2016/11/28

Бодит ертөнц

 -     Өөрийнхөө чадварыг массын 25%-с доогуур гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ингэж асуувал хэн ч гараа өргөхгүй.

-     Тэгвэл дундажаас дээгүүр гэж боддог хүн гараа өргөнө үү?
Ойролцоогоор 80% нь гараа өргөнө.


Хальт марзан яриа л даа. 80% нь дундажаас дээгүүр байна гэдэг, статистикийн хувьд байх боломжгүй.
-     Хүн гэдэг байгалиасаа өөдрөг амьтан юм.
гэж мэргэжилтнүүд хэлнэ. Дээр нь нэмээд бас ингэж хэлнэ:
-     Өөртөө бол өөдрөг ч, өөрөөсөө бусдыг бол гутрангаар хардаг.

Тамхи татвал уушгины хорт хавдар тусах магадлал өндөрсдөг болохыг яаж ч баталж үзүүлээд, ихэнхи тамхичид яагаад ч юм “зөвхөн өөрт нь бол падгүй” юм шиг бодон төөрөгдөнө.
Мотоциклын ослоор нас барагсдын тоо машинаас 30 дахин их гэж хэлээд ч, яагаад ч юм “Би лав зүгээр” гэж мотоциклчид бодно.
Мэргэжилтнүүд үүнийг ингэж тайлбарлана:
-     Тэгж бодох нь өөрт нь ашигтай санагддаг байх л даа.

Ашигтай л гэж санагдвал тархи гэдэг эрхтэн хээв нэг бодит ертөнцийг үл хэрэгсэнэ.
Таатай санагдвал байхгүй юмыг ч байгаа мэтээр бодон төсөөлж, таагүй санагдвал байгаа юмыг ч байхгүйд тооцон аньж орхино.
Жишээ нь, модны цаанаас муурын сүүл цухуйж харагдаж байг гэе. Тэр үед хүний тархи харагдах учиргүй “муур”-ыг санаанаасаа төсөөлөн гаргаж ирнэ. Энэ бол “Amodal гүйцээлт” гэж нэрлэгдэх тархины үйл ажиллагаа бөгөөд, хуучны мэдээлэлтэй холбон төсөөлөх замаар бодит ертөнцийг шинээр бүтээчхэж байгаа нь тэр.

Яах вэ, мэдээж муурын сүүл харагдаж байгаа юм чинь, муур байгаа л байх. Гэвч, тархи хэт гүйцээж бодоод байвал бодит ертөнц улам л зэрэглээтэн бүрэлзэх болно. Өөрөөр хэлбэл “өөдрөг” болж байгаа нь тэр.

Зурагтын дэлгэцэнд гарах дүрс бол бодит биш. Тэр бол ердөө л баахан цэгүүдийн бөөгнөрөл төдий. Хөдөлж харагдсан ч, үнэндээ тэнд юу ч хөдлөөгүй. Цэгүүд секундэд 30 удаа өнгөө хувиргаж буйгаас хэтрэхгүй.
Хэл яриа ч бас уул шугамандаа утга үгүй.
Зүгээр л дуу чимээ төдий.
Үнэхээр ч, өөрийн мэдэхгүй хэлийг сонсвол түүний утга “пүн чин кан тон” тул, учир жанцантай үргэлжилж байна гэж тун бодохгүй.

Аливааг байгаа чигээр нь харвал, эсвэл байгаа чигээр нь сонсвол, тийм л юм болно.

Утга хийгээд учир холбоо гээч юм нэг ёсондоо тархи хойноос нь нэмж зүүдэг орчуулгын мэдээлэл төдий гэсэн үг. Тэгээд тэр мэдээлэл гээч юм ч бас ердийн нэг цахилгаан гүйдлийн л үр дүн.
Эртний буддын мэргэд энэ талаар гүнзгий ухамсарласан байх нь бий.

Шинжлэх ухаанаар хэлбэл Квант механикийн онол болно.
Квант гээчийн оршихуй нь өөрөө “тодорхойгүй” гэгддэг. Орон зайн байрлалыг нь тогтооё гэвэл, цаг хугацааны хурд нь бүрэлзэж, эсрэгээрээ цаг хугацааны хувьд барьж авбал орон зайн байрлал нь бүрэлзэнэ.
Квант физикчдын дуртай муур болох “Шрёдингерийн муур” нь тагийг онгойлготол хайрцган дотроо оршсоор байна гэсэн баталгаагүй. Нүдний чинь өмнө дөнгөж сая хайрцагт хийсэн байлаа ч, тэр бүү хэл сүүл нь цухуйж байсан ч “Одоо ч хайрцагт байгаа” гэсэн баталгаа өгөх боломжгүй.

За тэгвэл бодит ертөнц гэж яг юу вэ?
Хэн нэг нь ингэж асуувал, нэг талаар сууриараа марзан шинжтэй.
Яагаад гэвэл, хариулаад хэлчих бодит ертөнц гээч юм гарцаагүй бий гэсэн бодлоос л ийм асуулт төрнө. Квант физикч бол ингэж асуухгүй л болов уу.

Эрт цагт Платон бодит ертөнцийг “Агуйн хананд тусах сүүдэр” хэмээн илэрхийлсэн. Түүдгийн гэрлээс агуйн хананд тусах хүмүүсийн сүүдэр. Бодит ертөнц гэдэг бол тэр мэт сүүдэр шиг оршихуй юм гэнэ. Орчин үед үүнийг “Холографикийн зарчим” ч гэдэг.

3 хэмжээст гэж боддог ертөнц маань үнэндээ сүүдэр шиг толь шиг 2 хэмжээст юм гэвэл, нээрээ л сонирхолтой. Хэмжээс нь ихсээд хүндрэх бус, харин ч цөөлөн хялбарчилъя гэж байгаа хойно.
Гэсэн ч, шатны тоосыг хулсны сүүдэр шүүрдээд шүүрдээд хөдөлгөхгүй. Усан дээр туссан сарыг ямар ч үер урсгахгүй. Аливааг хялбарчлах тусам туйлшрах хандлага лавширна. 2 туйлт үзэл гэдэг чухам Буддистуудын онцгойлон сэрэмжлэх зүйл.

Зэн буддын багш нар сургана:
-     Хамт нь март (?).  Гэрэл сүүдэр, том жижиг, гадна дотор, хар цагаан, юм бүхнийг хоёр хувааж бүү бод. Хоёуланг нь март!...



... Хоёр туйлаас мултар.


Тархины орчуулгыг анзаар.


Үнэнд яарахаа азна.


Байгаагаар нь мэдэр...


Mindfulness - (Энэ талаар ухаж сонирхууштай).

Жир хүн бид чадах болов уу?

3 comments:

  1. тархи сэтгэл яах гэж бүтээсэн бэ гэдэг цааш үргэлжилэхгүй юм уу?

    ReplyDelete
  2. Anonymous2/12/16 15:50

    Yagaad orchuulsan eh survaljiinhaa linkiig tavidaggui um be?

    ReplyDelete