэв.
- Тэгээд бид ингэж бодлоо. Бидний үүнээс цааш хийх ёстой зүйл бол чухам яг энэ мөн, гэж. Цаашид бид зай зарахаа болиод, хүн нэг бүрчлэн санаа зарах ёстой юм байна, гэж тогтсон юм.
Наадах чинь үнэхээр гайхалтай яриа байна. Ингэхэд, тэгээд таны надтай ярих гэсэн зүйл чинь юусан билээ? хэмээн намайг асуутал, тэрээр нэлээд түгшсэн царайгаар
- Хийх ёстой ажил маань санаа зарах болохыг ойлгосон биз дээ? Энэ хүртэл бол ямар ч асуудал байхгүй. Харин үүнээс цааш л гацчихаад байгаа юм. Нөгөө асуудлын гол болсон санаа гээчээ яаж олох ёстойгоо бид нар сайн мэддэггүй. Тэгээд би таныг лавтайяа энэ талаар зааж өгч чадах хүн мөн гэж тэдэнд хэлсэн юм. Миний өнөөдөр тантай уулзах гэсэн маань чухамдаа энэ талаар юм л даа. Өдийг хүртэл та олон гайхамшигтай зар сурталчилгааны санааг гаргаж ирсэн. Хэрхэн яаж тэр санаануудад хүрсэн юм бэ? Манай компанийхан намайг энэ талаар танаас сурч аваад, буцаж ирээд ярьж өгөхийг хүлээгээд сууж байгаа.
Ийм этгээд ч юм шиг хэрнээ эгэл асуулт анх удаагаа тулгагдаж буйгаа би тэр дор нь анзаарч билээ. Тиймдээ ч асуултын хариу болгож ямар ч тоймтой зүйл хэлж чадалгүй өнгөрсөн сөн.
Гэсэн ч, хожимоо тэрхүү “Хэрхэн яаж та санаа олдог юм бэ?” гэх асуулт үнэндээ тийм ч даапаалсан асуулт биш байжээ хэмээн бодох болсон юм. Тэр асуултанд ямар нэгэн хариулт хэлэх боломжтой л байсан байж таараа. Тэр явдлаас хойш би үе үе энэ тухай тунгаах болсон билээ.

  • Туршлагаас үүдсэн томъё
Өмнөд номхойн далайд гэнэтхэн үл мэдэх арал гарч ирдэг тухай үлгэрт байдаг ид шидийн нууцлаг шинж, санаа гээчид ч бас тодорхой хэмжээгээр байдаг гэж надад санагддаг.
Эртний далайчидынхаар бол, далайн газрын зураг дээрх юу ч үгүй цэнхэр дэвсгэр дээр гэнэт хаанаас ч юм үзэсгэлэнтэй шүрэн арал ойр хавьдаа ид шидийн гэмээр жигтэй уур амьсгал хөвөлзүүлсээр тодрон гарч ирдэг гэдэг.
Санаа ч бас түүнтэй ижил гэж би бодсоор ирсэн. Бидний сэтгэлийн гадарга дээр яг л тэгж гэнэтхэн тодорч гарч ирээд, яг л тийм ид шидийн гэмээр жигтэй догдлолд хучигдан, мөн яг л тийм ямар нэгэн үл ухагдах нууцлагийг мэдрүүлнэ.
Гэвч, өмнөд далайн шүрэн арлууд гэдэг бол үнэндээ тоогүй олон нүдэнд үл үзэгдэх амьтадын цуглаж бүтээсэн зүйл гэдгийг эрдэмтэд хэлдэг.
Тэндээс өөрт минь ийм бодол төрөв. “Санаа ч бас түүнтэй ижил биш гэж үү?! Санаа гэдэг үнэндээ бидний ухамсар дор хувьсан хөгжсөөр бүрэлдэн биежих уртаа гэгчийн нүдэнд үл үзэгдэх сэтгэлзүйн гинжин процессийн эцсийн бүтээгдэхүүнээс өөр юу ч биш бус уу?”
Хэрэв тийм гэвэл, тэрхүү сэтгэлзүйн процессийг анзаарч, түүндээ дагалдаж, түүнийгээ ашиглаж болохуйцаар өөриймшүүлэх боломж бий болов уу? Бүр туйлшруулж хэлбэл, “Санааг та яаж олдог юм бэ?” гэх тэр асуултын хариулт болохуйц ямар нэгэн томъёо ч юм уу арга зүйг (техник) зохион бүтээж болох юм биш байгаа?
Миний одоо та бүхэнд дэлгэн үзүүлэх гэж буй зүйл бол, дээрх эргэлзээнүүдийн талаар урт удаан тунгааж, өдийг хүртэл надтай дотно холбоотой байж ирсэн санаа бүтээгчидийн ажлын арга барилыг нарийвчлан ажиглан судалсанаар олж авсан дүгнэлт юм.
Би ийм дүгнэлтэнд хүрсэн. Юу гэвэл, санаа бүтээх нь Форд машиныг үйлдвэрлэхтэй адил тогтсон тодорхой дамжлагатай байдаг, санаа бүтээх процесс ч бас нэгэн төрлийн урсгал ажил, санааг бүтээхэд бидний сэтгэлзүй суралцаж хянаж тохируулах боломж бүхий удирдах арга техникийн дагуу ажиллаж байдаг, тэгээд ямар ч багаж хэрэгсэлийг үр дүнтэй ашиглахын тулд өөриймшүүлэх шаардлагатайн адилаар энэхүү арга техникт дадлагажин суралцах нь үүнийг үр бүтээлтэйгээр бүрэн дүүрэн эзэмших нууц жор нь юм, гэж.
Өөрөө бодож олсон энэ чухал томъёогоо яагаад хайр гамгүй бусдад зарлан тараана вэ гэж хэрэв гайхаж байгаа бол, энэ томъёоны талаар хувийн туршлагаасаа суралцсан 2 зүйлийг та бүхэнд дэлгэе.
Нэгд, энэ томъёо бол тайлбарлавал дэндүү хялбархан энгийн учир, учиргүй тэнэг л биш бол хэн ч үүнийг сонссон дороо үнэмшихгүй гэх явдал. Хоёрт, тайлбар нь илэрхий тодорхойн туйл боловч, бодитоор үүнийг хэрэгжүүлэе гэвэл нөхцөлгүй хүнд оюуны хар ажил шаардах тул, энэ томъёог гартаа оруулсан төдийд хэн бүхэн бүрэн дүүрэн ашиглаад байхгүй гэх явдал юм.
Тиймээс энэ томъёогоо би талаар нэг тараалаа гээд, миний амин зуулга болсон зах зээлд минь санааны нийлүүлэлтийн илүүдэл үүсэх бодит аюул үнэндээ хаана ч байхгүй билээ.

Үргэлжлэл - Санаа бүтээх техник (2р хэсэг)

3 comments:

Unknown said...

удирдлагын арга техник=??

ТОМё БОДё said...

Сэтгэлзүйгээ удирдах арга техник

batuug said...

TRIZ буюу Теория Решения Изобрательских Задач гэж онол үүсээд, маркетинг мэт рүү салбарлаад удсан шүү дээ

Post a Comment