2016/11/16

20. Есүс Христ. Дэргэдэх хүнээ хайрла

Өмнөх - 19. Эпикурос. Бурхныг тоох хэрэггүй



Хоёр тэрбум илүү шүтэгчтэй гэгдэх дэлхийн хамгийн том шашин Христ.
Гэвч үнэндээ энэхүү шашны бүлэглэл дөнгөж үүсч байх тэр үедээ өнөөгийн бидний ярьдагаар “Мүүн гэдэг шиг сэжиг бүхий алтернатив шашны урсгал” төдий л зүйл байж.
Тэр нь Есүст итгэгчдийн цуцашгүй түгээн дэлгэрүүлэлтийн үр дүнд дэлхийн хэмжээний шашин болон өнөөдөртэй золгожээ. Тэгвэл олон сүсэгтнүүдийг увдисдан татсан Есүс гэгч чухам ямар хүн байсан юм бол?
Тэгэхээр энэ тухай ярихын өмнө, эхлээд Христын шашны дэвсгэр болох Еврейн шашны (Жүүдийн шашин) тухай яльгүй ойлголттой болоод орхиё.
Еврейн шашин бол нэрнээс нь харсан ч илэрхий “Еврей хэмээх үндэстний бүтээсэн шашин” бөгөөд, бусад шашнаас ялгарах онцлог нь гэвэл олон тооны бурхад бус, энэ ертөнцийг бүтээсэн бүхнийг мэдэгч бүхнийг чадагч “цор ганц бурхныг” л тахин шүтдэг шашин буюу 1 бурхант шашин (monotheims) юм. Тэгээд тэрхүү Еврейн шашинд итгэгч еврей хүмүүс бол “Цор ганц үнэмлэхүй бурхантай гэрээ байгуулсан нь зөвхөн бидний Еврей үндэстэн учир, ертөнцийн төгсгөл ирэх цагт аврагдан үлдэх нь сонгогдсон хүмүүс болох бид нар л байх болно” гэсэн сонгогдсон ард түмний үзэлд гүн итгэгчид байлаа.
Гээд сонсохоор “Еврейн шашин гэж ялгаварлан гадуурхаж алаг үзсэн, эгоист шинжтэй (БИ төвтэй) хачин шашин байна” гэж санагдаж болох авч, Еврей үндэстний түүхийг сонжиж үзвэл бага зэрэг ойлгон зөвшөөрч мэдэх юм. Юу гэвэл, Еврей хүмүүс бол тийм эгоист шашин бүтээхгүй л бол амьд үлдэх аргагүй дэндүү гаслант түүхийг туулж ирсэн ард түмэн учраас тэр.
Тэдний гаслант түүх бүр аль НТӨ 13-р зуун гэх дотор харанхуйлам балар цагаас эхтэй.
Төдийг хүртэл Хэбрай гэх газар энх тунх амьдарч байсан Еврей хүмүүс гэнэт нэг өдөр довтлон ирсэн эртний Египетийн цэрэгт олзлогдон, 200 гаруй жилийн турш “Боолын зориулалттай үндэстэн” гэгдэн гаслант амьдралыг тулгагдаж, ухаж үл ойлгогдох хяслангийн туйлд талхилагдах нь тэр. Түүний хойно, Моисейгоор толгойлуулан 600,000 Еврейчүүд Египетээс зугатаж чадсан хэдий ч, очих газаргүй тэд хүмүүс 40 жилийн турш хээр талаар хэсүүчилж, дахиж баригдах вий гэж айсаар гачлант тэнэмэл амьдралыг элээнэ.
Тэр тэнэмэл амьдрал дундаа тэд өнөөгийн Еврейн шашин болох “Нэг бурхант шашиндаа” нүд нь нээгдэнэ. Тэд “Бурхны заасан (надаас өөр бурхан шүтэж болохгүй гэх мэт) дүрэмд захирагдаж, түүнийг даган биелүүлээд л байвал бурхан биднийг аврах болно” гэх өөрсдийн шашныг бүтээж, түүндээ хүчтэй итгэх болсон байна.
Тэрхүү шашныхаа ачаар тэнэмэл амьдралыг даван туулж чадсан тэд арайхийн Палестин гэх “бурхны амласан газар” хүрч очино. Тэгээд тэндээ эртний Израиль улсыг тунхаглан зарлана.
Тэгэвч, тэр ч бас хоромхон зуурын од харвалт. Хаант улс “Хойт Израилийн хаант улс”, “Өмнөд Еврейн хаант улс” болон бутран унаж, хойтох нь Ассирияд, өмнөх нь шинэ Бабилонд цохигдон мөхөж орхино. Ингээд улсаа алдсан Еврейчүүд дахин боол болон ачигдах нь тэр.
Энэ хүртлэх бол тэдний түүх бөгөөд, товчхондоо бол “олзлогдоно → боол болно → зугатна → тэнэмэл амьдрал → арай гэж улсаа байгуулна → дороо мөхнө → ахиад боол болно” гэсэн л түүх юм.
Түүнээс хойш Еврейчүүд улсгүй ард түмэн гэгдэн бусад улсад шурган орж, тэр улсынхаа аль болохгүй бүтэхгүй дорд ажлыг авч хийн, арайчүү амь залган үргэлжилсэн учиртай боловч, тийнхүү зовох тэдний хувьд Еврейн шашны сургаал нь ямархан том сэтгэлийн түшиц байсан бол?
Тэд өөрсдийн ард түмний зовлонг ийн тайлбарлан ойлгох болов.

-       Энэ бол бурханы сорилт. Шүд зуун тэсч, бурханд хандах итгэл үнэмшилээ хадгалж чадваас, лавтайяа аврагч эзэн хүрч ирээд биднийг аврах биз.

Энэ бодлоороо тэтгэгдэн, еврейчүүд эцэг өвгөдөөс ам дамжиж ирсэн “бурхны тогтоосон сургаал номлолыг (юу идэж болохгүй вэ гэх мэтийн ёс заншлууд)” сахин биелүүлж, зовлонт амьдралаа шүд зуун тэвчиж иржээ.

Аврагч эзэн Есүс

Тэгээд тийнхүү тэдний залбирал бурхны сонорт хүрэх цаг айлчлан ирэв. Аврагч эзэн гэж өөрийгөө зарлах хүн Есүс Христ гэгч гарч ирэв ээ.
Гэвч…, Есүс гэгч энэ хүн… Үнэндээ Еврей хүмүүсийн хувьд төсөөлснөөс шаал өөр дүрийн аврагч эзэн байх нь тэр.
Ерөөс тэд бурхны илгээх аврагч эзэн гэдэг бол “өндөр харисматик шашны удирдагч” юмуу “дайны суут баатар эр” маягийн хүн байх болов уу гэж төсөөлцгөөж байж. Нэг тиймэрхүү учиргүй мундаг хүн гарч ирээд ард олныг нь нэгтгэн зангидаж, өдийг хүртэл өөрсдийг нь дарлаж ирсэн харийн ард түмэн, дайсан улсуудыг нь хөөн зайлуулж өгнө. Тэгээд чухам тэндээс л жинхэнэ Еврейн эзэнт улсыг байгуулж өгөх болов уу гэж төсөөлцгөөж байлаа.
Тэгтэл тэдэн дээр хүрч ирсэн аврагч эзэн Есүс нь уур амьсгал уншиж мэддэггүй тэс хөндлөн зүйл өөдөөс ярих нь тэр.

-       Дэргэдэх хүнээ хайрла!.

Тэгэлгүй яахав, үнэхээр үзэсгэлэнтэй үг. Хэн ийм үгэнд уярахгүй байх билээ.
Гэхдээ! Яг одоо бол тийм өрөвч сайхан сэтгэлтэй аврагч эзэнг хэн ч хүсэн хүлээсэнгүй. Еврейчүүд “Садаа болсон хэнийг ч бай хурууны үзүүрээр газрын гав руу цөлөөд өгье” гэх маягийн, ер нь тэр зүгийн аврагчийг л хүлээж байлаа.
Гэтэл Есүс шаал хөндлөн хазгай зүйл өөдөөс нь яриад эхлэх нь тэр.

-       Өөрийн дайснаа ч хайрла!.

Юун дайсныг нь үлдэн хөөх нь байтугай, наад дайснаа хайрла гэж хэлэх юм гэнэ. Үнэндээ бол Еврейчүүд өөрсдийг нь алгадах хорсолт дайснуудыг бурхны нэрээр буцаан алгадахыг хүсч байлаа. Булаагдсан цамцыг нь буцааж авч өгөхийг хүсч байлаа.
Харин хүрч ирсэн аврагч эзэн ингэж хэлэх юм гэнэ.

-       Баруун хацрыг чинь алгадвал зүүн хацраа тавьж өг!.

-       Цамцыг чинь булааж авсан хүнд өмдөө ч тайлж өг!.

Аврагч эзэн Есүс тэдний хүссэн зүйлийг нэгээхэн ч биелүүлье гэсэнгүй.
Түүнээс гадна Есүс хэзээд Еврейн талд зогсоно ч гэсэнгүй. Ийм нэг явдал болжээ. Нэгэн хүн хүндээр бэртэн зовж байтал, нэгэн Еврей хувраг хүрч ирээд түүнд туслалгүй тойрч өнгөрөх юм гэнэ. Хуврагт “цогцос болон цус нөжинд хүрч болохгүй” гэсэн цээр байдаг болохоор тэр. Тиймээс Еврей хувраг бурхны тогтоосон номлолыг (хууль дүрэм) баримталж бэртсэн хүнд туслалгүй орхисон нь тэр байв. Тэгтэл тэнд нэгэн Еврей биш өөр цусны хүн (нарийндаа бол Еврей хүн боловч өөр цус холилдсон эрлийз гэгдэн гадуурхагдах Самали хүн) хүрч ирээд бэртсэн хүнд туслажээ гэе. За тэгвэл аль нь сайн хүн бэ?
Есүс “Сүүлчийн өөр цусны хүн нь сайн хүн” хэмээн ажиг ч үгүй хариулсан гэдэг.
Туйлын эгэл бөгөөд илэрхий хариулт гэж санагдаж болох авч, сайн бодож үзэхийг хүсье. Энэ хорвоо гэдэг ажиглан харвал хаа сайгүй ялгаварлан гадуурхах шашнаар бялхаж, сүсэгтэнүүд бүгд “Өөрийнх нь шашинд үл итгэх буруу номтнуудыг хүн чинээ тоохгүй, эсрэгээрээ харин ч алаад өгөх нь тэдний төлөө болох биз” гэх хүртлээ өрсөлдөж, цусан намаг хүүрэн овоо болтлоо дайтан алалцаж байна. Та өч дөчнөөн тийм хүмүүсийн өөдөөс харж байгаад хээв нэг тэгж хариулж чадна гэж үү?
Харин Есүс огтоос айж мэгдэлгүй шулуухнаар “Яалаа гэж. Тэр бурхны зохиосон хууль энэ тэрийг нь мэдэх юм алга. Зүгээр яаж ч бодсон тэр өөр цусны хүн л сайн зүйл хийж байгаа биз дээ? Бурхан ч гэсэн түүнийг л аварч таарна шд” хэмээн илэн далангүй хэлчихсэн хэрэг.
Гэвч мэдээж хэрэг, ийн ярих Есүсийн үг үйлдэл нь “аврагч эзнийгээ” хүсэн хүлээх Еврейчүүдийг хэмжишгүй их цөхрөлд автуулж, тэвчишгүй уур бухимдлаар дүүргэх нь тэр. Эцэстээ Есүс нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хуурамч аврагч эзэн гэгдэн баривчлагдаж орхив.
Есүсийг барьж авсан Еврейчүүд түүнийг нүцгэнээр нь загалмайд цовдолж чулуугаар нүүлгэн “Алив хараач, аврагч эзэн гээ биз дээ? Тийм бол бурхныг дуудаж ирээд өөрийгөө аврахыг чинь харъя, хаха” гэлцэн доог тохуу хийсний эцэст жадаар сүлбэн алсан гэдэг.
Түүнийг харсан Есүсийн дагалдагчид байдгаараа гашуудан шаналав.

-       Яалаа гэж энэ вэ? Ийм харгис хэрцгий байж болно гэж үү? Яагаад ийм сайхан сэтгэлтэй, зөв зүйл хэлсэн хүн ингэж үхлийн муугаар үхэх ёстой гэж?

Алуулах гэж байж, өөрийг нь чулуугаар шидэж жад сүлбэх хүмүүст хандан “Бурхан эцэг минь, тэднийг хэлтрүүлэн өршөөж өгөөч” гэж хүртэл орилох Есүс. Тийм сайхан сэтгэлт хүн яагаад ингэтэл муугаа үзнэ вэ?

-       Үгүй ээ, тийм биш. Аврагч Есүс ингээд үхээд дуусах учиргүй. Лавтайяа бурхны хүчээр буцаж амилсанаас зайлахгүй.

Ийнхүү хүчтэй итгэсэн түүний дагалдагчид энэ тухайгаа газар бүрт түгээн дамжуулж, “Есүс бол жинхэнэ аврагч мөн байсан” гэж өргөмжлөх шашин буюу Христын шашныг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа өрнүүлж эхлэв.
Мэдээж хэрэг,  цаазаар авахуулсан хүн буцаж амь орсон гэсэн яриа сонсоод доог тохуу хийх хүн олон байсан нь тодорхой ч, тэглээ ч тэд шантрах явдал байсангүй. Нээрээ ч тийм сайхан сэтгэлт хүн тэгж үхлийн муугаар олны доог тохуу болон чулуугаар шидүүлж жадаар чичлүүлж байхдаа ч “бусдыг хайрлах” тэр сэтгэл дээрээ зогсож чадсан. Түүнтэй харьцуулахад…, бидний доог тохуу энэ тэрхэн бол юу ч биш, даанч юу ч биш!. Тиймээс тэд нулимс цийлэгнүүлэн байж бархиран зүтгэв. Лавтайяа тэдний цуцашгүй дүрэлзсэн чин сэтгэлийн номлолд зүрх нь уярсан хүн олон байсан нь дамжиггүй биз.
Бодит байдал дээр ч, олон улс орны уламжлагдан мөрдөх шашин нь нэгэнт хоцрогдон хуучирч, буурцаг идэж болохгүй ч гэх шиг ямар учиртай нь үл ойлгогдох мухар дүрэм тулган шаардахаас цаашгүй юмс л дүүрэн болоод байж. Тэдэн дунд “Дэргэдэх хүнээ хайрла. Дайснаа ч бас хайрла. Зүгээр л бусдыг хайрлаж, бусдад сайхан сэтгэлээр хандаж, бид бүхнийг бүтээсэн их эзний хайранд итгэн амьдарцгаая” гэх энгийн хялбар бөгөөд аль ч улс үндэстэнд нийтлэг сэтгэгдэл төрүүлэх номлолоос бодит үнэний цуурайг олж харах хүн олон байсан биз.
Ийнхүү улс үндэстний хил хязгаарыг даван гарч улам бүр түгэн дэлгэрсэн Христын шашин нэг хэсэгтээ аюултай шашин гэгдэн хориглогдож байсан хэдий ч, 4-р зуунд Ромын эзэнт улсын төрийн шашин болж, хөдлөшгүй байр сууринд хүрч очино. Тэгээд тийнхүү өнөөгийн Христын шашин болон бүх дэлхийгээр түгэн дэлгэрсэн гэдэг билээ.


Үргэлжлэл - 21. Августин. Хүн бол бурхны ивээлгүйгээр аврагдах боломжгүй

Философи сурах бичиг

No comments:

Post a Comment