2016/03/22

12. Левинас. Би болон БУСАД хоёрын хамаарлыг тогтоогч

Өмнөх - Өнөө үеийн үнэн тэгээд юу болов?



Өнөө үеийн философи урсгалууд дунд “Бусдын тухай онол” гэж нэрлэгдэх философийн онол байх агаад, түүний төлөөлөл болох хүн гэвэл философич Левинас (1905 – 1995) юм.
Еврей гаралтай Левинас нь Дэлхийн II дайнаар Германы нацистуудын еврейн эсрэг аллагад өөрийн гэр бүл, садан төрөл, найз нөхдөө бүгдийг нь алдсан гэдэг. Тэгээд өөрөө ч бас нацистуудад баригдан хорих лагерт тамлуулж байжээ. Тэрээр өөрийн еврейчүүдээ ийн илэрхийлсэн байдаг.
-       Хавчигдахын тулд сонгогдсон үндэстэн.

Еврей хүний хувиар хүнээс дорд үзэгдэж явсан тэрээр нэг мэдэхнээ нэгэн айдаст шаналах болов. Хүн хичнээн хэрцгийгээр тамлуулан үхэж байсан ч, энэ ертөнц юу ч болоогүй юм шиг хээв нэг “үргэлжлэн урсан буй” тэрхүү бодит байдал… Тэрээр, маргааш үхэж ч магадгүй гэсэн айдас дээр нэмээд, тэр үхэлтэй нь хамааралгүй оршин үргэлжлэх “ертөнцөөс” айж байлаа.

-       Маргааш гэнэт би үхэж одсон ч, юу ч болоогүй мэт хэвийн үргэлжлэх энэ хүйтэн ертөнц юутай аймшигтай вэ…

Тэрээр энэхүү айдсаа Илия (il y a) гэж нэрлэв. Илия гэдэг бол “Оршин байх (тэнд байх)” гэсэн утга юм. Тэрээр, өөрөө үхсэний дараа ч мөн л үргэлжлэн орших “ертөнцийг” аймшигтай хэмээн боджээ. Өөрийнх нь үхэл амьдралыг үл тоох “аймшигт ертөнц”… Юуны төлөө, ямар зорилго тээн тэнд оршин буй нь огтоос үл ухагдах тэр “ертөнц”… Левинас тэндээс ямар нэгэн хөндлөнгийн оршихуй буюу эргэлзэхийн аргагүй БУСАД байна хэмээн мэдрэх болов.
Ийнхүү Левинасын дүнсгэр философи болох “Бусдын тухай онол” төрөн гарсан учиртай боловч, түүнд нь сэхээрсэн бусад философич нар ч бас нэгэн зүйлийг анзаарч эхлэв:
-       Энэ ертөнц бол өчнөөн олон БУСАД буюу, миний хувьд ямар ч хамааралгүйгээр хөндөлсөн оршиж байдаг, бас хэзээ ч ойлгож үл болох тааламжгүй зүйлсээр битүү бялхаж байдаг болохыг…

Жишээлбэл, өмнө өгүүлсэн Тодорхойгүйн зарчим. Физикийн хувьд ажиглах боломжгүй хязгаарын цэг. Эцсийн эцэст физик гэдэг бол “физикийн хувьд ажиглах боломжтой хязгаар” хэмээх хүрээн доторх судлахуун тул, тэр хүрээний гадна талд нэгэнт физикээр тодорхойлж үл болох физик үзэгдэл, өөрөөр хэлбэл физикийн хувь дахь БУСАД оршин байна гэсэн үг юм.
Гүйцэт бусын теорем ч бас адилхан. Хичнээн төгс мэт харагдах математик систем хэмээх “хүрээг” үүсгээд ч, гарцаагүй тэр хүрээнд “гадна тал” оршин байж, тэнд нь тэрхүү математикийн системээр батлах боломжгүй асуудлууд буюу, математикийн хувь дахь БУСАД (ойлгох боломжгүй зүйл) оршсоор байх болно.
Эдгээр нь бүгд Левинасын хэлэх тэрхүү БУСАД гээчийн бодит жишээ юм. Харин үүнд бага зэрэг төөрөлдөх хүн гарахыг үгүйсгэмгүй санагдана. Яагаад гэвэл, бид бүхэн ердийн өдөр тутамдаа “бусад” гэх үгийг сонсоод дотроо төсөөлөн ургуулах нь ердөө л “бусад хүн” байдаг шүү дээ. Харин өнөө үеийн философид БУСАД хэмээх үг нь “Миний үзэл бодлыг үгүйсгэх зүйл”, “Миний эрх ашиг хийгээд оршихуйг минь үл хайхрагч зүйл”, “Миний ойлгож үл хүрэх зүйл” гэх зэргээр төрөл бүрийн утгыг илэрхийлэх хийсвэр ухагдахуун болон тогтжээ.
Гэлээ гээд үүнийг тэгтэл хүндээр хүлээж авах шаардлагагүй юм. Нэг ёсондоо “Миний санаснаар болдоггүй зүйл”, “Нэг тийм, ойлгомжгүй зүйл” гэх маягийн “өөрийн чинь хувьд хүйтэн хөндий, бусдын шинжтэй” тэр бүх зүйлсийг бүгдийг нь таширдуулж аваад философичид донж оруулан “БУСАД” гээд нэрлэчихжээ, гэх төдийд ойлгоод авчихад л хангалттай болов уу.
Тэгээд өнөө үед, философичид болон эрдэмтэн судлаачдын эрэл хайгуулын эцэст хүрч очсон тэр газарт байсан зүйл гэвэл энэхүү БУСАД юм. Өөрөөр хэлбэл, ямар ч төгс төгөлдөр мэт мэдлэгийн систем босгож ирлээ ч, гарцаа байхгүй түүнд нь “яагаад ч юм ойлгох боломжгүй БУСАД” гарч ирж, түүний бүрэн боловсрохыг нь нурааж орхих зуурдын бодит байдал. Тодорхойгүйн зарчим ч тэр, Гүйцэт бусын теорем ч тэр. Ямар ч онол боловсруулдаг бай заавал нөгөө гай чинь, БУСАД тэнд гарч ирэх болно…
Бүр ерөөс гэж ярья л даа. Жишээ нь, “Тэр ямар тэнэг юм бэ” гэсэн өгүүлбэр байжээ гэе. Тэгтэл тэр өгүүлбэрийг бүхэлд нь “хашилтанд” хашиж аваад холоос түүнийг гоочлох оршихуй гарч ирж болно.
-       “Тэр ямар тэнэг юм бэ” гэж хэлэх тэр өөрөө ямар тэнэг юм бэ.

Тэгвэл дээрхийг ч бас бүхэлд нь хашаад буруушаах БУСАД гарцаагүй байж таарна…

-       “ ’Тэр ямар тэнэг юм бэ’ гэж хэлэх тэр өөрөө ямар тэнэг юм бэ” гэж хэлэх тэр өөрөө харин жинхэнэ тэнэг гар байна даа…

…Төгсгөлгүй үргэлжлэх БУСАД хэмээх гинжин хэлхээ. Ямар ч бодрол хөврүүллээ гээд, түүнийг нь үгүйсгэх БУСДЫН оршихуйг л хэрхэвч үгүйсгэх аргагүй.
Ерөөс шашин ч, философи ч, шинжлэх ухаан ч, бүгд л ертөнцийг ямар нэгэн хэлбэрээр тэмдэглэн тайлбарлах гэсэн оролдлогууд боловч, тэр нь нэг талаар ертөнцийг үг өгүүлбэр ашиглан “хүрээлэн” тодорхойлж буй явдал тул, тэр хүрээний гадна талд орших БУСАД буюу “Үгүй гэж үгүйсгэх зүйл”, “хүрээнд үл харъяалагдах зүйл” гарцаагүй оршин буй болоход хүрнэ.
Энэхүү Бусдын тухай онолын өнцгөөс харах аваас, “хэнд ч үл няцаагдах абсолют үнэнг” олж нээх явдал бол яаж ч тийчлээд үл гүйцэлдэх хоосон мөрөөдөл гэлтэй. Тэрхүү зарчмын шинжтэй бүтэц нэгэнт тодорхой болсноос хойш, Сократаас эхэлсэн “Үнэнийг эрэлхийлэх философийн аялал” нэгэнт дуусчээ гэж үзэж болно. Хүн төрөлхитөн БУСАД гэх учир битүүлэг мангасын өмнө яах учраа ололгүй, хүчин мөхсдөн ялагдсан нь энэ буюу.


Үргэлжлэл - БУСАД-аас олж харах боломж

Хялбаршуулсан философи

No comments:

Post a Comment