2016/11/11

19. Эпикурос. Бурхныг тоох хэрэггүй



Бурхан гэж ер нь юу юм бол? Ницшегийн “Бурхан үхсэн” гэх үг маш алдартай ч, тэр нь чухамдаа ямар утгатай юм бол?


Бурханы тухай философи эрт цагаас нааш хангалттай олон яригдаж ирсэн боловч, хамгийн хуучны атлаа модернист зүйл өгүүлсэн философич гэвэл яалт ч байхгүй Эпикурос (НТӨ 341 – 271 он) болов уу. Тэрхүү Эпикуросын амьдарч асан НТӨ 300 оны үед дэлхий ертөнцөд байж боломгүй цочир үйл явдал болжээ. Юу гэвэл, бүх дэлхийн ихэнх “төр улсууд” нуран унасан явдал байв.
Энэ бол Александр их хааны суут аян дайн байлаа. Аристотелийн гарын шавь, цөс ихт идэр залуу Александр дэлхийг байлдан дагуулах их хүсэлдээ автаж, үлэмж хүчирхэг армийг бий болгов. Ингээд дэлхийн бүх төр улсуудыг мөхөөе хэмээн дэлхийтэй байлдахаар их аян дайнд мордоно.
Тэр бол ёстой л энх тайвнаар амар жимэр амьдран орших эртний хот тосгодын хувьд гэнэт нөмрөн авсан хөнөөлт цунами байлаа. Түүний их цэрэг бүх дэлхийн улсуудыг хүүе гэхийн завдалгүй залгин устгаж, ээлж дараалан хүйс тэмтэрч гарав. Үр дүнд нь төдийг хүртэл оршин байсан төр улсуудын ихэнх нь мөхөж алга болох нь тэр. Тэгээд Европоос Араб, цаашлаад Ази тив хүртэл дамнан тогтсон аварга том супер эзэнт гүрэн бий болсон байна.
Энэхүү үймээнт цаг үед, эцэг өвгөдөөс уламжилж авсан төр улс нь мөхөн сүйрэх эмгэнэлт уй гашуунд хүмүүс сэтгэлийн тулах цэгээ алдаж, нийгэм бүхэлдээ айдаст хучигдах нь тэр. “МОНГОЛ УЛС мөхөж уствал?” гээд төсөөлөх гээд нэг үз дээ. Үнэндээ тэд ч бас биднээс дутахгүй эх орончид байсан юм. Тиймдээ ч тэдний хувьд “улсаа алдана” гэдэг бол нэг ёсондоо тэд хэн ч биш болж, таних тэмдгээ алдаж, “БИ-гээ алдаж”, хэзээ ч галзуурч мэдэхээр тэвчишгүй хүнд байдалд орсон хэрэг байлаа.
Тиймээс “Энэ чигээрээ айдаст автан урсчилгүй яаж ийгээд аз жаргалтайхан шиг насыг барахын тулд яавал зохилтой вэ?” гэсэн сэдвийг тойруулан философичид идэвхитэйгээр бясалгах болов. Тэгээд түүний үр дүнд доорх 3 философийн урсгал бий болжээ. Ингээд тэдгээрийн талаар бяцхан танилцуулга хийе.
Юуны өмнө Цинизм гэх урсгал төрөв. Тэд бол “хүний ертөнцийн аз жаргалаас” татгалзах замаар “жинхэнэ аз жаргалд” хүрэхийг зорих урсгал юм. Ерөөс “хүний ертөнцийн аз жаргал” гэж юу хэмээвээс, нэг ёсондоо нөгөө л алт мөнгө, гэр орон, эрх мэдэл гэх мэт “ямар нэгэн юм эзэмших явдал” юм. Гэвч, тэрхүү үймээнт цаг үед хэзээ бусдын хүчирхийлэлд өртөхийг хэн ч тааж хэлшгүй. Тийм бол тэр мэт гадаад хүчин зүйлээс болж сүйтгэгдэх “хүний ертөнцийн аз жаргал” гэдэг яавч “жинхэнэ аз жаргал” байж таарахгүй биз. Тиймээс тэд ингэж бодов.

-       Анхнаасаа юу ч эзэмшихгүй байсан нь дээр юм байна.

Өөрөөр хэлбэл, юу ч үгүй бол юугаа ч булаалгах явдал гарахгүй. Тэгээд юу ч үгүй байдалд аз жаргалтай байж чадвал, хэнээр ч сүйтгүүлэх боломжгүй “жинхэнэ аз жаргалд” хүрч чадах учиртай. Ийнхүү энэ урсгалын хүмүүс бүх эзэмшил зүйлээ орхиж, нүцгэн хөлөн дээрээ навсайсан даавуу ганцыг нөмөрсөн төрхтэй гуйлгачин шиг амьдралаар амьдрангаа аз жаргалд хүрэхийг эрмэлзэж байлаа.
Хоёр дахь нь гэвэл Стоицизм гэх урсгал. Стоик гэх үгний уг гарал болох Стоицизм нь даяанчлал бөгөөд, тэд ухамсарыг шүтэж, ёс журам сахилга батыг чандлан сахих нь аз жаргалд хүрэх арга зам гэж үзэв. Харин ухамсар гээчийг уландаа гишгэж орхидог нь хүсэл шунал юм. Жишээ нь, дотроо бол эртхэн унтахгүй бол болохгүй гэж бодох хэрнээ, ачир дээрээ компьютер тоглоом тогломоор байгаа хүсэлдээ ялагдаад үүр цайлгаж байна аа гээд төсөөлөөд үз дээ. Хэрвээ тэр үед ухамсар нь хүсэлдээ дийлдэлгүй зөв үйлийг (эрт унтах) сонгосон бол ямар ч асуудал үүсэх учир байсангүй. Энэ мэтийн зүйлийг тунгаасны үр дүнд тэд өөрийгөө зугаацуулъя гэх хүсэл шуналыг ухамсар журамлан захирч чадвал, асуудал бэрхшээлгүй амар тайван аз жаргалтай амьдрал айлчлан ирэх болно гэж үзэн, хүсэл шуналд үл дийлдэх хүчирхэг ухамсарыг бий болгохын төлөө даяанч амьдралаар амьдрахыг санал болгожээ.
Харин гурав дахь урсгал нь Эпикуризм юм. Түүнийг үндэслэгч Эпикуросын тэмдэглэн хэлэх аз жаргалтай амьдрах арга гээч нь туйлын энгийн хялбар зүйл байлаа.

-       Тааламжтай зүйлээ хийгээд, хөгжилтэй амьдарцгаа.

Уг үгний илэрхийлж буйчлан, түүний философи нь Стоицизмийн чанх эсрэг үзэл бөгөөд, хүний хүсэл шуналыг эерэгээр тусгасан санаа юм. Гэхдээ энд Эпикурос “Даяанчлал хийж хүсэл шуналаа хориод юунд хүрэхийг хэн тааж хэлнэ гэхэв. Зүгээр л жаргамаар байгаа бол зугаа цэнгэлд туйл. Өглөө өдөр оройгүй туйл. Туйлсан шиг туйл, дураараа сав!” гэж огтхон ч хэлээгүй болохыг анхаарна уу.

Жинхэнэ сэтгэлийн цэнгэл

Эпикуросын эерэгээр авч үзсэн сэтгэлийн цэнгэл гээч нь “өлсөх, цангах, даарах, халууцах” мэтийн зовлонгоос ангижирсан “ердийн төлөв”-ийг хэлж буй юм. Тиймээс ердөө ч “Цаг зуурын зугаа цэнгэлд автан туйл!” гэж хэлсэн юм биш. Жишээлбэл, их идэх болон их унтах нь тэр мөчдөө тааламжтай ч гэлээ, хожим нь гарцаагүй муугаа үзэх нигуртай. Тиймэрхүү цаг зуурын сэтгэлийн цэнгэл бол Эпикуросын хувьд “сэтгэлийн цэнгэл” гэх тодорхойлолтонд нэгэнт багтахгүй.
Нэг ёсондоо Эпикуросын хэлэх сэтгэлийн цэнгэл гээч нь жам ёсны хийгээд даруухан зүйл байж. Тэрхүү жам ёсны сэтгэлийн цэнгэлийг жам ёсоор нь дүүргээд зугаатайхан шиг амьдарвал яасан юм бэ хэмээн тэрээр уриалжээ.
Гэх байдлаар, Эпикуросын өгүүлэх аз жаргалд хүрэх арга гэдэг нь туйлаас энгийн хийгээд илэрхий зүйлс л тоочигдох аж. Харин түүний философитой харьцуулахад Цинизм болон Стоицизм нь хэт туйлын, бас хүний ёсноос гажууд гэж хүртэл хэлмээр санагдана.
Жишээ нь, цинизмд материаллаг хүслээс ангижрахын тулд, шинэ хувцсыг ч хэрэг болгон урж навсайлгаж байж өмсдөг гэдэг авч, түүнийг Эпикуросын нүдээр харвал “Яах нь вэ дээ, зүгээр л өмсөөч дээ, хэхэ” гэмээр санагдаж, эсвэл Стоицизмд ямар ч өчүүхэн хүсэл шуналд ч сэтгэлээ дөрлүүлэхгүйн тулд даяанчлал нэрийн дор өдөр бүр өлсгөлөнгийн аварга шалгаруулах дайны юм болдог бол, тэр ч бас Эпикуросын хувьд бол “Тэгж зовж байхаар зүгээр идээд, зүгээр унт л даа нээрээ, хэхэ” гэмээр юм л харагдана.
Дашрамд өгүүлэхэд Эпикуросын бас нэгэн алдартай түлхүүр үг болох “Нуугдаж амьдар” гэх хэлц байдаг боловч, үүнийг “Хүний бараа сураггүй газар очиж ганцаараа нуугдаж амьдар” гэсэн үхээнц маягийн үзэл гэж ойлгох ёстой юу гэвэл үгүй юм. Яагаад гэвэл, Эпикурос бол хэрхэвч хүнд дургүй хүн байгаагүй буюу, харин ч эсрэгээрээ “Үүрд мөнх дуусашгүй дээд сэтгэлийн цэнгэл бол нөхөрлөл юм” гэж хүртэл хэлсэн удаатай. Тийм Эпикурос байж, бусдаас зугатаж ганцаараа ууланд амьдар гэж хэлэх учиргүй нь тодорхой. Тэгэхээр түүний энэ үг илүүтэй ердийн байдлаар “олон түмний хов жив элдэв долоон асуудлаас холуурхан шиг хөдөө газар бараадаж амьдаръя аа” гэх маягийн утгаар нь ойлгох нь зүйтэй болов уу.
За тэгэхээр энэхүү Эпикурос гээч нь бурхны тухай юу гэж боддог байсан бол? Тэрээр доорх байдлаар барьцгүй хөндлөн зүйл өгүүлсэн байдаг.

-       Хэрвээ олны ярьдагчлан бүхнийг чадагч бүхнийг мэдэгч агуу дээд бурхан байдаг гэвэл, тийм бурхан хүн бүрийг нэг бүрчлэн харж цагдана гэж үү? Бүхнийг мэдэгч бүхнийг чадагч бурхан хүмүүст хандан энийг идэж болохгүй, тэрийг тэгж болохгүй, гэж хэлэх үү? Гэх үү дээ, ерөөсөө хүмүүс өөрсдөө бурхныг ийм тийм гэж зоргоороо төсөөлж, төсөөлснөө бусдад тулгах нь илүүтэй том нүгэл биш гэж үү? Тиймээс хүн бол бурхныг оогт тоох хэрэггүй л юм шиг санагдах юм.

Нэг ёсондоо товчлоод хэлбэл “Бурхан байдаг ч байж магадгүй ч, тэрийг хүмүүс байнга санаж явах шаардлагагүй юмаа” гэсэн л яриа юм.
Ингээд харахаар нийтийн тооллын өмнөх тийм дээр үед атал, өнөөгийн бид нар ч санал нийлмээр аюулын бузгай сэтгэжээ гэж дуу алдмаар. Үгүйдээ л гэнэн итгэл, мухар сүсэг мэтийн зүйлстэй ямар ч огтолцолгүй бурхныг үзэх үзэл гэлтэй.
Мэдээж хэрэг, цаг үе гүн гүнзгий сүсэг бишрэлийн эрин байсан тул Эпикуросын энэ мэт илэн далангүй яриа хэрхэвч хүлээн зөвшөөрөгдөх явдалгүй, тухайн үедээ олон хүний шүүмжлэлийн бай болов. Гэвч гайхалтай нь, Эпикуросыг шүүмжилсэн хүмүүс өөд уруугүй түүний философийг муулсан мөртлөө, яагаад ч юм бараг бүгдээрээ “Гэхдээ, Эпикурос бол маш сайн хүн” гэлцэн түүний хүн чанарыг нь магтан товойлгосон нь бий.
Эндээс түүний хэлсэн “Жинхэнэ сэтгэлийн цэнгэл бол нөхөрлөл юм” гэх үг нь огтоос хоосон ам төдий зүйл байгаагүй болох нь харагдана. Тэрээр бусдад санаа тавьж, бусдыг хайрлаж, өрсөлдөгч мэтгэлцэгчээ хүртэл халуун сэтгэлээр төөнөх, тийм амьдрахуйг биеэр үзүүлсэн хүн байлаа.
Эпикурос нөхөрлөлийг ямар ихээр чухалчилж байсан нь, түүний үхэхийнхээ өмнө найздаа үлдээсэн захидлаас тод томруун харагдана.

-       Нурууны өвчин хүнд, зовиур нь буух янзгүй. Гэхдээ тийм байлаа ч, чамтай өдийг хүртэл өрнүүлсэн тэр яриануудын дурсамж миний сэтгэлийг баяр баяслаар дүүргэн байна.

Төр гэх тухайн цаг үеийн хүмүүсийн сэтгэлийн тулах цэг болсон үнэмлэхүй үнэ цэнэ нуран унасан тэр ертөнц. Эпикурос тэр цагт бусдаас “үнэ цэнийг” харж, тэрхүү бусадтай хамт хөгжилдөн амьдарсан дурсамж байх төдийд л үхлийн өвдөлтийг ч тэвчиж болдгийг биеэрээ үзүүлсэн нь тэр байв. Тэгээд, хүний байгаллаг хүсэл тачаалыг эерэгээр хүлээн зөвшөөрч, амьдралыг хөгжилдөн туулсан тэрээр, найзууддаа хүрээлүүлсэн аз жаргалын дунд сүүлчийн амьсгаагаа хураасан гэдэг билээ.


Үргэлжлэл - 20. Есүс Христ. Дэргэдэх хүнээ хайрла

Философи сурах бичиг

3 comments:

  1. Heterhii engiin bna. Orchin ued hugjsun uzel barimtlal talaas ni bichvel ilvv heregtei. Ali deer ued yugaa ch medehgui bsan humuusiin uzel barimtlal heterhii hotsrogdson bdoit bdaltai niitsehgui bna shuu.

    ReplyDelete
  2. Sonirholtoi bailaa ert edugei ylgaagui neg l asuudaltai amidartsgaah yum doo

    ReplyDelete