2016/03/25

БУСАД-аас олж харах боломж

Өмнөх - 12. Левинас. Би болон БУСАД хоёрын хамаарлыг тогтоогч



Тэгэвч. БУСАД гэдэг бол үнэнд хүрэх замын садаанаас өөр юу ч биш гэж бодох нь магад эртэдсэн дүгнэлт болно. Эсрэгээрээ ийм өнцгөөр түүнийг харах ч боломжтой гэж санагдана:
-       БУСАД гэдэг бол би хэмээх оршихуйг “бүрэн тусгаарлах” ганцаардлаас аврах цорын ганц найдвар бөгөөд хязгааргүй боломж юм.


Та төсөөлөөд үз дээ. Хэрвээ энэ хорвоод БУСАД нэгэнт оршин байхаа больж, хүн төрөлхитөн “Абсолют үнэнд” хүрч “Туйлын онолыг” гартаа оруулж орхивол... Жишээ нь ямар ч бодлогыг шийдэж чадах төгс математикийн систем. Бүх биетийн хөдөлгөөнийг бүрэн тааварлах чадвартай төгс физикийн онол. Яагаад ч няцаагдах боломжгүй төгс философийн үзэл. Мэдээж эд бүгд бол хүн төрөлхитөний мөрөөдөж ирсэн “Мэдлэгийн салбарын бүрэн төгөлдөржилт” мөнөөсөө мөн. Гэвч тэнд нэгэнт хүрсэн ертөнц гэдэг, жинхэнээсээ бидний хүсэн хүлээсэн төсөөллийн төгс “ертөнц” байж чадах болов уу? Үгүй ээ, лавтайяа тэнд хүлээж буй ертөнц бол ердөө л “хувийн бүрэн тусгаарлалт” байх болно... Тэр ертөнцөд тайлагдаагүй нууц, эргэлзээ шаналал огт үгүй, танд асуулт асуух ч шаардлага гарахгүй болж, хэнээс ч юунаас ч хамааралгүйгээр бүрэн тусгаарлагдан оршино. Тэр бол ямар ч оюуны сониучрал үгүй үүрдийн зогсонги байдал ноёлсон дүнсгэр ертөнц байх вий.
Харин аз болоход бодит байдал хэзээ ч тийм болохгүй. Яагаад гэвэл ямар ч шинжлэх ухаан, математик, философи зохиолоо гээд, гарцаагүй түүнийг гаднаас нь “Биш” хэмээн хашгичин балбаж зогсоох, хэрхэвч үл ухагдах өршөөлгүй харгис БУСАД тэнд заавал гарч ирэх учраас тэр. Тэгээд тэрхүү БУСАД байгаа учраас л бид бүхэн хувийн бүрэн тусгаарлалт гэх ялзралд ойчих явдалгүйгээр, төгсгөлгүй бясалгаж чадах болно.

-       Ертөнц гэдэг үнэндээ яг ямар зүй тогтолтой юм бол?
-       Хүн үнэндээ хэрхэн амьдрах нь зохилтой юм бол?

Ингэхэд, бид бүхэн “үнэн” гэдэг үгийг ямар үед хэрэглэдэг юм бэ?
Тэр бол бид бүхэн анхаарч буй зүйлийнхээ тухайд үнэний сэжүүр ч атгаагүй, ер нь түүнийг нягтлах ч боломжгүй үед юм.

-       Ертөнцийн хязгаар яг ҮНЭНДЭЭ ямар байдаг бол?
-       Чиний нүдэнд “улаан” өнгө яг ҮНЭНДЭЭ “ногоон” болж харагддаг биш байгаа?

Харин ярьж буй зүйл нь хөдлөшгүй найдвартай бол хэзээ ч ингэж ярих учиргүй биз. Тиймээс “үнэн” гэдэг бол зөвхөн учир нь олдохгүй тэрхүү БУСАД гээчтэй л холбоотойгоор хэрэглэгддэг гэхэд болно. Тийм бол “үнэн” гэдэг үг нь мөн чанартаа, ойлгох боломжгүй БУСАД-ын дотроос олж харах шинэ “боломж”-ыг зааж буй биш гэж үү? Үнэнг бид бүхэн зөвхөн БУСАД-аас л эрдэг биш гэж үү?
Мэдээж БУСАД гэдэг БУСАД л юм хойно, юуг ч шинээр олж харсан бай “Үгүй” гэх нь тодорхой. Гэсэн ч тэглээ гээд БУСАД-ыг үл ойшоож, харсан ч хараагүй дүр эсгэж болохгүй. Тэгэх л юм бол, түүний цаана хүлээж буй нь мөнөөх л хоосон хувийн тусгаарлалт. Өөрөө өөртэйгээ ярьсан утгагүй явдал л болж хувирна.
Тиймээс бид бүхэн БУСАД-аас мэлзэн зугатаж, БУСАД-ыг үгүй хийж болохгүй юм. БУСАД-ыг үгүй хийнэ гэдэг бол, зүйрлүүлбээс хэзээ ч өөдөөс үг сөрөхгүй чихмэл тоглоом өмнөө тавиад, түүндээ хандан харилцан ярихтай агаар нэг үйлдэл болно. Тийм зүйл хийх нь огтоос утга үгүй. Харин ч БУСАД-ын өмнө ялагдал хүлээсэнтэй адил биз. Тэгэхээр бид бүхэн нүүр буруулалгүй, үл ойшоолгүй, үгүй хийлгүй, харилцаагаа таслалгүйгээр БУСАД-тай харилцан ярилцахгүй бол болохгүй учиртай. “Үнэндээ ийм биш гэж үү?” хэмээн асууж мэтгэлцэхгүй бол болохгүй учиртай. БУСАД-ын няцаалт биднийг хичнээн хүндээр шархлуулдаг ч бай, бид хэзээд түүнтэй байх жамтай.

Үнэнийг хүсэмжлэх чин эрмэлзэл

Өнөө цагийн хувьд Үнэн тэгээд юу вэ? Ямар нэг абсолют үнэн гэж хэлэхүйц зүйл хэрвээ байна гэвэл, тэр нь “Би ямар ч үнэнийг гаргаж ирэн Найдвартай гэж хашгирлаа ч, түүнийг үгүйсгэх БУСАД гарцаагүй оршин байх” явдал юм. Хэрвээ үүнийг ч бас үгүйсгэх юм бол, үгүйсгэгдсэн явдал нь өөрөө уг үгний үнэнийг батлах биз. Энэ бол эрт цагт Декарт “Яаж ч эргэлзээд, эргэлзэн буй миний оршихуйг эргэлзэж барахгуй учраас абсолют найдвартай” гэж өгүүлсэнтэй ижил логик билээ. Өөрөөр хэлбэл, абсолют найдвартай гэж хэлж болохуйц юм бол БИ болон БУСАД хоёрын оршихуй юм. Үнэхээр ч, нэр ус цол гуншин, элдэв чимэг бүхнийг авч хаяад мөн чанарыг л ширтэх аваас, ертөнц гэдэг бүхэлдээ дээрх хоёроос л бүрдэж байна гэж хэлж болмоор санагдана.
Харин БИ болон БУСАД хоёр хоорондоо сайн харилцаанд оршин тогтнох учиргүй. Учир нь БУСАД гэдэг бол БИ-ийн хувьд тааламжгүй зүйлс шүү дээ. Сартр БУСАД-ын тухайд ийн өгүүлсэн байдаг.
-       БУСАД гэдэг бол там юм.
Левинас БУСАД-ыг ингэж илэрхийлсэн байдаг.
-       БУСАД гэдэг бол миний алахыг хүсдэг цорын ганц зүйл юм.

Гэхдээ БУСАД гэдэг бол БИ-ийн хувьд санаагаа чөлөөтэй нэвтрүүлж үл чадах тааламжгүй бас ойлгомжгүй садаа мөнийн сацуу, мөнхүү тийм ч учраас БИ-ийн хувьд асуулт тавих боломжтой цорын ганц харилцагч ч бас мөн юм. Тэгээд бид бүхэн БУСАД-д хандаж “Үнэндээ яг ямар юм бэ?” хэмээн үнэнийг асуусаар “шинэ боломж”, “шинэ үнэлэмж”, “шинэ үнэнийг” төгсгөлгүй бүтээж чадах болно. Нэг ёсондоо, уул номоороо бол хэзээ ч түнжинтэй байх учиргүй БИ болон БУСАД хоёрын холбоог тасалчилгүй оршин тогтоож буй тэрхүү хөдөлгөгч хүч бол, хүн бидний “Үнэнийг хүсэмжлэх чин эрмэлзэл” билээ.

Үнэн хэмээх хүрч болдоггүй тэр зэрэглээ чухам түүний төлөө оршиж, чухамхүү үүнийг л өнөө цагийн үнэн гэж хэлье юү.


Хялбаршуулсан философи

2 comments:

  1. Би философидохдоо абсолют үнэн гэж байдаг гэвч үнэн магадгүй хүн төрөлхтнийг зүгээр л дагуулаад л яваад бдг юм блуу энгийнээр тайлбрлавл эцэг эхчүүд хүүхдээ алхуулаад л бхын тулд өөрлүүгээ дуудсн мөртлөө өөрсдөө ухраад л яваад бдгтай адилхан бх тгд залхсн хүүхдүүд өө хэзээ ч би ээж/аав дээрэ очиж чадахгүй юм бна гэж бодогдоно гэхүүдээ тгд хүмүүс залхаад ирхээрэ үнэнд хэзээ ч хүрэх боломжгүй юм бна гэж бодож эхэлнэ. Хэрвээ магадгү үнэнд хүрээд олоод авчихвал дахин эрэлхийлэх хүсэл төрөх боловуу үгүй ч бж магадгүй тгхлээр миний бодлоор үнэн гдг хулхины л гар бнашдэээ

    ReplyDelete
  2. Miniih haij baisan zuiliig mash ailgomjtoi bichsen bn. Mash ih bayrlalaa. Unshsan chin gunigtai ch ym shig bayrtai ch ym shig.

    ReplyDelete