2015/08/21

Санаа бүтээх техник (2р хэсэг)

Өмнөх - Санаа бүтээх техник

  • Паретогийн хууль
Ингэхэд бид бүгдээрээ л “Энэ лав төрснөөсөө хойш өнөөдрийг хүртэл юу ч шинээр сэтгэж үзээгүй байх аа” гэж үнэлэхүйц хэн нэгнийг таньцгаадаг.
Үүгээр би энэхүү сэдвийн эхний бодит эргэлзээг хөндөхийг оролдъё. Юу гэвэл, хэрэвзээ санаа олдог арга техник болохуйц зүйл үнэхээр байдаг байлаа ч, түүнийг хэн бүхэн бүрэн дүүрэн эзэмшин хэрэглэж чадах болов уу? Эс бөгөөс өнгөний мэдрэмж, сонсох мэдрэмж, эсвэл хөзрийн карт баримжаалах мэдрэмж гэж байдгийн адилаар бидэнд төрөлхөөс заяагдсан санаа олох байгалийн авьяас гээч юм байдаг юм болов уу, хэмээх эргэлзээ юм.

Италийн нэрт нийгэм судлаач Паретогийн “Сэтгэлзүй ба нийгэм” хэмээх номонд энэ эргэлзээнд хандсан нэгэн хариулт бичигдсэн байдаг.

Парето энэ дэлхийн бүх хүмүүсийг 2 үндсэн төрөлд ерөнхийлөн хуваах боломжтой гэж үзэв. Тэрээр уг номоо Франц хэл дээр бичсэн тул тэр 2 төрлөө Speculateur ба Rentier гэж нэрлэжээ.
Энэ ангиллаар бол Speculateur гэдэг нь Англи хэлний Speculative буюу утгачилбал “эрэлхийлэгч” гэх утгатай үг. Нэг ёсондоо Speculateur гэдэг бол шинийг эрэлхийлэгч төрлийн хүмүүс юм. Энэ төрлийн хүмүүсийн гойд онцлог гэвэл, Паретогийнхоор бол тэд шинэ сэлгэмэлийн боломжуудын талаар үргэлж бодолхийлж явдаг юм гэнэ.
Энэ бүрхэгдүү тодорхойлолтыг дотроо сайн тогтоогоод авахыг хүсье. Учир нь энэ яриандаа дараа дахин буцаж орох болно. Ялангуяа “бодолхийлэх” гэдэг үгийг, түүний “ургуулан бодох” гэдэг салаа утгатай нь хамтад нь сайтар анхаарч авна уу.
Парето дээрх Speculateur төрөлдөө бизнес эрхлэгчид төдийгүй, бүхий л төрлийн нээлт хийгчид, Паретогийн өөрийнх нь нэрлэсэн “улс төр, гадаад харилцааг дахин шинэчлэгчид” хэмээх үйл хэргийг гардагчдыг хамааруулсан байдаг.
Шулуухандаа бол (жишээ нь манай улсын ерөнхийлөг Рузвельт шиг) “заа ингэсгээд болно доо” гээд дуусгахыг боддоггүй, яавал үүнийг улам сайжруулан шинэчилж болох вэ хэмээн цаг ямагт эргүүлж тойруулан эргэцүүлэх бүхий л салбарын хүмүүс дээрх төрөлд харьяалагдана.
Паретогийн хоёр дахь төрлийг тайлбарлахдаа хэрэглэсэн үг Rentier нь англи хэлний Stockholder буюу “хувьцаа эзэмшигч” гэсэн утгатай. Түүнийхээр бол энэ төрлийн хүмүүс нь хайрцагт баригдсан, аливааг яв цав хийдэг, төсөөлөн бодох чадвар султай, хуучинсаг үзэлтэй хүмүүс бөгөөд, түрүүлж алхах Speculateur хүмүүст залагддаг талынхан юм. Нийгмийн бүрэлдэхүүний тухай ерөнхий тайлбар талаасаа Паретогийн онол нь хэр зохистой эсэхийг хойш тавиад, юутай ч дээрх хоёр төрлийн хүмүүс бодит амьдрал дээр үнэхээр оршин байдаг болохыг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх нь эргэлзээгүй болов уу. Тэдгээр хүмүүс төрөлхийн тийм төрөлд төрчихсөн юм болов уу, эсвэл орчин хийгээд хүмүүжил нь тэдний төрлийг тодорхойлчхов уу гэдэг нь энд асуудал биш. Ямар ч байсан л тийм хүмүүс үнэхээр оршин байдаг.
Тэгэхээр, санааг бүтээх ямар ч арга техник байгаад хэрэг болохгүй гэж үздэг хүмүүс энэ хорвоогоор дүүрэн байдагт эргэлзэх аргагүй болж таарлаа.
Гэвч бидний хувьд юу чухал вэ гэвэл, The Speculateur хүмүүс, өөрөөр хэлбэл орчлон хорвоог дахин шинээр бүтээн байгуулахыг хүсэгчид ч бас асар том группыг үүсгэдэг гэх явдал юм. Үгүйдээ л тэдгээр хүмүүс санааг бүтээн гаргах байгалийн авьяасыг өөртөө тээх ба, дээрээс нь тэр авьяас бол тийм ч ховор сонин эд биш юм. Тиймээс, бурхны адисласан хүүхдүүд болох хүмүүс бүгдээр далавчтай байдаггүй байлаа ч, уншигч та бүхэн бүгдээр тэр далавчийг эзэмшигчдийн нэг байхыг хүсч буй дор, тэдгээр хүмүүсийг ч бас далавчтай гэж үзэж болох биз.
Ямартай ч, хэрэв хэн нэгэн хүн зар сурталчилгааны ажилд дур сонирхол нь татагдсан гэвэл, тэр нь тэр хүн бол орчлон хорвоог дахин шинээр бүтээн байгуулахыг хүсэгч талынхны нэг гэсэн үг бөгөөд, улмаар түүнд ямар нэг хэмжээний бүтээлч чадвар агуулагдах тул, бусад бүхий л авьяасын нэгэн адилаар тэр чадвараа зүлгэн тордохыг үнэн сэтгэлээсээ хичээн мэрийж, мөн тэр чадвараа дээд түвшинд дайчлах арга техникт суралцах юм бол бүтээлч чадвар нь гойд сайжрах учиртай, гэж үзэх боломжтой гэж санагдана.

·                     Сэтгэлээ дасгалжуулах нь

Тэгэхээр, бид бүхэн төрөлхөөс санаа бүтээх авьяас чадвартай байдаг хэмээн тооцъё. Эндээс бид бүхэн, тэгвэл тэр авьяасыг хөгжүүлэх ямар арга чарга байдаг бол? гэх дараагийн эргэлзээнд тулж очно.
Ямар ч арга техникийг эзэмшихийн тулд мэдэх ёстой чухал зүйл бол нэгдүгээрт зарчим, хоёрдугаарт аргачлал байдаг. Санаа бүтээх арга техникт ч бас энэ хүчинтэй.
Эрээвэр хураавар тасархай мэдлэг гээч юм юунд ч хэрэг болдоггүй. Учир нь тэр бол профессор Роберт Хуччинс (Robert Hutchins)-ийн нэрлэсэн “Огцом элэгдэн хуучрах факт” гэх зүйлээс бий болдог мэдлэг болохоор тэр. Зарчим болон аргачлал л бүхнийг тодорхойлно. Үсэгний хэв (фонт) цээжлэх ч юм уу, тоогүй олон хэвлэлийн компаниудын сурталчилгааны төлбөрийг тооцож, эх бичвэр хүлээж авах эцсийн хугацааг тогтоож, сургуулийнхаа багшийг түгштэл нь хичээлээ давтаж, ТВ-ээр цацагдах коктейл үдэшлэгт бөгс эргэх зайгүй чихэлдэх уран бүтээлчдийн нэрсийг нэг бүрчлэн цээжлэх гэх мэт, иймэрхүү зүйлсийг залхууралгүй хийе гэвэл боломжгүй явдал биш ч гэлээ, энэ мэт эрээвэр хураавар юм бүхнийг мэддэг байгаад ч сурталчилгааны мастер гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй байх магадлалтай. Яагаад гэвэл, зар сурталчилгаа үр нөлөөгөө үзүүлдэг цаад зарчим болон үндсэн аргачлалыг бүрэн ойлгоогүй учраас тэр.
Эсрэгээрээ дээрх шиг зүйлсийг огт мэдэхгүй байлаа ч, зар сурталчилгааны зарчим болон аргачлалын талаар бүрэн ойлголттой л бол бага зэргийн техникийн туслалцаа аваад хангалттай үр дүн гаргаж болно.
Санаа бүтээхийн тухайд ч үүнтэй нэгэн адил. Мэдвэл зохих хамгийн чухал зүйл бол, тухайн нэг санааг хаанаас хайж олох тухай бус, бүхий л санааг бүтээх аргачлалд сэтгэлзүйгээ дасгалжуулж, бүхий л санаануудын үндэс болохуйц зарчмыг толгойндоо бүрэн суулгах явдал юм.

·                     Хуучин элементүүдийн шинэ сэлгэмэл

Санаа бүтээх суурь болохуйц ерөнхий зарчмын тухайд хоёр чухал зүйл бий гэж санана.
Түүний нэгнийх нь талаар Паретогийн ишлэлд аль хэдийнэ дурьдаад өнгөрсөн. Юу гэвэл, санаа гэдэг бол хуучин санаануудын шинэ сэлгэмэлээс өөр юу ч биш гэх явдал.
Энэ бол санаа бүтээхтэй холбоотой магадгүй хамгийн чухал факт юм. Гэхдээ дараа аргачлалын тухай ярих хүртэл би энэ талаар гүнзгийрүүлэлгүй орхиё. Тэгсэн нь илүүтэй энэхүү фактын хэр чухлыг тод томруунаар ойлгож авахад тус болно.
Хоёр дахь чухал зарчим бол, хуучин элементүүдийн шинэ сэлгэмэлийг гаргаж авах авьяас нь, аливаа юмс үзэгдлүүдийн хоорондын хамаарлыг олж анзаарах авьяас дээр тулгуурлах тал нь том байдаг гэх явдал. Санаа бүтээх явцад бидний сэтгэлзүйн үйл ажиллагаанд гарах хамгийн илт өөрчлөлт нь энэ болов уу. Фактуудыг тус бүртээ салангид мэдлэгийн тасархайнууд гэж хэлэх хүн байж болно. Тийм юм уу гэх гэтэл, нэг факт нь цуврал гинжин мэдлэгийн нэг гархи нь юм байна гэж хэлэх хүн ч гарч ирнэ. Энэ тохиолдолд тухайн факт нь бусад фактуудтай харилцан хамаарал болон төсөөтэй шинжийг агуулж, нэг факт гэхээсээ харин ч бүх фактуудад хамаарах ерөнхий зарчмаас гаргаж авсан жишээ, дээж гэж үзэх нь илүү дээр байх юм.
Зар сурталчилгаа болон сэтгэл мэдрэлийн өвчин судлал хоёрын хоорон дахь хамаарлаас ч үүний тухай нэгэн жишээ баталгааг гаргаж үзүүлж болмоор санагдана. Зар сурталчилгаа ба сэтгэл мэдрэлийн өвчин судлал. Өнгөц харахад энэ хоёр хоорондоо ямар ч хамааралгүй. Ингэж бодохыг хүсвэл болохгүй ч юмгүй л дээ. Гэвч сэтгэл мэдрэлийн өвчин судлаач хүн, үг (буюу эмоцыг илэрхийлэх тэмдэгт гэдэг утгаар хэлэх үг) хэрхэн өвчтөний нэг насны амьдралд гүнзгий нөлөөлдгийг олж мэдэхийг зорьдог. Профессор Harold Lasswell сэтгэл мэдрэлийн өвчин судлаачийн гаргаж ирсэн хэл=тэмдэгтийн судалгааг улс төрийн үйл ажиллагааны салбарт ашиглаж, энэхүү хэл тэмдэгтээр хэрхэн эмоцлог инерцийг дагуулсан суртал ухуулга хийж болдгийг баталж үзүүлсэн байдаг.
Юмс үзэгдлийн хамаарлыг шалмаг анзаардаг хүмүүсийн сэтгэлд, энэхүү хэл тэмдэгтийн хэрэглээний талаар зар сурталчилгаанд авч ашиглаж болох нэг бус санаа төрөн гарна. Жишээ нь, гарчиг доторх ердөө ганц үгийг сольсноор уг рекламны тархалт 50% хүртэл өөрчлөгдөх боломж байдаг нь ч бас ийм шалтгаантай холбоотойнх болов уу. Үгийг толгой холбосон чихэнд наалдацтай хэлц мэх маягаар судалж суралцсанаас, эмоцлог тэмдэгт гэдэг утгаар нь судлах нь хамаагүй дээр зар сурталчилгааны боловсрол болох биз. Тухайн нэг рекламд миний бусдад төрүүлэхийг зорьж буй сэтгэл хөдлөлийг хамгийн тод илэрхийлэх тэмдэгт болох үг юу байж болох вэ, гэх мэтээр тунгааж сурах хэрэгтэй гэсэн үг.
Мэдээж хэрэг, энэ мэтээр аливаа хамаарлыг олж анзаарч чаддаг болмогц, тэндээс нэгэн ерөнхий зарчим гэмээр зүйл гаргаж авах боломжтой гэдэг нь энэ асуудлын оргил цэг юм. Тэр ерөнхий зарчмыг л бүрэн ойлгочихвол тэндээс шинэ хэрэглээ, шинэ сэлгэмэлийн сэжүүр битүүхэн харагдах болно. Тэгээд түүний үр дүн болж шинэ санаа төрөн гарах учиртай.
Тиймээс факт хоорондын хамаарлыг эрж хайх сэтгэлийн зуршил бол санаа бүтээх хамгийн чухал зүйл юм. Ингэхэд энэхүү сэтгэлийн зуршилыг зүлгэн тордох боломжтой гэдэгт хэн ч эргэлзэхгүй нь тодорхой. Зар сурталчилгаа зохиогчдын энэ зуршлаа дасгалжуулах хамгийн шалгарсан аргын нэг бол нийгмийн ухааны салбарын хичээл үзэх гэж би хэлмээр байна. Жишээ нь Veblen-ий “Leisure class” (Тансаг давхрага?), Riesman-ийн “Ганцаардсан сүрэг” зэрэг номнуудыг уншсан нь, зар сурталчилгааны талаар бичсэн баргийн номноос дээр байж мэднэ шүү.

Үргэлжлэл - Санаа бүтээх техник (3р хэсэг)

1 comment:

Oyunerdene said...

Номыг нь уншиж болох боловч энэ бичвэрийн үргэлжлэлийг л бушуухан уншмаар байна.

Post a Comment