Монголд төрсөн хүний хувьд насанд хүрэх шиг амархан юм байхгүй. Яаж ийгээд 18 жил амьд арзайхад л болоо. Тэгээд гэнэтхэн нэг өглөө, өөрийнхөө өмнө 100% хариуцлага хүлээх чадвартай, нийгмийн хэв журамд суралцсан, бие даан амьдрах чадвартай, хуулийн ерөнхий мэдлэгтэй, улс төрийн байр суурьтай, архи тамхи авгай хүүхэн... ер мэдэхгүй чадахгүй юмгүй, хэнтэй ч эрх тэгш иргэн болж сэрнэ...
Биднийг хэрхэн насанд хүрдэгийг дуулбал Папуа Шинэ Гвинейн Huli омгийн эрчүүд ер нь сайн ойлгохгүй биз. Учир нь тэнд насанд хүрэхийн тулд 10 жилийн турш суурь бэлтгэл, дээр нь дор хаяж 2 жилийн даяанчлал (training) хийх хэрэгтэй.
– Бид тусдаа гарахдаа ч, гэр барихдаа ч овгоосоо зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Биеэ даахын тулд хүнд бэлтгэлийг давж, хэнээс ч дутахааргүй том хүн болсон гэдгээ батлахгүй бол болохгүй.
Яагаад тэд насанд хүрэхийн төлөө бэлтгэл хийх ёстой байдаг юм бол??
Тэндэхийн хүүхдүүд оройтлоо гэхэд 10 наснаасаа эхэлж бэлтгэлийн тусгай гэрт амьдарч эхлэнэ. Тэнд гэр орны ажил, хоол хийх, тариан талбайн ажил гэх мэтэд суралцаж, ойр зуурын ан ч хийнэ.
Байлдаан тулааны үндсэн мэдлэгийг ч тэндээс авна. Папуа Шинэ Гвинейн аралд 800 илүү тооны овог омог амьдардаг тул, тэдний хооронд үүсдэг том жижиг зөрчил тэмцэл хэзээд тасрахгүй.
Гэхдээ тулааны урлагаас илүү ач холбогдол өгдөг нь, эсрэг талтайгаа хэл амаа ололцох чадвар байдаг гэнэ.
Эцсээ хүртэл дайтаад байх юм бол хэн хэн нь мөхөх аюултай. Тиймээс, сөргөлдөөнийг хэрхэн чадварлаг төгсгөх вэ гэдэг юунаас ч илүү чухал юм.
Хүүхдүүдэд зориулсан суурь бэлтгэл 10 жил хэртэй үргэлжилж, 20 нас хүрэх үед даяанчлалд явах эрх нь нээгдэнэ (монголын цэргийн албатай зүйрлэж болох боловч, агуулга нь нэлээн өөр).
Яг эндээс Huli омгийг жинхэнэ Huli омог болгодог тэр аялал эхлэх болно. Тэднийг илэрхийлэх хамгийн том онцлог бол тэдний "Хиймэл үс (парик)" юм.
Даяанчлалын 2 жилийн турш, үсээ огт тайралгүйгээр ургуулах тул, сүүлдээ мундаг том мөөг шиг болж ирнэ.
– Huli омгийн хүний хийморь сүлд нь түүний хиймэл үсэнд оршдог юм
гэж омгийн нэгэн буурай хүүрнэнэ.
2 жилийн турш нандигнан ургуулсан өөрийнхөө үсээр, насан туршдаа хэрэглэх хиймэл үсээ хийдэг юм байна. Тэгээд тэрхүү хиймэл үс нь өөрийн бүх насны хийморь лундаа, сүр сүлд болох тул юунаас ч илүүтэйгээр нандигнан ургуулахгүй бол болохгүй.
Өдөр болгон 3 удаа усаар арчилж, улам хүчтэй улам үзэсгэлэнтэйгээр ургахыг залбиран шивнэж, тогтмол үсэндээ цэвэрлэгээ хийнэ.
Унтахдаа тухлан хөрвөөж ямбалах гэвэл үснийх нь хэлбэр алдагдах тул, мөчирөөр дэр хийн, үсээ газар хүргэлгүй болгоомжтой унтана.
Хэрвээ даяанчлалын үеэр үсээ гэмтээх явдал гарвал, бүхнийг дахиад 0–с эхлэх дүрэмтэй.
Ийм байдлаар ганган үсээ тордонгоо, хажуугаар нь тосгоныхоо түлээ түлшийг бэлтгэх, ганцаараа тариан талбайгаа арчлах, тулааны бэлтгэл суургуулилтаа хийх гээд ажил огт тасрахгүй. Энэ бүх ажил хөдөлмөрөөр дамжуулж "бусдыг бодох тусч сэтгэл" болон үүргээ ухамсарлах "хариуцлагын мэдрэмжийг" өөртөө төлөвшүүлнэ.
Түүнээс гадна, даяанчлалын үеэр эмэгтэй хүнд ойртох хориотой. Ээжтэйгээ ч уулзаж болдоггүй төдийгүй, эмэгтэй хүний тухай бодохыг ч хориглодог юм гэнэ (ерөнхийдөө бол Huli омгийнхон эр эмээрээ тусдаа амьдардаг. Харин эмэгтэйчүүд нь даяанчлалд явдаггүй).
Ингэж явсаар 2 жил даяанчилсаны эцэст, арай хийн омгийн томчуудаар дүнгээ тавиулж, тэнцэгсэд нь өөрийнхөө үсийг хиймэл үс болгохыг зөвшөөрөгдөнө. Ингээд амьныхаа үсийг амьдарлын хиймэл үсээ болгож, сая бусадтай эн чацуу насанд хүрсэн нэгэн эр хүн болох аж.
Эрийн цээнд хүрнэ гэдэг өөртөө эзэн болохын нэр биз. Өөртөө эзэн болж чадсан хүн сая бусдад нөмөр болж, нийгэмд дэм болох чадамжтай болно.
Цаг үе, орчин нөхцөлөө дагаад өөртөө эзэн болоход шаардлагатай мэдлэг чадвар, ёс суртахуун ч бас өөр өөр байх нь аргагүй боловч, болтол нь чанахгүй л бол юу ч шүүрхийгээрээ үлддэг тэр шинж чанар хаана ч адилхан л болов уу.
Бидний нийгэмд амьд үлдэхийн төлөө алалдан тулалдах шаардлага үгүй, сул дорой ч гэсэн амьдрах боломж бүрэн бий. Гэсэн ч бид хойч үеэ хөл дээр нь зогсоход нь идэвхитэйгээр дэмжин тусалж чаддаг бил үү? Үүнийг та аль нэгэн яам болон сургууль гэлгүй, өөрөөсөө асуух хэрэгтэй.
Биеэ даасан хүний дайтай том хүн боллоо гэсэн тэр мэдрэмжийг, эцсийн эцэст хувь хүн өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд олж авахаас өөр ямар ч боломжгүй.
Энэ талаас нь харвал, хүчээр ч атугай хүн болдог Huli омгийн залуус харин ч биднээс азтай байж мэдэх юм.
Жолооны үнэмлэх авахад шалгалт өгөх шаардлагатай.
Иргэний үнэмлэх авахад шалгалт өгөх шаардлагагүй.
- Is that OK?
1 comment:
Баярлалаа таны постуудаар цангадаг шүү
Post a Comment